Home Blog Page 3

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-нд боллоо.

Хурлаар:

  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг
  • Виртуал бүсийн ажиллах журам, түүнд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай журмын төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ.

Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм.

 

Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.

ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.

Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав.

 

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub  нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна.

Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна.

АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА

Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож,  665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна.

УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ

Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна.

Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна.

Өгөгдөлд суурилсан бизнес загварууд уламжлалт эдийн засгийн бүтцийг эвдэж байна

Технологийн салбарын үсрэнгүй хөгжил, үүнийг дагасан өгөгдөл боловсруулах хүчин чадал нь үндэстэн дамнасан компаниуд төдийгүй улс орнуудад шинэ боломж, эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, АНУ-ын “Гайхамшигт 7” гэж нэрлэгдэх болсон технологийн компаниудын зах зээлийн үнэлгээ 2024 оны хагас жилийн байдлаар 15.4 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь БНХАУ болон Европын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээтэй ойртсон статистик болов.

Дээрх компаниудын нийтлэг онцлог нь технологи болон өгөгдөлд суурилсан бизнес загварыг бий болгож чаджээ. Тус загвар нь уламжлалт эдийн засаг, салбаруудын бүтцийг богино хугацаанд эвдэж, улс орон, компаниудын өрсөлдөх чадварыг өөрчлөх боломжийг олгож байна.

Өгөгдлийг зөвхөн статистик эсвэл мэдээллийн технологи хариуцсан байгууллага, нэгжүүдийн асуудал мэтээр хандах хэвшмэл ойлголт ард хоцорчээ. Нийтийн эсвэл улс орны хэмжээнд анхаарал хандуулж, бодлогын түвшинд шийдвэрлэх цаг ирсэн. Улмаар олон улсын түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор тавьж, хэрэгжүүлж эхлээд байна.

Жишээлбэл, Австралийн Холбооны Улсын Засгийн газраас 2023 оны 12 дугаар сард “Өгөгдөл ба өгөгдлийн цахим Засгийн газрын стратеги”-ийн баримт бичгийг гаргасан. Үүнд дэлхийн стандартад нийцсэн цахим технологи, өгөгдөлд суурилсан төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүддээ хүргэх үүрэг зорилтыг тусгажээ.

Ингэхдээ Австралийн Засгийн газарт буй өгөгдлийг үнэ цэнэтэй хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч, удирдах, өгөгдлийг хадгалах, хамгаалах, ашиглах дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулахад хөрөнгө оруулалт тасралтгүй хийх зэрэг асуудлуудыг оруулж өгсөн.

Улмаар Австралийн төрийн өгөгдлийн катологийг үүсгэх, өгөгдөл солилцоог дэмжих, өгөгдлийн системийг хөгжүүлэх, Засгийн газрын хэмжээнд өгөгдлийн засаглалыг бий болгох зэрэг зорилтуудыг тавьсан байна.

“Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сургалт боллоо

Технологийн эрин үед богино бичлэгийн сошиал платформ залуусын дунд хүчээ авч байна. Зөвхөн текст сошиалд оруулдаг байсан үе ард хоцорч, зураг, бичлэг, дуу оруулахаас гадна, тухайн платформоор хоорондоо харилцаа үүсгэх нөхцөл бүрджээ. Энэхүү харилцааны хэрэгслүүдийн орон зайг эзэлж буй платформын нэг бол ТикТок юм.

2016 оноос хэрэглээнд нэвтэрснээс хойш дэлхий даяар 1.1 тэрбум хэрэглэгчтэй болж, тус платформыг дэлхийн 150 гаруй улсад ашиглаж, 75 хэл дээр цацагдаж байна. 325 сая хэрэглэгч уг платформыг өдөр тутамдаа идэвхтэй хэрэглэж, богино хэмжээний сонирхолтой бичлэг, “challenge” бичлэг, бүтээлч бичлэгээр хүүхэд залуусын дунд хамгийн их хандалт  авдаг аж.

Аливаа мэдээллийг 30 секундээс 1 минутад багтаан өгдөг нь бусад платформоос ялгарах гол онцлог юм. Мөн аялах сонирхолтой, өдөр тутмын амьдралаа шинэчлэх дуртай, өхөөрдөм зүйлс үзэх дуртай хүмүүс ихээр сонирхдог байна. Ялангуяа, хүүхэд, өсвөр насныхан ТикТокийг ихээр хэрэглэдэг учраас хүүхдийг болзошгүй цахим аюулаас хамгаалах асуудал ч хөндөгдөнө. Тиймээс хувийн аккаунтдаа сэтгэгдлийг хянах тохируулга хийхээс гадна хэнээс ямар мессеж хүлээн авах, шууд чат үүсгэдэг процессыг зогсоох, оруулсан бичлэгийг хуулбарлах боломжгүй болгох эсвэл татаж авах боломжгүйгээр нийтлэх зэрэг тохиргоонуудыг хэрэглэж боломжтой болжээ.

Тодруулбал, сошиал платформ эрчимтэй хөгжихийн хэрээр цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор ёс зүйтэй хэрэглээ, контент хэрхэн бүтээх, өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг мэдээллийг багтаасан сургалтыг ТикТокийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг зохион байгуулахад Цахим хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам дэмжлэг үзүүлж, бусад яам, харьяа байгууллагын төлөөлөгчид оролцов.

“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

0
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. 

  • Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед анхны хувийн аж ахуй нэгжийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт олон зуун ажлын байр бий болгон, дээд боловсролтой мэргэжлийн хүний нөөц бэлтгэх үйлсэд манлайлж, Монгол Улсын түүх, ёс заншлыг судалж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, иргэдийг соён гэгээрүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эх орноо хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй “Их Засаг” их сургуулийн ректор, Ардын багш, доктор, профессор Намсрайн Ням-Осорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монгол Улсын Их сургуулийн ахмад багш, профессор Сэрээтэрийн Лодойсамба,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөлийн тэргүүн, ойн салбарын ахмад ажилтан Ламжавын Доржцэдэн,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • “Петровис трейдинг” ХХК-ийн ахмад тээвэрчин Найдангийн Ембүү,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Сүү” ХК-ийн ахмад ажилтан, технологич Санжийн Цэндсүрэн,
  • Монголын сав, баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Батнасангийн Болдбаатар,

Гавьяат багш цолоор:

  • Удирдлагын академийн ахмад багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Дашзэвэгийн Сэржамц,
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, ахмад багш Жамбалдоржийн Эрдэнэчимэг,
  • Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургуулийн захирал Өнөрийн Дэлгэр,
  • Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга, түүхийн ухааны дэд доктор Доржготовын Наранцэцэг,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахмад эмч Гүрбазарын Циенсүрэн,
  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Мишигдоржийн Болдбаатар,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ахмад ажилтан Бат-Очирын Лхагвасүрэн,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан, “Хайрхан бүрд” төрийн бус байгууллагын тэргүүн Рэгзэнгийн Нямжав,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чулуунбатын Идэрчулуун,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Монголын Үндэсний циркийн агаарын гимнастик, акробатын жүжигчин Мөнхболдын Мөнхтуул,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • “Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч, олон улсын их мастер Дашзэгвийн Шаравдорж,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Их өрнөл” ХХК-ийн захирал Хайнзангийн Чоймпог,
  • Монголын байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн Нанзадын Бадамханд,
  • Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Балганцэрэнгийн Баяр,
  • “Номин талст” хамтлагийн дуучин, чөлөөт уран бүтээлч Амгалангийн Хаянхярваа,

Алтан гадас одонгоор:

  • “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн их засвар хариуцсан инженер Халзангийн Эрдэнэбилэг,
  • “Эм И Си” ХХК-ийн бетон арматурчин Сүхбаатарын Хүрэлсүх,
  • “Майфловэр” шүдний эмнэлгийн захирал, Монгол Улсын зөвлөх эмч, клиникийн профессор Мишигдоржийн Майцэцэг,
  • “Мишел Амазонка” ХХК-ийн захирал Чойгаалаагийн Янжиндулам,
  • “Мишел Амазонка” ХХК-ийн бүтээлч захирал Чойгаалаагийн Нямханд,
  • Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны олон улсын шүүгч Хүдэрчулууны Оюунтуяа,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
  • “Улаанбаатар” театрын гоцлол хөгжимчин Батбаатарын Гэрэлтуяа,
  • Төрийн банкны Сансар тооцооны төвийн захирал Болдбаатарын Шижир нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны Цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй билээ.

Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн Хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласан явдал билээ.

Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуулийг боловсруулан батлах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж байсан түүхтэй.

Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1914-1915 онд дэлхийн улс орнууд, түүн дотроо өрнөдийн улс орнуудын хууль эрх зүй, төрийн байгууламж, засгийн хэлбэр, улс тус бүрийн онцлогийг үндсэн хуулиар хэрхэн зохицуулж буй харилцааг судалж “Улсын эрх” хэмээх бүтээлийг туурвисан байдаг.

Тэрбээр Герман, Австри-Венгер, Англи, Итали, Бельги, Голланд, Дани, Швейцар, Испани, Португал, Орос, Япон зэрэг улс орны Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйг судалж байсан нь анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах үндэс суурь, чухал алхам болсон төдийгүй эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй байна.

Хожим 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Ардын түр Засгийн газрыг байгуулсан тогтоол, Засгийн газрын 1921 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудад Үндсэн хууль боловсруулах тухай тус тус заасан байдаг.

Мөн 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын XXI хурлаас Хууль цаазыг зохиох тухай шийдвэрийг гаргаж, урьдын Автономит Засгийн үед зохион төлөвлөж байсан хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг ялган салгаж, Европын олон улсын хууль дүрмийг харгалзан шинэчлэн зохиох комиссыг Шүүх яамны Тэргүүн сайд Магсаржаваар ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссыг 8 сар орчим ажиллуулаад үзэл баримтлалын зөрүү гарсан хэмээн үзэж татан буулгасан байна. Энэ хугацаанд уг комисс  дэлхийн улсуудын Үндсэн хуулиуд болох Америк, Англи, Бельги, Голланд, Япон, Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиудыг орчуулан бэлтгэх зэрэг олон ажлыг хийсэн байжээ.

Түүний дараагаар 1924 оны 9 дүгээр сард Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулан ажиллуулсан байна.

Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино,  Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг билээ.

Эдгээр түүхэн баримтуудаас дүгнэн үзвэл анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан, Ерөнхий сайд Д.Бодоо, Жамсрангийн Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж, тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал дор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.

Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.

Буруу замаар орж будилах, алдахын эхлэл чухамхүү эндээс үүддэг гэдгийг өнөө цагийн төрийн түшээд, төрийн албан хаагчид ямагт санаж явах учиртай.

Түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ.

Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.

XX зууны эхэн үеийн дэлхий дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй байлаа.

Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад Иргэн Улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Түүх түүхээрээ л үлддэг.

Ийм эгзэгтэй цаг үед Монгол төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг.

Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зоригт хөвгүүд Ардын намыг анх байгуулж, улмаар эх оронч бүх хүчнийг тэмцэлд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн нь өөрийн газар нутагтаа эзэн суух гэсэн монголчуудын чин хүслийн биелэл, мөнх тэнгэрийн таалал байлаа.

Гэвч энэ бол их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “зөвхөн нарыг хэвээр үлдээж, хуучны хэв ёсыг үндсээр нь эвдэх” их өөрчлөлтийн эхлэл байв.

Хуучныг халж, шинэ засаг төрийг эмхлэн байгуулна гэдэг амар бүтэх ажил биш байлаа.

Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.

Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.

Нийслэл хүрээг чөлөөлсний дараа Богд хаантай тангаргийн гэрээ байгуулж, төрийн нүсэр албыг Ардын Засгийн газарт, түмэн олон, лам хувраг, шашны хэргийг хэмжээт эрхт хаанд үүрүүлэхээр тохиролцож чадсаны хүчинд 1921-1924 онд томоохон ардчилсан өөрчлөлтүүдийг харьцангуй тайван аргаар хэрэгжүүлсэн юм.

Мөн Ардын Засгийн газар 1923 оны нэгдүгээр сард “Нутгийн захиргааны дүрэм” хэмээх Үндсэн хуулийн шинжтэй баримт бичгийг баталж, нутгийн захиргааг 10 гэр, баг, сум, отог, хошуу, аймаг гэсэн бүтэцтэй болгож, тус бүрд хурал байгуулах, угсаа залгамжлах ёсыг устгаж, аливаа тушаалтныг сонгуулийн журмаар тавих болсон нь одоогийн хэллэгээр эрх зүйн шинэтгэлийн эхлэл болсон юм.

Дээр дурдсан олон чухал арга хэмжээг Ардын Засгийн газар 1921-1924 онд авч хэрэгжүүлж чадаагүй байсан бол Улсын анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхаглан зарлах нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн судлаачид дүгнэн үздэг юм.

Эрхэм төрийн түшээд ээ,

Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.

Шат шатны хурлын үр дүнгээр, өндөр босгыг давж сонгогдсон төлөөлөгчид Их Хурлын ажилд туйлын идэвхтэй оролцсон бөгөөд төрөө дээдлэх ёс, түмнээ төлөөлөх хариуцлагыг гүнээ ухамсарлан хорин өдөр амралтгүй хуралдан, их үйлсийг бүтээсэн түүхийг өнөөдөр ч эрхэм гишүүд Та бүхэн гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй.

Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй.

Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа.

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, өнөөгийн бидний амьдралд хэрхэн уялдаж буй талаар цөөн хэдэн зүйлээр тэмдэглэн хэлье.

Үүнд:

Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс” хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэхээр заан, “1921 оны хувьсгалаас өмнө монголын эрх баригчдын гадаадтай байгуулсан гэрээ бичгүүд, зээлсэн мөнгө, өр төлбөр бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно, мөн гадаад улсуудтай харилцах, улс төрийн ба худалдааны гэрээ бичиг тогтоох, концесс ба монополын эрх олгох, устгах, улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах, цэргийн хүчнийг байрлуулах зэрэг явдлыг улсын дээд эрхийг барих газруудын эрхлэн шийтгэх зүйлс мөн” хэмээн тогтоохын зэрэгцээ, Анхдугаар Үндсэн хуулийн оршил хэсэгт “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах, Хаант Засгийг халж, цаашид Бүгд Найрамдах Засгийг тогтоон Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах”-аар заасан байдаг.

Мөн улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухалчлан үзэж байсан бөгөөд Үндсэн хуульд улсын орлого, зарлагыг төсөвлөсөн дансанд нэгтгэж, улсын төсвийг үр ашигтай захиран зарцуулах хатуу чанд сахилгыг тогтоож өгсөн байна.

Түүнчлэн улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

Хоёрдугаарт, Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

Тэгвэл ардчилсан гэгдэх барууны орнуудаас эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг 1944 онд Франц, 1948 онд Баруун Герман, 1971 онд Швейцар, 1974 онд Португал, 1975 онд Грек, 1976 онд Испани нээж өгсөн бол анхны бичмэл Үндсэн хуулийг баталсан АНУ хүйсээр үл ялгаварлан эмэгтэй, эрэгтэй хүн адил цалин хөлс авах тухай хуулийг 1963 онд баталж байсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Гуравдугаарт, Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан.

Тухайн үеийн нам, төрийн удирдагчид гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байсан аянгат цагийн амаргүй, эгзэгтэй үед улс төр, дипломат харилцаанд өчүүхэн боловч алдаа гаргахгүйг хичээж туйлын хянуур болгоомжтой хандан анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт ба эв хамт ёсыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлж явуулбал зохино.

Мөн цагийн байдлыг хянаж, ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчээр эсэргүүцнэ” хэмээн энх тайванч гадаад бодлого явуулахаа дэлхийн улс түмэнд анх удаа зарлан тунхаглаж байсан түүхтэй юм.

Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэд хэн нэгэн этгээд халдах аваас шууд эсэргүүцэн тэмцэнэ, ямар нэгэн буулт, яриа хэлцэл хийхгүй гэдэг жанжин шугамаа тууштай илэрхийлж чадсан байдаг.

Тухайн үеийн түгшүүрийн харанга дэлдсэн эгзэгтэй нөхцөл байдалд адгаж бачуурч, сандарч тэвдэлгүй, хийх алхмуудынхаа ээлж дарааллыг нарийн зөв тооцож, алсыг харсан байр сууриа тодорхойлж чадсан энэхүү гадаад бодлого нь цаг хугацааны олон сорилт, шалгуурыг амжилттай даван туулсан бөгөөд үүнийг Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 он хүртэлх түүхэн үйл явдлууд нотлон харуулдаг юм.

Хожим “баруунтан” хэмээн буруутсан тэр үеийн удирдагчид Зөвлөлт Орос Улстай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байсан түүхтэй.

Герман, Англи, Америк, Япон зэрэг орны элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж, Германд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, Франц, Герман улсад Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын 40 орчим хүүхэд, залуусыг сургахаар илгээсэн зэрэг нь тэрхүү бодлогын тод илрэл юм.

Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

Дан ганц Зөвлөлт Орос Улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хангалтгүй, бусад улс оронтой ч хэлэлцээр хийх ёстой, үлгэрлэвээс Швейцар лугаа адил төвийг сахисан улс болохыг эрмэлзэх ёстой гэсэн Жамсрангийн Цэвээн, мөн Монгол Улстай харилцахаас татгалзаагүй л бол дэлхийн бүх оронтой ойртон нөхөрлөх гэсэн Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Анандын Амар, Цэрэн-Очирын Дамбадорж, Наваандоржийн Жадамба зэрэг тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүдийн баримталж байсан байр суурь өнөөгийн Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогын үндэс суурийг тухайн үед томьёолж байсан гэж үзэж болох юм.

Дөрөвдүгээрт, Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

Энэхүү анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн бөгөөд энэ нь нэг талаасаа манай орны эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлээс улбаатай болсны нэгэн нотолгоо юм.

Анхдугаар Үндсэн хуулиар Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон нь манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь, өнөөгийн ардчилсан Монгол орны төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжиж байна.

Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.

Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллын тогтолцоог хуульчлан бэхжүүлж ирснээрээ онцгой ач холбогдолтой, нийтлэг шинжтэй бөгөөд тухай цаг үеийн улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн түүхэн үүргээ зүй ёсоор биелүүлж ирсэн түүхтэй.

Монгол оронд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд монголчууд бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны шинэ тогтолцоонд шилжиж чадсан нь манай улсын түүхийн бас нэгэн онцгой үйл явдал байсан.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурь болсон билээ.

Энэхүү Үндсэн хуулийн үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бэхжүүлж чадсан.

Монгол Улсын үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр, засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага, бидний түүх, өв соёл, үнэт зүйл болсон юм.

Монголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.

Өнгөрсөн зууны түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлж, Хүннү гүрэн, Их Монгол Улсын гал голомтыг сэргээн бадрааж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн хийгээд 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт зэрэг сүүлийн хоёр жаранд тохиосон манай улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны гайхамшигт өөрчлөлтүүд нь агуу түүхт Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хамтын хүчээр сэргэн мандсан эх оронч үзэл санааны ялалт байсныг энэхүү түүхт ойн баярын өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Одоогоос 100 жилийн өмнө монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо сонгож, улсынхаа бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан бол Монгол Улстай сайн харилцаа тогтоохыг хүссэн бүх оронтой найрамдан нөхөрлөх өвөг дээдсийн чинхүү хүслийг эдүгээ цагт биелүүлж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан гэдгийг баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.

Үе үеийн чин зоригт, эх оронч өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийг өнөө цагт өртөөлөн, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Та бидний эрхэм үүрэг, түүхэн хариуцлага билээ.

Иймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай.

Эрх зүйт төртэй улсад үндэсний эв нэгдлийн хүчээр Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуулиараа үндэсний эв нэгдлээ хангадаг жамтай.

Эв нэгдэл үгүй бол улс үндэстэн оршин тогтнож, хөгжин дэвжих боломжгүй юм.

“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээх Их эзэн Чингис хааны билиг сургаалыг ямагт санаж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ бататган бэхжүүлэн, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно гэдгийг монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж явах учиртай.

Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн.

Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт Монголын ард түмэн билээ.

Учир иймээс манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ

Дэлхий дахинд 3.4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай

Тусгаар тогтнол хэмээх ойлголт зөвхөн дархан хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорчээ. Дэлхийн улс орнууд техник технологийн дэвшлийг дагаад кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шинэ сорилттой нүүр тулав. Энэхүү сорилтын шийдлийг хэлэлцэхээр “Кибер тусгаар тогтнол” форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

 

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Орчин цагт кибер аюулгүй байдал, дижитал хөгжил нь нэг зоосны хоёр тал. Өнөөдөр кибер аюулгүй байдлыг хангахад техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна. Тиймээс Оксфорд, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран мэргэжлийн хүмүүсийг бэлдэж эхэлсэн. Кибер аюулгүй байдлын түвшнээр Монгол Улс хууль эрхзүйн орчноо тодорхой болгосон. Хамгийн сүүлд эрсдэлийн үнэлгээ хийлгэх журмаа ч баталсан. Энэ мэтээр төсөв, улс төр, хууль эрхзүйн шийдлийг гаргасан. Одоо эрсдэлийн үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллага, кибер аюулгүй байдлын аудит хийдэг байгууллагуудын үйл ажиллагааг хэвшүүлэх, онц дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих асуудал бий. 2022 онд гаргасан Засгийн газрын 207 дугаар тогтоолд  нэмэлт өөрчлөлт оруулаад явж байна. Төсөвт мэдээллийн технологийн зардлыг 2026 оноос ерөнхий бус задалж оруулахаар болсон. Ингээд ирэхээр Кибер аюулгүй байдалд хандах соёл төлөвшинө. Эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээ бэлдэх, халдлагад өртсөн байгууллагыг оношилж, харилцан мэдээлэл солилцох соёл бий болно. Хиймэл оюунд суурилсан халдлага эрчимжихийн хэрээр хиймэл оюунд суурилсан хамгаалалтын програм хөгжиж байна” хэмээн ярилаа.

2014 онд дэлхийн нийт хүн амын 37,4 хувь интернэт хэрэглэгч байсан бол 2024 онд 10 сард 66,2 хувьд хүрчээ. (5.35 тэрбум хүн) интернэт хэрэглэгч болжээ. Үүнээс 63,8 хувь нь сошиал медиа хэрэглэгч байна. Гэвч технологийн хувьслыг дагаад хиймэл оюун дээр суурилсан кибер халдлага 2028 он гэхэд 64.4 тэрбум $ хохирол дэлхийн эдийн засагт учруулах аж. 2023 оны судалгаагаар дэлхий дахинд 3,4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай байна. Үүнээс 2,7 сая нь Ази, Номхон далайн бүс нутгуудад байна.

 

ТЕГ-ын МАБГ-ын дарга, Хурандаа Ц.Хүрэлбаатар “Мэдээлэл технологийн хөгжлийг хиймэл оюун түүчээлж байна. Кибер орон зай, аюулгүй байдалд Ази номхон далайн бүс нутагт рансомвэйр халдлага түгээмэл байна. Ингэхээд батлан хамгаалах, гадаад харилцаа, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага руу чиглэж байна. Мөн геополитикийн нөхцөлөөс шалтгаалж кибер халдлага эрчимжиж буй. Майкрософтын статистикаа харахад өдөр тутамд 600 сая халдлагыг хамгаалж байгаагаа илэрхийлжээ. Кибер халдлага олон улсад тогтворгүй нөхцөл байдал үүсгэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээ рүү довтолж байна” хэмээн онцоллоо.

Геополитик зөрчилдөөнтэй холбоотой кибер халдлагаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хохирол 2021 онд 6 их наяд ам.долларыг давжээ. Ялангуяа, Оросын довтолгооны үеэр 2022 онд Украйн 4500 гаруй кибер халдлагад өртөж, эдийн засгийн хохирол 1 тэрбум ам.долларт хүрсэн гэж тооцогдож байна (ITU).

Кибер аюулгүй байдлын индексийн Техникийн чадамж үзүүлэлтээр Арабын Нэгдсэн Эмират Улс 20 оноотой, Монгол Улс 6,64 оноотой аж. “Кибер аюулгүй байдлын тусгаар тогтнол” форумыг ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ-өөс санаачлан, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Бадамын Нинж,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбиш,

Гавьяат барилгачин цолоор:

  • Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Гаваагийн Чагнаадорж,

Гавьяат холбоочин цолоор:

  • Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи мобайл” компанийн зөвлөх инженер Гомбожавын Оюунбаяр,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад эмч, клиникийн профессор Төөдийн Оюунбилэг,
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч Норпилын Байгалмаа,

Малын гавьяат эмч цолоор:

  • “Өгөөмөр Адимон” ХХК-ийн захирал, малын их эмч Содномын Наранбат,

Гавьяат багш цолоор:

  • Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга, гимнастикийн спортын дасгалжуулагч Чадраабалын Дарьсүрэн,
  • Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орлогч захирал, доктор, дэд профессор Лувсанцэрэнгийн Дугаржав,
  • Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, профессор Жагдагийн Даваа,
  • Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн багш, доктор, профессор Бадамын Оюунцэцэг,
  • Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор Сэд-Очирын Жаргалсайхан,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал, доктор, профессор Даваагийн Басандорж,
  • Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Буянцогтын Түмэнчимэг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Чөлөөт уран бүтээлч Түдэвийн Батжаргал,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Банзарын Мөнхцэцэг,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва,

Сүхбаатарын одонгоор:

  • “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Чойжавын Баатар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ахмад багш, техникийн ухааны доктор, дэд профессор Балдандоржийн Найгалмаа,
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Жагдагсүрэнгийн Үржинлхам,
  • “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч Төмөрчөдөрийн Алтанхуяг,
  • “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Даваажавын Давааням,
  • Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны ерөнхий шүүгч, дасгалжуулагч Чулуунбаатарын Цогтбаатар,

Алтан гадас одонгоор:

  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэмжүүрийн монтёр Нэргүйн Ундрахбаяр,
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин Тодгэрэлийн Мөнхбат,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Дува” оёмол хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Эрдэнэбаатарын Энхнаран,
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Доохүүгийн Шийтэр,

Цэргийн хүндэт медалиар:

  • Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Шаравдоржийн Үүрийнтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг хариуцлагатай үүргийг цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэснийг онцлов.

Ялангуяа хүний эрх ноцтой зөрчигдөж байсан тосгон сууринд ажиллагааны бааз шинээр байгуулан энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, 1,000 гаруй километр алслагдсан зайд НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг амжилттай хамгаалах зэрэг чухал үүргүүдийг үер усанд автсан бүс нутагт амжилттай гүйцэтгэж, өндөр ачаалалтай, онцгой хариуцлагатай ажилласныг сайшаан тэмдэглэлээ.

Энхийг сахиулагч дайчдын үйл хэрэг бол Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангахад оруулж буй жинтэй хувь нэмэр, Зэвсэгт хүчний түүхэнд тодоос тод гэрэлтэн үлдэх гавьяа зүтгэл хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэг болон олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөөх үйлсэд ямагт идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ бодлого, үйл ажиллагааны гол арга хэмжээ, үр дүн нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дахь Монгол Улсын оролцоо юм гэлээ.

