More

    Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээг эхлүүлнэ

    0

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа.
    Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

    1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.
    Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамтарсан судалгааг 2021 онд дуусгасан бөгөөд дотоодын процедураа хангаж, ажлын даалгавраа тохиролцсоноор хэлэлцээрийн төслийн яриа, хэлэлцээг эхлүүлнэ.

    2.    Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.

    Санамж бичгийг байгуулснаар газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ховор металлын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулна.

    3. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.

    Энэхүү хэлэлцээрийн дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан хороо байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хөгжлийг цогцлооход хамтран ажиллана. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

    4.    Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.
    Талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд цэргийн нууцын зэрэглэл бүхий мэдээллийг харилцан хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах салбарт албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

    5.    Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөрт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён гарын үсэг зурав.

    Соёл, урлаг, кино үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, хөгжмийн салбарт мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан сургах, солилцох, хамтын бүтээл туурвих, туршлага солилцох, хоёр улсад зохион байгуулагдах олон улсын урлагийн наадам, симпозиум, семинар болон бусад үйл ажиллагаанд уран бүтээлч, төлөөлөгчдийг харилцан оролцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

    6.    Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн захирагч Ли Сан Рэ гарын үсэг зурав.

    Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилгод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын “Орхоны хөндий”, “Хөшигийн хөндий”-д ухаалаг, шинэ хот байгуулахад хамтран ажиллана.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзав

    0

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзав.

    Хатагтай Ким Ён Жү Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв.

    Цаашид “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн солилцоог дэмжих зэргээр БНСУ-ын талтай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

    Хоёр улс НҮБ болон олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хамтран ажиллаж байгааг хэлээд, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүсэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү илэрхийллээ.

    Энэ хүрээнд Солонгосын “Ногоон эмнэлэг”-тэй хамтран хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлж, хоол тэжээлийн дутагдал, амьсгалын замын  өвчний эмгэгийн үеийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ монгол эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөснөө танилцуулав.

    Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв.

    Нэгдсэн хэлэлцүүлэг “Парламентын ардчилал” сэдвийн хүрээнд үргэлжилж байна

    0

    “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт “Парламентын ардчилал” сэдвийн /2023.02.14/ нэгдсэн хэлэлцүүлэг үргэлжиллээ.

    Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд удирдан явуулсан юм.

    Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Р.Гончигдорж илтгэл тавилаа. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнгийн талаарх танилцуулгад, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 19 зүйл, 36 заалттай бөгөөд Үндсэн хуулийн 28.5 хувийг нь хөндсөн гэдгийг дурдаж байлаа.

    Тэрбээр, энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 30 орчим хууль батлагдахаар тусгагасан ч бүрэн шинэчлэх хугацааг нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тогтоож мөрддөг суурь зарчимтай. Ингэж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж, иргэд, ард түмний амьдралд ач тусаа өгдөг. Гэтэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан хуулиудын тал  хувь нь л батлагдсан байна. Энэ бүхнийг хэлж байгаагийн учир нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг шүүмжлэх гэдэг утгаараа биш үр дүнг нь, хүсэн хүлээж байгаа тэрхүү нөхцөл байдлыг цаашид яаж хангах ёстой вэ гэдэгт санал бодлоо хуваалцаж байгаагаа илтгэгч онцолсон.

    2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар төлөвлөсөн боловч оруулж чадаагүй асуудлыг зайлшгүй хийх шаардлагатай. Тухайлбал, бидний нэг ололт нь  Засгийн газрын бие даасан байдлыг хангах, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх чиглэлийг тусгаж, ингэснээр гүйцэтгэх засаглалын зарчмыг хэрэгжүүлсэн болов ч үүнийг бусадтай нь уялдуулж чадаагүй гэж байлаа.

    Мөн Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэхийг дэмжих эсэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулахыг л зөвшөөрч, Зургадугаар бүлгээрээ тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийг халах, шинэ Үндсэн хууль батлах харилцааг зохицуулаагүй тул төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчмын үүднээс УИХ шинэ Үндсэн хуулийг шинэчлэн найруулах буюу шинээр батлах, халах нь одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулийн дэглэмээс гадуур зүйл хэмээн үзэж байгаагаа хэлсэн.

    Тэрбээр, Үндсэн хуульд нэг дор олон зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тэр тусмаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн зохицуулалтыг хавсралт хуулиар нягт нямбай, нарийн хийхгүй бол бэрхшээл дагуулж, хэрэгжилт нь удааширч, зорьсон үр дүндээ хүрч чаддаггүй байдлыг 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс харагдаж байгааг онцлон тэмдэглэв.

