Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт цэргийн алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Тэмцээнд 12 анги, байгууллагын 64 алба хаагч оюун ухаан, ур чадвараа сорьж байгаа аж.
Тэмцээнийг нээж Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис хэлэхдээ: “Монгол Улсад дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байна. Шатар тоглох нь ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадавхыг хөгжүүлэн бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Та бидний гүйцэтгэж буй үүрэг ихээхэн онцлогтой бөгөөд алба хаагчдаас оюун санааны өндөр бэлтгэлтэй байхыг цаг ямагт шаарддаг. Тиймээс энэ спортоор алба хаагч бүр зайлшгүй хичээллэх хэрэгтэй гэдгийг онцолъё” хэмээв.
Тэмцээний нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Батсайхан, Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцжээ.
Эх сурвалж:МОНЦАМЭ