More

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26 дугаар уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, монгол үндэстний тусгаар тогтнолын дархлаа гэдгийг онцолж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны оролцогчдод баяр хүргэв.

    Үндэсний бичиг үсгийн хэрэглээнд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааны хөтөлбөртөө эх хэл, бичиг үсгийн бодлогыг онцгойлон анхаарч, үндэсний бичиг үсгээ сурч эзэмших, заан сургах, түгээн дэлгэрүүлэх аливаа санал санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос хэлсэн үгэндээ тус агентлагаас долоо хоног тутам эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг өдөр тутмын сонин болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг хэлэв.

    “Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26 дугаар уралдааны нийт долоон ангилалд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1,100 гаруй хүн оролцжээ.

    Тус уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, өдгөө 100 настай С.Жигмэдсүрэн, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн долдугаар хорооны өндөр настан С.Цэнд-Аюуш, Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны иргэн, өндөр настан Ц.Доржсүрэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Ш.Нэргүй, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ахмад настан Б.Ням-Очир нар байлаа.

    Харин хамгийн бяцхан оролцогч нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 131-р сургуулийн 2а ангийн сурагч Ж.Ундрал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 3б ангийн сурагч Ү.Эмүжин нар байсан юм.

    МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2022 УЛСЫН 26 ДУГААР УРАЛДААНЫ ДҮН

    Сурагчдын ангилал

     1-7 дугаар ангийн сурагчдын ангилал

    Нэгдүгээр байр: Э.Дариймаа  (НЕБ-ын 1-р сургуулийн 7е ангийн сурагч)

    Хоёрдугаар байр: Э.Пүрэвжаргал (Хөвсгөл аймгийн Мөрөн сум. 6а ангийн сурагч)

    Гуравдугаар байр: Г.Анар (Баянхонгор аймгийн 5-р сургуулийн 6б ангийн сурагч )

    Тусгай байр: -М.Ирмүүн ( Нийслэлийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн  6 – 11 ангийн сурагч)

    -П.Сарангэрэл (Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн 7-10 ангийн сурагч)

    8-11 дүгээр ангийн сурагчдын ангилал

    Нэгдүгээр байр: И.Уранцэцэг (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод эрдэм сургуулийн 11б ангийн сурагч)

    Хоёрдугаар байр: Н.Болормаа (Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11а ангийн сурагч )

    Гуравдугаар байр: Г.Цолмон (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч)

    Тусгай байр: О.Энхбаасан (Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч)

    -Н.Үүрцайх (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10а ангийн сурагч)

    12 дугаар ангийн сурагчдын ангилал

    Нэгдүгээр байр: Ү.Энхжин  (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС- ийн 12б ангийн сурагч)

    -Ч.Өнөрзаяа (Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч)

    Хоёрдугаар байр: Б.Лхагвачимэг (Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч)

    -Б.Билгүүнсаран (Архангай аймгийн Цэцэрлэг сумын 4-р сургуулийн 12а ангийн сурагч)

    Гуравдугаар байр: Т.Цэнд (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч)

    -Г.Анударь (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч)

    Сайхан бичигтэн анги” ангилал

    Нэгдүгээр байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Анхбаярын  бэлтгэсэн 11д анги

    Хоёрдугаар байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш А. Баянжаргалын бэлтгэсэн 11а анги

    Гуравдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш Ц.Цэвээнсүрэнгийн бэлтгэсэн 10б анги

    Мэргэжлийн багш нарын ангилал

    Нэгдүгээр байр: М.Ганбагана (Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

    Хоёрдугаар байр: Ү.Мөнхбалжир ( “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн багш)

    Гуравдугаар байр: Б.Оюун-Эрдэнэ (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн монгол хэл, бичгийн багш)

    Тусгай байр: Э.Батжаргал (Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Оюунлаг” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

    -П.Бямбадулам (Орхон аймгийн Эрдмийн сан сургуулийн багш)

     Насанд хүрэгчдийн ангилал

    Нэгдүгээр байр: Б.Хүслэн-Эрдэнэ (МУИС-ийн МХУЗБ-ийн  2 дугаар түвшний оюутан)

    Хоёрдугаар байр: Б.Хандсүрэн (ШУТИС-ийн IOT- зүйлсийн интернэтийн 3 дугаар түвшний оюутан )

    Гуравдугаар байр: Р.Эрдэнэболор (Оюут урлангийн үүсгэн байгуулагч)

    Тусгай байр: Э.Арвин (МУБИС-ийн 1 дүгээр  түвшний оюутан)

    – Ш.Нэргүй (Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад настан)

     Уран бичлэгийн ангилал

    Хоёрдугаар байр: Ч.Бямбадолгор (Архивын ерөнхий газрын ажилтан)

    Гуравдугаар байр: С.Баярмөнх  (“Хаан бичиг” төвийн уран бичээч, МУБИС-ийн 1-р түвшний оюутан)

    Тусгай байр: Б.Зэсмаа (МУБИСийн 3 дугаар курсийн оюутан)

    -О.Ням-Очир (Чөлөөт уран бүтээлч)

     Бүтээлийн ангилал

    Нэгдүгээр байр: Ч.Өнөрдэлгэр (Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин)

    Хоёрдугаар байр: М.Эрдэмбилиг  (Зүүн Хүрээ Дашчойлин” хийдийн бурханч лам, багш)

    Гуравдугаар байр: Г.Угтахбаяр (Орхон аймгийн ЕБ-ын 14-р сургуулийн 12а ангийн сурагч)

    Тусгай байр: Ё.Ринченмядаг (Завхан аймгийн Улиастай сумын 12б ангийн сурагч)

    Ж.Ундрал (НЕБ-ын 131-р сургуулийн 2а ангийн сурагч)

     Нэрэмжит шагнал

    “Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналаар:

    – Ж.Гэрэлмаа (Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш )

    “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын шагналаар:

    -Г.Энхсайхан (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9а ангийг бэлтгэсэн багш )

    -Завхан аймгийн Улиастай сумын 12в ангийн хамт олон. Бэлтгэсэн багш Т.Цэрэндолгор

    “Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо” -ны нэрэмжит шагналаар:

    -Б.Долгормаа (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайван ЕБС-ийн багш )

     Ахмад дипломат Г.Луузаны нэрэмжит шагналаар:

    -Б.Оюунжаргал (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 11а ангийн сурагч )

    – Ү.Эмүжин (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3б ангийн сурагч)

    Ахмад дипломат Ч.Намчины нэрэмжит шагналаар:

    -Б.Булган-Эрдэнэ (Увс аймгийн Наранбулаг сумын 8а ангийг бэлтгэсэн багш )

    -Б.Амаржаргал (Дорноговь аймгийн Замын – Үүд сумын 1 дүгээр сургуулийн багш)

    Жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналаар:

    -С.Жигмэдсүрэн (Нийслэлийн БГД-ийн нэгдүгээр хорооны ахмад настан -100 настай )

    Дипломат Н.Батын нэрэмжит шагналаар

    – Л.Сэмжидмаа (Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр сургуулийн багш)

    -Э.Мөнхдалай (Баянхонгор аймгийн 5 дугаар сургуулийн багш)

    Дараах 20 хүнд бүтэн жил сонин унших эрх:

    1. Б.Цэцэгмаа (Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 10г ангийг бэлтгэсэн багш)
    2. Ш.Бямбажав (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн ахмад настан )
    3. Б.Урангоо (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн МХУЗ-ын багш)
    4. Э.Энхсаруул (“Olimpus GYM”-ийн иогийн багш)
    5. Э. Ганганбайгаль (НЕБ-ын 67 дугаар сургуулийн 12в ангийг бэлтгэсэн багш)
    6. Ө.Энхжаргал (НЕБ-ын 52 дугаар сургуулийн МХУЗ-ын багш )
    7. Э.АлтжинЗавхан аймгийн ЕБ-ын “Чандмань- Эрдэнэ” сургуулийн 8б ангийн сурагч )
    8. Э.Номинжин (Завхан аймгийн ЕБ-ын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 8б ангийн сурагч)
    9. Ц.Норпил (НЕБ-ын 1 дүгээр сургуулийн МХУЗ-ын багш )
    10. Г.Мөнх-Ундрал (НЕБ-ын 23 дугаар сургуулийн МХУЗ-ын багш )
    11. Б.Цэвэлмаа (Увс аймгийн лаборатори 1 дүгээр сургуулийн МХУЗ-ын багш)
    12. Э.Урангоо (Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн МХУЗ-ын багш)
    13. Э.Баттогтох (Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” дунд сургуулийн МХУЗ-ын багш)
    14. 14. Ш.Ширнэн (“Монгол билиг оюун” сургуулийн багш)
    15. Ч.Доржсүрэн (Нийслэлийн СХД, 19 дүгээр хорооны ахмад настан)
    16. С.Цэнд-Аюуш (Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны ахмад настан)
    17. Б.Ням-Очир (Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ахмад настан )
    18. Ш.Ариунаа (Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар сургуулийн МХУЗ-ын багш)
    19. Б.Бямбасүрэн (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань – Эрдэнэ” сургуулийн МХУЗ-ын багш)
    20. Б.Амаржаргал (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн МХУЗ-ын багш)

    Хятад улс аж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

    1-р сарын 19-нд Хятад улс 2022 оны улс ардын эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг нийтлэв. Статистикээс үзэхэд, Хятад улсын аж үйлдвэрийн нэмүү өртөг 40 их наяд 200 тэрбум юаньд хүрч, үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 33 их наяд 500 тэрбум юаньд хүрсэн нь бүгд дэлхийд тэргүүлжээ. Аж үйлдвэрийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 36 хувьд хүрчээ.

    Робот нь “Үйлдвэрлэлийн салбарын оройн чимэг” гэгддэг. Хятад улсын робот үйлдвэрлэлийн хөгжил хурдацтай хөгжиж, дэлхийн үйлдвэрлэлийн салбар дахь Хятад улсын голлох байр суурийг улам бэхжүүлжээ.

    Олон улсын роботын холбоо IFR-ын статистикээс үзэхэд, Хятад улс дэлхийн роботын нэгдүгээр том зах зээл болжээ. Хятад улсын шинэ роботын тоо хэмжээ Америк тив, Европ тивийн нийт үйлдвэрийн хоёр дахинтай тэнцэж байна.

    КОВИД-19 цар тахлын улмаас олон компаниуд роботоор хүн хүчийг орлуулах үйл явцаа түргэтгэсэн юм. Хятад улсад аж үйлдвэрийн робот салбар бүрд өргөн ашиглагдаж, цахилгаан инженерийн салбарт 30 хувиар нэмэгдэн, ялангуяа цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийн шугамд робот гол хүчин болж байна.

    Хятадын засгийн газар роботын автоматчилсан хөгжлийг дэмжиж, үйлдвэрлэлийн таван жилийн төлөвлөгөөг нийтэлж, бодлого арга хэмжээ нь инновацийг илэрхий дэмжсэнээр, Хятад улс нь роботын технологи хийгээд аж үйлдвэрийн хөгжил дэвшилд тэргүүлэх байранд байна.

    Робот нь аж үйлдвэрээс ард олны өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх болж байна. Худалдаа дэлгүүрийн замын заалт, рестораны зөөгч, өрөө байрны цэвэрлэгээ, ахмад настнуудыг асран хамгаалах гээд үйлчилгээний төрөл бүрийн робот нь өдөр тутмын амьдралд нэвтэрсэн байна.

    ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Жайкатай хамтран ажиллана

    Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 59 гэрчийг дуудсан байна

    0

    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

    “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байгаа билээ.

    Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 59 гэрчийг дуудсан. Сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судална. Үүнд:

    1. ТОСК-Шинэ яармаг
    2. ТОСК Хөдөлгөөнт цогцолбор
    3. НВЦ ХХК
    4. Хааны харгуй ХХК
    5. Промон трейд ХХК
    6. Вояжер минерал ресурсес ХХК
    7. Шанх майнинг ХХК
    8. Ган хүдэр орд ХХК
    9. Инжир ХХК
    10. МБҮ трейд ХХК
    11. Сэлэнгийн герефорд ХХК
    12. БМНС ХХК
    13. ТОСК ТӨҮГ

      

    ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

    ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖГИЙН МЭС ЗАСЛЫН ҮНДЭСНИЙ БАГ БИЕ ДААН ХОЁР САРТАЙ НЯРАЙД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн баг бүрэлдэхүүн өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд уушгины венийн бүрэн буруу оролт оноштой хоёр сартай нярайд мэс засал эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийж амь насыг нь аварлаа.
    Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог бөгөөд энэ удаагийнх хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг бүрэлдэхүүн анх удаа бие даан хийсэн мэс засал юм.
    Өнгөрсөн онд тус эмнэлэг БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зочин профессорын хамтарсан багаар зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг оношлогдсон хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж, ажлын байрны мэс засал сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулсан.
    Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг нь 2012-2013 онд БНСУ-ын “Зүрхний сан”-гийн дэмжлэгтэйгээр тус улсын “Ионсэй Северэнси” эмнэлэгт манай эрүүл мэндийн салбараас анх удаа багаараа бэлтгэгдсэн өндөр ур чадвартай мэс заслын мэргэжилтнүүд бөгөөд  цаашид энэ төрлийн хагалгааг Монгол Улсад бүрэн хийх боломжийг бүрдүүлээд байна.

    Түүнчлэн Люксембург, Франц, Япон, БНСУ-ын хүүхдийн зүрх судасны мэс заслын багтай хамтарч жилд 5-6 удаагийн ийм төрлийн хамтарсан мэс засал-сургалтыг зохион байгуулж эмч мэргэжилтнээ сургаж дадлагажуулахын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг өөрийн орондоо, чанартайгаар хийлгэх боломжоор ханган ажиллаж ирсэн билээ.

    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.01.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Дөрөвдүгээр бүлэг буюу Засаглалын бодлогын 4.1.2-т “Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.” гэж, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

    Тэрбээр, олон улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлын хувьд Монгол Улс нь 2020 онд 194 орноос 120 дугаарт, цахим засаглалын кибер аюулгүй байдлын индексээр 160 орноос 123 дугаарт эрэмбэлэгдэж сүүлийн жилүүдэд Монгол Улсруу чиглэсэн интернэт хандалтад халдлагын шинжтэй урсгалын эзлэх хэмжээ нэмэгдсээр байна.

    Цагдаагийн байгууллагаас авсан тоон мэдээллээр 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн нийт 8563 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6865 буюу 80.2 хувь нь Улаанбаатар хотод, 1695 буюу 19.6 хувь нь орон нутагт, 0.04 хувь нь бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн бөгөөд эдгээрийг гэмт хэргийн төрлийн хувьд ангилж үзвэл залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг гэмт хэргүүд нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хэсгийг эзэлж байна.

    Дээр дурдсан цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн төрлөөс сүүлийн нэг жилийн хугацаанд залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өсөн нэмэгдэж, цахим орчны хэрэглэгчдийн тоо өсөх бүрт тухайн орон зайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчилтэй контентын тоо, төрөл нэмэгдэж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие махбод, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссээр байгаа нь статистик мэдээ баримтаас тодорхой харагдаж байна.

    Иймд цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байна гэлээ.

    Хуулийн төсөл нь 6 бүлэг, 12 зүйлтэй байх бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалтыг дурдвал:

    – Зөрчилтэй контентод хамаарах мэдээлэлд цахим сүлжээ ашиглан залилсан, хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан, хүүхдийн бие махбодь, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан мэдээллийг зөрчилтэй контентод тооцохоор тогтоосон.

    – Хүчирхийлэл, садар самуун, хүнийг амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан, хувь хүн буюу тодорхой бүлгийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг мэдээлэл нь зөрчилтэй контентод хамаарахаар тусгасан.

    – Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүн, хуулийн этгээдээс, зөвлөмж, шаардлагыг хуульд заасан эрх бүхий байгууллагаас Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж нь хүлээн авч, 72 цагийн дотор хянан шийдвэрлэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр, зөвлөмж, шаардлагыг ногоон сувгийн үйлчилгээ эрхлэгч болон олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх, эсхүл харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллахаар тусгалаа. Мөн олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ лавлагаа, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах, шинжээч ажиллуулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авч болохоор тогтоосон.

    – Олон нийттэй харилцах нэгж нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хохирох эрсдэлийг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийг соён гэгээрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс үүсэх хор аюулын талаар таниулах ажлыг олон нийтэд тасралтгүй явуулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулах, олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, хандлага, чадварыг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2023.01.18) гурван хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Үүнд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна.

    Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

    Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ.

    Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг  хэрэгжүүлэхэд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хүндрэл бэрхшээл үүсээд байгаа хэрэгцээ, шаардлагад үндэслэн шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогчдын эрхийг хангах зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж салбарын сайд танилцуулав.

    Тэрбээр, Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан нөхцөл байдлаас үзэхэд цаг хугацааны хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахууд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан шаардлага хангах боломжгүй болоод байгаа асуудал практикт үүсээд байна. Нөгөөтэйгүүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрээд байна.

    Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хангана.” гэж  заасан хугацааг “гурван жил” болгох өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

    Монгол Улсын эдийн засгийг сэргээх, тэлэх, эрчимжүүлэх үүднээс төрөөс хувийн хэвшлийг дэмжих зорилгоор төсөл, зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээл, тусламжийг олгож байгаа билээ. Гэвч энэхүү төсөл, зорилтот хөтөлбөр, зээл, тусламжийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, түүнчлэн өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулах ёс зүйгүй асуудал гарч байгаа талаар олон нийтийн зүгээс шүүмжлэл их дагуулж байна. Тухайлбал, иргэд, олон нийтийн зүгээс Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “нүүрсний хулгай” гэх зэрэг асуудалтай холбоотойгоор үзэл бодол, шүүмжлэлээ илэрхийлсээр байна. Эдгээр зүй бус асуудлууд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлагыг эрс нэмэгдүүлж, төрд итгэх иргэдийн итгэл бууруулахад хүргээд байна.

    Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдийг төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, зээл тухайлбал, боловсролын сангийн зээлд хамруулж, иргэдийн сурч боловсрох боломжийг хязгаарлаж байна гэх олон нийтийн хардлага нэмэгдсээр байна. Иймд иргэдийн сурч боловсрох эрхийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нөлөөллөөс ангид, тэгш, хүртээмжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна.

    Олон улсын чиг хандлагаас харахад, төрийн албан хаагчийн ёс зүй, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдний хөрөнгө, орлогыг ил тод болгох, хянах, зарим төрлийн хязгаарлалтыг тухайлсан хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулж байгаа туршлагууд байна.

    Иймд олон улсын туршлагаас жишиг авч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим үйл ажиллагааг хориглох талаар зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн зарим зохицуулалтыг хуулийн төсөлд тусган болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

    Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадгаас гадна танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмж тусгалаа. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер шалгаруулалт оролцох боломжтой байсныг өөрчлөн бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгажээ.

    Мөн олон улсын туршлагаас жишиг авч, Монгол Улсын онцлогт нийцүүлэн улс төрд нөлөө бүхий зарим этгээд болон тэдний хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдгээрт хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай гэж үзлээ. Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж байгаа хүн байхаар тодорхойлсон бөгөөд тэдгээрийн улс төрд нөлөө бүхий этгээдэд нөлөөлөх хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох нэмэлтийг тусгажээ.

    Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицууллаа. Түүнчлэн эдгээр хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээд болон эрх бүхий албан тушаалтанд хариуцлагыг хүлээлгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

    Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

    Хууль тогтоомжийн тухай хууль нь 2015 онд батлагдсан, 11 бүлэг, 53 зүйлтэй. Уг хуульд батлагдсанаас хойш нийт 7 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Хуулийн төсөлд нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, тодорхой зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож байгаа тул  Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуулийн төсөлд зарчмын шинжтэй орсон зарим өөрчлөлтүүдийг дурдвал:

    – Хуулийн төсөлд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулахаар, үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлохоор тусгасан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын гишүүдээс санал авч Засгийн газрын санаачлах хуулийн төслийг тусгадаг тул  Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулахаар тусгажээ.

    – Хуулийн төслийн төрлийг анхдагч, хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн шинэчилсэн найруулгын тухай болон хууль хүчингүй болсонд тооцох тухай гэж шинэчлэн тогтоож, тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр бол багц хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж болохоор орууллаа. Өөрөөр хэлбэл багц хуулийн төсөл нь хуулийн төслийн төрөл биш бөгөөд дээр дурдсан хуулийн төслийн төрлөөр Хууль тогтоомжийн тухай хууль болон хуулийн тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу холбогдох хуулиудыг санаачилж, тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж хууль шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хууль тус бүрийн агуулгыг нэгтгэн нэг үзэл баримтлал тодорхойлохоор тусгажээ.

    – Хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхээр, уг тайлбарт хуулийн төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулахаар заасан байна.

    – Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулахаар тогтоожээ.

    – Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг заасанд нийцүүлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаарх нэмэлтийг тусгажээ.

    – Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчилж, үйл ажиллагааны дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх, үүнээс бусад үнэлгээ, судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болохоор чиг үүргийг тодорхой тусгахаар болжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    ИЦББХ: Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав

    0

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.01.18/ хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 54,5 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

    Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Э.Батшугар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

    Төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бямбадулам танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Цахим парламентын үйл ажиллагааг нэвтрүүлэх Улсын Их Хурлын шинэчлэлийн зорилтын хүрээнд Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас буюу D-Parliament.mn,  гар утасны апликейшнаар дамжуулан хэрэгжүүлж болохоор заасныг дурдлаа.

    Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсэгт иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаарх саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болно. Албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 мянга ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 мянга буюу түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш иргэд дэмжсэн бол саналыг хэлэлцэхээр заасан гэв.

    Түүнчлэн дээрх хуулийн 391.4 дэх хэсэгт санал авах нарийвчилсан журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батлахаар заасныг онцлоод Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 498 дугаар захирамжаар санал авах нарийвчилсан журмыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад 5 зүйлтэй, 26 заалттай журам боловсруулсан гэж байлаа.

    Цахим системээр санал авах үйл ажиллагаа 2 үе шаттай аж.

    -Эхний шатанд иргэн тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, хуулийн төслийн талаарх санал гаргах асуудлаас сонгож саналаа гаргахаар;

    -Дээрх 3 асуудлаас сонгож, 1000 иргэний дэмжлэг авснаар хоёр дахь шатны санал авах үйл ажиллагаа эхлэх бөгөөд саналыг санал авах цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулахаар, хэрэв иргэдийн санал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2-т заасан тоонд хүрсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болохоор;

    -Санал авах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг тодорхойлох;

    Санал авах үйл ажиллагааны үр дүнг Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлэх, ээлжит чуулганы үед бол 14 хоногийн дотор, ээлжит чуулганы чөлөө цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор холбогдох Байнгын хороо авч хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулахаар;

    Улсын Их Хурал нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор цахим зөвлөгөөн зохион байгуулах асуудлыг тусгасан талаар тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байв.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Идэрбат, Х.Ганхуяг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ анхан шатанд босго оноог D-parlaiment.mn цахим хуудсанд хандах иргэдийн оролцоог харгалзан үзэж, багасгах саналтай байлаа. Мөн уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс тогтоолын төслийн 3.5-д заасан “1000” гэснийг “100” гэж өөрчлөхөөр зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

    Эцэст нь Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь  дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

    Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна.
    Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа гарсан.
    Өнөөдрийн байдлаар цахимаар 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлт өгчээ. Мөн Улаанбаатар хот, орон нутагт 37478 иргэн утсаар холбогдож,  22389 иргэн сум болон хороондоо очиж нийт 69910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар мэдээллээ шалгуулж, зөвлөгөө авсан байна.
    Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг засварлаад байна. Сум,  хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж байна.
    Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар шуурхай удирдлагын баг гаргаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж байна.

    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    Цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байгаа юм.
    Товч мэдээ
    ·      Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 100.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна.
    ·      Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    ЕРӨНХИЙ ГЭРЭЭГЭЭР ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

    0

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтын явц, тендерт оролцогчдын талаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдээлэл хийлээ.

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах үүргийг даалгасан.

    Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хил нөхцөлөөр нүүрс борлуулахтай холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 30 хоногийн хугацаатайгаар зарласан.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 9.30 цагт дуусаж, тендерийн нээлтийг 9.50 цагт нээхэд нийт 218 компаниас 23 багцад 377 тендер ирүүлсэн байна.

    Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн үнэлгээг шуурхай хийж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөрт багтаан шийдвэрийг хүргүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлэв.

    Нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд нийт 6 удаа сургалтыг зохион байгуулж, тендерийн өмнөх уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 290 хүнийг оролцуулан зохион байгуулан ажилласан байна.

    Дараах холбоосоор тендерт оролцсон компаниудын үнийн санал багцын мэдээллийг харах боломжтой.

    https://datastudio.google.com/embed/reporting/34bde3bf-930c-46bb-a13b-68476b8d3d09/page/o58AD