    Түүнчлэн иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх асуудлын хүрээнд ярихдаа, парламентын төлөөлөх чадавх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх нь чухал үзүүлэлт болдог. Парламентын төлөөллийн чадавх нь сайн байвал Үндсэн хуульд туссан төлөөллийн ардчилал бэхжинэ. Монгол Улсын хүн ам 1992 онд 2 сая 154 мянга байсан бол өнөөдөр 3 сая 500 мянгад дөхөж байна. Иймд Үндсэн хуулийн үзэл санаагаа батжуулж, УИХ-ын гишүүдийн тоог 30 мянган хүн амаас нэг байхаар буюу 120 болгож, парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.

    Хэлэлцүүлэг Үндсэн хууль судлаач, эрх зүйн магистр (LLM) Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбатын илтгэлээр үргэлжиллээ.

    Тэрбээр илтгэлдээ, Үндсэн хуулийг шинэчилсэн найруулгад  хоёр янзын тайлбар байна. Нэгдүгээрт нь шинэ Үндсэн хуулийг батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн хоёр янзын тайлбар байдгийг тодотгоод өнөөдрийн байдлаар бид Үндсэн хуулийн нийт заалтын 35 хувийг огт хөндөөгүй, парламентын засаглал, ардчилсан нийгмээс ухраагүй тул шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй гэдгийг тэмдэглэв.

    Монгол Улсын түүхээс үзэхэд үндсэндээ дөрвөн Үндсэн хуулийг сүүлийн зуун жилийн турш хэрэгжүүлсэн байна. 1924 оны Үндсэн хууль 16 жил, 1940 оны Үндсэн хууль 20 жил үйлчилж, 18 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бол 1960 оны Үндсэн хууль 31 жил үйлчилэхдээ 18 удаа нэмэлт, өөрчлөлт орсон, 1990 оны Үндсэн хууль 31 дэх жилдээ үйлчилж, гурван удаа өөрчлөлт орсныг тэмдэглээд өнөөгийн Үндсэн хууль нь Монгол Улсад хамгийн урт удаан, тогтвортой үйлчилж байна.  Үүнийг  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тооноос харж болно гэж байлаа.

    Мөн тэрбээр, улс төрийн намын хөрөнгө оруулалт хөрөнгө орлогын эх үүсвэр зарцуулалтыг олон нийтийн хяналттай болгох асуултыг хөндлөө.

    Өнөөдрийг хүртэл бид улс төрд эргэлдэж байгаа мөнгийг баталгаатай хянаж чадахгүй байгаа. Дээрээс нь нийцтэй, оновчтой механизмыг бий болж чадаагүй байгааг дурдаад улс төрийн намын санхүүжилт, улс төрийн санхүүжилт гэдэг нь ардчиллыг санхүүжүүлж байгаа чухал үйл явц юм. Тийм учраас намын тухай зохицуулалтыг 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

    Өөрөөр хэлбэл, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө орлогын эх үүсвэр зарцуулалт нь нийтэд ил тод байх ёстой гэж үзэж Үндсэн хуулиараа шаардлага тавьсан. Мөн намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, улмаар төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн нөхцөлийг хуулиар тогтооно гэсэн. Энэ хуулийн төсөл одоо хүртэл батлагдаагүй байгааг дурдлаа.

    Дараа нь сэдвийн хүрээнд хэсгүүдийн хэлэлцүүлэг болж, үргэлжлүүлэн нэгдсэн хэлэлцүүлэгт оролцогчид асуулт, асууж, хариулт авч байна.

    Оролцогчдын асуултад Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хууль судлаач О.Машбат, “Агора” институт судалгааны хүрээлэнгийн захирал, улс төр судлаач Д.Оргил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Гэрэлт-Од, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нар хариулж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    С.ЧИНЗОРИГ:ЭМИЙН ЧАНАР БОЛОН ҮНЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

    0
    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхантай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцлаа.
    Хүний амь нас, эрүүл мэнд цаашлаад монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эмийн чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй энэ газар Засгийн газрын 2021 оны шийдвэрээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэх гэж буй ч өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор нь хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтай, эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зохицуулалт хангалтгүйгээс гадна эмийн хяналт, зохицуулалтад нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй зэрэг тулгамдсан олон асуудал байгааг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Зэндмаа танилцуулсан.

    Тус газар эмийн бүртгэлийг хариуцдаг бөгөөд эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг үнэлэх шат дараалсан үйл ажиллагааг явуулж  бүртгэлийг 85-110 хоногт хийдэг. Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 4196 нэрийн эм бүртгэлтэй байгаагийн 80 хувь нь импортоор орж ирдэг. Үндэсний үйлдвэрийн эмийн 55 хувь нь буюу 469 нь уламжлалт, 45 хувь буюу 388 нь европ. Импортын эмийн 42 хувь нь ДЭМБ-ын хатуу зохицуулалттай 30 орноос ирдэг бол бусад 29 улсаас 58 хувийг нь хангадаг байна. Сүүлийн  жилүүдэд хатуу зохицуулалттай улс орноос оруулж ирэх эмийн хэмжээ буурч байгаа гэсэн мэдээллийг тус газрынхан өгч байлаа.

    Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй дотоодын 43 эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагийн ес нь GMP эмийн үйлдвэрийн зохистой дадал, стандартын шаардлага хангасан батламж авсан бөгөөд эмийн үйлдвэрүүд нийтдээ 806 нэр төрлийн эм үйлдвэрлэж буйн 59 хувь нь олон улсад харилцан хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн байдаг аж.
    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус газрынханд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулахдаа эмийн чанартай холбоотой асуудалд онцгой анхаарч, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийг чадавхижуулж олон улсын жишигт нийцсэн лабораторитой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцолсон. Эмийн чанарын хяналт, баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулж буй лаборатори эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд байр, тоног төхөөрөмж, урвалж, стандарт бодис, хүний нөөцийн хувьд дутагдалтай. Тодруулбал, олон улсад эмийн чанарын хяналтыг найман үзүүлэлтээр гаргадаг бол манайд ердөө гурвыг нь л хийж байгаа. Энэ байдлыг сайжруулахад 5.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлаагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байна. Энэ асуудлыг улсын төсвөөс гадна ДЭМБ болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгээр шийдвэрлэх арга замыг судалж шийдвэрлэх боломжтойг С.Чинзориг сайд хэлээд лаборатори олон улсын жишигт нийцэж байж эмийн чанарын хяналтыг шаардлагатай түвшинд хийх  боломжтой болох тул энэ асуудалд онцгой анхаарна гэсэн юм.
    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын хэлснээр хуулийн төсөлд зарчмын хэд хэдэн асуудлыг тусгаж буй бөгөөд эхний ээлжинд малын эмийн тухай хууль, хүний эмийн тухай хууль тусдаа байх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Мөн эм, тарианы зохицуулалттай холбоотой асуудалд төр оролцох ёстой, өөрийн гэсэн байр суурь, дуу хоолойтой байх ёстой гэдэг утгаар зарим зохицуулалтуудыг хийх шаардлагатай байгааг тайлбарлаж байв.
    Тэрбээр эмийн үнэтэй холбоотой асуудлаар “Иргэд эмийн үнэтэй холбоотой  асуудал их ярьдаг. Оны өмнө тойргийн сумдаараа явахад өргөн хэрэглээний бараа, эмийн үнийн өсөлтийг зохицуулах боломж байна уу гэдэг асуултыг олон хүн тавьсан. Тиймээс ҮСХ-ноос үнийн өсөлтийн судалгаа авч үзэхэд нэг жилийн хугацаанд эмийн үнэ дунджаар 40 хувиар өссөн, зарим төрлиийн эм, тухайлбал, хүүхдийн дархлааны виферон лааны үнэ бүр хэд дахин өссөн байсан. Зах зээлийн үед төрөөс эмийн үнийг хатуу зохицуулах боломжгүй ч бид ямар нэг алхам хийх ёстой” гэсэн юм.

    Мөн эм, тарианы улсын нөөцтэй байхыг хуульчлах шаардлага байгааг онцлоод “Манай улсын импортын эмийн хангамжийг хувийн хэвшил гүйцэтггэдэг учраас улсын нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй.  Гамшиг ослын үед гэхчилэн шаардлагатай тохиолдолд хэрэглэдэг эм, тарианы улсын аюулгүйн нөөц гэж байх ёстой гэж үзэж байгаа тул энэ төрлийн зохицуулалтыг ч хуульчлах шаардлага байгаа” гэв.
    Эмээс гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн нэрээр олон нийтэд сурталчлан борлуулж буй зүйлст хяналт тавьдаг байх, монгол хүний бие организмд нийлэмжтэй эсэхэд эмнэл зүйн тандалт хийдэг байх зэрэг хэд хэдэн тодорхой асуудалд анхаарахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынханд үүрэг болгоод тус газрыг өөрийн гэсэн байртай болгох, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж буй байцаагч нарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах, мэргэжлийн хувьд чадавхижуулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийнэ гэдгээ хэлсэн.

    УХААЛАГ ЗАСАГ-2 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТАРНА

    0
    ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дижитал практик хөгжлийн менежер ноён Махеш Уттамчандани тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.02.14/ хүлээн авч уулзлаа.
    Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсад зочилж, цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжсэнд баяр хүргэн, Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх Ухаалаг засаг-2 төслийг эхлүүлэхээр болсонд талархаж буйгаа илэрхийллээ.
    May be an image of 8 people and people standing
    May be an image of 2 people, people standing, suit and indoor
    Ухаалаг засаг-2 төслийн хүрээнд цахим шилжилт хийх орчныг бүрдүүлэх, цахим шилжилтийн дэд бүтцийг сайжруулах, цахим эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг ажлыг төлөвлөн, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай хамтран 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

    Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо

    0

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж буй. Түүний дотор иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг таван “Ш” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг танилцууллаа.
    Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо үлэмж нэмэгдэж, БНСУ-д эмчлүүлэх, аялал жуулчлалаар явах болон суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1999 онд 5,000 орчим байсан бол эдүгээ 200 мянгад хүрч, манай улсын 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгааг дурдав.
    Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох” жилээр зарласантай холбогдуулан БНСУ-ын иргэдийг энэ хугацаанд визээс чөлөөлж, манай улсад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн энэ хугацаанд визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд  БНСУ-ын Хууль зүйн сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.

    Хууль зүйн сайд Хан Дун Хүн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх чиглэлд цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагаанд амжилт хүсээд, энэ чиглэлд хамтарч ажиллах, тэр дундаа Солонгосын талаас эрх зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцоллоо.
    Монгол, солонгос иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг БНСУ-ын Хууль зүйн яам нухацтай судалж буйг хэлээд, иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал үзүүлэлтийн нэг нь хууль бусаар оршин суугаа иргэдийн тоог бууруулах, тухайн улсын хууль журмыг дээдлэн харилцан адил мөрдөхийн чухлыг тэмдэглэлээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын зүгээс Яньян болон Жэжү рүү зорчих бүлэг жуулчдыг визгүй зорчих шийдвэр гарган хүчин төгөлдөр хэрэгжиж буйг дурдаад цаашид монгол иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.

    МОНГОЛ, СОЛОНГОСЫН БИЗНЕС ФОРУМ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

    0

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл хотод өнөөдөр болсон Монгол, Солонгосын бизнес форумд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

    Монгол, Солонгосын бизнес форумыг Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч, Солонгосын талаас  төр, хувийн хэвшлийн 110 байгууллагаас оролцлоо. Энэ үеэр хоёр тал бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.

    Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Монгол Улсын Геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа”, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголын бизнесийн орчин”, Солонгосын олон улсын эдийн засгийн бодлогын  хүрээлэнгээс “Монгол-Солонгосын Эдийн засгийн хамтын ажиллагааны өнгөрсөн 33 жилийн ололт, амжилт ба Түншлэлийн хэтийн  чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
    Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Ким Ёнг Хүн, БНСУ-ын Худалдаа, үйлдвэр эрчим хүчний яамны дэд сайд Жонг Дэ Жин нар үг хэлэв. Монгол Улсын хувийн хэвшил хоорондын харилцаа шинэ шатанд гарахад дэмжлэг үзүүлэхийг онцлоод, Монголын газрын ховор элемент тэр дундаа зэс, жонш олборлох, боловсруулах чиглэлд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

    Монгол, Солонгосын бизнес форум зохион байгуулсан нь Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар Солонгосын хувийн хэвшлийн төлөөлөлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАК ЖИН-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд хоёрдугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзав.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад хэргийн сайд Пак Жинтай түүний 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дараа Сөүл хотноо дахин уулзаж байгаад баяртай байгааг илэрхийлээд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
    Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж буйг дурдаад энэ удаагийн айлчлалын үеэр Монголд зочлох жилийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг зохион байгуулж буйг онцлон тэмдэглэлээ.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх талаар талууд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

    БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар 2023 онд гадаад улс орнуудад хэрэгжүүлэх дээд түвшний анхны айлчлалыг БНСУ-аас эхлүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр улсын Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамд хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө биечлэн анхаарч ажиллаж буйгаа тэмдэглэлээ. Талууд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотлов. Пак Жин сайд Пусан хот нь БНСУ-ын хоёр дахь том хот бөгөөд монгол иргэд олноор зорчдог хот болохыг тэмдэглээд “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Пусан хот өрсөлдөж буйг онцлов. Энэхүү сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжихийг хүсэв. Ерөнхий сайд “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Пусан хот сонгогдох тохиолдолд БНСУ-ын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, Монгол Улс Пусан хотыг дэмжихээ илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд боомтын шинэ цогцолбор, Ложистикийн төвд ажиллалаа

    0

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа.

    “Замын-Үүд” боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.

    Замын-Үүд боомтын барилга, дэд бүтцийн барилга угсралтын ажил 91 хувьтай байна

    Замын Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

    Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:

    • Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,

    • Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,

    • Хүнд даацын автозамын барилгын ажил,

    • Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,

    • Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байна.

    Зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин, ачаа тээврийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлнэ

    Зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дулаан, цахилгаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн ажил, автозам талбай, явган зам, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэжээ.

    Зорчигч тээврийн цогцолборын хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн байна.

    Тус цогцолбор нь зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлснээр өдөрт 20 хүртэлх мянган хүнийг нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартад нийцсэн 30 барилга, байгууламжаас бүрдэж байна.

    Харин Ачаа тээврийн хэсгийн барилга угсралтын ажлын явц 85 хувьтай байгаад бөгөөд 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно.

    Ачаа тээврийн хэсэг нь ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх юм.

    “Замын-Үүд” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчилж, цаашлаад боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа энэ үеэр онцолж байлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 11 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж, хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхээр болж, энэ хүрээнд хил боомтын чиглэлээр дээд түвшний гэрээ хэлцлүүдийг амжилттай тохиролцсон билээ.

    Тус айлчлалаар хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд, Эрээний боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, эргэлтийг нэмэгдүүлэх болон Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомт, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг олон чухал асуудлыг харилцан тохиролцсон.

    Ялангуяа, БНХАУ-ын талаас хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхээ илэрхийлж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй сайжруулахад монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр хэллээ.

    Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэ бүтээн байгуулалт нь монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Замын-Үүд дэх Ложистикийн төв 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Ложистикийн төвд ажиллалаа.

    Тус төв нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж, 2018 онд ашиглалтад орсон юм.

    Ложистикийн төв нь жилд дунджаар хоёр сая тонн ачаа нэвтрүүлж байсан бөгөөд 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлж, ачаа тээвэр нэмэгдсэн.

    Мөн ложистикийн төв жилд 100 мянга гаруй чингэлэг нэвтрүүлж, цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж байв.

    Тухайлбал, тус төв нь 2021 онд нийт 100 мянга орчим чингэлэг тээвэрлэсний 80 мянга нь транзит чингэлэг, 20 мянга нь импортын чингэлэг байсан байна. Харин 2022 онд нийтдээ 130 мянган чингэлэг тээвэрлэж, үүний 75 мянгыг импортын чингэлэг болгон нэмэгдүүлж ажиллажээ.

    Мөн 2022 онд Монгол, Хятадын худалдааны эргэлт 13.6 тэрбум ам.долларт хүрсэн. Худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд Замын-Үүд боомт дахь Ложистикийн төвтэй адил хүчин чадал бүхий ложистикийн төвүүдийг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нэн түрүүнд барихаар төлөвлөж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа хэлэв.

    БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монголын тал өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авч, түргэн, шуурхай ажиллах хэрэгтэй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0223 дугаар салбарт алба хааж буй хилчидтэй уулзав

    0

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарт ажиллав.

    “Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгаа”-г хилчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид илтгэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тус заставт ажиллах үеэрээ хилийн 861 дүгээр баганад хүндэтгэл үзүүллээ.

    Энэ үеэрээ эх орны хилийг хамгаалан үүргээ чанд гүйцэтгэж буй хилчин дайчдаар Монгол Улсын 3.3 сая иргэн цаг үргэлж бахархаж, тэдний хүч, хөдөлмөрөөр аюулгүй, тайван амьдарч байдаг гэдгийг хэлж, нийт хилчид болон гэр бүл, төрөл төрөгсдөд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

    Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарын гэрээт цэргийн алба хаагчид үүргээ гүйцэтгэх хугацаандаа мөнгөн хуримтлал үүсгэж, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжоор хангагдаж, албаа сэтгэл хангалуун хааж байгаа талаараа хэлж байв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг ажиллах үеэр тус заставт машин, техник гардуулах ёслол боллоо.

    Хилийн цэргийн албанд нөхөн хангалт, техник, хэрэгслийн шинэчлэлийг хийснээр алба хаах нөхцөлийг үлэмж хөнгөвчилж байгааг алба хаагчид онцолж байлаа.