More

    БНХАУ-ын FY-2 Хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэнэ

    0

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.
    1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаандаа Монгол Улс шинэ нийгэмд шилжих, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод Үндсэн хуулийн ойн өдөр анхны Ерөнхийлөгчдөө онцгойлон баяр хүргэлээ.
    Ардын Их Хурлын чуулганаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсоход Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой гэдгийг онцлон хэлж байжээ.
    Санал тэнцсэн үед анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн “Нэг хүний мэдэлд удирдлага хэт төвлөрч дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу төвшин, төрийн эрх мэдэл зохих шалгуур, харилцан тэнцэлтэй байхыг манай нийгмийн сэтгэлгээ хүсэн хүлээж байгаа тул Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж хэлсэн үгийг нь хүндэтгэл болгон Ерөнхий сайд түүнд дурсгалаа. Энэхүү дурсгалын хувийг Үндэсний түүхийн музей, Монгол Улсын Засгийн газарт тус тус хадгалуулах ажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлах үеийн бүрэн протоколыг эмхэтгэсэн арванхоёр ботийг дурсгалаа.

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат “Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэдэг санал тэр үед нэлээд хүчтэй явсан юм. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үеэр олны анхаарал төвлөрсөн асуудал бол засаглалын хэлбэр. Ардчилсан нийгэмд олуулаа хэлэлцэж шийдэх нь хамгийн чухал. Ард түмний санал асуулгаар парламентын засаглалыг 60 хувь нь дэмжиж байсан. Би санаанаасаа хэлээгүй ээ, ард түмнийхээ олонхийн саналд түшиглэх нь зүйтэй л гэж үзсэн. Нэг хүний санал хүлээн зөвшөөрөгдөөд батлагдаж байсан. Та бүхэн гярхай харж, үнэлээд олон жилийн дараа түүхийн баримт болгосонд талархаж байна. Энэ бол Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл. Олон жилийн дараа ийн хүндэтгэл үзүүлж буй нь том соёл, том хүндэтгэл юм гэж хэллээ.

    “ БАГАНУУР TRIPPERS” БАГ АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

    0

    Монголын хоккейн холбооны U14 насны УАШ тэмцээн энэ сарын 11,12 өдрүүдэд Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Д. Түвшинжаргал эзэнтэй Г.Батзориг,  Л.Түмэнтуул  тэргүүлэгчтэй  Ц.Одсайхан, И.Алтангэрэл дасгалжуулагчтай   Багануур дүүргийн “TRIPPERS”  баг аврагын алтан медаль Цомын эзэд боллоо. Тэмцээний Шилдгийн шилдэг  довтлогчоор нийт эсрэг багийн хаалганд 27 гоолоор TRIPPERS багийн довтлогч, багийн ахлагч Т.Чинбилэг, Шилдэг хаалагчаар TRIPPERS багийн хаалагч Ү.Болдхуяг нар тус тус шалгарчээ.

     

     

     

    Н.Түвшин

    Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе

    0

    Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ!

    Туурга тусгаар эх орныхоо тулах цэг, урагшлах хүч болсон Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг хүргэе.

    Тэртээ 31 жилийн өмнөх 1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Ардын их хурлаас ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталснаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилго Монгол Улсын, бүх монгол хүний үнэт зүйл, үзэл санаа болон түгэн дэлгэрсэн түүхтэй.

    Иймд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэх үзэхийг хуульчлан баталсан Үндсэн хуулиа ямагт шастирлан дээдлэх нь ардчилсан Монгол Улсаа бататган хамгаалж, дархлан хөгжүүлэхийн эх үндэс, суурь юм.

    Нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг соргогоор мэдэрч, ардчилсан Монгол Улсыг байгуулах 31 жилийн өмнөх зорилтыг хөхиүлэн дэмжиж, хамтран бүтээлцэж буй эрхэм Танд талархал илэрхийлж, Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг хүргэе.

    Монгол эх орон минь өнөд мөнх оршиг ээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

    Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

    ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ТУРШИЛТЫН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар  тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хүрээнд  нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

    Энэхүү  туршилтын дуудлага арилжаагаар, худалдах талаас 2 багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд 1 удаагийн хэлцлээр 2 багц нүүрсийг амжилттай арилжлаа. Дуудлага арилжаагаар дуудах үнэ 12.2 хувиар өслөө.

    Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө

    0

    Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ажилладаг. Энэ үйлчилгээг сайжруулах, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа цэвэрлэгээний машинуудыг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүрэлцээг нь нэмэгдүүлэх ажил цаашид ч үргэлжилнэ. Энэ чиглэлд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд бий. Мөн хөрш орнууд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын болон хамтран ажилладаг байгууллагуудтай хамтарч ажиллах талаар хэлэлцээр хийж байна” хэмээв.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот тохижилтын үйлчилгээнд ашиглах машин техникийн хангамжийг нэмэгдүүлэх нь  маш чухал. Энэ хүрээнд эхний ээлжийн  машинуудыг хүлээлгэж өглөө. Ирэх сараас том оврын, тусгай зориулалтын техникүүдийг оруулж ирэх зэргээр шинэчлэлийг үе шаттайгаар хийнэ. Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд, найрамдалт харилцаатай хотуудын хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдэх боломж бий” гэсэн юм.

    Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Зам, талбайн цэвэрлэгээ арчилгааны ажил өвлийн цагт, тэр тусмаа цас орсон үед хүндэрдэг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Нэг ийм машин дөрвөн үйлчлэгчийн нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т одоогоор цэвэрлэгээний 17 машин ашигладаг, үүн дээр 28 нэмэгдэх нь. Цаашид замын мөсийг хусаж цэвэрлэх, нэмж орж байгаа цасыг сорох, мөн зам угаах зориулалтын машинууд хэрэгтэй байгаа. Үүнийг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэсэн” хэмээлээ.

    Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч М.Цэрэндондов “Зам, талбайн цэвэрлэгээнд ашиглаж байгаа хуучин машинуудыг 2019 онд оруулж ирж байсан. Бидний ажлыг маш их хөнгөвчилдөг. Энэ шинэ машинуудын хүчин чадал нь илүү юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

    Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машин нь БНХАУ-ын “Greenhub” маркийнх бөгөөд моторын хүчин чадал, өгсүүр замаар явах хүч нь одоо ашиглаж буй машиныхаас илүү, мөн тэвшээ автоматаар буулган хог хаягдлаа асгадаг, өвөл зуны аль ч улиралд ажиллах боломжтой зэрэг давуу талтайг нийлүүлэгч “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ онцлов.

    НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

    Б.ГАНГААМАА ДУРСГАЛЫН ЗООС ШИНЭЭР ГАРГАЛАА

    0

    Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ.

    Энэ хүрээнд “Урлаг, спортын алдартнууд” цувралын үргэлжлэл болгон “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргалаа. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын жинтэй, 38.61 мм диаметртэй болно.

    Бадамгаравын Гангаамаа нь Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн /Seven summiteer/, Эверест болон К2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй бөгөөд уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн юм.

    Монголбанкны Эрдэнэсийн сангаас “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг https://coin.mongolbank.mn/ цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой.

    “Туулай жил” 1 унцын мөнгөн зоос:

    Зоосны мэдээлэл. 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, алтаар бүрсэн, 35 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

    “Арслан” 2 унцын мөнгөн зоос:

    Зоосны мэдээлэл. 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 62.2 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 50 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

    “Үлэг гүрвэл Synapsida” 1 унцын мөнгөн зоос:

    Зоосны мэдээлэл. 500 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

    “Үлэг гүрвэл Golden Edaphosaurus” 0.5 граммын алтан зоос:

    Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 0.5 гр жинтэй, 999.9 сорьцтой алтаар үйлдвэрлэгдсэн, 11 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

    Иргэдийн орон нутагт шилжин суурьших, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо. Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцууллаа.
    Төсвийн орлогоо бие даан бүрдүүлж буй Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгийн удирдлагуудад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлж Засгийн газрын өргөмжлөл гардуулав. Өнөөдрийн байдлаар эдгээр аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байгаа бөгөөд цаашдаа аймаг бүр өөрсдөө төсвөө бүрдүүлж, орон нутгийн эрх мэдлээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ.
    Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, тулгарч буй хүндрэлээс гадна өнгөрсөн он бүхэлдээ цар тахлын дараах, олон улсын геополитикийн зөрчлөөс үүдэлтэй эдийн засгийн хямралыг тогтворжуулахад чиглэсэн гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.
    Цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2022 онд дөрвөн хувь болж сэргэсэн. 2022 оны Монгол Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан. Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй буюу 12.5 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Монгол Улсын валютын нөөц 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжоод байгаа зэргийг танилцууллаа.
    Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарч, чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломжтой болоод байна.
    Цаашдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буй тайланг аймаг, нийслэлийн удирдлагуудаас авч аудитын шинэ аргачлалаар дүгнэж байхаар болжээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зорилгуудын нэг бол аймаг бүр төсвөө бие даан бүрдүүлэх боломжийг бий болгох. Энэ хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх учиртай. Аймгуудын шинэ санаачилгыг дэмжинэ. Орон нутаг руу чиглэх иргэдийн идэвхийг бий болгож, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулж, хот хөдөөгийн зохист тэнцвэрийг хангахад чиглэсэн саналаа боловсруулж ирүүлэх хэрэгтэй гэлээ.

    Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгааг хэллээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд илүү санаачилгатай ажиллахыг үүрэг болгов.

    Мөн 2023 онд Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, тогтолцооны реформ хийх үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Энэ хүрээнд зөвлөлдөх болон ард нийтийн санал асуулга явагдана. Аймаг, нийслэлийн удирдлагууд үүний бэлтгэл ажлыг орон нутагт хангаж, иргэдтэй уулзаж, тогтолцоотой холбоотой асуудлууд, жишээлбэл, орон нутгийн харьяанд байгаа Дархан, Эрдэнэт зэрэг хотыг улсын чанартай хот болгох боломж шаардлага зэрэг асуудалд төвлөрч ажиллах шаардлагатайг анхааруулав.
    Бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын бүтээмж, гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоог Засгийн газраас нэвтрүүлж ажиллана. Тиймээс аймаг, нийслэлийн Засаг даргын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайд баримтлахаа илэрхийллээ.


    Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг Хангарди одонгоор шагнав

    0

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Мөн үеэр ноён Андрей Михневийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнав. Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан, нийслэлийн иргэдийн амьдрах орчин, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан зохион байгуулж, “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж ажилласан тул түүнийг ийнхүү Хангарди одонгоор шагнасан юм.

    Андрей Михнев нь 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажилласан билээ. Тэрбээр шагнал авах үеэрээ “Хотын дарга миний хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж, уг шагналыг олгож байгаад баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн банк болон Улаанбаатар хот хоорондын харилцаа улам бэхжин гүнзгийрсэн. Бид одоо үргэлжилж буй төслүүдээ эрчимжүүлэн, шинэ төслүүд хэрэгжүүлэх үндсийг тавьж чадсан. Ирэх жилүүдэд Дэлхийн банк Улаанбаатар хотын найдвартай, итгэлтэй түнш байсаар байх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

     

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг. Тийм ч учраас хуримтлагдсан асуудал, бэрхшээл олон бий. Улаанбаатар хотыг ямагт дэмжин ажилладаг, хамтрагч түнш болох Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд, нутаг буцах боллоо. Богино хугацаанд хамтран ажилласан ч ололттой, амжилттай зүйлүүд олон бий” хэмээн тодотгосон юм.

    Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группийн гишүүнээр элсэж, дэд бүтцийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, олон бүтээн байгуулалтыг цогцлоосон.  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

    НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС