Home Blog

И-Монгол академи” УТҮГ болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хамтарсан уулзалтыг зохион байгууллаа

2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ нь шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хялбар байдлыг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Энэ хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд болон “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлагууд, болон төлөөллүүд  оролцсон хамтарсан уулзалтыг /2025.02.11/ зохион байгууллаа.

Уулзалтаар төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг сурталчлах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулах  асуудлыг хэлэлцлээ.

Одоогоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын E-Mongolia системээр үзүүлж буй нийт 27 үйлчилгээний дотор хамгийн их хандалттай топ 3 үйлчилгээг дурдвал:

  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа: 297,201
  • Газар эзэмших эрхийн лавлагаа: 243,321
  • Хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа: 118,458 тус тус иргэн авсан байна.

Цаашид иргэд газар эзэмших хүсэлтээ төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр илгээх үйлчилгээг нэн түрүүнд цахимжуулах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн уулзалтын үеэр 40 орчим үйлчилгээг цахимжуулах шаардлагатай гэдгийг уулзалтад оролцогчид дурдав. Энэ нь иргэдэд илүү хялбар, хурдан үйлчилгээг хүргэх зорилготой бөгөөд цахим шилжилт, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал алхам болох юм.

Хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хийж буй уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулсаар байх болно.

Төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэгтгэсэн цахим хуудас Gov.mn албан ёсоор ашиглалтад орлоо

Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой www.gov.mn цахим хуудсыг “И-Монгол академи” УТҮГ хөгжүүлж, 2023 оны 12-р сараас эхлэн олон нийтэд нээлттэй болж төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэж эхэлсэн бол өнөөдөр /2025.02.10/ албан ёсоор хэрэглээнд нэвтэрч Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уг нэгдсэн цахим хуудасны үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа.

2025 оны 1-р сарын 16-ны байдлаар Монгол Улсад 16 яам, 37 агентлаг, төрийн өмчит 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний дата төвд бүртгэлтэй 1441 төрийн байгууллага gov.mn домэйн бүхий 4784 цахим хуудастай.

Эдгээр байгууллагууд цахим хуудсаа хөгжүүлж, шинэчлэх зорилгоор жил бүр төсөв батлуулдаг бөгөөд зөвхөн нэг жилийн хугацаанд дунджаар нэг байгууллага 15,650,000 төгрөгийг вэб сайтын зардалд үүнээс:

  • Web firewall – 4.320.000
  • SSL wildcard – 330.000
  • Web support бүхий нэг удаагийн зардал 3,000,000 – 5,000,000
  • Шинэчлэлт, хөгжүүлэлтэд – 7,000,000 төгрөг зарцуулдаг байна.

Тэгвэл төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэгтгэсэн цахим хуудас Gov.mn нэгтгэснээр 1441 байгууллагын жил бүр гарах 28,820,000,000 төгрөгийг хэмнэнэ.

Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас GOV.MN нь бүх төрийн байгууллагыг нэгтгэснээр урсгал зардал, жил бүрийн төсвийг хэмнэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Одоогоор нийслэл, орон нутгийн 1000 гаруй төрийн байгууллага нэгдсэн стандарт, загвартайгаар мэдээллээ байршуулаад байна.

GOV.MN -ийн гол давуу талууд:

1. Нэг цонхны үйлчилгээ

  • Иргэд болон бизнес эрхлэгчид төрийн бүх үйлчилгээ, хууль эрх зүйн мэдээлэл, татвар, боловсрол, эрүүл мэнд, цагаачлал гэх мэт олон төрлийн үйлчилгээг нэг платформоос авах боломжтой.

2. Хэрэглэгчдэд ээлтэй, ойлгомжтой бүтэц

  • GOV.MN нь мэдээллийг товч, тодорхой, ойлгомжтой байдлаар хүргэдэг.
  • Хайлт хийхэд хялбар бөгөөд хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээт мэдээллийг хурдан олох боломжтой.

3. Ил тод, нээлттэй засаглал

  • Засгийн газрын бодлого, шийдвэр, санхүүжилт, төсөв, хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг нээлттэй байршуулж, иргэдийн хяналтад байлгадаг.

4. Цахим үйлчилгээний хүртээмж

  • Төрийн үйлчилгээг онлайнаар авах боломжийг нэмэгдүүлж, цаасгүй, түргэн шуурхай, хялбар байдлаар зохион байгуулсан.
  • Жишээ нь, татвар төлөлт, виз мэдүүлэг, жолооны үнэмлэх сунгалт, компанийн бүртгэл зэрэг олон үйлчилгээг GOV.MN-ээр дамжуулан авах боломжтой.

5. Төр, иргэний харилцааг сайжруулах

  • Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгосон.
  • Онлайн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн оролцоог хангадаг.

6. Өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалт

  • Иргэдийн ашиглалтын дата, санал хүсэлтийг үндэслэн төрийн үйлчилгээг сайжруулдаг.
  • Бодлого, шийдвэрийг нотолгоонд суурилсан өгөгдлөөр боловсруулдаг.

7. Хүртээмжтэй, олон төрлийн төхөөрөмжид нийцсэн загвар

  • Гар утас, таблет, компьютер зэрэг бүх төрлийн төхөөрөмжөөс ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар хөгжүүлсэн.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй байдлыг хангаж хөгжүүлсэн.

Төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудасны үр ашигтай ажиллагааг хангахын тулд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэстэй хамтран 16 яам, Засгийн газрын 35 агентлаг, 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч (удирдах албан тушаалтнууд, мэдээллийн технологийн ажилтнууд)-д зориулсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулсаар байна.

Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээ үзүүлэх, түүний хүртээмжит байдлыг сайжруулах, зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, Гадаадын иргэн, харьяатын газрын хамтарсан уулзалт боллоо

Өнгөрсөн хугацаанд тус газраас авдаг үйлчилгээнүүдийн цахимжуулалт үр дүнгээ өгч төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд Гадаадын иргэн харьяатын газраас авдаг үйлчилгээнүүд цахимжсанаар өдөрт 240-520 иргэн өөрийн биеэр биечлэн ирж үйлчлүүлдэг байсан бол 5-8 болтлоо буурч, 100-150 хүсэлтийг уламжлалтаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болж, үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногийн дотор шийддэг байсан бол 3 хүртэлх хоногт шийдвэрлэх боломжтой болж, иргэдэд илүү хялбар, түргэн үйлчилгээ хүргэж байна.

Энэ нь зөвхөн тухайн салбарын цахим шилжилтээс гадна Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах өөрчлөлтийн томоохон стратегийн нэг хэсэг гэж үзэж болохоор байна. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, цахим үйлчилгээг иргэдийн хэрэгцээнд нийцсэн илүү хүртээмжтэй болгох ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Энэхүү уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат, Гадаадын иргэн харьяатын газрын Захиргаа удирдлагын газрын дарга И.Баатархүү болон холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд тус газраас үзүүлж буй үйлчилгээний цахим шилжилт болон иргэдэд үзүүлэх тусламжийн оновчтой байдлыг нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө боловсруулан ажиллахаар талууд тохиролцов.

Тухайлбал, Гадаадын иргэн E-Mongolia системд нэвтэрч, оршин суугаа, аялж зорчиж буй газар байршлынхаа картыг үзэх, хаягийн лавлагаа авахаас эхлээд, Монголд бизнес эрхэлдэг, хөрөнгө оруулахыг хүсвэл, бусад үйл ажиллагаа явуулах бол хуулийн этгээд байгуулах, зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар илгээх, компанийнхаа мэдээллийг хянах, цаг, зардлаа хэмнэх зэрэг өргөн боломжит бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ нь нэг талаас цаг, зардлыг хэмнэх, нөгөө талаас төрийн үйлчилгээг хялбар, хурдан болгох олон боломжуудыг иргэдэд олгоно.

Төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, богино хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Удирдлагын академитай /2025.02.11/ санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” зорилтыг хангаж ажиллах, төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулах, богино хугацааны сургалтуудыг хамтран зохион байгуулах зэргээр 2025 онд хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллахаар санал солилцлоо.

Тус уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, СОНХГ-ын дарга Б.Төрбат, Сургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг, Газрын дарга Ц.Энхмандах болон холбогдох төлөөллүүд оролцов.

Талууд төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим ур чадварын бүтцийн хүрээний аргачлалаар үнэлгээний сорил боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний нэгдсэн системд төрийн албан хаагчдад шаардлагатай үйлчилгээг нэмж оруулах шаардлагатай байгааг онцолсон юм.

“И-Монгол академи” УТҮГ нь 2025 онд олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.

E-Mongolia Олон улсын вэб хуудасны хүртээмжтэй байдлын WCAG стандартыг хангаж Дохион хэлмэрчтэй боллоо

Өдгөө дэлхий дахинаа зөвхөн 70 гаруй сая хүн дохионы хэлээр харилцаж байгаа бөгөөд Монгол Улсад дохионы хэлмэрчийн тоо 20 хүрэхгүй байгаа нь тусгай хэрэгцээт иргэдийн цахим үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс E-Mongolia системд дохионы хэлмэрчийн тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах боломжийг бий болгосноор сонсголын бэрхшээлтэй иргэдэд илүү хялбар, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдлээ.

Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 115,000 орчим иргэн байдаг бөгөөд нийт хүн амын 3,3 хувийг эзэлдэг. Дээрх иргэдийн хувьд E-Mongolia системээр дамжуулан 49,996 хөгжлийн бэрхшээлтэй иргэн илүү хялбар байдлаар төрийн үйлчилгээг цахимаар авч байна.

“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс хүртээмжтэй байдлыг хангаж Олон улсын WCAG зөвлөмжийн дагуу хөгжүүлэлт хийснээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системийг саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлсээр байна. Тухайлбал 12,892 харааны бэрхшээлтэй иргэд дэлгэц унших программын тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах боломжтой болсон.  Түүнчлэн, хадмал орчуулга болон дохионы хэлмэрчтэй контентуудыг нэвтрүүлснээр мэдээлэл, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, тусгай хэрэгцээт иргэдэд тэгш, хүртээмжтэй, шуурхай байдлыг цогцлоож байна.

Энэ удаад E-Mongolia систем нь сонсголын бэрхшээлтэй иргэн цахимаар зөвлөгөө, мэдээлэл авахад зориулан “Дохионы хэлмэрч”-ийг ажиллуулж, тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ нь нийгмийн тэгш байдлыг хангах, цахим орчныг бүх иргэдэд тэгш боломж олгоход чиглэсэн чухал алхам болж байгаагаараа онцлог болж байна.

Иргэд, сонсголын бэрхшээлтэй иргэн дохионы хэлмэрчтэй “Дүрст дуудлага”-аар 1111 2 дугаар шугамаар дамжуулан холбогдож шаардлагатай мэдээ мэдээллээ шууд авч болохоос гадна E-Mongolia албан ёсны фэйсбүүк цахим хаягаар дамжуулан системд шинээр нэвтэрч буй үйлчилгээ болон бусад мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Цаашид E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд нэвтэрсэн болон нэвтрүүлэх үйлчилгээнүүдийг иргэдэд тэгш, хүртээмжтэй илүү хялбар, шуурхай байх тал дээр анхаарч цахим хөгжлийг түүчээлэх болно.

Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа

2025 онд төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-тай хамтран /2025.02.06/ уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаараа төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг хэлэлцлээ.

Уулзалтад ЦЕГ-ын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдорж, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхзул болон “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат болон холбогдох албаны хүмүүс оролцож цаашид хамтран ажиллах санал солилцлоо.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас E-Mongolia системээр үзүүлж буй нийт 43 үйлчилгээ байгаагаас хамгийн их хандалттай топ 3 үйлчилгээнээс дурдвал:

  • Жолоочийн лавлагаа, мэдээлэл 3,342,350
  • Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх 781,878
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт 635,248 удаа тус тус иргэн авсан байна.

Эдгээр үйлчилгээнүүдийн цахим шилжилт нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулж, иргэдэд хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг олгож байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэдэд шаардлагатай шат дамжлагатай үйлчилгээ, тодорхойлолтуудыг цахимжуулах төслүүдийг хэрэгжүүлэх .

Цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Зам, тээврийн яам түүний харьяа байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа

“И-Монгол академи” УТҮГ нь 2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор шат дараатай уулзалтууд зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн уулзалтад Зам, тээврийн яам болон түүний харьяа байгууллагууд болох Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Монгол Улсын далайн захиргааны удирдлага, албан хаагчид, мөн “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлагууд оролцлоо. Уулзалтаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Тодруулбал, Зам, тээврийн яам болон түүний харьяа 5 байгууллагаас төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд нийт 27 үйлчилгээ байна. Үүний 4 үйлчилгээ нь давхар холбоосоор дамжуулан, 2 үйлчилгээ нь мэдэгдэл хүргэх системээр иргэдэд хүргэгдэж байгаа юм. Энэ нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр илүү хялбар, хурдан авах боломжийг иргэдэд олгож буй гол механизмуудын нэг болжээ.

Одоогийн байдлаар иргэдийн хамгийн их авсан үйлчилгээнүүдийн дунд авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл 2,952,156 удаа, хот хоорондын авто замын хураамжийн мэдэгдэл 4,685,647 удаа хүрсэн нь E-Mongolia системийн үйл ажиллагаа хэр эрэлттэй явж байгааг харуулж байна.

Цаашид Зам, тээврийн яам түүний харьяа байгууллагуудтай хамтран шаардлагатай эрэлттэй үйлчилгээг системд нэмж оруулах, мөн иргэдийн үйлчилгээ авах процессыг илүү ойлгомжтой, хялбар болгох тал дээр анхаарах болно. Үүний зэрэгцээ, 2025 онд шинээр нэмэгдэх үйлчилгээнүүдийн талаар хамтран ажиллах болон иргэдийн хүлээлтэд нийцсэн үйлчилгээг санал болгохоор хамтран ажиллах юм.

БНСУ-ын “Nice information service” болон “Korea university”-ийн төлөөлөгчид E-Mongolia системтэй танилцаж, туршлага судаллаа

БНСУ-ын “Nice Information Service” мэдээллийн аюулгүй байдал, банк, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарт бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлдэг технологийн үйлчилгээний компани мөн Солонгосын хамгийн шилдэг их сургуулиудын нэг Korea University (KU) төлөөлөгчид “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Тус уулзалтаар “NIS” компани нь олон улсын хэмжээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг санал болгож, хэрэглэгчдэд зориулсан дэвшилтэт технологийн шийдлүүдийг хэрэгжүүлдэг хэдий ч одоогийн байдлаар манай улсад нэвтэрсэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia систем шиг платформ хараахан хөгжүүлж эхлээгүй байгаа тул E-Mongolia системийн хөгжүүлэлт, амжилттай туршлага, цахим үйлчилгээний давуу талуудыг Өмнөд Солонгосын төлөөлөгчид судалж, өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар санал солилцож туршлага хуримтлуулав.

Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлагууд болон Korea University (KU) Бизнесийн сургуулийн профессор Changki Kim /Ph.d/, “Nice Information Service” технологийн үйлчилгээний компанийн менежер Jun Yong JANG, Koo Cheol Moon, Lee Hun нар бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.

Энэхүү уулзалт нь Монгол Улс болон Өмнөд Солонгосын компаниудын хооронд технологийн харилцаа, туршлага солилцох өргөн боломжуудыг нээх томоохон шинэчлэлт бөгөөд төлөөлөгчид дахин Монгол Улсад айлчлахдаа E-Mongolia системтэй холбоотой туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

1 сарын хугацаанд иргэд E-Mongolia системээр дамжуулан 3,063,567 төрийн үйлчилгээг амжилттай авсан байна

E-Mongolia систем анх нэвтрэхдээ 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж эхэлж байсан бол өнөөдөр 88 байгууллагын 1264 төрлийн үйлчилгээтэй болж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хурдан, хялбар байдлаар хүргэж байна.

2025 оны 1 дүгээр сарын байдлаар тус системд шинээр 20,015 хэрэглэгч бүртгүүлснээр нийт бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 1,971,369 болж өссөн байна. Үүнээс 780,431 иргэн буюу нийт хэрэглэгчийн 40% нь идэвхтэй ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авсан бөгөөд энэ сард л гэхэд 3,063,567 үйлчилгээг амжилттай хүргэсэн байна.

E-Mongolia нэвтэрснээр нийт 1.35 их наяд төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн бөгөөд зөвхөн 2025 оны эхний сар гэхэд 61.1 тэрбум төгрөг хэмнэсэн үзүүлэлттэй байна.

📌 Цахимаар шийдэж, цагаа хэмнэсэн иргэн танд баярлалаа!

Монгол, Узбекстан цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллана

Алматы, Казахстан – 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Digital Almaty 2025 форумын үеэр “И-Монгол академи” УТҮГ болон Бүгд Найрамдах Узбекстан Улсын төрийн үйлчилгээг цахимжуулагч UZINFOCOM агентлаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь хиймэл оюун ухаан, төрийн цахим үйлчилгээ, кибер аюулгүй байдлыг хөгжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Гарын үсэг зурах ёслолын дараа хоёр байгууллагын төлөөлөгчид уулзаж, цахим засаглалын хөгжлийн чиг хандлага, харилцан туршлага солилцох боломжуудын талаар санал солилцов. UZINFOCOM-ын зүгээс Узбекстаны цахим төрийн үйлчилгээ, кибер аюулгүй байдлын дэвшилтэт шийдлүүдээ танилцуулсан бол “И-Монгол академи” УТҮГ Монгол Улсын цахим экосистемийн хөгжил, ололт амжилтаа хуваалцав.

Хэлэлцүүлгийн үеэр хоёр тал цахим засаглалын шинэчлэл, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар тохиролцсон байна.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улс, Узбекстаны цахим хөгжил, технологийн дэвшил, мэдлэг солилцоог өргөжүүлэх чухал алхам боллоо.