More

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхий сайдын өргөөнд албан ёсны хэлэлцээ хийв.

    Албан ёсны хэлэлцээ элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын зорилт, хэтийн төлөвийн талаар болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

    Ерөнхий сайд Ф.Кишида Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын харилцааны ололт, амжилтыг бататгаж, итгэмжилсэн харилцааг улам гүнзгийрүүлж, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжихээ нотлов.

    Албан ёсны хэлэлцээний үр дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтов. Мөн цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан бүхий л салбарын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллахаар болов.

    Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа,  “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

    Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын баттерейн цэнэг хураагуур суурилуулах, “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурж байгааг талууд сайшаан тэмдэглэв.

    Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.

    Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах” чиглэлд японы талтай хамтран ажиллах сонирхлоо монголын тал нотлов.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг талууд сайшааж, Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.

    Талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжин, хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцов.

    Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа нотолж, японы тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг сайшааж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов.

    Төр, засгийн тэргүүн нар дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл болон монголын 20 мянган хүүхэд, залуучуудад байгаль орчин, цөлжилт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн бодит ажил хэрэг болгоход тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

    Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын төр, засгийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв.

    Энэ удаагийн айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав.

    Мөн “Монгол, Японы энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулав.

    Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурав.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав.

    ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ЭРИН ҮЕД УРАГШЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ
    МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ 

    (2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, Бээжин)

    Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

    Хоёр. Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хүрсэн хөгжил, бүтээн байгуулалтын ололт амжилтыг хятадын тал өндрөөр үнэлж, эдийн засгаа сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх монголын талын хүчин чармайлтыг дэмжиж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн зорилтоо биелүүлэхийг хятадын тал чин сэтгэлээсээ хүсэв.

    Гурав. Хятадын Коммунист Нам ХХ Их хурлаа амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд болон Хятад Улс нэн ядуурлаас бүрэн ангижирч дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэнд монголын тал баяр хүргэв. Мөн ХКН-ын удирдлага дор орчин үеийн хүчирхэг социалист улс орныг цогцоор нь бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Дөрөв. Талууд 1994 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, 2014 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-ын үзэл санааны дагуу Монгол, Хятадын харилцааны ололт амжилт, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.

    Тав. Сайн хөрш, сайн найз, сайн түншийн хувьд Монгол, Хятад хоёр улс орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих, энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээх чиглэлээр хүчин чармайлт гарган, улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал сайшаав.

    Зургаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой 2022 онд тохиож буйд хятадын тал баяр хүргэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө энэ статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хятадын талаас хүчин чармайлт гаргасанд монголын тал талархал илэрхийлэв.

    Долоо. Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээ нотлов. Хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэж, цаашид хууль тогтоох, засгийн газар, улс төрийн нам, батлан хамгаалах, орон нутаг зэрэг байгууллагын яриа хэлэлцээг урагшлуулж, хамтын ажиллагаанд эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэхээр талууд тохиролцов.

    Найм. Талууд Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. Талууд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.

    Ес. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг илүү үр дүнтэй ашиглах, шинэчлэн байгуулж буй “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцов.

    Арав. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

    Арван нэг. Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. Талууд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ.

    Арван хоёр. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа хүүхэд, залуучуудын солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин урагшлуулж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Монголын тал “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж, хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

    Арван гурав. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

    Арван дөрөв. Талууд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна.

    Арван тав. Талууд хөгжиж буй орнуудын хувьд олон улс болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол болон ойролцоо байр суурьтай байдаг бөгөөд олон улс, бүс нутгийн байгууллагад харилцан дэмждэг уламжлалаа хадгалж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы бүс нутгийн чуулга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Талууд НҮБ-ын Дүрмийн үндсэн зорилго болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, олон талт үзэл санааг сахин хамгаалж, энх тайван, хөгжил цэцэглэл, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.

    Арван зургаа. Монголын тал хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлаар идэвхтэй хамтран ажиллана. Талууд гамшгийн эрсдлийг бууруулах болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

    Арван долоо. Талууд уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй тус тусын үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнгийрүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

    Арван найм. Айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”, “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”, “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”, “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”, “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”, “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэг нийт 16 баримт бичгийг байгуулав.

    Арван ес. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газар болон ард түмэн халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив.

    Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

    ТАЛУУД:
    1. “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”,
    2. “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”,
    3. “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”,
    4. “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”,
    5. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”,
    6. “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
    7. “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”,
    8. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”,
    9. “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”,
    10. “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”,
    11. “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”,
    12. “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”,
    13. “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”,
    14. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”,
    15. “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”,
    16. “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

    Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий дахинд цар тахал үргэлжилж, шинэ сорилтуудтай тулгарч буй амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

    Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

    Хоёр орны хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох, Замын-Үүд-Эрээн зэрэг боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинэ техник, технологи ашиглах замаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцав.

    Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов. Тус хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх нь гурван улс төдийгүй бүс нутагт ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв.

    Түүнчлэн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа

    БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтах ёслол 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд болов.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар угтлаа.

    Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийв.

    Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглэж, БНХАУ-ын Төрийн хүндэт харуулын цэргүүд ёслолын жагсаал хийв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхав

    БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав.

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, 2022 оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ахисанд сэтгэл хангалуун байна гэв.

    Хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

    Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д тавтай айлчлахыг хүсэв.

    Байнгын хорооны даргын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхэжсэнд баяртай байна гэв.

    Тэрбээр хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

    БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав.

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, найрсаг, халуун дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газарт талархал илэрхийллээ.

    Мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн Хятадын Коммунист Нам, Хятадын Засгийн газар, ард түмэнд баяр хүргэв.

    БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.

    Цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

    Цаашид улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов.

    Түүнчлэн төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

    Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшинд хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтав.

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.  Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.

    Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв

    Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.

    ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
    • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар;
    • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяа;
    • Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цогбадрахын Мөнхзул;
    • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнхтөрийн Лхагвагэрэл;
    • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Долгоржавын Отгонжаргал;
    • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор;
    • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ганбатын Болор-Эрдэнэ;
    • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Хүрэлбаатарын Энхтуяа;
    ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
    • Тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гарган, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Саранхүү;
    ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
    • Мүүн дэйнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Оюунбат;
    • Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын түүхэн амжилт тогтоон, нийгэмд эерэг үлгэр дуурайл, хандлага түгээж, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл, чийрэг амьдралын хэв маягт уриалан, бүжгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Сарны бүжиг клуб”-ын дэргэдэх “Мүүн дэйнс” хамтлагийг Алтан гадас одонгоор шагналаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн тамирчид, багш, дасгалжуулагч, хамтлагийн гишүүд болон тэдний гэр бүл, хамт олонд  спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

    “Багануур” Хувьцаат компанийн экскаваторын машинч Г. Отгонпүрэвт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

    МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
    • Эрчим хүчний систем, дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах их үйлсэд экскаваторын насосны шингэний алдагдлыг багасгах шинэ арга, аргачлалыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлж, техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн,хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангуулж, техник, тоног төхөөрөмжийн үзлэг, шалгалтыг тогтмол хугацаанд нь чанартай хийж, удаа дараа техникийн аюул ослоос урьдчилан сэргийлж, хүний амь болон өмч хөрөнгийг авран хамгаалж, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн “Багануур” Хувьцаат компанийн экскаваторын машинч, Гавьяат уурхайчин Гэндэнжавын Отгонпүрэвт хүртээв.
    АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦОЛООР:
    • Улс, эх орондоо 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон арван өгүүллэг, тууж, роман, жүжиг, кино зохиол туурвиж, казах түмний утга зохиолыг олон улсад сурталчлан таниулахад авьяас билгээ зориулсны сацуу, “Монголын нууц товчоо”, “Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж оршвой” зэрэг түүхийн тулгуур эх сурвалж, “Монгол ардын зүйр цэцэн үг”, “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг казах хэлнээ хөрвүүлэн казах түмний хүртээл болгож, “Коран судар”, “Ислам шашны тухай үндсэн мэдэгдэхүүн”, Абай Кунанбаевын “Сургаалууд” зэрэг бүтээлийг монгол хэлнээ орчуулж, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн асан, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зөвлөх Таукейн Султан;
    ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
    • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ахмад ажилтан, доктор, профессор Балдандоржийн Сумьяабаатар;
    • Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Содномын Цолмон;
    УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
    • Үндэсний урлагийн их театрын ахмад уран бүтээлч, морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Мижидсамбуугийн Батбаяр;
    ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
    • Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэгмэдийн Тунсаг;
    ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
    • Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш ахмад багш, доктор, профессор Нацагдоржийн Надмид;
    • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шүрэн цох” цэцэрлэгийн эрхлэгч Жигжидсүрэнгийн Сосорбарам;
    ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
    • Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, “Төвшин ёс төв” төрийн бус байгууллагын зөвлөх Лувсандоржийн Доржсүрэн;
    ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
    • Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Пэрэнлэйн Гүндсамбуу;
    АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
    • Геологийн төв лабораторийн дарга асан, зөвлөх инженер Ойдовын Доржрэнчин;
    • “Мон сертф” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Осорын Намжил;
    ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
    • “Хүрмэн” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Банзрагчийн Дашрэнцэн;
    • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн Даваасүрэнгийн Одонтуяа;
    ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
    • “Интермэд” эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Дамдинжавын Гэрэлмаа;
    СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
    • Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Ламжмаагийн Мэндсайхан;
    БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
    • Хөвсгөлийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүх;
    ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
    • Монголын зөвлөх зэрэгтэй инженерүүдийн холбооны тэргүүн Ванчинхүүгийн Ганбаатар;
    ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
    • “Монполимет” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бульдозерчин Дагвадоржийн Цолмон;
    • УБТЗ-ын Авто тээврийн үйлчилгээний төвийн жолооч Лувсандолгорын Төмөрбаатар;
    ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
    • Дотоод хэргийн их сургуулийн захиргааны удирдлагын газрын захирал Батдэмбэрэлийн Эрдэнэбат;
    АЛТАН ГАДАС ОДОНГООР:
    • Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ойн нөөц, ой хамгааллын салбарын ахмад судлаач Дашзэвэгийн Хоролгарав;
    • “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Баатарын Сандуйжав;
    • “Сарны чулуу” дуу, бүжгийн чуулгын ерөнхий захирал Чулуунбаатарын Саранчимэг;
    • “Жигүүр гранд групп” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Барилга үйлдвэрлэлийн албаны дарга Цэдэнсодномын Ганболд;
    • Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх баригч Сүхээгийн Оюун;
    • “Боса холдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Батбаярын Нандинчимэг;
    • “Биокомбинат” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн лабораторийн эрхлэгч Тэгшбаярын Даваадолгор;
    • Нийтийн хоолны салбарын ахмад ажилтан, тогооч Цэдэнгийн Цэцэгмаа;
    ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
    • Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газрын захирал Адьяасүрэнгийн Батмөнх;
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Цэдэвийн Мөнхцэцэг;
    ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
    • ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Жавхлангийн Төмөрбат нарыг шагналаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шагнал хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.