Home Blog Page 8

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглосноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, Улсын харцага Э.Даш түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын заан С.Сүхбат үзүүрлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын харцага Эрдэнэбатын Дашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цомыг гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу энэхүү цомоор “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг шагнаж байхаар шийдвэрлэсэн юм.

Анх удаа хүртээж буй 126 см өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна.

Цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урлажээ.

Тус цом нь “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Мөн “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд хадгалуулна.

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ий хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАН ГИ МҮН 

Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх,

Монгол Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ,

Монгол Улсын Их Хурлын дарга эрхэм ноён Дашзэгвийн Амарбаясгалан,

Эрхэм хүндэт зочид хатагтай, ноёд оо,

Монгол төрийн дээд шагнал, Чингис хаан тэргүүн зэргийн одонг хүртэхээр, өнөөдөр миний бие Та бүхний өмнө би гүн хүндэтгэл талархалтайгаар зогсож байна. Энэхүү шагнал нь хувь хүний маань ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ, Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэж буйгаараа эрхэм юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхэд болон энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье.

Чингис хааны суу алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алсад дуурсагддаг бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй зүтгэл тэмүүллийн бэлгэдэл билээ. Тэр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүчийг үнэт өв болгон үлдээжээ.

Энэхүү шагналыг гүн хүндэтгэлтэй хүлээн авахдаа миний бие Чингис хааны түгээн дэлгэрүүлсэн үнэт зүйлс өнөөгийн ертөнцөд урьд өмнө байгаагүй их ач холбогдолтой болохыг ойлгон мэдэрч байна.

Чингис хаан санаа бодол өөр, гарал үүсэл ялгаатай хүмүүсийг нэгэн зорилго дор нэгтгэж чадсан нь талцаж хуваагдах нь илүүтэй болсон өнөөгийн энэ дэлхий ертөнцөд хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх, эв эе, харилцан ойлголцлын ач холбогдлыг улам тод ойлгуулж байна.

Энэ шагнал нь өөр хоорондын ялгаатай байдлаас хальж, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах урам зоригийг өгч байна.

Агуу их Чингис хааны сүр хүчийн сүүдэрт миний туулсан замнал өчүүхэн хэдий ч  түүний бүтээсэн үнэт зүйлс, зарчмуудад тулгуурлан бүрэлдсэн билээ.

Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн сан нь байгалийг эрхшээх биш, харин энэрэн хүндлэх ёстой гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгаль орчноо хүндэтгэн байж оршин тогтнох боломжтой.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжих суурь зарчмуудыг байгаль орчинтойгоо зохицон амьдрах үзэл санаатай хослуулан тусгасан байдаг.

Эдгээр үнэт зүйлс агуу удирдагч Чингис хааны болон Монгол өнөөгийн төр засгийн үнэт зүйлс мөн гэдэгт би итгэлтэй байна.

Хатагтай ноёд оо,

НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг дэмжих, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд би амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санал санаачилга, соёл дамнасан хамтын ажиллагааны арга замаар бид бүгдийг холбох гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг.

Харилцан ойлголцох нь ямар их хүч болохыг би харж байсан. Харилцаа болгон, хуваалцсан мэдээ, мэдлэг болгон бид хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлийн хэсэг гэдгийг надад сануулдаг. Ийм ч учраас Монголын түүх зөвхөн өнгөрсөнд хамаатай бус, харин тасралтгүй үргэлжлэх амьд түүх юм. Монголын түүх бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх гэж би боддог. Өнөөгийн бидний өмнө тулгараад буй өөр хоорондоо харилцан хамааралтай олон олон сорилтыг даван туулахад эдгээр чадварууд улам бүр чухал болж буй билээ.

Энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртэж буй энэ ялдамд Чингис хааны өв их уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрд уриалж байна.

Өөр хоорондоо ялгаатай ч эвлэлдэн нэгдэж, хүнд сорилтын өмнө гудайлгүй, энх тайвны төлөө мятаршгүй тууштай зүтгэцгээе.

Энэхүү шагналыг би зөвхөн өөрийн мэт үзэлгүй, харилцан ойлголцлын хүч чадалд итгэдэг хүн болгонд зориулсан хүндэтгэл хэмээн үзэж бахархал талархалтайгаар хүлээн авч байгаагаа үгийнхээ төгсгөлд тэмдэглэе.

Энэхүү хосгүй их хүндлэлийг надад үзүүлсэнд Монгол Улсад болон Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх танд дахин талархал илэрхийлье.

