More

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Юн Сүк Ёл сонгогдлоо

    Өчигдөр болж өнгөрсөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас нэр дэвшигч Юн Сүк Ёл ялжээ.

    Түүнтэй маш ойрхон санал авсан эрх баригч Ардчилсан Намын нэр дэвшигч И Жэ Мюн өнгөрсөн шөнө ялагдлаа хүлээн зөвшөөрч, сонгуульд хангалттай өрсөлдөж чадаагүйнхээ төлөө дэмжигчдээсээ уучлал гуйсан байна.

    Хоёр нэр дэвшигчийн авсан саналын зөрүү нэг хүрэхгүй хувьтай байснаас энэ удаагийн сонгууль ямар их өрсөлдөөнтэй болсныг харж болохоор байгаа юм.

    Нийт бүртгэгдсэн сонгогчдын дөрөвний гурваас илүү хэсэг нь саналаа өгч, сонгуулийн ирц нэлээд өндөр байжээ.

    Энэ удаагийн сонгууль дэлхийд аравдугаарт эрэмбэлэгддэг том эдийн засагтай Өмнөд Солонгост орон сууцны үнэ өсөж, эдийн засгийн өсөлт удааширсан, ажилгүйдэл нэмэгдсэн хүнд хэцүү цаг үед тохиож байна.

    Ерөнхий прокурор асан Юн Сүк Ёл дөнгөж өнгөрсөн оноос улс төрд орсон шинэ хүн юм. Тэрбээр ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлига, албан тушаалын хэргийг амжилттай шалгаж, олон нийтийн дунд нэр хүндээ өсгөсөн байна.

    Тэрбээр одоогийн ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс илүү эрс шийдэмгий гадаад бодлого баримтлахаа сонгуулийн туршид амлаж байв.

    Тухайлбал тэр Умард Солонгосын эсрэг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Ким Жон Уны дэглэмийн эсрэг авах хориг арга хэмжээг чангатгахаа амлаж байжээ.

    Тэр бас АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнуудтай илүү ойртож, бүс нутаг дахь Хятад улсын хүч нөлөөг хязгаарлах чиглэлд идэвхтэй ажиллахаа амласан байна.

    Эх сурвалж: BBC

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img