Одоогоор Монгол Улсын Зэвсэгт хүчний 890 гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагийн 11 хувь нь эмэгтэй цэргийн алба хаагч бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Түүнчлэн Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар анх удаа монгол генерал томилогдон ажиллаж байгааг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцоллоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсыг “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн тодорхойлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Мөн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Бан Ги Мүүн энхийг сахиулагч монгол дайчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нотолгоо гэдгийг тодотголоо.

Ийнхүү монгол цэргийн нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, удирдах албан тушаалтан, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан, энхийг сахиулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад төр, ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэв.

Мөн бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг хань, гэр бүлийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Ц.Баатархүү: Төрийн үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байна

“Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл” төр хувийн хэвшлийн хамтарсан шийдэлтэй уулзалт өнөөдөр /2024.11.22/ болж байна. Төрөөс “Дижитал шилжилт” хийж байгаа боловч төрд буй мэдээллийг иргэн ашиглахдаа дахин лавлагаа авч, төрийн байгууллага хооронд дахин үйлчлүүлэх шаардлагатай болдог. Тиймээс төрд байгаа өгөгдлийг хиймэл оюунд суурилан эмхэтгэж, боловсруулж, иргэдэд нэг цонхоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндлөө.

 ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Өнөөдөр дижитал шилжилт хийгдэж байгаа ч төрд байгаа мэдээллийг лавлагаа болгож нэхсэн хэвээр байна. Энэхүү шилжилтийн хүрээнд төрийн ямар үйлчилгээ цөөрсөн бэ гэх асуулт гарч ирнэ. Шилжилт нэрийн дор дарга нар бүр өөр өөрийн шийдлийг санал болгохоос илүү нэгдсэн өгөгдлийг ашиглан, иргэдэд хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн төдий бус агуулга, үр дүнд анхаарч шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Төрөөс үзүүлж буй үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байх ёстой. Нэг хүн 11 төрийн байгууллага дээр очдог биш “Дан” системээр өөрийгөө цахим орчинд таниулан төрийн үйлчилгээг авдаг байх, төрийн мэдээллийн суурь шинэчлэл хийхийн тулд цугларч байна. Хиймэл оюунд суурилсан стратегийг нэвтрүүлнэ. Ингэхдээ өгөгдлийг боловсруулах, сургах, эрэмбэлэх хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад хиймэл оюуныг ашиглахад нэгдэж, ажиллах хэрэгтэй болж байна. ЦХИХХЯ-ны хийх ёстой зүйл бол “Дижитал шилжилт”-ийг сууриар нь шийдэх. Төрийн үйлчилгээ болгоныг цахимжуулах тухай ярьж байгаа ч төрд байгаа дата мэдээллийг нэгтгэх, зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, мэргэжлийн холбоонд өгөх тухай ярьж эхлээгүй байна. Хэлбэрт баригдалгүй, асуудалд хандсан, шийдэлд төвлөрсөн, үр дүн гаргасан уулзалтыг хийхээр зорьж, энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.

Харамсалтай нь e-mongolia системээс гаргасан лавлагааг хувийн хэвшил хүлээн зөвшөөрөхгүй, тэр дундаа арилжааны банкуудын шаардлага иргэдэд хүндрэл учруулах нь бий. Иймд төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй, “ХУР”-ын системийг ашиглах нь чухал. Тодорхой хэлбэл, Иргэний үнэмлэхний лавлагааг 315 сая удаа ХУР-ын системээс татан хэрэглэсэн нь иргэдийн дунд хамгийн эрэлттэй үйлчилгээ болоод байна.

Мөн ХУР системээс Нийгмийн даатгалын даатгал, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт, шилжилт хөдөлгөөн, хуулийн этгээдийн нэр авах үйлчилгээ, жолооны үнэмлэх захиалга, эмнэлэгт цаг авах болон шинжилгээний хариу авах, автотээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх, цахим гадаад паспортын захиалгатай холбоотой гомдлууд түгээмэл иржээ.

Харин тээврийн хэрэгслийн татвар төлсөн нэхэмжлэлийн түүх, зээлийн мэдээлэл, эцэг эсвэл эхийн регистрээр хүүхдүүдийн мэдээлэл харах, нас барсны бүртгэлийн лавлагаа, оюутны цахим карт, хуулийн этгээдийн мэдээлэл дамжуулах, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл зэрэг нь хамгийн ихээр тасалддаг байна. Тиймээс иргэд “ХУР” системийг түгээмэл хэрэглэдэг тул энэхүү системд хөгжүүлэлт хийж, хөрөнгө оруулах шаардлага байна.

Квант компьютерт суурилсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжүүлэлт эрчимжиж байна

-Банк санхүү, цахим худалдаа, төрийн нууцлалыг хамгаалдаг технологиуд хурдан хугацаанд хоцрогдож байна-

Хөгжингүй орнууд квант технологийг хэдийнэ хөгжүүлээд эхэлчихжээ. Абу Дабид “CyberQ: Квантын эрин үеийн аюулгүй байдал” хурал арваннэгдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хуралд, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, AWS, Google Cloud, Paloalto, CISCO, IBM зэрэг олон улсын байгууллагууд болоод технологийн “акул”-ууд цуглаж, квант компьютер, квант криптографын чиглэлээр хөгжүүлсэн системүүдээ танилцуулав. Мөн хөгжингүй болон хөгжиж буй орнууд квант технологид суурилсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн судалгаа, хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө оруулж байгаагаа ч зарлалаа.

Квант компьютер нь технологийн салбарт томоохон хувьсгал авчирч буй хамгийн давшилтэт технологийн нэг юм. Тус компьютерын тооцоолох чадвар нь кибер аюулгүй байдлын салбарт ихээхэн нөлөөлөл үзүүлэх боломжтой. Тодруулбал, Google компанийн бүтээсэн квант компьютер нь 2019 онд өнөөгийн супер компьютерийн 10,000 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх тооцооллыг ердөө гуравхан минутад тайлжээ. Квант компьютер хэрэглээнд нэвтрэх цаг хугацаа тодорхойгүй ч технологийн компаниуд кибер аюулгүй байдлын системд учирч болзошгүй сорилтуудад бэлэн байхыг эрмэлзэх болов.

Олон нийтийн нууцлалын технологиуд хурдацтай хуучирч байна

Өнөөдөр бидний хэрэглэж буй банк санхүү, цахим худалдаа, төрийн нууцлалыг хамгаалдаг технологиуд хурдан хугацаанд хоцрогдож байна. Энэ сорилтыг даван туулахын тулд улс орнууд пост квант нууцлалын шийдлүүдийг туршиж, хэрхэн хурдан хэрэглээнд нэвтрүүлэх талаар ажиллаж эхэллээ. Мөн өнөөдрийн харилцаа холбооны суурь систем нь квант компьютерт тэсвэртэй байхаар бүтээгдээгүй тул эмзэг байдал нэмэгдэж байна. Түүнчлэн квант компьютерын тооцооллын хурд нь мэдээллийн аюулгүй байдлын системийг шинээр өргөжүүлэхэд хүргэв. Иймд компани болон байгууллагуудын мэдээлэл хамгаалалтын стратегид шинэчлэлт хийх шаардлага үүсжээ.

Хөгжиж буй орнууд 2016-2018 онуудад квант компьютер хөгжүүлэх амбицаа  зарлажээ

АНУ 2018 онд Үндэсний квантын санаачилгыг баталсан. Энэ нь квант мэдээлэл дамжуулалт, харилцаа холбоо, аюулгүй байдлын шинэ технологи хөгжүүлэхэд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон томоохон төсөл аж. АНУ-ын Үндэсний стандарт ба технологийн хүрээлэн квант түлхүүр дамжуулалт, пост квант криптограф зэрэг квант аюулгүй байдлын салбар дахь стандартыг тогтоохоор ажиллаж байна.

Европын Холбоо 2018 оноос эхлэн 10 жилийн хугацаатай 1 тэрбум еврогийн төсөв бүхий “Квант Флагман” төслийг эхлүүлжээ. Энэ нь Европын холбооны орнуудын квант түлхүүр дамжуулалт, мэдээллийн аюулгүй байдал, шифрлэлтийн шинэ технологиудыг хөгжүүлэхэд анхаарч байна.

БНХАУ нь 2016 онд “Мициус” хэмээх квантын хиймэл дагуул хөөргөж, квант түлхүүр дамжуулалт, мэдээллийн аюулгүй байдлын судалгаа хийж эхлэв. Хиймэл дагуулын туршилтын үр дүнд Бээжин, Шанхай хотуудыг холбосон аюулгүй квант харилцаа холбооны системийг амжилттай туршиж, цаашид дэлхийн хэмжээнд ашиглахыг зорьж байна.

Японы Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний хүрээлэн квант түлхүүр дамжуулалт, аюулгүй мэдээлэл дамжуулалтын чиглэлээр дэвшилтэт судалгаанууд хийж байна. Энэ нь Японы мэдээллийн технологийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, цахим халдлагын эсрэг хамгаалалттай харилцаа холбооны систем бүтээх зорилготой.

Эх сурвалж: www.cyberq.ae, Стратеги судалгааны хүрээлэн