Ажил үйлсийн их аянаа хамтран үргэлжлүүлнэ гэдэгт би гүн бат итгэж байна.

Баярлалаа.

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ.

Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Бан Ги Мүн-д төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэлээ.

Тэр бээр, Бан Ги Мүн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, олон талын дэмжлэг үзүүлж байсныг онцоллоо. 

Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 2009 онд Монгол Улсад  айлчлахдаа даян дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд монгол цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйд НҮБ талархаж байдгийг сайшаан тэмдэглэж байсныг тодотгов.

Энэ айлчлалынхаа үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулж буй Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсныг дурдлаа.

Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г өргөтгөн, УИХ, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийллээ.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх цаашдын ажилд нь амжилт хүсэж, эрхэм хүндэт зочин болон гэр бүл, Солонгосын ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,

Эрхэм хүндэт Бан Ги Мүн болон хүндэт зочид оо.

Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хаан бол Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, Монгол үндэстний үнэт зүйл, эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ, оюун санааны эх ундарга, төрт ёсны ой санамж юм.

Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам газар нутагт сүр хүчээ мандуулан, хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулж, Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан бахдам сайхан гавьяатай билээ.

Их хааны суу алдар, билиг сургаал, үйл хэрэг дэлхий дахины хөгжил, дэвшилд онцгой байр суурь эзэлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөө цагийн дэлхий ертөнцийг үндэслэхэд үнэлж баршгүй түүхэн хувь нэмэр оруулсан юм.

“Монголын их амар амгалан” нь хүн төрөлхтний энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсан хэмээн орчин цагийн эрдэмтэн судлаач, түүхчид үнэлэн дүгнэж байна.

Тиймээс хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулах, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дотоод, гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган, соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ.

            Энэ жил энэхүү эрхэм хүндэт шагналаар хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хөтөч болсон Тогтвортой хөгжлийн зорилгууд болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хийгээд Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн эрхэм хүндэт Бан Ги Мүн Таныг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та Ази, Номхон далайн бүсийн хоёр дахь төлөөлөл болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа сонгогдон, НҮБ-ыг амжилттай удирдан ажилласанд монголчууд бид баяртай байдаг билээ.

Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар  ажиллаж байх хугацаандаа жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Тэгвэл Монгол Улс даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар манай улсад 2009 онд айлчлахдаа дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд Монгол Улсын цэрэг дайчид олон улсын түвшинд үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын “Цэнхэр дуулгатнууд” хувь нэмрээ оруулж буйд НҮБ-аас нэн талархалтай ханддагийг сайшаан тэмдэглэж байсныг энэхүү баярт өдөр дурсан хэлэхэд таатай байна.

Мөн энэхүү айлчлалын хүрээнд Та Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсан билээ.

Эдүгээ энэхүү судалгааны төв нь бие даасан Засгийн газар хоорондын байгууллага болон хөгжиж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулсаар байна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Таны оруулсан хувь нэмэр, оролцоо, дэмжлэг маш чухал байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ хүрээнд Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэрэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Таны тэргүүлэн ажилладаг “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг 2022 оноос эхлэн зохион байгуулж байна.

Энэхүү олон улсын яриа хэлэлцээний платформ цар хүрээгээ улам тэлж,  Улсын Их Хурал, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Мөн эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулснаас гадна өөрийн тэргүүлэн ажилладаг сан, байгууллагаар дамжуулан манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд гүн талархал илэрхийлье.

Эх дэлхийг хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх Таны цаашдын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, Танд болон таны сайхан гэр бүл, хүүхэд, Солонгосын найрсаг ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд Монгол төр, монголын ард түмний нэрийн өмнөөс дахин баяр хүргэе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс дээрх зарлигийг гаргажээ.

“Монгол түүх судлалыг дэмжих тухай” зарлигийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч түүхээ судлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйл хэргийг эрчимжүүлэхийн тулд:
Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор бэлтгэх,
Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх,
Их эзэн Чингис хаан, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлж, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулж, үнэлэн дүгнэж, олон улсад сурталчлан таниулах,
Монголын түүх, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэргийг гуйвуулах эрсдэлээс хамгаалах, таслан зогсоох,
Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.

Мөн эх түүхээ судлан шинжилж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг иргэн бүрд уриаллаа.

Монголын түүх судлалыг дэмжих хүрээнд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар түүхийн хосгүй үнэт өв, нэн чухал эх сурвалж болох “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй бүрэн тайлбарыг олон салбарын эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн.

