More

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023-2024 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна. МЭНДЧИЛГЭЭНД: “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Шинэ жилийн баяр бол айл өрх, улс үндэстнээрээ улиран одож буй оныхоо ажил үйлсийг дүгнэн цэгнэж, ирж буй шинэ ондоо эрч хүч, хүсэл тэмүүлэл, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, халуун ам бүл, хайртай бүхэнтэйгээ хамтдаа шинэ оноо сэтгэл догдлон угтдаг хүн төрөлхтний баяр билээ. Улиран одож буй 2023 он хүн төрөлхтний хувьд геополитик, геостратеги, байгаль цаг уурын гээд амаргүй хүнд цаг үе байсан хэдий ч монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа сэргээн, хүнсний үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжиж, түүх соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн жил байлаа. Энэ жил манай улсын эдийн засаг 6.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, 16.5 хувьд хүрээд байсан инфляц 8.6 хувь болон буурч, төсвийн орлого нэмэгдэж, Монгол Улсын нэгдсэн төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарлаа. Мөн манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа. Монгол Улс энэ жил НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай боллоо. Үүний зэрэгцээ Монгол Улсаас анх удаа олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч сонгогдож, Монгол Улсын иргэд визгүй зорчих улс орнуудын тоо нэмэгдэж, манай улсыг дэлхийн улс орнуудтай холбох шууд нислэгийн тоо ч нэмэгдлээ. Энэ бол манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын бодит үр дүн, ололт амжилт юм. Манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлж байсан бол Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсыг “Оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон” хэмээн хэлснийг он солигдох энэхүү торгон мөчид тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ бол монголчууд бидний өнө эртнээс уламжлан ирсэн төрт ёс, түүх соёл, үнэт зүйл, үйл хэргийг дэлхий ертөнц хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм. Иймээс Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, эе эвээ сахин бататгаж, эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр улс Монголынхоо төлөө эгнэгт хамтдаа хүчин зүтгэх учиртай. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл юм шүү. Эрхэм хүндэт ард иргэд ээ, Шинэ бүхний эхлэл шинэ жилээ угтахаар халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ он солигдох торгон мөчийг сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй шинэ ондоо хайр хүндлэлээр бялхаж, амжилт бүтээлээр оргилж, урам зоригоор бадарч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн баярын энэ үдэш дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Айлчлан ирж буй 2024 онд даяар Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай. Шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.

    Эрхэм монгол ахан дүүс ээ,

    Элэг нэгт дэлхийн монголчууд аа,

    Энэ үдэш Та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёрдахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформыг хийхэд бүхэлд нь зориуллаа.

    Энэ бүх өөрчлөлтөд оролцоо, дэмжлэг, мөн шүүмжлэлээрээ хамт байсан ардчилсан Монгол Улсын иргэн Танд баярлалаа.

    Энэ жил шинэ оноо ковидгүй тэмдэглэж байгаа шиг, шилжилтийн хэмээн нэрлэгдсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авлигажсан саарал үе 2023 онтой хамт тогтолцооны хувьд ийнхүү хаагдаж байна.

    Тогтолцоо өөрчлөгдөж бид шинэ онд 126 төлөөлөлтэй парламентыг, томсгож бүсчилсэн тойргоор хамтдаа байгуулах болно.

    Тогтолцооны энэхүү реформ иргэн таны сонголтыг нэмж, олон ургальч үзэлд шинэ хаалга нээж, хот хөдөөгийн тэнцвэр хангагдаж, бүсчилсэн хөгжлийн төслүүд эрчимжиж, жалга довны үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан сайн цагийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.

    Энэхүү тогтолцооны өөрчлөлтийг дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, парламентын эрхэм гишүүд, улс төрийн намуудын удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    2023 он бол хуримтлагдсан олон асуудлыг амжиж цэгцлэхийг хичээсэн жил байлаа. Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй.

    Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа.

    Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөлж чадлаа.

    Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар олон жил яригдсан Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдлаа.

    Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа.

    Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрлээ.

    Монгол Улс давсан орлогоороо ахмадын тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлж, төрийн албан хаагчдынхаа цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах дорвитой алхмуудыг хийж чадлаа.

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд ирэх онд экспортын дөрвөн шинэ төмөр зам ашиглалтад орох болно. Ачаа тээврийн эргэлт анх удаа 105 сая тоннд хүрч, дэлхийн 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүхий агаарын тээврийн либеральчлалын бодлогыг амжилттай хэрэгжүүллээ.

    Зөвхөн уул уурхай тулгууртай эдийн засгийн бүтцээ өөрчилж, “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650.000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо.

    Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улс орнуудын жагсаалтад тэргүүлж байна. Ирэх жил “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа дөрвөн улирлын болгохын төлөө хамтдаа хичээж, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, эх орноо эергээр дэлхий дахинд сурталчлан таниулцгаая.

    Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165.000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоолоо.

    Цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, “E-Mongolia” 1.7 сая хэрэглэгчтэй боллоо. Шилэн ажиллагааны хүрээнд 975 мянган өгөгдөл мэдээллийг ил тод болголоо.

    “Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг” гэдэгчлэн боловсролын тогтолцооны эрхзүйн цогц реформыг багш мэргэжлийг дэмжих, бэлтгэгдэж буй мэргэжилтнүүдийг, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахад илүүтэй чиглүүлэн хуульчиллаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, гурван ээлжийн сургуулийн тогтолцоог халж, Монголын боловсролыг дэлхийн үнэлгээнд анх удаа хамруулсан жил байлаа.

    Цагаан нөмрөгтэй баатрууд, онцгой байдлын салбарынхан маань Цар тахлыг дэлхийн дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, хатуу хөл хориог олон улсын дунджаас 1.5 жилийн өмнө нээж чадлаа.

    Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.

    Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.

    Эрхэм Монгол ахан дүүс ээ,

    2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно.

    2024 он орон сууцны хүртээмжийг “миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлсэн жил байх болно.

    2024 он хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгосон жил байх болно.

    2024 он Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөрийн харилцааг дэмжсэн жил байх болно.

    Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, ардчиллын хоёрдахь давалгаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна.

    Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Сайхан баярлаарай.

     

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img