More

    Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлнэ
    “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоож, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд зохих нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгалаа.
    Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах үйл ажиллагаанд хариуцсан салбарын бодлоготой уялдуулан чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт даалгав.
     
    Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна
    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
    Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.
    Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.
    Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.

    ДЭЛХИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ КОНГРЕСС”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДИЖИТАЛ САЙД НАРЫН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЛЭВ

    ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллийн технологи, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, блокчэйнд суурилсан платформ, программ хангамж, үндэсний тоон контентыг хөгжүүлж, газрын ховор элементэд түшиглэн электроникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортод гарган эдийн засгийн шинэ секторыг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байгаа.

    Түүнчлэн “Олборлолтоос оюун ухаанд” санаачилгыг хэрэгжүүлж, Мэдээллийн технологийн салбарын эдийн засгийн салбарт эзлэх хувийг нэмэгдүүлэх, тус салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтыг татаж, уул уурхайн түүхий эдэд суурилсан эдийн засгаас ухаан мэдлэг, оюун санаагаа олборлон, нэмүү өртөг, үнэ цэн шингэсэн эдийн засгаа бүтээн босгоход чиглэн ажиллаж байгаагаа илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдов

    0

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдов.

    Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн үүрэг, цагийн нөхцөл байдлын талаар илтгэв.

    Монгол Улсын баг нийт найман хүн /үүнээс гурван хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.

    Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

    Хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, хамтран ажиллаж байгаад БНТУ-ын холбогдох байгууллагуудын удирдлагууд Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр уламжлав.

    Монголын ард түмний илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг  холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

    Эх орон, ард түмнийхээ өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж байгаа багийн нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.

    Манай улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн чиглэлээр үүрэг гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа сайтар хангаж байхыг захив.

    Монгол Улсын эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажиллагаа эхлээд байна.

    Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим хувь нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна.

    Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

    ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
    • Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын гавьяат малчин Дүгэрийн Лхагва,
    • Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, профессор Цэрэнпилийн Балхаажав нарт хүртээв.
    АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
    • “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Цэндийн Үенч,
    АРДЫН БАГШ ЦОЛООР:
    • Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Хорлоогийн Мөнхбаяр,
    ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
    • “Амьдрах ухаан” Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тэргүүн Сандагийн Чулуунбаатар,
    • Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сургалтын менежер асан Дашнямын Цэрэнханд,
    • Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн зөвлөх, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн ахмад багш Түмээхүүгийн Булган,
    ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
    • “Эн Си Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржнамжилын Болор,
    АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
    • “Чиглэл” ХХК-ийн компанийн захирал Цэгмэдийн Бумцэнд,
    • “Грийн Энержи Простерити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэндийн Энхболд,
    ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
    • Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин Баастын Төмөрчулуун,
    • Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Дугаржавын Гомбо-Очир,
    ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
    • Монголиан транс ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мяхлайн Сүхбаатар,
    СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
    • “25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгч, дуу оруулагч Гомбожавын Оюунцэцэг,
    ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
    • “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр“ төслийн менежер Гэндарамын Баясгалан
    ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:  
    • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасгийн их эмч, клиникийн профессор Өлзийнямын Өлзийбаатар,
    УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
    • “Улаанбаатар театр” -ын дарга, найруулагч Равдангийн Мөнхсайхан,
    СҮХБААТАРЫН ОДОНГООР:
    • Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Рэнцэндагвын Дагва,
    ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
    • Нийслэлийн Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн ахмад багш Огоогийн Янжмаа,
    • “Сутайн буянт” ХХК-ийн засварын механик Лундаажанцангийн Пүрэвсүрэн,
    АЛТАН ГАДАС ОДОНГООР:
    • “Өргөө” амаржих газрын сэхээний эмч Цэрэндоржийн Уугангэрэл,
    • Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүн Онхорын Батболд,
    • “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Цэрэндоржийн Баярсайхан,
    • “Ханбогд кашимер” ХХК-ийн үйлдвэрийн дарга Загдрагчаагийн Ууганбаяр,
    • Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Батсайханы Батцэцэглэн,
    • “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-ын тэргүүн Даланбаярын Мөнхзориг,
    ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
    • “Сүү” ХК-ийн Чанарын хэсгийн ахлагч Батцэнгэлийн Байгаль,
    • “Бизнес нетворкинг интернэйшнл” ХХК-ийн гэрээт зөвлөх Амарсайханы Уянга,
    • Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Эрдэнэ-Очирын Дөлгөөн нарыг шагналаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

    Хошой аварга малчин Бүдээгийн Равагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан,  ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

    Монгол Улсын хошой аварга, гавьяат малчин, Увс аймгийн Тэс сумын малчин Бүдээгийн Равагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр шагнав.

    АРДЫН ЗУРААЧ ЦОЛООР:
    • Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды,

    АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
    • АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимийн зөвлөх профессор, Хавдар судлалын төвийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч Рүвжирийн Сандуйжав,

    АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
    • “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Очирбатын Рагчаа,
    ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
    • Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын ахмад багш Нанзадын Цэвээн,
    • “Өнөр бүл” хүүхдийн төвийн ахмад багш Даваагийн Дашдулам,
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө “Төгс баясах” ТББ-ын зөвлөх багш Тамжидын Болормаа
    ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
    • ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбар зөвлөлийн гишүүн, доктор, профессор Балтавын Цогоо
    ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:     
    • “Хууль зүйн туслалцаа төв”-ийн өмгөөлөгч Дагвасамбуугийн Пүрэвдорж,
    ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
    • Дундговь аймгийн Луус сумын малчин Содномын Баатар,
    ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
    • “Бооцын тариа” ХХК-ийн захирал Сэдбайдарын Баатар,
    ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
    • “Хаан шонхор” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Маналжавын Нармандах,
    ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
    • “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн асрамжийн албаны дарга Янсанжавын Сампил,
    • “Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Цэвэгбатын Энхбаяр,
    • Сэлэнгэ аймгийн “Энэрэлт үйлс” эмнэлгийн захирал, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Сономдагвын Сарантуяа,
    УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
    • Нийслэлийн Соёлын төв өргөөний захирал, дуурийн дуучин Дашдамбын Ариунбаатар,
    • “Хулсан чавх” ХХК-ийн захирал, уран дархан, уран барималч Гүрсэдийн Энхтөр,
    СҮХБААТАРЫН ОДОНГООР:
    • Увс аймгийн Давст сумын ахмад настан Юмжаагийн Жавзан,
    ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
    • “Санто” сургуулийн бага ангийн багш Аюурзанын Бямбасүрэн,
    • МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөлийн дарга Баастын Тэлэнгэд,
    • Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Чамчигийн Нямсүрэн,
    • Монголын Үндэсний урлагийн их театрын гутлын мастер Дамдинсүрэнгийн Энхжаргал,
    АЛТАН ГАДАС ОДОНГООР:
    • Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа “Биокомбинат” ТӨУҮГ-ын Чанарын хяналт, шинжилгээний лабораторийн эрхлэгч Буяндалайн Энхтуяа,
    • ”Хаадын гэр” компанийн ширмэл эдлэлийн оёдолчин Лхагважавын Эрдэнэчимэг,
    • “Саусгоби Сэндс” компанийн жолооч Лувсанданзангийн Эрдэнэсүх,
    • “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин, хөгжмийн найруулагч Цэрэнданзангийн Байдраг,
    ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
    • Хилийн цэргийн 0245 дугаар ангийн ахмад хилчин, хүний их эмч Владимирийн Ариунзаяа,
    ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
    • Монголын Үндэсний урлагийн их театрын ятга хөгжимчин, хөгжмийн багш Ганхуягийн Солонго,
    • “Жүр үр” ХХК-ийн салбарын захирал Хийморийн Соёлмаа,
    • “Исатком” ХХК-ийн Технологийн газрын захирал Батдоржийн Баянбаатар нарыг шагналаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

    Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

    0

    Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд түүчээлэн манлайлж, боловсролын салбарт түүхэн үүрэг гүйцэтгэн, онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийг Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулав.

    Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль 1923 оны 02 дугаар сарын 16 буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний сайн өдөр Монгол Улсын анхны “Дунд сургуулийн танхим” нэртэй байгуулагдсан түүхтэй.

    1933 онд “Үлгэр жишээ дунд сургууль”, 1938 онд “Ерөнхий боловсролын дунд сургууль”, 1940 онд “Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр дунд сургууль”, 1965 онд “Лаборатори нэгдүгээр сургууль”, хожим “Нийслэлийн нэгдүгээр сургууль” хэмээн нэрлэгдэж, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдлэгч ард түмнийхээ дунд алдар нь түгсэн оюуны өргөө болжээ.

    Тус сургуулиар овоглосон 9,000 орчим төгсөгч  шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, худалдаа, соёл урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарт  манлайлж, эх орондоо төдийгүй тив, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсаар байна.

    Тухайлбал, тус сургуулиас Монгол Улсын баатар хоёр, Хөдөлмөрийн баатар зургаа, Чингис хаан одонтон хоёр, Ардын болон гавьяат цолтон 100 гаруй, Төрийн шагналтан 14, академич 20, доктор 250 орчим, дэлхийн хэмжээний нэрт тамирчин 10, нийгэм, улс төрийн зүтгэлтэн 70 гаруй төрсний дотор УИХ-ын дарга нэг, Ерөнхий сайд хоёр байдаг юм.

    Тус сургууль нь байгуулагдсанаасаа эхлэн орос, англи, хятад, манж, япон, герман хэлтэй багш, эрдэмтэд хичээл заасан, 1926 онд төгссөн анхны 40 сурагчийн 35 нь Герман, Франц, Орос зэрэг оронд суралцахаар явсан, 1930-аад оноос гар бөмбөг, хөл бөмбөг, цана, тэшүүр, гимнастик, даам, шатар, гуулин хөгжим, мандолин, европ хөгжмийг анх заасан, 1942 онд БНМАУ-ын гавьяат багш цол анх олгоход хоёр багш, хоёр төгсөгч хүртсэн, 1956 онд анхны лаборатори сургууль болсон, 1960-аад оноос сургалтын дадлагыг үйлдвэрлэл дээр анх удаа хийсэн, 1965 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх нээсэн зэрэг анхны хэмээх тодотголтой олон ажил үйл, алдар цолын эзэн болсон түүхтэй.

    Түүнчлэн олон улсын математикийн олимпиадаас гурван алт, 11 мөнгө, 22 хүрэл, физикийн олимпиадаас гурван мөнгө, найман хүрэл, химийн олимпиадаас дөрөв, биологийн олимпиадаас нэг хүрэл медаль хүртээд байна.

    Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

    Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх юм.

    “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд ч чамлахааргүй ажлыг хийсэн байдаг. Талууд Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйлдэлд суурилсан санхүүжилтийн томьёоллыг хэрэгжүүлэх зорилготой хоёр программыг боловсруулан төрийн өмчийн 6, хувийн чадамжийн төвд туршиж байна. Цаашид сургалтын чанар, үр дүнтэй уялдсан санхүүжилтийн шинэчлэлийг тогтолцоог үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

    Талууд өмнөх хамтын ажиллагаанд тулгуурлан, МБС-ын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах зорилгоор 2023 онд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

    Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн сургалтын чанар, үр дүн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдсан санхүүжилт, өртгийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

    Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт тасралтгүй инновацийг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүрдүүлэхэд хамтран ажиллана.

    Төсөлд хамрагдсан 7 сургуульд үйлдэлд суурилсан өртгийн тооцоолол хийх, мэргэжлийн онцлогт нийцсэн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой шийдлийг боловсруулна.

    Сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар сургалтын байгууллагын хагас бие даасан байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал зөвлөмж боловсруулж хамтран ажиллана.

    Чадамжийн төвүүдийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг туршихад БШУЯ-г дэмжин ажиллана.

    Гүйцэтгэлд суурилсан төлөвлөлт, шинжилгээний системийг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлнэ.

    Мэргэжлийн хөтөлбөрүүдийн зардлын ялгаатай байдлыг практик сургалтын бараа материалын зардлыг жишиг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн хөтөлбөр дээр судлах, үр дүнд үндэслэн бараа материалын зардлын норм боловсруулна.

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОГ ЁЛЬ-Д БАРААЛХАВ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав.
    Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилга бүхий захидлыг гардуулж өглөө.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.
    Мөн хоёр улсын эдийн засгийн агуулгыг баяжуулах хүрээнд Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот сэргээн байгуулах, Хөшигийн хөндийд дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтсон нь айлчлалын чухал үр дүн болсныг онцоллоо.
    Уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга болон цөлжилттэй тэмцэх зэрэг ногоон хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийв.
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд түүний халуун дотно мэндчилгээг уламжлахыг хүсээд, Монгол Улсад айлчлах урилгыг талархалтай хүлээн авч буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалд өндөр амжилт хүслээ.
    Ерөнхийлөгч Юн Сог Ёль ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд БНСУ-ын төр, Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон иргэд солилцоо, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

    Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ нотлов. Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Дэлхийн ЭКСПО-2030” зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжих шийдвэр гаргасанд гүн талархал илэрхийлэв.  Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахад хоёр улс үргэлжлүүлэн хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг талууд тэмдэглэж, Монгол Улсын санаачилсан бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНСУ цаашид ч дэмжиж, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахаа тэмдэглэв.
    Талууд хоёр улсын иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал хөшүүрэг болно гэдэгт санал нэгдэж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд хоёр талын холбогдох байгууллага хооронд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэлээ.

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАД БАРААЛХЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-д бараалхав.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын төр, Засгийн газар Монголын төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлж, энэ өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажилллагааг шинэ шатанд гарган эрчимжүүлэхээр тогтож, хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэлээ.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэн бэхжүүлэхэд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг нотлов.
    БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн өндөр түвшинд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улс БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй болохыг онцолж, хэл соёл, зан заншилын хувьд ижил төстэй зүйл их байгаа нь ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хөшүүрэг болж буйг тэмдэглэв.

    Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, БНСУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулж ажиллахаар тохирч, энэ чиглэлд хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныг сайшааж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллах болсныг өндрөөр үнэлэв. БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс эдгээр чухал гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
    Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын төр, Засгийн газрын бодлоготой уялдуулан дэд бүтэц, тээвэр логистик, аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын ховор элемент, нэмүү өртөг шингэсэн хагас дамжуулагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг чиглэлээр үр ашигтай хамтран ажиллахаар болсныг Парламентын түвшинд дэмжиж ажиллахаар боллоо.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ойрын хугацаанд иргэд харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс тусгайлан анхаарч ажиллахыг хүсэв. Иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр хүн хоорондын харилцаа, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоо, үйл ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг эерэг үр дагавартайг онцлоод визийн зөрчил зэрэг хоёр талын хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг урагшлуулан хамтран ажиллахаар болов.

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

    Бүгд Найрамдах Солонгос Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
    Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын тэргүүн нарын яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд 2021 онд хөгжүүлэхээр тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал болж буйгаараа онцлог болохыг тэмдэглэж, БНСУ-ын Засгийн газар, ард түмэн Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийллээ.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
    Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНСУ-д хийж буй айлчлалд БНСУ-ын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд БНСУ-ын Энэтхэг, Номхон далайн стратегид Монгол Улсыг тэргүүлэгч харилцаатай орнуудын эгнээнд хамруулж, цаашид Монгол Улстай харилцан ашигтай, бие биеэ нөхсөн Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
    Монголын тал Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйг дурдаад энэхүү томоохон бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урив. Солонгосын тал дагуул хот байгуулах монголын талын бодлогыг дэмжих зорилгоор БНСУ-ын “K-Сити нетворк” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийн үр дүнд үндэслэн төслийн цар хүрээг нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

    Мөн Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх саналыг тавьж, Солонгосын тал нааштай судалж, хамтран ажиллахаар боллоо.
    Талууд Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгийн нөөцөөр  тэргүүлэх дэлхийн 10 орны нэгт тооцогддог бөгөөд Монгол Улсын байгалийн баялгийг БНСУ-ын ноу-хау, дэвшилтэт технологитой хослуулах замаар газрын ховор металлын салбарт тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг нотлов.Энэ хүрээнд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулж, “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд ховор металлын хайгуул, олборлолт, боловсруулах, экспортлох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов. “Ховор метал нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсныг талууд сайшаан тэмдэглэлээ.
    БНСУ нь Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон бөгөөд хоёр улсын гадаад худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосны эхний он жилүүдэд 270,000 ам.доллар байсан бол эдүгээ 2022 оны гүйцэтгэлээр 700 гаруй сая ам.долларт хүрээд буйг онцолж, хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор хамтарсан судалгааны үр дүнд суурилан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулах талаар талууд санал нэгдэв. “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан нь айлчлалын чухал үр дүнгийн нэг болж буйг онцлон тэмдэглэв.
    Түүнчлэн хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлж, төслийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор болов.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын иргэд, түүний дотор БНСУ-ын иргэдийг визээс чөлөөлж, манай улсад зорчих таатай боломж бүрдүүлснийг дурдаад энэ удаагийн айлчлалын хүрээнд “Монголд зочлох жил”-ийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг Сөүл хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэх талаар БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар тогтлоо.

    Мөн айлчлалын хүрээнд “Монгол, Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулснаар бизнес хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг нээх, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт, түүний дотор Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татахад чухал түлхэц болсон гэж үзэж буйг тэмдэглэлээ.
    Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо үлэмж нэмэгдэж, БНСУ-д эмчлүүлэх, аялал жуулчлалаар явах болон БНСУ-д суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөлүүдийн нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал гээд  хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдийг ирэх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, эрүүл мэндийн шугамаар зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Засгийн газраас онцгойлон анхаарахыг хүсэв. Талууд иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тогтож, олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлэхээр болсныг онцолж, эмчилгээний зэрэг хүмүүнлэгийн зорилгоор зорчих монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болов. Мөн иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс хоёр талын консулын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхээр тогтов.
    Монгол, Солонгосын иргэдийн солилцоог өргөжүүлэх хүрээнд хоёр улсын соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын хөгжлийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар санал солилцов. Цар тахал, гоц халдварт өвчинтэй тэмцэх зэрэг эрүүл мэндийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг талууд тэмдэглэж, анагаах ухааны салбарт ажиллаж буй Монголын 1000 эмч, сувилагч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллах, сургалтад хамруулах хүсэлтэй буйгаа Монголын тал илэрхийлэв. Солонгосын тал саналыг нааштай хүлээн авч, богино, дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.
    Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа тэмдэглэж, Солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов. Солонгосын тал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсонд баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

    Ерөнхий сайд Хан Дог Сү “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Пусан хот өрсөлдөж буйг онцлоод энэхүү сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжихийг хүсэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Пусан хот сонгогдох тохиолдолд БНСУ-ын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, Монгол Улс Пусан хотыг дэмжихээ илэрхийлэв.
    Айлчлалын хүрээнд талууд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”, “Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Mонгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, Эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”, “Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр“, Монгол Улсын Соёлын яам БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны соёлын солилцооны хөтөлбөр”-ийг тус тус байгууллаа.