More

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээв

    Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид хэмээн зарласны 30 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд  мэндчилгээ дэвшүүлсэн байна.

    Монгол Улс цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр тууштай ажиллаж буйд талархаж, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох нийтлэг зорилгын төлөөх дараагийн алхмаа хийхийн тулд цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр тогтоосон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д хариу мэндчилгээ илгээлээ.

    Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх үйлсэд Нэгдсэн үндэстний байгууллага тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа  талархал илэрхийлэв.

    Мөн Монгол Улс дэлхий дахинд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэйг дахин нотлов.

    Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид хэмээн зарласан нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүс нутаг дахь итгэлцлийг нэмэгдүүлэх, улмаар олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсэд зохих хувь нэмэр оруулсан гэж үздэгээ илэрхийлэв.

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ЗУРГААН САРЫН ХУГАЦААГААР ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЛОО

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.

    Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/26519

    ЭМЧИЙН БАГЦ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ

    Тавантолгой түлш ХХК, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажилчдаа эмчийн багц үзлэгт хамруулж байна. Эмчийн үзлэгийг гурван багцад 12 төрлөөр явуулж байгаа юм. Нэгдүгээр багц нь лабораторийн шинжилгээ, хоёрдугаар багц нь багажийн шинжилгээ, гуравдугаар багц нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээ явагдаж байгаа юм. Эмчийн үзлэгт нийтдээ 1874 ажилтан хамрагдана.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Малчдын орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал”, “Арьс, шир, мах, сүү бэлтгэх, боловсруулах, нийлүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Эрхэм нөхөд өө,

    Монголын нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг өвлөн уламжлагч малчид, фермерүүд болон мал аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, мал зүйч, малын эмч, үйлдвэрлэгч, төрийн албан хаагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

    Монголчууд бид байгалиас заяасан баялаг, нөөц боломждоо тулгуурлан хөгжих учиртай. Буянт мал сүрэг бол манай ард түмний үнэт эрдэнэ, манай улсын үндэсний баялаг юм.

    Мал аж ахуй бол олон мянган жилийн турш нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын үндэс, улс орны хөгжил дэвшлийн суурь, тусгаар тогтнол, аюулгүй байдлын үнэт баталгаа болж ирсэн уламжлалт салбар төдийгүй эдийн засгийн хоёр дахь том салбар юм. Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжин эзэмшиж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээгч, малчин олон түмэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 300 мянга гаруй  байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67 саяд хүрч, сүүлийн 31 жилийн дотор 41 саяар буюу 2.6 дахин өсөөд байна. Ий

    нхүү өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ.

    Малын тоо, толгой эрс өсөж, малчдын орлого, амьжиргаа, нийгмийн хамгаалал тодорхой хэмжээнд сайжирч байгаа ч нийт малын бэлчээрийн 65 хувь доройтсон, газар нутгийн 77 орчим хувь цөлжсөн, хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг олон сорилт, бэрхшээл малчид, мал аж ахуйн салбарын өмнө тулгарч байна. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, геостратегийн хурцадмал байдлаас шалтгаалсан хүнс, эрчим хүчний үнийн өсөлт болон дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлууд нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлөө эрс эрчимжүүлэхийг шаардаж байна.

    Иймээс тэнгэр, хангайгаа шинжиж, буянт мал сүргийнхээ үр шимийг хүртэж ирсэн монголчууд бид мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гаргах, цогц шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

    Эрхэм хүндэт нөхөд өө, зочид, төлөөлөгчид өө,

    Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг гаднаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Тухайлбал, олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

    Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд, өвгөд хөгшид маань эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлт сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шим, чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, өргөн хэрэглээний 19 хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг Та бүхэн мэдэж байгаа.

    Дээрх зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.

    Дээрх тогтоолд мал аж ахуйн салбарын хувьд малын удмын санг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг тохиромжтой бүс нутагт хөгжүүлэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүрэн хяналтад авах зэрэгт 478 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Энэ бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж, улмаар хүнс экспортлогч орон болоход малчид, мал аж ахуйн салбарын хамт олон Та бүхний идэвх, санаачилга, хандлага, хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

    Дэлхийн найман тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхийн хүн амын тоо хурдацтай өсөх хандлагатай байна. Энэ бол монголчууд бидний хувьд асар их боломж, асар том зах зээл юм. Энэ боломж, бололцоо, зах зээлийг бүрэн ашиглах ёстой. Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялаг, түүн дотроо мах, махан бүтээгдэхүүний экспортоор энэ том зах зээл рүү гарч, ашиг, орлого олохын зэрэгцээ бүс нутгийн болон дэлхийн хүн амын хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах учиртай.

    Цаашид малчдын орлого, амьжиргаа, амьдралын чанар сайжирсан, байгаль орчинд ээлтэй, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход дараах асуудлуудад анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, малчдынхаа орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Мал аж, ахуйн салбарын хөгжлийн нэг суурь асуудал нь малчдын орлого, нийгмийн баталгааг хангах асуудал юм.

    Эн тэргүүнд малчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн хамруулах, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох, малчдад төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэхэд анхаарах ёстой.

    Энэ хүрээнд төр, засгаас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмсэн нь иргэдийн амьжиргааг дэмжих нэг чухал алхам болсон төдийгүй малчид таван жилээр эрт тэтгэвэр тогтоолгох эрх зүйн боломж бүрдээд байна. Цаашид тэтгэврийн зөрүүг бууруулах, малчдыг эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт тогтмол хамруулах, тэдний хүүхдийн сургуульд орох нас, дотуур байрны хүртээмж зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд холбогдох яам, төр, захиргааны байгууллага анхаарч ажиллах нь зүйтэй.

    Мөн малчдын залгамж халааг бэлтгэх, шинэ залуу малчдыг дэмжин урамшуулах, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх ёстой.

    Ингэж байж монголчууд бид өв уламжлал, зан заншил, нүүдлийн соёл иргэншлээ хадгалж, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хослуулан хөгжүүлэх болно. Мал аж ахуйн салбарын суурь шинэчлэл бол малчид хүч хөдөлмөр, хөрөнгө, малаараа хоршин нэгдэж, хамтран ажиллах аливаа хэлбэрийг бүх талаар дэмжих асуудал юм. Хоршин ажилласнаар үр ашиг, бүтээмж сайжрах, хөдөлмөрийг хөнгөвчлөх, үйлдвэрлэл, борлуулалтын оновчтой сүлжээ, кластер бий болох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдэл арилах, малчдын орлого, амьжиргаа сайжрах нөхцөл боломж бүрдэнэ. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын даатгал, биржийн тогтолцоог боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн зах зээлийн боломж, эрсдэлийг зөв тооцох малчдын мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэхэд анхаарах ёстой.

    Хоёрдугаарт, малын тооноос илүүтэй чанар, ашиг шим, үйлдвэрлэлийн бүтээмжид онцгой анхаарах шаардлагатай байна. Олон жилийн турш монголчууд мал сүргийнхээ ашиг шим, үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэхээс илүүтэй малын тоо, толгойг өсгөхөд анхаарч ирсэн нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон хүндрэл, бэрхшээлийг бий болголоо. Тухайлбал, малын тоо, толгой хэт нэмэгдсэнээр бэлчээрийн даац хэтэрч, өвс, ургамлын гарц, шим тэжээл жил ирэх тусам муудаж байгааг та бүхэн маш сайн мэдэж байгаа. Ийм учраас эн тэргүүнд бэлчээрийн менежментийг эрс сайжруулах асуудал нэн чухал байна.

    Малын үүлдэр, угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шим, үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг кластераар хөгжүүлэх, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, мах, сүү, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, энэ чиглэлээр эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөн бүс нутаг, аймаг, сумдад нь тохирсон мал, аж ахуйн бүтээгдэхүүний брэнд бий болгох, зах зээлд нэвтрүүлэхэд нь төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх явдал чухал юм.

    Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд махны чиглэлийн цэвэр  үүлдрийн 50 мянган толгой, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг  байгуулахаар тусгаад байгааг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

    Гуравдугаарт, ирэх таван жилд Монгол Улсыг малын халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгох шаардлагатай байна. Энэ хүрээнд юуны өмнө мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, вакцинжуулалтын хамрагдалтыг үе шаттайгаар бүсчлэн хэрэгжүүлэх, эрсдэлтэй бүс нутгийн гоц халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтныг технологит хугацаанд нь вакцинд бүрэн хамруулах ажлыг үр дүнтэй, чанарын өндөр түвшинд хариуцлагатай зохион байгуулах ёстой.

    Цаашлаад био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг эх орондоо бий болгож, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох шаардлагатай. Үүний зэрэгцээ мал эмнэлгийн үйл ажиллагаа, хүртээмжийг сайжруулж, мал зүйч, малын эмч нарыг эрэлт хэрэгцээтэй нь уялдуулан үе шаттайгаар бэлтгэх, давтан бэлтгэх хэрэгтэй байна.

    Түүнчлэн ойрын хугацаанд экспортод чиглэсэн малын өвчингүй эрүүл бүсийг бий болгох ажлыг эрчимжүүлж, хорио цээрийн бүс тогтоож, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагуудын шаардлага, стандарт, зөвлөмжийг ханган хэрэгжүүлж, монгол малыг эрүүл гэдгийг баталгаажуулах  ажлын явц, үр дүнг олон улсын түвшинд сурталчлан таниулж, хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ малын эрүүл мэндийг хамгаалахад малчдын үүрэг, оролцоо, хариуцлагыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дээр дурдсан үндсэн гурван зүйлийг амжилттай хэрэгжүүлэхэд малчид, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, холбогдох мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа болон төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэл туйлаас чухал гэдгийг тэмдэглэж байна.

    Эрхэм хүндэт нөхөд өө,

    Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна.  Иймээс төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстой. Ялангуяа малчид, мал аж ахуйн салбарынхан Та бүхэн энэ гурван үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд та бүхний манлайлал, оролцооноос дээрх зорилт бодлогын хэрэгжилт, үр дүн шууд шалтгаална. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш тариаланчид, хүнс үйлдвэрлэгчид болон салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан гурван удаагийн үндэсний чуулган зохион байгууллаа.

    Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн та бүхэн өнөөдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганаар тулгамдсан асуудал, цаашдын бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажил, ололт амжилт, алдаа дутагдлаа илэн далангүй хэлэлцэн ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гарган үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

    Манай улсын мал сүрэг эрүүл, үр өгөөж, ашиг шим нь өсөн нэмэгдэж байж үндэсний баялаг арвижих болно. Энэ их үйл хэргийг ажил хэрэг болгоход эрхэм хүндэт та бүхний итгэл сэтгэл, хичээл зүтгэл, хамтын хүчин чармайлт туйлаас чухал болохыг эцэст нь тэмдэглэе.

    Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

     

     

     

     

     

     

    ТАВАНТОЛГОЙ ТҮЛШИЙН 3500 МОД ТАРИЛАА

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, үндэсний мод тарих өдрийн хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчид зүүн болон баруун бүсийн үйлдвэрийнхээ орчимд 6000 мод тарина.

    Үүний эхлэл болгож Үндэсний мод тарих өдрөөр баруун бүсийн үйлдвэрийн орчинд Хайлаас, Улиас нийлсэн 3500 модны суулгацыг тарилаа. Зүүн бүсийн үйлдвэрт 1000 модны суулгацыг тариад байгаа бол ирэх хаврын үндэсний мод тарих өдрөөр 1500 мод тарихаар төлөвлөөд байгаа юм.

    Тавантолгой түлш ХХК-ийн ажилчид Тэрбум мод хөтөлбөрийг дэмжиж “Нэг ажилтан-нэг мод” аяныг эхлүүлээд байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна

    Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

    Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

    “Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцийн талуудын бага хурлыг угтан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах талаар Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа бодлого, санал, санаачилга, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, зөвлөлдөхөөр хуран цугласан Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, гүн талархал илэрхийлье. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэг нь дэлхий нийтээр цар тахлын давлагаа үргэлжилсэн, түүнээс шалтгаалсан хил, гааль, тээвэр, логистикийн хүндрэл, эрчим хүч, хүнсний хангамж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, геостратеги, геополитикийн хурцадмал нөхцөл байдал үүссэн зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан хүнд үед болж байна. Олон хүндрэл, бэрхшээл байгаа хэдий ч хүн төрөлхтөн байгаль орчноо хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэмцлээ хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам эрчимжүүлэх ёстой.

    Монгол Улсын Ерөнхийлөгч эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна.

    Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнтэй хэрхэн тэмцэх арга зам, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ сайн сайхны төлөө мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд хамтдаа зүтгэж байгаа нь нэн сайшаалтай.

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын нөөц 37 сая болж, нэг жилийн хугацаанд 4 дахин нэмэгджээ. Энэ бол чамлахааргүй амжилт, үр дүн. Цаашид тарьц, суулгацын жилийн нөөцийг 100 саяд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай байна.

    Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх түвшинд онцгой анхааран ажиллаж байна.

    Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог ч дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 20 жилд 65 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд эрчим хүч, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбар голлох нөлөө үзүүлжээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбаруудын үүрэг, оролцоог нарийвчлан тодорхойлж, засаглалыг сайжруулан, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

    Монгол Улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцлийн хувьд 2600 гегаваттаар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутаг юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлэх, улмаар бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн боломжтойг харуулж байна. Тиймээс усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглах, өндөр багтаамжтай нөөцлүүрийн төслүүдийг эхлүүлж, цаашид эрх зүйн болон бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэхээр зорьж байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгойлон анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна. Иймээс Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

    Манай улс байгаль хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, засгаас гадна хувийн хэвшил, нутгийн иргэдийн оролцоо, санаачилга, санхүүжилтийг дэмжих замаар хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, сайжруулах нь чухал гэж үзэж байна. Цаашид бид дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ биологийн олон янз байдлын нэгдмэл чанарыг алдагдуулахгүй байхад онцгой анхаарах ёстой. Энэ хүрээнд олон улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлж, нутагшуулах замаар богино хугацаанд үр дүнд хүрэх нь зүйтэй юм. Уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд төсөв, санхүүгийн нөөц боломжоо зөв тооцож бүрдүүлэх, гадаад зээл, тусламж, хувийн салбарын санхүүжилтийг оновчтой ашиглах, бүс нутгийн болон олон улсын хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Монгол Улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой байгаль орчны төслүүдийн санал боловсруулж, хөрш болон бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Дэлхий нийт төдийгүй Монгол Улсад тулгарч буй байгаль орчны эрсдэлийн эсрэг үр дүнтэй тэмцэж, хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхэд Та бидний хамтын хүч, тууштай бодлого, нэгдмэл байдал туйлын чухал гэдгийг хэлье.

    Ирэх саруудад зохион байгуулагдах НҮБ-ын Суурь конвенцын талуудын бага хурлуудыг угтан зохион байгуулж буй өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр Та бүхэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах чиглэлээр бодит үр дүнд чиглэсэн, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.”

    САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

    0

    Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2019 стандартыг шинэчлэн боловсруулах даалгавар өгсөн. Үүний дагуу Стандартчиллын үндэсний зөвлөл 2022 оны наймдугаар сарын 14-нд Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага MNS 5679:2022 стандартыг хэлэлцэж баталсан байна.

    Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцож байна. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзэх юм.

    Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх юм байна.

    Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар 6 хувь болгосон. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм байна. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар 27 хувь болгож бууруулсан. Ингэснээр түлшний шаталтаас хаягдах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах тооцоо гаргажээ.

    Шадар сайд С.Амарсайхан “Газпром банк” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    “Газпром банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Алексей Петрович Белоус өөрийн багийн хамт энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Газпром банк” ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч  уулзаж эрчим хүчний эх үүсвэр, Ази Европийг холбосон транзит тээвэр, боомтын хүчин чадлыг чадавхжуулах зэрэг ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцлаа.
    Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром банк” ХК-ийн үүрэг оролцоо дэмжлэг болох болно. Тэр дундаа миний ахалж буй Боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой барих, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төсөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна” гэлээ. Мөн Засгийн газар  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байгааг тэмдэглээд Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Богдхан болон Чойбалсан-Эрээнцав зэрэг төмөр замын төслийн талаар онцлон ярилаа.

     

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлж байж хотын төвлөрлийг бууруулна

    Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны  хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг гал унтраах байдлаар бус, харин асуудлын шалтгааныг нь шийдвэрлэх замаар цогцоор нь шийдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

    2023 оны Улсын төсвийн төсөлд Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах чиглэлээр,
    –       Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгасан.
    –       Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх,
    –       Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна.
    –       Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
    –       Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
    –       Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
    –       Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгаас бусад аймгууд төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжихээр тусгажээ.

    2023 оны төсвийн төсөлд тусгасан эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах нь тус Ажлын хэсгийн гол үүрэг гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим системийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутагт шинээр бий болох ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “E-Мongolia” системд байршуулах шаардлагатайг тэмдэглэлээ.

    Орон нутагт ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж байж Улаанбаатарын төвлөрлийг бууруулах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан, хэрхэн хөгжүүлэх, улсын хэмжээнд шилжин суурьшилтыг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

     

    ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЛЮКСЕМБУРГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХҮМҮҮНЛЭГИЙН САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ф.ФАЁ-ТАЙ УУЛЗАВ

    Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Ф.Фаё-тай Люксембург хотноо 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уулзав.

    Уулзалтаар сайд Ф.Фаёгийн Монгол Улсад 2022 оны 7 дугаар сард хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Сайд Ф.Фаё манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Люксембургийн Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олгосон нийт 10,0 сая еврогийн буцалтгүй тусламжийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Энэ удаагийн уулзалтаар манай улсад дахин 5,0 сая еврогийн буцалтгүй тусламжийг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж олгох болсноо сайд Ф.Фаё илэрхийлж, санхүүжилтийн баримт бичиг батлагдах шатандаа байгааг мэдээлэв. Мөн дээрх айлчлалын үеэр талуудаас тавьсан саналын дагуу эрүүл мэндийн салбарт Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Люксембургийн Их Гүнт Улс хоорондын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, логистик, карго үйлчилгээний чиглэлээр хамтрах боломжийг эрэлхийлж ажиллахын чухлыг тэмдэглэв.