Home Blog Page 2

“И-Монгол академи” УТҮГ-ын төлөөлөгчид Алматы хотын Төрийн үйлчилгээний төвд зочилж, Казахстан Улсын цахим засаглалын туршлага солилцлоо

2025 оны 1 дүгээр сарын 30,31 -ний өдрүүдэд “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлага болон төлөөлөгчид Казахстан Улсын Алматы хотын Төрийн үйлчилгээний төвд зочилж, тус улсын цахим засаглалын туршлагаас судаллаа. Айлчлалын зорилго нь хоёр улсын төрийн үйлчилгээг сайжруулах, цахим засаглалын шилдэг практик, инновациудыг харилцан судлах юм.

Казахстан Улс нь gov.kz цахим засаглалын платформоор дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ цахим платформ нь олон төрлийн төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэдэг гэдгээрээ онцлогтой. Алматы хот дахь Төрийн үйлчилгээний төв нь Казахстан Улсын цахим засаглалын төв болж, иргэдэд цахим болон биечлэн төрийн олон төрлийн үйлчилгээ, гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолт, төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд тус үйлчилгээний төв нь автоматжуулсан системүүд, хиймэл оюун ухаан (AI) болон машин сургалтын технологийг нэвтрүүлж, иргэдэд хурдан, хялбар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.

Ялангуяа алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд цахим үйлчилгээг авах боломжийг олгодгоороо ихээхэн онцлогтой байна. Мөн уулзалтын хүрээнд Төлөөлөгчид цахим засаглалын хүрээнд хийж буй Казахстаны үйл ажиллагаатай танилцаж, биометрик мэдээлэл, хиймэл оюун ухаан ашиглан төрийн үйлчилгээг хурдасгах, урьдчилан таамаглах, үйлчилгээний чанарыг сайжруулах боломжуудыг харилцан хөгжүүлэх боломжуудын чухлыг онцолсон байна.

Энэхүү айлчлал нь Казахстан, Монгол Улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид цахим засаглалын чиглэлд хамтран ажиллах боломжийг нээх чухал алхам болж байна.

“И-Монгол академи”-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл “International journal of Public Administration and Consulting (IJPAC)” сэтгүүлд нийтлэгдлээ

“И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэхийн сацуу академик судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж нийгмийн хөгжил, цахим засаглалыг хэрэгжүүлэн ажилладаг билээ.

“И-Монгол академи” УТҮГ- аас гурав дахь удаагаа олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байгаа бөгөөд энэ удаа тус байгууллагын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга, МУИС ийн докторант Н.Төрбатын “Accessibility of public services in Mongolia for citizens with disabilities through the E-Mongolia system” нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл БНСУ-ын Hansung University-ээс эрхлэн гаргадаг “International journal of Public Administration and Consulting (IJPAC)” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдлээ. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл нь тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монгол Улсын төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахимаар авах боломжийг нэмэгдүүлэх, цаашид хиймэл оюун ухаанд суурилан үйлчилгээ болон хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа.

Дашрамд дурдахад тус сэтгүүл нь ISSN 2586-355X-д бүртгэлтэй жилд хоёр удаа хэвлэгддэг сэтгүүл бөгөөд Олон улсын impact factor-той гэдгээрээ онцлог юм.

Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна

2025 оны эхний байдлаар E-Mongolia системээр 88 байгууллагын 1264 үйлчилгээг авах боломжтой болсон. Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн байгууллагууд E-Mongolia системд үйлчилгээ цахимжуулах ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна

Тодруулбал:

  • Хэнтий аймгийн иргэдийн 80% нь E-Mongolia системд бүртгэлтэй бөгөөд 78 үйлчилгээг цахимжуулж иргэдийн хувьд 1,3 сая удаа цахим үйлчилгээг авсан.
  • Дорноговь аймгийн хувьд мөн адил 78 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд тус аймгийн иргэдийн 85% нь E-Mongolia системд бүртгэлтэй. 1.4 сая удаагийн үйлчилгээг авч ашигласан байна.
  • Хөвсгөл аймгийн хувьд 75 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд тус аймгийн иргэдийн 75% нь системд бүртгэлтэй. 1.9 сая удаа үйлчилгээ амжилттай авчээ.

Цахим шилжилтийг түүчээлэн дэмжин ажиллаж буй бүх орон нутгийн байгууллагууд болон иргэд та бүхэндээ баярлалаа.

Төрийн үйлчилгээг таны гарт E-Mongolia

Өгөгдөл байгаа салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд салбар бүрийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдаас санал авч, үндэсний стратегид тусгаж байгаа билээ. Өнөөдөр /2025.01.30/ Шинжлэх ухааны академитай хамтран эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдын санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Эрдэмтэн, судлаачид эхний ээлжид хиймэл оюуныг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, салбарын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах саналаа илэрхийлэв. Мөн хиймэл оюуныг хөгжүүлэхэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, төрийн байгууллага хоорондын уялдаа  холбоог хангах юм. Тиймээс дээрх асуудлын шийдлийг үндэсний стратегид тусгахыг хүслээ. Учир нь тус салбарт хувийн хэвшлийг оруулж байж, систем цаашаа хөгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолсон.  Түүнчлэн ядаж ДНБ-ийнхээ 0.5-1 хувийг дээрх салбарт зарцуулж, тогтвортой хөрөнгө оруулалт хийж, дэмжих хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг чухалчлав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хамгийн их өгөгдөл цугларсан салбар нь эрүүл мэнд. Хиймэл оюуныг хөгжүүлэх суурь нь өгөгдөл юм. Дата хаана бэлэн байна тэр салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэхүү бүрдсэн датаг ашиглахад хууль эрх зүйн орчны зохицуулалт чухал аж. Гэвч аливаа өгөгдлийг ашиглахад зөвшөөрлийн асуудал өнөөдрийг хүртэл гарсаар байгаа нь хиймэл оюуны хөгжилд тушаа болж байгааг эрдэмтэн, судлаачид хэллээ. Мөн нөөцөө доторхойлох, өгөгдлийн нэгдсэн стандарттай болох, чанар үнэлгээ зэрэг асуудлууд ч хөвөрнө.

Үүний дараа хүний нөөцийг бүрдүүлэх асуудал гарч ирнэ. Засгийн газрын тогтоолоор 2024 онд ШУАИС байгуулагдсан. Дэвшилтэт технологийн чиглэлийн бакалаврын 10, магистрын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Ахисан түвшинд боловсон хүчнээ бэлдэж байж, хиймэл оюуныг нэвтрүүлэх тухай яригдана. Тиймээс төрөөс их дээд сургуулиудын хөтөлбөрийг тогтвортой дэмжиж, төслийг санхүүжүүлэх бодлого хэрэгтэй байгаа аж.

Түүнчлэн хамгийн ихээр маргаан дагуулдаг асуудал нь оюуны өмч. Оюуны өмчийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Энэ тал дээр ихэд маргаан үүсдэг учраас хиймэл оюуны үндэсний стратегид тусгах саналыг ч хэллээ.

Манай улсад дээрх чиглэлийн төслүүдэд 10 сая төгрөгийн санхүүжилт хийгддэг байна. Гэтэл өнөөдөр 1GPU 25-30 мянган ам.доллараар үнэлэгдэж байхад 10 сая төгрөгийн санхүүжилт хангалтгүй юм. Бусад улс орнууд ч энэ салбарыг хөгжүүлэхэд тэрбум тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.

AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна

0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 12, 754 компанид  12 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүний 23.39 хувь үүрэн холбоо, 15.30 хувь мэдээлэл холбооны сүлжээ, 10.27 хувь кабель шугам, цамхаг угсралт, бусад нь өргөн нэвтрүүлгийн телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ, шуудангийн сүлжээ үйлчилгээ зэрэгт ажилладаг.

2024 оны статистикаар дээрх салбарт 27 мянга гаруй хүний эрэлт хэрэгцээ байгаа юм. Эдгээр хүний нөөцийг бэлтгэхэд дотоодын их дээд сургуулиудын оролцоо их чухал. Түүнчлэн дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад хиймэл оюун ухаан, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдал, програм хангамж зэрэг мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бий.

Их дээд сургуулиудын хөтөлбөрт дээрх шинэ тутам хөгжиж буй мэргэжлийг хөгжүүлэх, судалгаа хийх талаар оруулахаас гадна төрийн дэмжлэг чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Тодруулбал, БНСУ-д төрөөс тогтвортой бодлогын дагуу нэг бус хэд хэдэн сургуулиа дэмжиж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг байна. Энэ хүрээнд ирээдүйд нэн эрэлттэй мэргэжилтнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч, тэтгэлэг зарлаж, судалгааны ажил хийж, бэлтгэлээ хангаж иржээ.

Харин манай улсад дотоодын сургуулиуд бор зүрхээрээ боловсон хүчин бэлтгэхээр зүтгэж байна. Жишээлбэл, ШУТИС-ийн харьяа Мэдээлэл, холбооны технологийн сургууль сүүлийн таван жилд хиймэл оюун ухаан, өгөгдөл, кибер аюулгүй байдал зэрэг таван шинэ мэргэжлийн хөтөлбөр эхлүүлж, эхний төгсөлтөө хийгээд байна. Цаашид энэ мэт хөтөлбөрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, хүний нөөц бэлдэхээс гадна багш, судлаачдыг хөгжүүлэх боломжоор хангах шаардлага байгааг уулзалтад ирсэн их дээд сургуулийн төлөөллүүд онцоллоо.

Мөн дотооддоо бэлдсэн боловсон хүчнээ хөгжингүй орон руу алдах тохиолдол ч түгээмэл аж. Энэ чиглэлд төрийн бодлогоо чиглүүлэхийг хүсэв.

Салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлын талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Их дээд сургуулиудын төлөөллийг өнөөдөр /2024.01.29/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад ШУТИС, МУИС, МУБИС, СЭЗИС, ҮБХИС, ХААИС болон хувийн сургуулиудын 19 төлөөлөл оролцсон байна.

“Dronecon” тэмцээнийг 2026 онд ЦХИХХЯ зохион байгуулна

Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд анх удаагаа зохион байгуулагдлаа.  Тус тэмцээнд 580 гаруй тамирчин оролцож,

  • Мэргэжлийн (FPV)
  • Сонирхгчдын (Commercial)
  • Тоглоомын (TOY)
  • Өөрөө угсрах (DIY)
  • Хүүхдийн чөлөөт төрөл (12 хүртэлх нас) гэсэн таван төрөлд өрсөлдөж,  21 тамирчин шалгарч, аваргууд тодорлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн нь нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон бөгөөд ирэх 2026 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зохион байгуулахаар болж, “Dronecon” тугийг Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Д.Баасандамба ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд гардуулан өгөв.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ.

Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Манай улс ч энэ төрлийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, түүний туршилтын бүсийг байгуулан гаднын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

  • Дроны анхны хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна.
  • Дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулахаар болсон
  • Дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр ажиллаж байна.

Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ.

Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Манай улс ч энэ төрлийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, түүний туршилтын бүсийг байгуулан гаднын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны анхны хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулах шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлээ. Тэрбээр “Монгол Улсын технологийн салбарт шинэ эдийн засаг бүтээх түүхийн хуудас нээгдэж байна. Дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн бол Монгол Улсад дрон угсралт, үйлдвэрлэлд  чухал хувь нэмэр оруулна. Энэ тэмцээнээс үүдэлтэйгээр дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажил эхэлнэ. Дроны нисгэгч гэдэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цоо шинэ ажил мэргэжил юм. Тиймээс энэ тэмцээнд оролцож буй залуучууд Монгол Улсын хүний нөөц, технологийн салбарт цоо шинэ, ажил мэргэжлийг бий болгож, дараагийн үедээ энэхүү ур чадвараа өвлүүлэх хамтын үүрэг хариуцлагыг хүлээж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны хэрэглээг нэмэгдүүлэх анхны хуулийн төслийг боловсруулж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт байгуулахаар болсон. Мөн ирэх гуравдугаар сараас дрон жолоодлогын мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын хөтөлбөр танилцуулж, мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцолсон юм.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн дараах төрлүүдээр явагдаж байна. Үүнд

  • Мэргэжлийн (FPV)
  • Сонирхгчдын (Commercial)
  • Тоглоомын (TOY)
  • Өөрөө угсрах (DIY)
  • Хүүхдийн чөлөөт төрөл (12 хүртэлх нас)

Тус тэмцээнийг Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Дрон жолоодлогын анхдугаар тэмцээний улсын аваргууд ням гарагт тодорно.

2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ

0

2024 онд Монгол Улсад 184,576 IP хаяг бүртгэлтэй байна. Үүнээс 182,725 удаагийн хортой кодын сэжигтэй үйлдэл гэж бүртгэгдсэний 11,012 IP хаягт сэжигтэй үйлдэл илэрчээ.

Энэ бол Монгол Улсад 2024 онд бүртгэлтэй IP хаягт бүртгэгдсэн халдлагын тоо юм. Бид хортой код илэрсэн IP хаягийг илрүүлж чадаж байгаа ч тухайн IP хаягийн ард хэчнээн хэрэглэгч байгааг тооцоолж чадахгүй байдалтай байна.

Хэрэв бид IP хаяг бүрийн ард буй хэрэглэгчийн тоог бүртгэж чадвал кибер халдлагын үед шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой болно гэдгийг Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр 2024 оны үйл ажиллагааны тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулж байх үеэрээ онцолсон юм.

2024 онд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрлийг 29 байгууллагад олгосон бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 37 байгууллага эрсдэлийн үнэлгээ хийлгэжээ.

Мөн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, форумыг тус онд зохион байгуулав.

Үүний зэрэгцээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх, кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсвийг улсын төсвийн ангилалд оруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Монгол Улс 2024 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх судалгааг эхлүүлсэн. Тус судалгааны үр дүнг 2025 оны 2 дугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Ийнхүү Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөл 2024 оны тайланг хэлэлцэн дүгнэж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.

Тус зөвлөлийн дэд дарга ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэлэхдээ кибер халдлагаас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжгүй, харин хэрхэн хохирол багатай тухайн халдлагыг даван туулах вэ гэдэг олон улсын чиг хандлага явж байна. 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг улсын төсөв болон санхүүжилтийн арга хэрэгслийг тооцоолж байж тодорхойлох нь зөв шийдэл болно. Их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг дадлагажуулах, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудыг урамшуулах зэргээр хүний нөөцөө бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг онцлов.

Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс цаашид  Монгол Улсын кибер халдлагатай тэмцэхэд дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэдгийг онцлов. Үүнд

  • Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд мэдээлэл ашиглах боловсруулах, хариуцах цуглуулж байгаа байгууллагуудын нэгдсэн бүртгэлийн сан бий болгох;
  • Кибер аюулгүй байдлын мэдээлэл солилцооны нэгдсэн систем хөгжүүлэх;
  • IPV6 -г нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, IP хаягийг бүртгэлжүүлэх;

Хиймэл оюун ухааныг хөгжлүүлэхийн тулд бодлого, стратегиа тодорхойлох нь чухал байна

Хиймэл оюун ухаан нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч боллоо. Улс орнууд энэ салбарт үндэсний хэмжээний стратеги боловсруулж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ, Хятад болон Европ тивийн улсууд бүс нутгийн судалгаа, хөгжил, хэрэглээнд томоохон хөрөнгө оруулалт хийж, үндэсний хэмжээний стратеги гаргасан. Мөн Азийн Сингапур, БНСУ, Японд эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг нь хиймэл оюун ухаан хэмээн тодорхойлж байна. Тэгвэл бага болон дунд орлоготой орнууд хиймэл оюун ухааны зах зээлийг ашиглан хөгжлийн явцаа түргэсгэхээр зорьж эхнээсээ хиймэл оюун ухааны стратегиа зарлаад буй.

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх өрсөлдөөн дэлхий даяар эрчимжиж буй энэ үед Монгол Улс ч гэсэн хиймэл оюун ухааны үндэсний стартегитай болох ажлыг эрчимжүүллээ. Энэ хүрээнд гарааны бизнесийн эко системийг хэрхэн сайжруулах, нээлттэй өгөгдлийн хүрээг тэлэх, цаашид салбарт баримтлах бодлогын хууль эрх зүйн орчны талаар судалгаа хийж, стратегиа боловсруулах ажил ид өрнөж байна. Мөн ЦХИХХЯ-наас хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг ирэх 2-р сарын 13-ны өдөр зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор салбар бүрийн оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг ЦХИХХЯ, Мэдээллийн технологийн үндэсний парк, И-Монгол академи хамтран өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын AI хөгжүүлэгч залуус өргөнөөр оролцож, үндэсний стратегид тусгах санал, хүсэлтээ илэрхийлэв.

Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүд дараах байдлаар нэрлэлээ.

Үүнд,

  • Боловсон хүчний хомсдол: Хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд мэргэшсэн боловсон хүчин дутагдаж байна. Энэ нь судалгаа, хөгжүүлэлт, хэрэгжилтийг удаашруулах гол хүчин зүйл болжээ.
  • Санхүүжилт: Хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлт нь өндөр зардалтай. Монголд энэ салбарт төр, хувийн хэвшлийн санхүүжилт хангалтгүй байна.
  • Дэд бүтцийн хөгжил: Хурдтай интернет, өндөр хүчин чадалтай компьютер зэрэг хиймэл оюун ухааны хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц хангалттай хэмжээнд хөгжөөгүй.
  • Өгөгдлийн нээлттэй байдал: Хиймэл оюун ухааны сургалт, хөгжилд шаардлагатай өгөгдлийн сан, мэдээллийн нээлттэй байдал хангалтгүй.
  • Хууль эрх зүйн орчин бүрдээгүй: Хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна зэрэг асуудлыг дурдлаа.

Тиймээс дээрх тулгамдаж буй асуудлуудаас нэн тэргүүнд боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарахыг онцлов. Мөн хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх, олон улсын туршлагаас суралцах тухай ч хөндөгдсөн. Түүнчлэн хиймэл оюун ухааны салбарт санхүүжилтыг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага ч байгаа юм.

Хиймэл оюун ухааны үндэсний стратегитай улс орнууд дараах байдлаар асуудлуудаа тусгажээ.

Үүнд:

  • Судалгаа хөгжүүлэлт: Хиймэл оюун ухааны үндсэн судалгааг төрөөс дэмжиж, шинэ технологи бүтээхэд анхаарч байна.
  • Боловсон хүчин бэлтгэх: Тус салбарт ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна.
  • Дэд бүтцийг хөгжүүлэх: Хиймэл оюун ухааны хөгжилд шаардлагатай их хэмжээний мэдээллийн сан, суперкомпьютер зэрэг дэд бүтцийг бий болгож байна.
  • Ёс зүй, хууль эрх зүйн асуудлыг зохицуулах: Хөгжлийн үед гарч болох эрсдэл, асуудлыг урьдчилан харж, зохицуулах арга хэмжээ авч байна.

Хиймэл оюун ухаан нь дэлхийн ирээдүйг тодорхойлох хамгийн нөлөө бүхий технологи юм. Улс орнууд тус салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үндэсний хэмжээний стратеги боловсруулж байгаа нь энэхүү технологийн ач холбогдлыг харуулж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулат хийхээ зарлалаа. Харин Монгол Улс хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний хэмжээний стратеги боловсруулахаар ажиллаж байна.

Ирээдүйд үнэ цэнийг бүтээх арга барил өөрчлөгдөж, хүний оролцоогүйгээр хөдөлмөрийн бүтээмжийн асар том ялгаа бий болох гэж байна. Энэхүү үсрэнгүй хөгжиж буй технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд салбарын бодлогоо зөв чиглүүлж, хүний нөөцөө бэлдэх, инновацын чиглэлд онцгой анхаарах үе ирснийг онцлов.

1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зорилтот бүлгийн, тэр дундаа ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Ахмад настай игэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.

Үүний хүрээнд 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэсэн ба эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгийн нийт 1277 ахмадад яг өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадваруудыг заалаа. Нэг талдаа цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ч нөгөө талдаа нийгмийн томоохон хөндөгддөггүй асуудал болох залуу болон ахмад үе хоорондын харилцаа, ойлголцлыг сайжруулах ач холбогдолтой юм. Энэ нь сургалтын үеийн ахмадуудын олон олон эерэг сэтгэгдэл, талархлаас харагдаж байна.

Түүнчлэн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөх баг анх 100 сайн дурын сургагч багш бэлтгэх, 1000 ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоо амжилттайгаар давуулан биелүүлж, Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна 13 аймгийн 188 ахмад настнууд, нийт 1277 ахмадыг сургалт хамруулж ажилласан байна.

Дээрх ахмадууд яг ямар ур чадварт суралцсан бэ гэвэл зөвлөх багийн боловсруулсандараах 6 бүлэг агуулга сэдвийн хүрээнд суурь болон ахисан түвшний цахим мэдлэг, ур чадвартай болсон байна.Үүнд:

  1. Суурь түвшин

Цахим иргэн гэж хэн бэ, цахим орчины талаарх зөв ойлголт

  • Ухаалаг гар утасны хэрэглээ (Утас асаах/унтраах, утасны дуу, фонт өөрчлөх, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликейшн  татаж авах, гар утасны нууцлал)
  • Интернэтийн хэрэглээ (Интернэт хөтөч суулгах, Google search, calendar, photos, шинээр google account нээх, нууц үг сэргээх, нууц үгээ хадгалах), Gmail ашиглах
  • Харилцаа холбоо (Оператор компани дата сүлжээг ашиглах, нэгж, дата хэрэглээгээ хянах, олон нийтийн сүлжээний, сошиал сувгуудын аппликейшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, Сошиал платформ дээр тохиргоо хийх, Googl meet, Viber ашиглах)
  • Төрийн үйлчилгээ (Төрд байгаа өөрийн хувийн мэдээлэлдээ хяналт тавих, И-Монгол аппликейшн ашиглах, Эрүүл мэндийн үйлчилгээнд хандах, И-Кидс апп ашиглах)
  • Банк, төлбөр тооцоо (Банкны апп ашиглах, оператор апп-аар гар утасны нэгж дата худалдан авах, цахим банкны аюулгүй байдлын зөвлөмж)
  • Контент бүтээх (Богино контент бүтээх, сошиал медиа дээр бусадтай харилцаж, контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх)
  1. Ахисан түвшин
  • Ухаалаг гар утасны хэрэглээ (Фолдор үүсгэн мэдээллээ цэгцлэх, мэдээлэл солилцох, Цэс тохиргоо хийх, App хоорондын шилжилт)
  • Интернэтийн хэрэглээ (Google Maps, Google Drive өдөр тутамын хэрэгцээнд ашиглах)
  • Харилцаа холбоо (Тоон болон цахим гарын үсгийн хэрэглээ, Zoom Telegram ашиглах, давхар шатлалт хамгаалалт, Кибер аюулгүй байдлын тухай хууль)
  • Төрийн үйлчилгээ (E-business, d.parliament.mn, И-Баримт, И-Татвар, И-халамж)
  • Банк, төлбөр тооцоо (Банкны апп-аар дансаа удирдах, Socialpay, онлайнаар бараа, үйлчилгээ худалдан авахад анхаарах зөвлөмжүүд)
  • Компьютерын тухай (10 хуруугаар шивэх, Word,Excel, PowerPoint)

Мөн дээрх агуулгын хүрээнд 160 гаруй хуудас бүхий “Ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” ном боловсруулан хэвлүүлж сургалтад хамрагдсан ахмадуудад хүргэсэн нь ахмадуудын сэтгэлд  ихээхэн хүрсэн хэрэгцээт ширээний ном болж чадлаа.

Үндэсний цахим элч хөтөлбөрийг дэмжиж, үе хоорондын цахим ур чадварын ялгааг бууруулахад Боловсролын Ерөнхий Газар, Насан туршийн боловсролын төв,  Монголын Ахмадын Холбоо, Юнител групп,  Төрийн банк, Монгол Эм Импэкс Концерн ХХК, Скайтел Групп, Скай Хайпермаркет ХХК, “И-Монгол академи” УТҮГ, Илтгэх Индрийн Ирээдүй ТББ, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК, Гэр өргөө олон нийтийн төв, CU сүлжээ дэлгүүр зэрэг байгууллагууд бидэнтэй нэгдэн хамтран ажиллалаа. Хамтран ажилласан, туслаж дэмжсэн бүхий л байгууллага хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.