More

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ.

    Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

    Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн зохицуулагч Шон Лийстэй санал солилцлоо

    0

    Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн зохицуулагч Шон Лийсийг хүлээн авч уулзав.

    Уулзалтаар Монгол Улс дахь бизнесийн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудал болон Хүний эрхийн дээд Комиссарын газраас “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжит хувилбарыг хөндөж ярилцлаа.

    IMG_8327.JPG

    ХЭҮК-ын дарга Ж.Хунангийн зүгээс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний төлөв байдалд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд “Бизнес ба хүний эрх” үндэсний төлөвлөгөө боловсруулах ажилд анхаарахыг санал болгоод тус төлөвлөгөөг боловсруулж батлуулахад Комиссын зүгээс тодорхой түвшинд хөндлөнгийн хяналт тавьж оролцох ёстойг хөндлөө.

    АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд Р.Буанган-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Стратегийн түнш орон АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв.

    АНУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Элчин сайд Р.Буанган-ыг хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гэдгийг тэмдэглэв. Тэрбээр АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг цаашид бататган бэхжүүлэх, хоёр улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурь болон иргэд хоорондын хэлхээ холбоог  нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

    Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутаг, олон нийтийн харилцааны асуудлаар мэргэшсэн, Ази, Африк, Европ, Ойрхи Дорнод дахь АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудад ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл, тамирчдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчдыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

    Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, хэсгээсээ шалгарсанд баяр хүргэж, амжилт хүсэв. Монголын сагсан бөмбөгийн холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, сагсан бөмбөгийн хорхойтнууд, үзэгч түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Монголын сагсан бөмбөгийн холбоо 2022-2023 оны Үндэсний дээд лигийн тэмцээний аваргын цомыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгох хүсэлт гаргалаа.

    Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа талцал хуваагдлаа хойш тавьж,  энэ спортын хөгжлийн төлөө нэгдэж, хамтран зүтгэхийг уриалсан юм.Энэ дагуу найман жил тусдаа үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэн хурлаа хийн дүрмээ баталж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Нэгдэж нийлбэл амжилтад хүрч болдгийг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн харуулсан гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд хэллээ.

    Монгол Улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд Гуам, Хонконг, Сингапурын багтай нэг хэсэгт ороод байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

    0

    “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй ажилтан, албан хаагч, архив, албан хэрэг хөтлөгчдийн төлөөлөл болох 500 гаруй хүн оролцож байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна:

    Төрийн ой санамжийн өв санг баригч эрхэм хүндэт архивчид аа,

    Чуулганы төлөөлөгчид өө,

    Эрхэм хүндэт нөхөд өө.

    Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт архивчид Та бүхэнд удахгүй тохиох орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол Улсын Архивчдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.Архив бол “Түмэн үеийн түүхийн толь, төр түмний оршихуйн үндэс, улс үндэстний ой санамжийн цогцлол” байдаг. Улс үндэстний оршин тогтнохуйн үндэс болсон түүх, үнэт зүйл, ой санамжаа сахин хамгаалагч, түгээн дэлгэрүүлэгч эрхэм хүндэт архивчид Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

    Монгол төр, Монголын ард түмэн мянган дамжсан баялаг түүхтэй, зуун дамжсан зузаан баримттай билээ.

    Монгол түмний түүх соёл, угсаа гарал, бичиг үсэг, зан заншил, ёс уламжлалын үнэт өв болсон архивынхаа сан хөмрөгийг чандлан хадгалж, судлан аривжуулж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг мөн. Их Монгол Улс, Эзэн Чингис хааны үеэс төрийн үйл хэргийг эрхлэн хөтлөх дэг журмыг сайтар тогтоож ирсэн бөгөөд төрийн бичиг баримтын сан хөмрөгийг үүсгэж, эмх цэгцтэй хадгалан хамгаалахын сацуу эх баримтыг засамжилж болохгүйгээр хуульчилан тогтоож,  архивын үйл хэргийг хөгжүүлж иржээ.

    Түүнчлэн албан баримт бичгийн хэв маяг, хэлбэр загварыг боловсруулан, бичих цаасны хэмжээ, бэхний өнгийг тогтоосны зэрэгцээ, баримтыг дэвтэрлэн хадгалах аргыг ч журамлан үлдээсэн нь Монгол төрийн архивын соёл өнө эртнээс улбаатай болохыг илтгэж байдаг.

    Монголчууд төрийн баримт бичиг, хууль цаазаа 800 шахам жилийн тэртээгээс “Хөх дэвтэр”-ээс эхлэн архивлан хадгалсан боловч зарим нь дайн самууны хөл, цагийн хатууд үрэгдэж, алдагдаж, зарим нь гадаад орны архив, номын санд шилжин хадгалагджээ.

    1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монголын ард түмний бүтээн байгуулсан түүх, соёлын өвийг хямгадан цуглуулж, хадгалан хамгаалж, сурталчилан дэлгэрүүлэх зорилгоор Судар бичгийн хүрээлэнг байгуулсан юм.

    Уг хүрээлэнгийн нэг үүрэг нь засаг захиргааны нэгж, шашны байгууллагуудын үйл ажиллагааны явцад хуримтлагдсан данс харааны баримтыг төвлөрүүлж, улсын хамгаалалтад авах явдал байсан бөгөөд тус хүрээлэн нь төв, орон нутгаас хуучны данс харааны арвин их баримтыг сурвалжлан цуглуулж, нийслэл Улаанбаатар хотноо татан төвлөрүүлсээр 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуучин данс бичгийг эрхлэх нэг орон тоог бий болгосон нь орчин цагийн архивын албаны үүсэл хөгжил болжээ.

    Тэгвэл өнгөрсөн нэгэн зууны хугацаанд манай улс архив, албан бичиг хөтлөлтийн эрх зүйн орчин, үндсэн тогтолцоог баттай бүрдүүлж, өдгөө хөгжлийнхөө цоо шинэ нэгэн үе болох “Цахим архив”-ын  эрин үед хүрч ирээд байна. Энэ бол үе үеийн эрхэм хүндэт архивчид Та бүхний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, яндашгүй хичээл зүтгэлийн хүчээр төрийн ой санамж, үүх түүх үл алдагдан, хадгалагдан хамгаалагдаж, залгамжлан үргэлжилж буйн тод илрэл юм.

    Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт архивчид Та бүхэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ төрийн ой санамж болсон архивын байгууллага, архивын баримтын үлэмж үнэ цэнийг чухалчлан үзэж “Монголын архивчдын анхдугаар чуулган”-ыг ивээл дороо зохион байгуулж байна.

    Энэхүү анхдугаар чуулган нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа болсон үүх түүх, үнэт зүйл, бичиг соёл, түүхэн баримтуудыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж байдаг архивын албаны одоо болон цаашдын ажил хэргийн асуудал, хөгжил дэвшлийн талаар бүх талаас нь хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, цаашдын зорилт бодлогоо тодорхойлж, үйл хэргээ хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

    Цаашид энэхүү чуулганыг дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх нь төрийн ой санамж болсон архивын албаны хөгжил дэвшил, ажил үйлсэд тустай хэмээн үзэж байна.

    Эрхэм нөхөд өө,

    Архивын байгууллагын цаашдын хөгжил дэвшлийг хурдасгах, үндэсний үнэт зүйл, өв санг сахин хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд дараах асуудлуудыг онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

    Нэг. Бидний өвөг дээдсийн бүтээсэн соёл иргэншил, үүх түүх, байгуулсан гавьяа, бахдам үйл хэрэг бол хүн төрөлхтний түүхийн салшгүй нэгэн хэсэг билээ. Ийм учраас манай улсын түүх дан ганц өнөөгийн Монгол орны нутаг дэвсгэрээр үл хэмжигдэнэ.

    Тиймээс үндэсний түүх, соёлын өв, бичиг үсгийн дурсгалын олон түүхэн баримт гадаад улс орнуудад хадгалагдаж байгааг сурвалжлан илрүүлж, судлан бүртгэж, эх орондоо эргүүлэн авч ирэх, сэргээн засварлахад онцгой анхаарч ажиллах учиртай.

    Энэ хүрээнд архивын байгууллага болон бусад холбогдох яам, агентлагууд, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, эрдэмтэн судлаачид, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв зохион байгуулалт онцгой чухал үүрэгтэй байна.

    Хоёр. Орчин үеийн техник, технологи, инновацын шийдлийг ашиглан бусад улс орны сайн туршлагыг судлан нэвтрүүлж, архивын байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, цахим архивыг хөгжүүлэх ёстой. Мөн архивт хадгалагдаж буй үнэт өв, баримт бичгийг судалгааны болон нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах бүхий л боломжийг эрэлхийлж, бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Тухайлбал, иргэд удам угсаагаа лавтай мэдэж, угийн бичгээ баттай хөтлөхөд архивын баримт үндсэн сурвалж байх учиртай. Тиймээс иргэдийн угийн бичиг хөтлөлтийг хялбаршуулах чиглэлээр архивын байгууллагын үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.

    Гурав. Архивын шинэ сан хөмрөгийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарах явдал чухал байна.