Ерөнхийлөгчийн санаачилгаар мөн “Монголын нууц товчоон”-ы төрийн албан ёсны англи орчуулгыг олон түмний хүртээл болгож, дэлхийн номын сангуудад хадгалуулах боллоо.

Англи орчуулгыг бүтээсэн Ажлын хэсгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, бригадын генерал Б.Даваадорж тэргүүтэй эрдэмтэн судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.

Мөн “Монголын нууц товчоон”-ыг судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэхэд нэгэн насны амьдралаа зориулсан үе үеийн эрдэмтэн судлаачдад төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийллээ.

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

0

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ. 

Их цагаан тугийг цэнгүүлэхэд торгон цэргүүд, Төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

No description available.

Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Санхүү, эдийн засгийн их сургуулийн 100 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Тэр бээр эрдэмтэн багш, судлаачид, ажилтан, албан хаагчид, оюутнууд болон үе үеийн төгсөгч нарт түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

1991 онд Санхүү, эдийн засгийн техникумын суурин дээр байгуулагдсан Эдийн засгийн коллеж нь зах зээлийн эдийн засгийн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан, төгсөгчид нь Хөрөнгийн бирж, хоёр шатлалт банкны тогтолцоо, татвар, гааль,  даатгал бизнес зэрэг зах зээлийн эдийн засгийн суурь тогтолцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Цаашид эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган бэхжүүлэхэд үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, шинжлэх ухаан,  технологи, инновацад суурилсан дээд боловсролыг хөгжүүлэхэд Санхүү, эдийн засгийн их сургууль манлайлж ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Санхүү, эдийн засгийн их сургууль нь дээд боловсролын салбарт түүчээлэгч байж, нийгмийн салбарын хувьчлалын үлгэр жишээ болон сайн засаглалыг бэхжүүлж, их сургуулийн хөгжлийн шинэлэг загварыг 30 гаруй жилийн турш хэвшүүлэн ажиллаж байна.

Мөн гадаадын их, дээд сургуулиудтай багш, оюутан солилцооны шинэлэг хэлбэрүүд нэвтрүүлэн, хамтарсан төсөл, судалгаа хийж, сургалтын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлж, их сургуулиудын тогтвортой хөгжилд үзүүлж буй нөлөөллийн олон улсын эрэмбэлэлд орж чаджээ.

Тус сургууль анх 1924 онд хоёр багш, 40 суралцагчтай “Гаалийн түр сургууль” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш худалдаа, эдийн засаг,  санхүүгийн салбарыг хөгжүүлэх, түүн дотроо үндэсний боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

1929 онд “Нягтлан бодохын жинхэнэ сургууль”, 1935 онд “Санхүүгийн техникум”, 1946 онд “Санхүү, эдийн засгийн техникум” болон өргөжиж, 1949 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ.

Тус сургуулийг 55 мянга гаруй хүн, түүний дотор Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджав, Юмжаагийн Цэдэнбал, Думаагийн Содном, Ринчиннямын Амаржаргал тэргүүтэй төр, нийгмийн олон арван зүтгэлтэн, гавьяатан, урлаг, соёл, утга зохиолын алтан үеийн алдартнууд, үндэсний болон олон улсын спортын дэвжээнд нэр алдраа дуурьсгасан олон аварга цолтон төгсөн гарчээ.

Meta хувьцааны өсөлтөөрөө технологийн компаниудаа тэргүүлж байна

Технологийн компаниудын түүчээлэгчдийн нэг Microsoft, Meta 3-р улирлын тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тэдний хувьцааны ханш санхүүгийн шинжээчдийн таамагласан өсөлтийг үзүүлсэн ч бусад компаниудтай харьцуулахад бууралттай байна. Тодруулбал, IBD-ийн тэргүүлэгчдийн самбарын жагсаалтыг Nvidia, Meta болон DoorDash хувьцаа нь түүчээлсэн хэвээр байгаа аж. Microsoft-ын хувьцаа нь IBD-ийн урт хугацааны удирдагчдын жагсаалтад багтсан бол Nvidia, Meta болон Ryan хувьцаа IBD 50 дээр байна.

Microsoft компанийн орлого 1-р улирлын үзэлтээс давж, түүний Azure үүлэн тооцоололын орлогын өсөлт таамаглалаас 33 хувиар өслөө. Тус компани 2025 оны санхүүгийн жилд 80 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү хөрөнгө оруулалтыг хиймэл оюуны техник хангамжид зарцуулахаар төлөвлөжээ. 2024 оны санхүүгийн жилд 49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол ийнхүү хоёр дахин нэмэгдэх нь. Microsoft-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS) 3.30 ам.доллар, орлого нь 65.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Харин Meta-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS) нь 6.03 ам.доллар, орлого нь 40.5 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас өндөр байв. Гэвч өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн үзэлт бага зэрэг буурчээ. Мета нь бүтэн жилийн зардлаа багасгаж, хөрөнгийн зарцуулалтыг нэмэгдүүлж, “2025 онд хөрөнгийн зардлаа өсгөнө” хэмээн мэдээллээ.

Пүрэв гарагийн орой Amazon.com (AMZN) болон Apple (AAPL) компаниуд тайлангаа гаргана. Үүнээс Microsoft болон Meta-д зах зээл хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах үлдлээ. Meta-ийн хувьцаа энэ онд 66 хувиар өссөн бөгөөд AI салбарт Google, Microsoft, Amazon-той өрсөлдөх томоохон компани юм. Сүүлийн 3 сард Meta-ийн хувьцаа 26 хувиар өссөн бол Amazon 25, Google 21, Microsoft 15 хувийн өсөлт үзүүлжээ.

Эх сурвалж: www.investors.com

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр” арван долоодугаар жарны Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны Бямба гарагт тохионо.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан энэ Бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургааль, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ.

Мөн энэ өдөр Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах, гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг тусгана гэдгийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал тэмдэглэв.

Мөн өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа болж, төр, засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Түүнчлэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Богд хааны Ордон музейд тууль хайлна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан”  одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.

Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна.

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.

Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр  

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.

Айлчлалын дүнд:

  • 1999 онд тунхагласан Монгол Улс, БНСУ-ын “бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан харилцааг “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл” болгон шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон,
  • Хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, яам, байгууллага хоорондын харилцаа холбоо бэхэжсэн,
  • Хоёр улсын Засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, хоёр улсад оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 0дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.    

Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн  баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.

Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй.

Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм.

Бан Ги Мүн “Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг” гэж үнэлсэн.

Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа.

Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.

Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:

  • “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” сэдвээр лекц уншсан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болсон,
  • Зэвсэгт хүчний энхийг дэмжих сургалтын төвд зочилж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй Монгол Улс, хүлээсэн үүргээ нэр төртэй, сахилга баттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон,
  • Улаанбаатар хот дахь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг нээж, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Дамжин өнгөрөх тээврийн үр ашигтай тогтолцоо бий болгох, зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр энэ төвийг НҮБ бүх талаар дэмжиж, туслахаа мэдэгдсэн.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг” гэж онцолж байлаа.

Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна.

Тухайлбал “Ногоон хөгжлийн сан” 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, “Global green growth” институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм.

Мөн “Азийн төлөөх Боао форум”-ын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Солонгос, Монголын ирээдүйн стратеги” форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад  дэмжиж оролцжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  /2007-2016/

Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга.

Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай.

Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой “Парисын хэлэлцээр” батлагдсан юм.

190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсан

  • Мянганы хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааныхаа сүүлийн жил хүртэл зохион байгуулсан. Энэ хүч чармайлтын дүнд Мянганы хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан,
  • Дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд гүүр нь байхыг эрмэлзэж ирсэн,
  • Африк тив болон эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэлхийн шинэ стратегид 60 тэрбум гаруй ам.долларын хандив босгож чадсан. 2008 оны хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямралын оргил үед хөгжиж буй орнуудад нэг их наяд ам.долларын санхүүжилт олгохыг Их-20-д уриалж, олон улсын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх, эмзэг бүлэг, ядуу хүмүүсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн,

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэн

  • Өвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн,
  • НҮБ-ын 120,000 цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн,
  • Зэвсэг хураах асуудлаарх төлөвлөгөө, Зэвсэг хураах бага хурлыг гацаанаас гаргах хүчин чармайлт, Фүкүшима атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараах цөмийн аюулгүй байдалд дахин анхаарал хандуулах замаар зэвсэг хураах асуудлыг шинэчлэхийг эрмэлзсэн.

НҮБ-д шинэчлэл хийсэн  

  • НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан,
  • Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө олон ажил, санаачилга дэвшүүлж ажилласан. Ялангуяа НҮБ-ын хүрээнд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлж, байгууллагын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүргэжээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:

  1.  2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  4. 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  6. 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
  12. 2019 онд The Hu хамтлаг
  13. 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
  15. 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ.