More

    “Богдхан төмөр зам”-ын төслийг энэ хавар эхлүүлэхээр төлөвлөөд байна

     Засгийн газраас “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д өнгөрсөн онд олгон, бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлэхээр төлөвлөөд байна.

    Тус төмөр зам нь Мааньт өртөөнөөс Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал орчмоор дайран, Рашаант өртөөтэй холбогдоно. Төслийн хүрээнд манай улс анх удаа төмөр замын туннель, том хэмжээний гүүрэн байгууламж барих юм.

    “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал ярихдаа, “Энэ төслөөр төмөр замын анхны туннель барина. Судалгаа дуусаж, нарийвчилсан зураг төсөл хийхэд бэлэн болсон. Гашуунсухайт, Зүүнбаянд 3.7 км урттай 33 гүүр барьсан. Богдхан төмөр замд барих Туул гол дээгүүрх гүүр 3280 м урт, 22-39 м өндөр эстакад байна. Ингэснээр манайд технологийн дэвшил нэвтэрч, шинжлэх ухаан, онол нь энд үлдэх”-ийг онцолсон юм.

    Төмөр замын бүтээн байгуулалт дууссанаар хот доторх төмөр замын 4 гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байдлыг 84.8 хувиар багасгаснаар жилд ойролцоогоор 4400 гаруй сая төгрөгийн  шатахуун хэмнэх тооцоо гарчээ. Мөн төсөл хэрэгжих 30 жилд экспорт, импорт, транзит тээврийн орлого 34.82 сая ам.доллароос 64.95 сая ам.доллар болж 2 дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлнэ гэж төмөр замын мэргэжилтнүүд үзжээ.

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлаар төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын инженер техникийн ажилтан, судлаач мэргэжилтэн олон улсын болон үндэсний төмөр замын хөгжлийн тухай мэдлэг, мэдээлэл, туршлагаа солилцов. Хэлэлцүүлэгт төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инновац, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил, салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх нөлөө сэдвээр 70 орчим илтгэл хүлээн авчээ. Үүнээс 22-ыг нь шалгаруулж энэ сарын 25-нд болох салбар хуралдаанд танилцуулж, шалгаруулсныг нь эмхэтгэн хэвлүүлэх аж.

    Бага хурлыг ЭЗХЯ, ШУА, МУИС, ШУТИС, ТЗДС, Улаанбаатар Эрдэм их сургууль, Шихихутуг их сургууль хамтран зохион байгуулжээ.

    Эх сурвалж:МОНЦАМЭ

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img