    Үүний нэг нь түүхэн үйл явдал, түүхэн хүмүүсийн дуу хоолой, дүрс бичлэгийн сан хөмрөгийг үүсгэн баримтжуулан авах, хадгалан хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй юм.

    Дөрөв. Архивын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, архив, бичиг хэргийн ажилтны цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, архивын хадгалалт хамгаалалтыг сайжруулахад нэн түрүүнд анхаарах шаардлагатай байна.

    Түүнчлэн мэргэжлийн архивч-судлаачдын гадаад хэлний болон сурвалжийн хэлний чадавхыг сайжруулах чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

    Эдгээрийг шийдвэрлэхэд төр, засгийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаа чухлаас гадна архивын ажилтан, албан хаагчид Та бүхний санал, санаачилга, идэвхи зүтгэл туйлаас чухал болохыг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

    Эрхэм хүндэт архивчид та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн нэг бол монгол хүний оюун ухаан, авьяас билгээр бүтсэн түүх соёлын биет болон биет бус өв, өвөг дээдсийн хөлс, цусаар бичигдсэн түүхэн баримтуудыг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ архивын баримтаар дамжуулан үндэсний эв нэгдэл, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд манлайлан оролцох явдал юм.

    Үндэсний бичиг үсэг, түүх, соёлоо нүдний цөцгий, зүрхний толт мэт нандигнан дээдэлдэг, төрийн ой санамж болсон эрхэм хүндэт архивчид Та бүхний нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албанд өндөр амжилт хүсье.

    Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсад анх удаа ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны хоёр стандартыг нэвтрүүлж өнөөдөр гэрчилгээгээ гардаж авлаа.

    Дээрх хоёр стандартыг нэвтрүүлэх ажлын хэсгийг энэ онд  байгуулан анхдагч баталгаажуулалтын 1, 2 дугаар шатны аудитыг амжилттай давж, АНУ-ын итгэмжлэлтэй Бүгд найрамдах Энэтхэг улсын QFS Management System LLP болон Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын LMS Certifications Limited байгууллагаас баталгаажиж Монгол Улсад анх удаа энэхүү 2 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болж байна.

    Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны 5 стандартыг нэгдсэн тогтолцоогоор нь хэрэгжүүлэгч Монгол улсын анхны компани болж байна.

    Олон улсын стандартын гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргал, Монсертф ХХК-ийн захирал Г.Билгүүн болон компанийн төлөөлөл оролцлоо.

    Дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтод хүрэхэд чухал түлхэц болох юм.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн.

    2021 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Монсертф ХХК-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг орчуулан Монголын үндэсний МNS стандарт болгон батлуулсан юм.

     

    Ж.ГАНБАТ: УУРХАЙЧДЫН ЦАЛИН, УРАМШУУЛЛЫГ ХӨНДӨХГҮЙ

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өчигдөр \2022-11-11\ компанийн зарим удирдлагуудын хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх уурхайд ажиллаж, уурхайн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөлтэй уулзаж Засгийн газрын бодлого үйл ажиллагаа,  цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох чиглэлээ хүргүүлснээс гадна уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж зарим асуудлыг шийдвэрлэлээ.

    Тэрээр салбарын удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзах үеэр Засгийн газраас энэ ондоо багтаан 500.0 сая ам.доллар оруулж ирэх үүрэг өгснийг хэрэгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго юм.

    Зорилгоо биелүүлэхийн төлөө бид маш сайн баг болж хамтарч ажиллах шаардлагатай бөгөөд ямар ч тохиолдолд уурхайн ажилтнуудын эрх агшийг нэгдүгээрт тавьж ажиллах ба цалин, хангамж, урамшууллыг компанийн холбогдох дотоод журам, захиргаа, үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу бүрэн олгох болно.

    Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК сардаа 2.5 сая тонн нүүрс борлуулдаг горимд шилжүүлж, жигдрүүлэхээр ажиллаж байна. Бид төрийн өмчит компанид ажиллаж байгаа учир манлайлах хэрэгтэй хэмээн танилцууллаа. Уулзалтын үеэр уурхайн мастер А.Батаа, 2022 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хууль уурхайд хэрэгжих эсэх тухай лавлаж асуулаа.

    Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Хуулийн хүрээнд ажиллах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж таны энэ асуудлыг  тавьсан бөгөөд хууль зөрчсөн, хуулиас гадуур аливаа шаардлага тавихгүй. Мэдээж сайжруулах, зүйлс байгаа, тухай бүрд нь холбогдох шийдвэрүүдээ гаргаад засаж залруулаад явна гэлээ.

