More

    2023 оны сар шинийн баярын хүлээн авалт боллоо

    ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл энэ сарын 20-нд Ардын их хурлын ордонд 2023 оны сар шинийн баярын хүлээн авалт зохион явууллаа. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин үг хэлж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн өмнөөс үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Тайваний ахан дүүс болон гадаадын харьяат нарт сар шинийн мэндчилгээ хүргэжээ.
    Ли Кэчян хүлээн авалтыг даргалж, Ли Жаньшү, Ван Ян, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Хань Жэн, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши, Ван Чишань нар хүлээн авалтад оролцов.
    Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, “Өнгөрөн одож байгаа хар бар жил Хятадын нам төрийн хөгжлийн түүхэнд чухал жил боллоо. Ээдрээ будлиантай олон улсын орчин болон улсын дотоодын өөрчлөлт шинэчлэлтийг тогтвортой байлгах хүнд нүсэр үүргийн өмнө нам, арми, үндэстнүүд эв санаа нэгтэй тэмцэн, эрс шийдэмгий шаргуу тэмцэн хүчир бэрхийг ялан давж, социалист орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг бичиглэсэн юм” гэлээ.
    Ши Жиньпин хэлэхдээ, “Энэ оны дээрх амжилт ололт амар ирээгүй. Нам ард түмэн хамтдаа шаргуу тэмцсэний дүнд олсон амжилт юм. Нам ард түмэн үргэлж хамт байж, хамтаар тэмүүлж зүтгэвэл ямар ч салхи бороо, хүчир бэрхийг даван гарч чадна” гэжээ.
    Ши Жиньпин хэлэхдээ, “2023 он бол ХКН-ын 20-р их хурлын зориг санааг бүх талаар хэрэгжүүлэх эхний жил, хүсэл тэмүүлэл сорилт хамт орших нэгэн жил болно. Бид тогтвортой байдлыг чухалчилж, тууштайгаар урагшлан улсын дотоод гадаадын том асуудлыг сайтар зохицуулж, халдвар хамгаалалт болон эдийн засаг нийгмийн хөгжлийг сайтар анхаарч, хөгжил, аюулгүй байдлыг сайтар бодолхийлж, өөрчлөлт нээлттэй байдлыг гүнзгийрүүлж, эдийн засгийн эргэлтийг чармайн сайжруулж, хүмүүсийн амьдралыг үргэлжлүүлэн дээшлүүлэх болно. Бид итгэл дүүрэн хичээнгүй зүтгэвэл шинэ аян замын сайн эхлэлийг тавьж чадна” гэсэн байна.
    Хүлээн авалтад ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, УТЗЗ, Цэргийн төв зөвлөлийн удирдах хүмүүс болон ахмад нөхөд оролцжээ. Урлагийнхан хүлээн авалт дээр шилдэг тоглолт сонирхуулсан байна.

    ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 40 СУРГУУЛЬД ФИЗИКИЙН ТУРШИЛТАТ ХИЧЭЭЛИЙН БАГЦ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

    Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар МУБИС-ийн дэргэдэх гарааны компанид хийгдсэн физикийн туршилтат хичээлийн 240 багц хэрэглэгдэхүүнийг 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын 40 сургуульд хүлээлгэн өглөө.
    МУБИС-ийн Математик, байгалийн ухааны эрдэмтэн багш нар 2021 оноос эхлэн физикийн хичээлд хэрэглэгддэг туршилтын багажийг хийж эхэлсэн бөгөөд 10 жилийн хугацаанд сайжруулан багц хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлсэн байна.
    Ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн физикийн хичээлийн “Цахилгаан электроник” бүлгийн агуулгыг судлахад энэхүү багц хэрэглэгдэхүүнийг ашиглана.
    Туршилтат хичээл зохион байгуулах, тоног төхөөрөмж дээр ажиллах, ашиглах чиглэлээр физикийн багш нар 2 өдрийн сургалтад хамрагдаж байна.

    БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

    Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгийн 2023-2024 хичээлийн жилийн бүртгэл 01 дүгээр сарын 10-нээс 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал https: //tbbs.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар явагдана.

    Тэтгэлэг үндсэн хоёр үе шатаас бүрдэнэ:

    Эхний шат:

    https: //tbbs.turkiyeburslari.gov.tr цахим хуудасруу нэвтэрч өөрийн бүртгэлийг үүсгэн шаардагдах бүхий л мэдээлэл болон бичиг баримтыг зохих журмын дагуу хавсаргана. Дэлгэрэнгүй мэдээлэл дээрх цахим хуудаст байршсан байгаа.

    Дараах шат:

    Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилигчид Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ярилцлаганд дуудагдана. Ярилцлаганд ороход турк болон англи хэлний мэдлэг шаардахгүй.

    Тэтгэлэгт юу хамаарах вэ?

    1. Онгоцны тийз /Анхлан Турк Улс руу зорчих болон төгсөөд Монгол буцах тийз/
    2. 1 жилийн хэлний бэлтгэлийн төлбөр
    3. Их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөр /Суралцах хугацаандахь төлбөр/
    4. Сар бүрийн мөнгөн тэтгэлэг:
    • Бакалавр – 1000 лир;
    • Магистр – 1400 лир;
    • Доктор – 1800 лир;
    1. Эрүүл мэндийн даатгал
    2. Дотуур байрны төлбөр /Дотуур байранд амьдралгүйгээр байр түрээслэх сонирхолтой Магистр, Докторын оюутнуудад сар бүр 750 лир/

    Нийт тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:

    1. Турк Улсын иргэншилгүй байх
    2. Турк Улсын аль нэг Nх, дээд сургуульд бүртгэлгүй, сурдаггүй байх

    Бакалавр

    • 21 нас хүрээгүй байх
    • Дүнгийн голч оноо 70%-иас доошгүй байх

    Магистр

    • 30 нас хүрээгүй байх
    • Дүнгийн голч оноо 75%-иас доошгүй байх

    Доктор

    • 35 нас хүрээгүй байх
    • Дүнгийн голч оноо 75%-иас доошгүй байх

    Холбоосууд:

    Facebook      : Türkiye Bursları

    Twitter            : @TurkiyeBurslari

    Youtube         : Türkiye Bursları

    Web                : www.turkiyeburslari.gov.tr

    “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

    0

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайМонгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайМонгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлДотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

     

    “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа

    Дараа нь “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төсвийн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан тогтоолын хэрэгжих хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

    Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын хэрэгжих хугацааг 01 дүгээр сарын 30-ны өдөр болгон өөрчлөх саналыг дэмжин, тогтоолыг эцэслэн баталлаа.

    “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг батлав

    Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

    Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлах зохицуулалтын дагуу Байнгын хороодоос 36, Монгол Улсын Засгийн газраас 66, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 37, Ардчилсан намын бүлгээс 31 санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 170 хууль, тогтоолын төслийн саналаас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан 58 хууль, тогтоолын төслийг тусгалаа хэмээн танилцуулав.

    Мөн Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.

    Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан нэн түрүүнд батлах шаардлагатай хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлахдаа ач холбогдлоор нь эрэмбэлэх, хууль, тогтоолын төслүүдийг батлах, хэлэлцэх гэж ангилах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх нь зүйтэй талаар тус тус саналаа илэрхийлжээ.

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тогтоолын төсөлд тусгах талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуусан. Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан 40 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар тусган УИХ-ын 02 дугаар тогтоолыг баталсан. Эдгээрээс 13 хуульд өөрчлөлт оруулаад байгаа. Үлдсэн хуулиудаа хэзээ батлах вэ. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгасан уу хэмээн тодруулсан.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, тогтоолын төслийн гуравт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай гээд тодорхой зааж оруулсан байгаа. Тэгэхээр хуулийн төслүүдийг өргөн баривал хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтах боломжтой гэсэн хариулт өгсөн.

    Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг батлав.

    Тогтоолд доорх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.

    1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

    4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    6/Байгаль орчны багц хуулийн төсөл;

    7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

    10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

    11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

    12/Газрын багц хуулийн төсөл;

    13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

    14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

    15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

    17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

    18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

    20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    22/Казиногийн тухай хуулийн төсөл;

    23/“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

    25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,    2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

    26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

    30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

    32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

    33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

    34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

    36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

    37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

    39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

    40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

    47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

    50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

    51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

    53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

    56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

    57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах  тухай хуулийн төсөл.

    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

    Дараа нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан.

    Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн холбогдох зарим зүйл, хэсэг, заалтыг уялдуулах талаар гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 81.8 хувийн саналаар дэмжсэн байна.

    Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэх, олон нийтийн санаа бодлыг шаардлага байна хэмээн мэдэгдээд, хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдсэн.

    УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгснөөр нэгдсэн хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    ТБХ: “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    0

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.01.20/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал даргалсан.

    “Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.1.1-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд санал хэлсэн. Тэрбээр, тогтоол хэлэлцэн батлагдсанаар Засгийн газар, Улсын Их Хурлаас аливаа татварт өөрчлөлт орохгүй, цаашлаад АИ-92 автобинзений үнэ өсөхгүй гэдгийг иргэд, олон нийт, нийгэмд мэдэгдэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

    Хуралдаан даргалагчийн зүгээс тогтоолын төслийг Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан 12 дугаар тогтоолын үйлчлэх хугацааг сунгах шийдэлд хүрч буйг онцлон тэмдэглэлээ.

    Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн 5 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Иймд  Улсын Их Хурлын Ж.Батжаргал “Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    АБГББХ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.20) хуралдаан 09 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

    Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүй, нээлттэй үлдээж, Байнгын хороонд шилжүүлсний дагуу бэлтгэсэн саналын томьёоллууд болон санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналыг мөн бэлтгэсэн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулав.

    Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-ын дагуу дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух дэгтэй. Харин өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

    СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

    0
    Гэмтэл согог судлалын үндэсний төвд орон нутгийн сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын баг энэ сарын 18-ны өдөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар уулзалт хийж, лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Тус уулзалтанд Дорноговь аймгийн Зам-Үүд, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд  оролцсон бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилт болон тусламж үйлчилгээний талаар санал бодлоо солилцсон юм.
    Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард ЭМЯ-наас зохион байгуулсан эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын уулзалтаар ГССҮТ-өөс санхүүжилтийн шинэ тогтолцооны арга туршлагаа хуваалцаж, “Сайн туршлагын жишиг төв”-ийн  танилцуулга хийсэн билээ.
    Энэ хүрээнд орон нутгийн болон бусад эрүүл мэндийн байгууллагаас ГССҮТ-д хандаж, эмнэлгийн хагас бие даасан тогтолцоо болон гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаарх туршлага судалж эхэлсэн байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг хүлээн авч уулзав

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулах нь нэн чухал болохыг онцлов.

    Тэрээр хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссыг шинээр байгуулахаар ажиллаж байгааг сайшаав.

    ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих байгалийн хий дамжуулах хоолой, өндөр хурдны автозам, төмөр замын шинэчлэл зэрэг төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

    БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив

    Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ким Жун Гү 2023 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

    Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв.

    Уулзалтын үеэр Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн эрх ашгийг харилцан хамгаалах, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгийн нөөцийг БНСУ-ын шинэ дэвшилтэт технологи, ноу-хаутай хослуулан эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав.

    Мөн хоёр улсын харилцааны үндэс суурь болсон иргэдийн солилцоог дэмжих, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодит үр дүн гаргаж ажиллахын чухлыг тэмдэглэв.

    Элчин сайд Ким Жун Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутаг дахь БНСУ-ын чухал түнш улс гэдгийг онцлов. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэмдэглэн хэлсэн зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

    Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.

    ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
    • Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерын мэдлэг, ур чадварыг харуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын удирдах албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Огнооны Нацагдорж нарын зургаан алба хаагчийг;
    ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
    • Цэргийн багийн ажиллагааны удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулсан дэд хурандаа Нармандахын Гэрэлбадрах нарын 17 алба хаагчийг;
    ЭНХИЙН ТӨЛӨӨ МЕДАЛИАР:
    • Энхийг сахиулах ажиллагаанд анх удаагаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Батсүхийн Хишигсүрэн, ахлах дэслэгч Ганбатын Симбажав, ахлах ахлагч Галчигийн Октябрь, дэд ахлагч Пүрэвсүрэнгийн Мөнхсаран нарын 417 алба хаагчийг шагналаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ  нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад баяр хүргэв.

    Мөн үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх боломж бүрдүүлэн, бат бэх ар тал нь байж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрдэг гэр бүлд нь талархал илэрхийлэв.

    Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчид 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 11 ээлжийн багт 9,500 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн юм. Эдүгээ 12 дахь ээлжийн бие бүрэлдэхүүн тус улсад үүрэг гүйцэтгэж байна.