More

    Волейболын 2023-2024 оны улирлын дээд лигийн аваргууд тодорлоо

    Гурван сарын турш үргэлжилсэн тус лиг үзэгчээр дүүрэн, өндөлзүүлсэн тоглолтоор өндөрлөлөө. Түүнчлэн энэ улиралд Монголын лигт тоглосон легионеруудыг онцлох нь зүйн хэрэг. Мөн дэвшилтэт технологи ашигласнаараа онцлогтой байв. 2023-2024 оны улирлын медалийн төлөөх тоглолтуудыг тоймлон хүргэе.

    “Хөвсгөл Эрчим” аваргаа хамгаалав

    Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөж, аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн ангилалд “Хөвсгөл Эрчим” аварга цолоо хамгаалсан бол “Хилчин” мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Хоёр багийн цуврал 3:0-ээр тун амархан шийдэгдсэн. Г.Цэцэгжаргал, Л.Хонгорзул, Хечаварриа зэрэг шилдгүүдийг зогсоох баг энэ жилийн хувьд байсангүй. Г.Цэцэгжаргал гурав дахь удаагаа “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртэж байгаа юм.

    Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод “Тэнүүн Огоо” ялалт байгууллаа. Тэд эхний тоглолтдоо хожигдож хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосон ч дараагийн гурван цувралд дараалан ялснаар хүрэл медалийн тавцанд зогсох эрхтэй болов. Тэдэнтэй медалийн төлөө өрсөлдсөн “Ховд Ижил Алтайн барс”-ын залуу мастерууд “Тэнүүн Огоо”-гийн хашруудтай тун сайн тоглосныг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

    “Тэнүүн Огоо”-гийн хувьд 2021 онд хүрэл медаль хүртсэн. Тэгвэл нэг улирлын дараа дахин хүрэл медаль зүүж байна. Туршлага, ур чадвар, багийн бүрэлдэхүүнийг харвал финалд ч өрсөлдөж болохоор. Гэвч сэтгэл зүйн тоглолтод “Хилчин”-д ялагдсан. Харин хүрлийн төлөөх тоглолтод гавьяат дасгалжуулагч А.Баттулга “Тэнүүн Огоо”-гийн сэтгэл зүйн дасгалжуулагчаар ажилласан нь үр дүнгээ өгчээ.

    Эмэгтэйчүүдийн ангилалд шилдгүүдийг танилцуулъя.

    Үнэ цэнтэй тоглогч: Г.Цэцэгжаргал /Хөвсгөл Эрчим/

    Шилдэг довтлогч:  Г.Энхнаран /Хилчин/

    Шилдэг холбогч: Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/

    Шилдэг хамгаалагч: М.Санчирмаа /Хөвсгөл Эрчим/

    Шилдэг хаагч: Дэймара Лискэй /Хилчин/

    Шилдэг давуулагч: Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/

    Шилдэг легионер тоглогч: Мануэль Сиерра Посада /Тэнүүн Огоо/

    Шилдэг дасгалжуулагч: Б.Даринчулуун /Хөвсгөл Эрчим/

    “Натур Мед Толун” хошой аварга боллоо  

    Волейболын дээд лигийн эмэгтэйчүүдийн тоглолт дуусаж, эрэгтэйчүүдийн хүрэл медалийн эзэн тодорсон байлаа. Лиг өндөрлөхөд ердөө ганцхан тоглолт үлдээд байсан юм. Тэр нь алтан медалийн төлөөх сүүлчийн цуврал. “Натур Мед Толун” цувралыг 2:0-ээр тэргүүлж байсан ч “Өмнөговь Шанх Транс” хялбар өрсөлдөгч биш гэдгээ харуулж Баттөрийн Батсуурийн сайн тоглолтын ачаар цувралыг 2:2-оор тэнцүүлж чадсан. Ингээд алтан медалийн эзэн тав дахь тоглолтоор шийдэгдэхээр болов. Тэгвэл өчигдөр үзэгчдийн хүсэн хүлээсэн тав дахь тоглолт болж өндөрлөлөө.

    “Степп Арена”-д үзэгчээр дүүрсэн нь энэ лигийн оргил тоглолт болох гэж буйг илтгэнэ. Сүүлийн хоёр тоглолтод дараалан ялж, цувралыг тэнцүүлснээрээ “Шанх Транс” сэтгэл зүйн хувьд давуу байх болов уу гэсэн үзэгчдийн таамаглал байсан. Гэвч тийм зүйл болсонгүй. “Толун”-ы залуус сэтгэл зүйгээ болон өөрсдийгөө маш сайн бэлдэж, хурцалжээ. Харин эсрэгээрээ “Шанх Транс”-ын тоглолт эхнээсээ л унасан байв. Эцэст нь бүх талаараа илүү байсан “Натур Мед Толун” тав дахь цувралд 3:0-ээр хожсоноор лигийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртлээ.

    Сүүлийн цувралын ялагч таван сетээр тодрох болов уу гэтэл эсрэгээрээ тун хялбархан дуусах нь тэр. Тэд 2021-2022 оны улиралд лигийн аварга болж байсан. Тэгвэл нэг улирал өнжөөд дахин аваргаар тодорлоо. Лигийн аварга болсон “Натур Мед Толун улирлын турш 20 тоглохдоо 18 хожиж, хоёрхон хожигдсон үзүүлэлтээр аваргын цом өргөж байгаа юм. Тус багийн лидер Т.Хангал хоёр дахь удаагаа “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртэв.

    Харин “Хасу Мегастарс” багийнхан А.Даваажаргалын сайн тоглолтын ачаар “Тэнүүн Огоо”-г цувралд 3:1-ээр буулган авснаар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

    Шилдгүүдийг танилцуулъя.

    Үнэ цэнтэй тоглогч: Т.Хангал /Натур Мед Толун/

    Шилдэг довтлогч:  Б.Батсуурь /Өмнөговь Шанх Транс/

    Шилдэг холбогч: Б.Наранбаяр /Натур Мед Толун/

    Шилдэг хамгаалагч: З.Буянжаргал /Хасу Мегастарс/

    Шилдэг хаагч: Б.Амар /Натур Мед Толун/

    Шилдэг давуулагч: Ву Чен Ян /Натур Мед Толун/

    Шилдэг легионер тоглогч: Бабков Дмитрий Владимирович /Өмнөговь Шанх Транс/

    Шилдэг дасгалжуулагч: Б.Энхбаатар /Натур Мед Толун/

    Шилдэг шүүгч: М.Одхүү

    2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. 

     

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img