    2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор нийт 13.6 сая.тн нүүрс экспортод гаргасны 8.7 сая.тн нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэрлэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд тээвэрлэлтийн тоо ихсэж, тээвэрлэлт дээр доголдол үүсэж буй. Тиймээс Боомтын сэргэлтийн  үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагын удирдлагуудтай газар дээр нь ажиллаж шаардлагатай зарим шийдвэрийг гаргалаа.

     

    ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЧАНАР, СТАНДАРТАД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

    0

    “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, стандартад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тогтмол хяналт тавьж ажилладаг. Өнөөдөр тус газрын Байгаль орчны улсын байцаагч Ө.Билгүүн Сүхбаатар дүүргийн борлуулалтын зарим цэгүүдэд шахмал түлшний жин, чийгшил болон түлшний үйрмэг хэр байгаад шалгалт хийлээ.

    Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага –  MNS 5679 : 2019 стандартыг шинэчилж 2022 оны 8-р сарын 14-нд MNS 5679 : 2022 стандартыг баталсан аж.

    Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцно. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзнэ.  Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх юм. Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар 6 хувь болгожээ. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар  түүнийг 27 болгож бууруулсан байна. Ингэснээр шаталтын дараа гарах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах аж.

    Мэргэжлийн хяналтынхан Сүхбаатар дүүргийн нутаг Сансар худалдааны төвийн урд байрлах шахмал түлшний борлуулалтын цэгт очиж өнөө өглөө буусан түлшнээс түүврийн байдлаар сонгон авч шуудайг задлан нунтагийн хэмжээг үзсэн юм. Тэд шуудайтай түлшийг цахилгаан жин дээр тавьж савлагааны хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгав. Шахмал түлш нь 25 кг-аас нэг кг-аар их, бага байж болох аж. Энэ тухай ч шуудай дээрээ тэмдэглэсэн байв. Ингээд жинг шалгахад 25.4 кг байлаа. Шуудайтай түлшийг задлаж газар асгаад бүхэллэг хэсгийг нь шалгахад бараг нунтаг түлш гарсангүй. Шахмал түлш хэрэглэгчийн гарт хүрэхийн тулд 4-5 удаагийн тээвэрлэлт дамждаг аж. Энэ жилийн тухайд шахмал түлшний чанартай холбоотой иргэдийн хэл ам бараг гарахгүй байгаа гэдгийг түлш борлуулагч хэлж байлаа.

    Мэргэжлийн хяналтынхан Тавантолгой түлш ХХК-ийн баруун болон зүүн үйлдвэрт 24 цагийн хугацаатай тогтмол хяналт тавьж ажилладаг. Мөн агуулахад хадгалагдаж байгаа түлш болон борлуулалтын цэгүүдэд худалдан борлуулагдаж байгаа түлшнээс түүврийн байдлаар дээш авч Ашигт малтмалын газрын төв лабораторид шинжлүүлдэг аж. Шинжилгээгээр дээрх стандартыг зөрчсөн удаа байхгүйг улсын байцаагч Ө.Билгүүн ярьж байлаа.

    “2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллаж, иргэдэд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулна. Борлуулалтын цэгүүд нь урьдчилсан байдлаар түлшээ захиалж захиалгын дагуу тээврийн 31 компанийн тээврийн хэрэгслүүд түлш түгээх ажлыг хийдэг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 байрлалд 112.000 тонн түлшийг нөөцлөөд байгаа” гэж Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээл хэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

    “Эрхэм хүндэт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси,

    Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

    Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

    Энэ удаагийн Талуудын бага хурал нь уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөж буй Африк тивд болж байгаагаараа онцлог юм.

    Дэлхий нийтийг хамарсан хүнс, эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудал олон байгаа хэдий ч дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэх, түүн дотроо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүчин чармайлтаа хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам идэвхтэй ажиллах нь чухал байна.

    Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна.

    Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн.

    Нэгдсэн үндэстний байгууллагын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа бөгөөд 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тайлан гарсан.

    Ийм учраас улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм.

    Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо санаачлан зохион байгуулж байна.

    Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна  хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

    Энэ хөдөлгөөнд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нэгдэн, дэмжин оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаа дэлхийн улс орнууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудад гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Ази тивийн анхны улс болж байгааг дуулгахад таатай байна.

    Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орны нэг. Манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог.

    Тийм ч учраас Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн.

    Энэ хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлсон нь манай орны хувьд өндөр үзүүлэлт юм.

    Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын дийлэнх нь эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт оногддог. Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2,600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна.

    Одоогийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын  18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2030 он гэхэд 30 хувьд хүргэхийг зорьж байна.

    Өдгөө манай улсын малчин өрхийн 75 хувь нь сэргээгдэх эрчим хүч ашигладаг.

    Дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

    Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгой анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдсэн.

    Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна.

    Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна.

    Иймд Нэгдсэн үндэстний байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна.

    Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцууд буюу Риогийн 3 конвенцын хоёр болон олон талт хамтын ажиллагааны механизмууд, тухайлбал “Парисын хэлэлцээр”-ийн 6 дугаар зүйлд заасан дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг улс орнууд оновчтой ашиглах нь зүйтэй юм.

    Ингэснээр хөгжиж буй улс орнуудад шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, ногоон санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх бөгөөд үр дүнд нь хөгжиж буй улс орнууд тулгарч буй бэрхшээл сорилтоо амжилттай даван туулж, дэвшүүлсэн зорилтоо ханган хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

    Тиймээс Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүд Та бүхэнтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа энэ хүндэт индрээс дахин илэрхийлье.

    Эцэст нь хэлэхэд Та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтоо цаг хугацаанд нь амжилттай ханган хэрэгжүүлж, цаашид тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой чухал үүрэгтэй юм.

    Эх дэлхий бидний гэр орон, эх байгаль бидний оршихуйн үндэс гэдгийг үргэлж санаж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе.

    Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТОД БОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

    Тус компанийн www.ett.mn вэб сайтад хандан уурхайгаас хэдэн тээврийн хэрэгслээр хичнээн тонн нүүрс гарч байгаа тухай болон нүүрс тээвэртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авдаг болж байгаа тухай өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.

    Нүүрс тээврийн мэдээллийг авахдаа, www.ett.mn вэб сайтад нэвтэрч баруун дээд буланд ЭТТ нээлттэй уурхай шар өнгөөр онцолсон цэс дээр дарна.  Тээврийн нэгдсэн мэдээлэл, Гэрээний нэгдсэн мэдээлэл, Олборлолтын гэрээ гэсэн хэсэгтэй.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн www.ett.mn вэб сайтын

    Нүүрс тээвэртэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд ил болгосноор худалдан авагч, тээврийн компаниуд гээд олон нийтийн дунд хаалттай байдаг мэдээллүүд цэгцэрч эхэлж байна. Цаашид цахим мэдээллийг улам боловсронгуй болгоно. Мөн Цагаан хадны мэдээллүүдийг ил тод болгох ажил хийгдэж байна. Энэ үеэр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оффтэйк гэрээ болон нүүрс тээврийн экспорт, валютын орлогын сүүлийн үеийн мэдээллээс танилцууллаа. Тэрээр, “оффтэйк гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах  гэрээ юм.  Энэ компани дээр ийм төрлийн дөрвөн гэрээ байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл. Эдгээр  төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх байдлаар хийсэн гэрээ.  Олон улсын жишгээр төсөл хөтөлбөрүүдийг оффтэйк гэрээгээр санхүүжүүлээд явдаг практик байдаг. Үүний дагуу хийгдсэн гэрээ.

    Үүнээс гадна ямар нэгэн төсөлтэй холбоогүй ч урьдчилгаа төлбөрөө аваад, нүүрсээ дараа нь нийлүүлэх нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Томилогдсоноос хойших хугацаанд худалдан авагчидтайгаа уулзаж байгаа бөгөөд цаашид урьдчилж мөнгө авдаг байдлыг зогсоож, бизнесийн зарчмаар ажиллах бодлого баримтална.

    Засгийн газрын 362 дугаар тогтоол гарах үед 202 машинаар 19,8 мянган тонн нүүрс гаргаж байсан байна. Үүнийг нэмэгдүүлж хамгийн оргил үеийн мэдээгээр 2022 оны 11-р сарын 04-ний өдрийн байдлаар 833 тээврийн хэрэгслээр 92,2 мянган тонн нүүрс гаргалаа. Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойш 81,8 сая ам.долларын үнэлгээтэй, 804,2 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу ачуулсан байна. Өнгөрсөн 7 хоногт 20,6 сая ам.доллар дансанд орж ирээд байна.

    Өмнөх удирдлагууд валютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр арай сул ажиллаж байсан гэдгийг үгүйсгэхгүй. Нүүрсний хулгай гэдэг дээр мэдээлэл хаалттай байх тусам олон нийтэд хардлага төрүүлээд байгаа. Үүнийг ил тод болгосноор олон нийт хянаад эхэлбэл энэ асуудал шийдэгдэнэ. Тээвэрлэлт нэмээд эхлэхээр олборлолт, ачилтыг нэмэгдүүлэх асуудал үүсэж байна. Тийм учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх, технологио сайжруулах зүйлс байна.” хэмээн танилцууллаа.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс