More

    Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна

    0

    Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.03.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлсэн.

    Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 01 дүгээр 16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

    Байнгын хорооны саналаар “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.0 хувь нь дэмжсэн. Иймд “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлав.

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

    Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоригийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, уг хоригийг хүлээн авч “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжсэн гэв.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

    Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналын дагуу санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг тус тус эцэслэн батлав.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг  хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа нууцын зэрэглэлтэй ирүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Байнгын хороод хаалттай хуралдсаныг тэмдэглээд гишүүдийн зүгээс уг асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжтой эсэх талаар санал гаргасныг  уламжилж, Улсын Их Хурлын Тамгын газраас тодруулав.

    Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.2. дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж хуульчилсан. Иймд уг асуудал нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын зэрэгтэй орж ирсэн” хэмээн хариуллаа.

    Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өргөн мэдүүллээ

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссоос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.03.29) өргөн мэдүүллээ.

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.

    received_1431828964238055.jpeg

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд,

    – Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд баривчлах, цагдан хорих ажиллагаатай холбоотой асуудал,

    – Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хүрээнд үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, тайван хуран чуулах эрх чөлөөний хэрэгжилт,

    – Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн төлөв, байдал,

    – Хүүхдийн эрхийн зарим асуудлын хүрээнд дотуур байран дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих эрхийн хэрэгжилт, мөн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал,

    – Ахмад настны эрхийн хэрэгжилтийн асуудлын хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуула, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрхийн хэрэгжилт,

    – Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг үндэсний эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, хүний эрх хамгаалагчдын эрхийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаарх санал,

    – Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд улс төрийн хүрээн дэх жендэрийн ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн оролцоо болон төрийн улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, байр суурь, нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний талаарх санал зэрэг долоон бүлэг сэдвийн хүрээнд 43 саналыг боловсруулсан.

    received_109428865443542.jpeg

    Мөн энэ удаагийн илтгэлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд томилогдсоноос хойших өнгөрсөн хоёр жилийн хугацааны хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор гишүүдийн гаргасан зөвлөмж, шаардлагын биелэлтийг оруулснаараа онцлогтой гэдгийг тус Комиссын дарга Ж.Хунан танилцуулав.

    received_911117536792321.jpeg

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн 18 эрхийг тов тодорхой зааж өгсөн. Эдгээр эрхийн хэрэгжилтийг сайтар судалж, түүнийг хангахын төлөө холбогдох хуулийн зөрчил, хийдлийг арилгах чиглэлд Комиссын гишүүд санал, зөвлөмж боловсруулан ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

    Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллалаа

    Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын (ахлах) байцаагчдыг цахим хөгжил, харилцаа холбооны салбарын бодлого, чиглэл, хууль эрх зүй, мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах зорилгоор нэгдсэн арга хэмжээг  2023 оны 03 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

    Арга хэмжээг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Энэхүү арга  хэмжээг мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдын төрийн албан хаагчийн шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор зохион байгуулж байна. Хяналт шалгалтын арга хэлбэрийг илүү боловсронгуй болгох, хяналт шалгалтаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулж буй бэрхшээл, хүндрэлийг хөнгөвчлөх, шалгаж торгохоос илүү зөвлөн тусалж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн талархлыг хүлээсэн шинэчлэлт, өөрчлөлтийг хийж ажиллахыг улсын байцаагчдад чиглэл болгож, амжилт хүслээ.

    Уг арга хэмжээний хүрээнд “Сэтгэлгээний шинэлэг арга хэрэгслүүдийг төрийн бодлогод ашиглах нь”, “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын болон хяналт, шалгалтын бодлого, чиглэл” гэсэн 2 үндсэн бүлэг сэдвээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж, энэ хүрээнд оролцогч байгууллагууд болох Монгол Улсын Их Сургууль, Нийслэлийн прокурорын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, төслийн зөвлөхүүд илтгэл танилцуулга хийж, мэдээлэл солилцон, салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  хэлэлцүүлэг өрнүүллээ.

     

    Бүгд Найрамдах Эстони Улстай цахим шилжилтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ

    Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсыг хамааран суух Элчин сайд Ноён Ханнес Хансог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайдын зүгээс Элчин сайд Ноён Ханнес Хансод Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан явдалд баяр хүргээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны баримталж буй бодлогын чиглэл, хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудыг танилцууллаа.

    Түүнчлэн, Эстони Улстай эхлүүлсэн хамтын ажиллагаа нь Монгол Улсад цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсоныг онцолж, талархал илэрхийлэв.

    Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаас баталсан. Тус хуулийн хүрээнд нийт 37 эрх зүйн акт боловсруулан батлуулахаас 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 21 эрх зүйн актыг боловсруулан батлуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.

    Элчин Сайд Ханнес Хансогийн зүгээс Монгол Улсад цахим шилжилт хийгдэж, төрийн үйлчилгээ иргэдтэйгээ ойр болж байгаа нь бодитойгоор харагдаж байгааг дурдаж, бүх салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг олон нийтэд ойр болгоход хуулийн шинэчлэлийг хийх нь хамгийн хүнд ажил нь байдаг ч Монгол Улс энэ тал дээр хурдацтай дэвшиж байгааг онцоллоо.

    Талууд хамтын ажиллагааг цахим аюулгүй байдлын чиглэлээр шинэ түвшинд хүргэх талаар харилцан тохирч, 2023 оны 05 дугаар сард нутаг буцах үеэрээ эл асуудлыг Эстони Улсын Цахим засаглалын академитай уулзалт хийж уламжлах болохоо мэдэгдлээ.

    Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал ирэх 06 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын оролцох томоохон арга хэмжээнд Эстони Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, тус улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын компаниудыг уг арга хэмжээнд урьж оролцуулахыг хүсэж, Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

    Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гүрж Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Николоз Лалиашвили, Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Лизак, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мойн ул Хак, Бүгд Найрамдах Малави Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аллан Жозеф Чинтедза нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

    Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ  илэрхийлэв.

    Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

    Монгол Улсад бүртгэлгүй оршин суугаа казах хүүхдүүдийн асуудалд хоёр орны Хүний эрхийн байгууллага хамтарч ажиллана

    Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн хорооны нарийн бичгийн дарга Абишев Тастемир Даутовичийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.

     

     

    IMG_1121.JPG

    Уулзалтаар Монгол, Казахстан улсын иргэд тэр дундаа Монгол Улсад бүртгэлгүй оршин суугаа казах хүүхдүүдийн эрхийг хангах хамгаалах, иргэншлийн асуудлыг шийдвэрлэх талаар харилцан мэдээлэл солилцож, улмаар бүртгэлгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх асуудалд хоёр орны Хүний эрхийн байгууллага хамтарч ажиллахаар ярилцлаа.

    Уг уулзалтад Комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Гадаад хамтын ажиллагааны тасгийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, Бүгд Найрамдах Казахстан улсын ЭСЯ-ны зөвлөх Сабит Негметжанов, орчуулагч Мадет Айнур нар оролцов.

    IMG_1118.JPG

    “Хүний эрхийн цогцолбор төв” байгуулах асуудлыг дэмжлээ

    НҮБ-ын Парисын зарчмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн олон улсын байгууллагын төв байгуулах зорилгоор бие даасан байртай болгох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Магадлан итгэмжлэл хариуцсан дэд хороо зэрэг байгууллага удаа дараа зөвлөж байсан юм.

     

    336584327_204788782156630_7821641021610979605_n.jpg

    Энэ хүрээнд ХЭҮК-ын зүгээс Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулах саналыг холбогдох байгууллагад уламжилсан.

    Тэгвэл 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан Хүний эрхийг хангах Үндэсний хорооны II хуралдааны үеэр “Хүний эрхийн цогцолбор төв” байгуулах зориулалтаар Сүхбаатар дүүргийн XI хороонд 2545 мк газрын газар өмчлөлийн гэрчилгээг ХЭҮК-т гардууллаа.

    Хуралдааны үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газраас Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулах ажлын хүрээнд газрын асуудлыг ийн шийдвэрлэснийг онцлоод ХЭҮК-ын үйл ажиллагааг хараат бус байхад анхаарч, хангалттай санхүүжилттай болгох, бүтэц, үр нөлөөг бэхжүүлэх, чадавхжуулах санаачилга, арга хэмжээг бүхий л талаар дэмжиж ажиллана гэлээ.

    336584327_1357307231716403_2384205080998077356_n.jpg

    Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Австри Улстай хамтран ажиллана

    БНСУ-ын Нийгмийн хөгжлийн хүрээлэнтэй олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

    0

    Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мозес Каваалуко Кизиге, Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рикардас Слепавикиус, Бүгд Найрамдах Ангол Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аугушту да Силва Кунья нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

    Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

    Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдууд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.