More

    Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтоо бататгаж, улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.

    Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

    Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна.

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

    Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

    Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Словени Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.

    Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Др. Наташа П.Мусар Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

    Айлчлалын хүрээнд Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал, аялал жуулчлал, ой зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

    Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм.

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

    Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

    Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд “Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байна.

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.

    Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

    Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

    Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

    Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

    Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

    Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

     Гавьяат уурхайчин цолоор:
    • Бэрхийн уулын үйлдвэрийн хөлийн холбоо хэсгийн өрөмдөгч, ахмад уурхайчин Цэрэндүгийн Болдбаатар,
    • Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн захирал Нямцэрэнгийн Батболд,
    Гавьяат эдийн засагч цолоор:
    • Бэрхийн уулын үйлдвэрийн ахмад уурхайчин, эдийн засагч Наваанцэндийн Баттулга,
    Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
    • Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Цэрэндоржийн Лхагвасүрэн,
    Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
    • Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн цахилгаанчин Лхамсүрэнгийн Очирхуяг,
    • Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн өргөх машины машинист, ахмад ажилтан Далхжавын Шангарав,
    • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын мэргэжилтэн Төмөрбаатарын Отгонтөгс,
    Алтан гадас одонгоор:
    • Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ахмад ажилтан Дамдины Чанцалжүгдэр,
    • Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Чадраабалын Чинбат,
    Хөдөлмөрийн хүндэт медалиар:
    • Хэнтий аймгийн Бэрх хотын Нэгдсэн эмнэлгийн сувилагч Жадамбаагийн Аюуш,
    • “Бэрх-Уул” ХК-ийн харуулын албаны дарга Намжилваанчигийн Батбилэг нарыг шагналаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан Бэрх хотын иргэд, үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид, уурхайчдад  Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Цаашид Бэрх хотын иргэд олсон ололтоо бататгаж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

    Мөн төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

    Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын 2024 оны 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв.

    Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон албаны бусад төлөөлөгчид үдэн мордуулав.

    Швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийж, хэвлэлд мэдээлэл хийв.

    Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн төрийн айлчлалын үеэр “Монгол-Швейцарын Хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болов.

    Ерөнхийлөгч Виола Амхерд айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

    Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн анхны айлчлал үргэлжилж байна.

    Хүндэт зочин “Чингис хаан” үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх хаад, монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж  сонирхлоо.

    Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг үзлээ.

    Энэ үзэсгэлэнг Луврын музей, Францын Үндэсний архив, Севрийн Үндэсний керамикийн музей, Чимэглэлийн урлагийн музей болон Швейцарын Рийтбергийн музейтэй хамтран гаргаж байгаа юм.

    Үзэсгэлэнг хоёр орны төрийн тэргүүний тохиролцсоны дагуу ирэх оны 10 дугаар сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд дэлгэнэ.

    Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд мөн “Чойжин ламын хийд музей”-д зочиллоо.

    Энэ хийдийг 1908 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт төрсөн дүү, олноо “Чойжин лам” хэмээн алдаршсан Лувсанхайдавтаа зориулан бүтээсэн түүхтэй.

    Хийдэд 1936 оныг хүртэл хурал ном хурж байсан бөгөөд 1941 оны 11 сарын 13-ны өдрийн Ардын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүх, соёлын тэргүүн зэргийн дурсгал болгожээ.

    Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

    Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болохыг талууд онцолж, “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсныг зарлалаа.

    Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

    “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

    Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид өө,

    Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

    Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэ айлчлал Швейцарын Холбооны Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны түүхэн айлчлал бөгөөд Монгол, Швейцарын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг бид хамтдаа нээж байна.

    Газарзүйн байршлын хувьд алс хол Швейцарын Холбооны Улсыг бид манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлс нь манай хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлж, хамтын ажиллагааны чухал үндэс суурь болдог билээ.

    Төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 60 жилийн ололт, амжилтыг бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

    Бидний яриа хэлэлцээний дүнд “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, ардчилсан засаглалыг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

    Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэт зүйлийг бататгаж, хууль тогтоох болон иргэний нийгмийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, шүүх болон эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр бид хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.

    Швейцарын Холбооны Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр ярилцлаа.

    Мөн хоёр улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудаа уялдуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг бататгах, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө ахуй, эрүүл мэндийн салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо.

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежментийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

    Швейцарын стандарт, технологийг нутагшуулах, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа.

    Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг томоохон зорилт гэдгийг онцолж,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

    Монгол Улсын ардчилсан тогтолцоо, сайн засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Швейцарын ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад 460 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг.

    Мөн цар тахал, байгалийн гамшиг, үер, зудын бэрхшээлтэй тулгарсан цагт Швейцарын Холбооны Улс монголын ард түмэнтэй хамт байж, хүмүүнлэгийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Үүний нэг  жишээ нь “Зүрх мартахгүй” төслийг онцлохыг хүсэж байна.

    Цаашид хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, газар хөдлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх, монголын зүрхний эмч нарын тусламжтайгаар хүүхдийн эмнэлгийн бүс нутгийн үйлчилгээг дэмжих ажлыг бид үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

     Мөн үндэсний соёлоо сурталчилж, спортыг дэмжих чиглэлээр бид хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын түүхийн үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд 2025 онд гаргахаар боллоо.

    Байгаль, цаг уур, далайд гарцгүй зэрэг бидний нийтлэг онцлог,  гадаад бодлогын ижил төстэй байр суурьтай манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээ талууд нотоллоо.

    Цаашид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө өргөн хүрээнд хамтран ажиллах болно.

    Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг бид харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

     Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа”.

    ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВИОЛА АМХЕРД:

    “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

    Хэвлэл мэдээллийн эрхэм төлөөлөгчид өө,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    Өнөөдөр би Монгол Улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай хоёр улсын олон жил ойр дотно хамтран ажиллаж ирсэн атал Швейцар Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа айлчилж байгаа нь итгэхэд бэрх ч  бодит үнэн юм. Энэ айлчлал Швейцар, Монголын харилцааны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байгааг нэн хүндэтгэж, маш их баяртай байна.

    Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  60 жил, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад 20 жил ажилласан амжилтыг энэ айлчлалаар ёслон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ бид ирээдүйгээ харж,  хоёр улсын цаашдын харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байна.

    Энэ зорилтын хүрээнд бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. НҮБ-аас анхааруулсан “дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсоох нь Швейцар Улсын хувьд нэн чухал юм.

    Монгол Улсад саяхан болсон парламентын сонгуулиар сонгогчдын оролцоо өндөр байж, сонгууль амжилттай болсон нь ардчиллын төлөөх иргэд, төрийн байгууллагуудын хүчин чармайлтыг тод илтгэн харууллаа.

    Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан тунхаглалдаа тусгалаа.

    Швейцар, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг.

    Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцар Улсын олон талт гадаад бодлогын нэг тулгуур нь юм. Үүнтэй холбогдуулан энх тайван, тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, ялангуяа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж  байна.

    Бид дэлхий дахины аюулгүй байдлын тогтолцооны талаар мөн ярилцлаа. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Бүргеншток хотод болсон олон улсын бага хурлын дараа Украинд зүй ёсны, энх тайвныг тогтвортой цогцлоохын төлөө Швейцар Улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

    Өнөөгийн нөхцөл байдалд энэ олон улсын бага хурал төсөөлж байсандаа хүрсэн. Үүний үр дүн нь асуудлыг урагшлуулахад чиглэсэн арга замыг эрэлхийлэхийг зорьсон. Швейцар Улсын хувьд байр суурь тодорхой бөгөөд хоёр талын оролцоог хангаж байж л энх тайвныг урт удаан хугацаанд цогцлоож чадна.

    Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх Швейцар, Монголын хүч чармайлтын талаар бид мөн ярилцлаа.

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

    Хатагтай, ноёд оо,

    Швейцар, Монгол хоёр улс газар зүйн хувьд алс хол хэдий ч ардчилсан үнэт зүйл, эрх зүйт ёс, олон улсын тавцан дахь хамтын хүч чармайлт биднийг ойртуулдаг. Бид энэхүү нөхөрлөлөө улам бүр бататгаж, ирээдүйн боломжоо үр дүнд хүргэхээ нотоллоо.

    Найрсаг зочломтгой хүлээн авч буй хүндэт Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье. Манай хоёр улсын харилцааг түүчээлэн өргөжүүлэхдээ баяртай байна”.

    Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

     Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

    1. “МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”

    Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх түүхэн ойн уриа нь хоёр улсын гадаад харилцааны зорилтуудыг тодорхойлсон. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцол, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх санаачилгын хүрээнд хамтрах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй хамтран тэмцэх, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтын ажиллагааг тэлэхээр тохиров. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдал, боловсрол, спорт, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам баяжуулахаар боллоо.

    1. “АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛЫН АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри нар гарын үсэг зурлаа.

    Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгайлсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг Санамж бичгээр тодорхойлсон. Энэ хүрээнд  “Парламентын институцийг бэхжүүлэх нь”, “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” зэрэг төсөл хэрэгжүүлж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

    Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжилтийг швейцарын тал тууштай дэмжиж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр болон хамтын ажиллагааны олон салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ.

    Талууд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататгаж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт идэвхтэй ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.

    Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.