Home Blog Page 7

Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина

Швейцарь Улс төмөр замд зөөврийн нарны зай хураагуур суурилуулах шинэлэг санаачилгыг дэвшүүлж, цэвэр эрчим хүчний салбарт ахиц дэвшил гаргаж байна. Тодорхой хэлбэл, Sun-Ways компани Швейцарийн холбооны технологийн хүрээлэн болох EPFL-тэй хамтран бүтээсэн энэхүү шинэлэг системийг 2025 оноос эхлэн Нейшател дахь зам дээр турших юм.

Дээрх төсөл нь одоо байгаа төмөр замын дэд бүтцийг ашиглах замаар нарны эрчим хүч үйлдвэрлэхэд хувьсгал хийх боломжтой. Ингэхдээ нэмэлт газар шаардахгүйгээр өргөтгөх боломжтой, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгож байна.

Эх сурвалж: Esg.news

Харилцаа холбооны 100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн сан хөмрөг

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталснаар Монгол Улсад телефон холбоо үүссэн түүхтэй. Энэхүү телефон станц нь Соёлын өвд бүртгэгдсэн “Анхны холбооны байшин”-д байрлаж байжээ. Өөрөөр хэлбэл, тэртээ 1913 онд  Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад гурван сар зочлохдоо телефон утасны аппаратыг ихээхэн сонирхож байж. Үүнийг нь анзаарсан Оросын Николай хаан түүнийг нутаг буцахад нь 25 номерын гар багтаамжийн станц бэлэглэсэн үеэс манай улсын харилцаа холбооны түүх эхэлсэн гэлтэй.

Монгол Улсад харилцаа холбоо үүссэн цаг үеийн анхны морзын аппаратнаас эхлүүлээд гар аргаар холбодог телефон станц, гудамжинд байрлуулдаг шуудангийн төмөр сав гэх мэт маш сонирхолтой үзмэрүүдийг 20 метр квадрат хүрэхгүй өрөөнд байрлуулжээ. Учир нь Холбооны анхны байшинд байрлаж байсан музей 1996 оноос хойш Баянгол дүүргийн 19 хороонд байрлах “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байрны нэг өрөөнд байрласан нь энэ.

Иймд бид удаад Монголын харилцаа холбооны түүхийг өгүүлэх “Харилцаа холбооны түүхэн замналын музей”-гээр зочилсон юм.

Ерөнхий сайд Т.Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан дээрх байшинд суурилуулсан тухай түүх болон дурдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. Харин өдгөө “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байранд байгааг дурдах нь илүүц биз.

Тэнд Сайн ноён хан Намнансүрэнгийн хэрэглэж байсан телефон утас, суурин батерейтэй телефоны аппарат, “Рассвет” радио хүлээн авагч, морзын аппарат, VEF-TSB (3)-2 маркийн хагас автомат станц, шуудангийн төмөр сав гэх мэт музейн сан хөмрөгт 300 гаруй үнэт бүтээл, 120 гаруй номын фонд, 2000 фото зураг хадгалагдана.

Энэхүү үзмэрүүдийг нүдний цөцгий мэт хайрладаг хүн бол эрхлэгч Г.Шаравдэмбэрэл. Тэрбээр өөрийнхөө амьдралыг энэхүү музейтэй холбоод даруй 25 жилийг үджээ. “Музейн үзмэрүүдээ ширхэгчлэн нүдлэн хамгаалж, өөрийнхөө хүүхдүүдийн түүхийг ярьж байгаа мэт хаана юу байгааг бүгдийг нь цээжээр үүх түүхтэй нь хэлж чадна” хэмээн бахархана. Тэнд Харилцаа холбоо, шуудангийн бүхэл бүтэн нэгэн зууны түүх бий. Сонирхолтой жишээ дурдвал, шууданг энгийн, яаралтай, маш яаралтай хэмээн ангилдаг байж. Шуудан дээрээ шувуу зурчихсан, доор нь нис нис гээд биччихсэн байвал “Маш яаралтай шуудан”-д тооцогдож, морин дэл дээрээс хүргэдэг байж.

Харилцаа холбоо, шуудангийн бүхэл бүтэн нэгэн зууны түүх бий.

Музейд дийлэнхдээ ахмадууд ирж, үзвэрүүдийг хараад хуучнаа дурсдаг гэнэ. “Би ингэж ажиллаж байлаа, энэ ийм байсан” гээд л хуучилна.  Үүнээс гадна сүүлийн үед дунд сургуулийн  хүүхдүүд ирж үздэг болжээ. Хоёр, гурван сургууль холбогдох хичээлийн программдаа музейгээр зочлох арга хэмжээг багтаасан тул хүүхдүүд  ихэвчлэн мэргэжлийн чиг баримжаа авах зорилгоор ирж байгаа аж.

“1898 оноос хойш хөгжсөн 100 гаруй жилийн түүхийг өнөөдрийн өдрийг иртэл манай үе үеийн холбоочид тухайн шаардлагатай үедээ ажил үйлчилгээгээ явуулж, холбооны үйлчилгээний чухлыг ард түмэндээ хүргэсээр ирсэн. Энэ түүхийг л хадгалж, ард түмэндээ мэдүүлэх зорилгоор манай музей ажиллаж байна” хэмээн Г.Шаравдэмбэрэл гуай хуучлав.

Өнгөрсөн хугацаанд музейн сан хөмрөг, үзмэрийг зорин очсон цөөн тооны хүмүүс л сонирхдог байсан бол музейн зориулалтаар Холбооны анхны байшиндаа нүүж, олон нийтийн хүртээл болох өдөр тун удахгүй ирэх нь ээ.

187 компанийн app устгагдах эрсдэлээс сэргийлж, баталгаажууллаа

Google компаниас 2024 онд гаргасан журмын дагуу  “Google Play Store” дээр аппликейшн байршуулж үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж, байгууллагууд /ААНБ/ өөрсдийн “Google Developer” бүртгэлээ “D-U-N-S” дугаартайгаар шинэчлэх шаардлагатай болсон.

Тэгвэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс тус дугаарыг нээлгэж чадахгүй байгаа болон “Google play Store” дээрх аппликейшн нь устгагдах эрсдэлд орсон 187 ААНБ-ын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, Google компанийн Google Android team, Government affairs and public policy (GAPP) багт хүргүүллээ.

Өнөөдрийн байдлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Google компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын аппликейшныг устгахгүй байх, “DUNS” дугаар шаардахгүйгээр бүртгэлээ шинэчлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Иймд судалгаанд хамрагдсан байгууллагуудад дараах алхмуудыг хийхийг зөвлөж байна. Үүнд:

Алхам 1: https://play.google.com/console/ холбоосоор өөрийн байгууллагын бүртгэлтэй “account”-руугаа нэвтэрч орно. Жич: Шинээр бүртгэл үүсгэхгүй.

Алхам 2: Үндсэн “home page” дээр “verify now” гэсэн товч дээр дарна.
Алхам 3: Асуумжийн дагуу бөглөнө. Байгууллагынхаа гэрчилгээг хавсаргана.
Алхам 4: Данс эзэмшигчийн мэдээллээ оруулаад бичиг баримтаа хавсаргана.

Ерөий заавар харах:  https://support.google.com/googleplay/android-developer/answer/14177239?hl=e

Цаашид Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад “DUNS” дугаар олгуулах болон улсын хэмжээнд “DUNS” дугаарыг нээлгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй танилцуулга: https://www.dnb.com/duns/duns-lookup.html

“Huawei” компанитай хамтарч ажиллах Ажлын хэсгийг Ц.Баатархүү ахална

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюунд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд БНХАУ-ын Шанхай хотноо болох “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцох айчлалын хүрээнд “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов.

Улмаар хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж, эрчимжүүлэхийн тулд 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.

“Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой.

“Huawei”  компани нь 170 гаруй улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна. Тодруулбал, oxford insight –аас гаргасан судалгаагаар Монгол Улс 2019 онд 172 орноос 123 дугаарт эрэмбэлэгдсэн бол 2020 онд 93 дугаарт эрэмбэлэгдэж, 30 байр урагшилж байв.

Харамсалтай нь, 2020 оноос хиймэл оюуны бэлэн байдлаараа 10 байр ухарсан үзүүлэлттэй байна.  Тодруулбал,

  • 2021 он – 160 орноос 103 дугаар байр
  • 2022 он – 181 орноос 102 дугаар байр
  • 2023 он – 193 орноос 109 дүгээр байранд тус, тус эрэмбэлэгджээ.
Шалгуур 2020 2021 2022 2023
1 Засаглал 27.02 33.45 35.21 35.83
2 Технологи 26.27 27.24 26.68 27.71
3 Өгөгдөл ба Дэд бүтэц 60.09 50.90 49.76 38.99

 

Үүнд, өгөгдөл ба дэд бүтцийн шалгуур жил бүр буурч байгаа нь нөлөөлсөн байна.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны яамнаас ирэх 12 дугаар сард “Төрийн их өгөгдөл, хиймэл оюун” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнтэй уялдуулан “Төрийн их өгөгдөл ба Хиймэл оюун” үндэсний стратегийг боловсруулж, батлуулахаар ажиллаж  байна.

Нисдэг такси Токиогийн хотын тээврийн системд шинэчлэл хийнэ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг таксины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны прототипийг АНУ-ын “Joby Aviation”  старт ап компани бүтээсэн бөгөөд “Тоёота” гол хөрөнгө оруулагч юм. Нисдэг таксийг нэвтрүүлснээр хот суурин газрын тээврийн системийг шинэчлэхэд чухал үүрэгтэй.
Ямар чимээгүй ажиллах зориулалттай eVTOL онгоц нь цагт 320 км-ийн дээд хурдтай. Өнгөрөгч аравдугаар сард Шизүока мужийн Сусоно дахь Тоёотагийн R&D байгууламжид амжилттай туршсан. АНУ-д амжилттай туршсан уг нисдэг такси нь нисдэг тэрэгтэй харьцуулахад илүү чимээгүй ажиллагаатай. Энэ нь хотын хөл хөдөлгөөн ихтэй газарт нисэх үйлчилгээг санал болгож байна.

“Тоёота”-гийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода “Энэхүү технологи нь амьдралын хэв маягийг өөрчлөх боломжийг олгоно. Токиод машинаар явахад 4-5 цаг зарцуулах газарт нисэхэд ердөө 25 минут л болно. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх болно” хэмээн онцлов.

Ийнхүү “Тоёота” агаарын хөдөлгөөнт орон зайд туршилтаа амжилттай хийж, тус салбарт орж ирж байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тус компанийн уламжлалт тээврийн хэрэгслээс илүү технологийн дэвшилтэт хувилбаруудыг нэвтрүүлж байна. eVTOL нь хотын түргэн шуурхай, хотын дамжин өнгөрөхөд гол үүрэг гүйцэтгэдэг ирээдүйг бий болгоно.

Эх сурвалж: Никкей Асиа

“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Богд хааны ордон” музейд анх удаа “Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ёслолыг нээж хэлсэн үгэндээ, монгол баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх, санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн багш, доктор Б.Нанжид нар монгол тууль хайлах зан үйл, “Алтан хар Торц” тууль болон туульчдыг танилцуулав.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж нар “Алтайн магтаал” хайлсны дараа туульчид “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” их хөлгөн тууль хайллаа.

Тууль хайлах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ”Богд хааны ордон” музей, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.

Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдэвт хүндэтгэлийн лекц уншлаа.

Лекцийнхээ эхэнд тэрбээр, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан тохиосонд баяртай байгаагаа хэлэв.

Олон улсын мөргөлдөөн, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй бэрхшээлүүд дэлхий нийтийн харилцан хамаарлыг улам бүр тодотгож байгааг дурдлаа.

Улмаар түншлэл, хүртээмжтэй байдалд тулгуурлаж, бүх нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдэл шаардлагатайг онцлов.

Үүнийг оновчтой бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түншлэлийн хүч, өөрсдийн нийгэм дэх энх тайван, тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн иргэний ухамсар, эв нэгдлийг өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд:

  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаг үеийн шаардлагад нийцсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай,
  • Дэлхий нийтээрээ тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн зайлшгүй шаардлагатай хэмээн онцоллоо.

Улмаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын ирээдүйн хамтын ажиллагааны гол салбарууд нь дээрх чиглэлүүд байх учиртайг тодотголоо.

Түүнчлэн 2015 онд Нью-Йорк хотноо 193 орны төлөөлөгчдийн зөвшилцлөөр баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь бидэнд тулгарч буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх гарц болж байгааг тэмдэглэлээ.

Өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш есөн жил өнгөрөхөд тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарсан хэдий ч 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд “дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна” гэж дүгнэснийг дурдлаа.

Иймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зөв замд эргэн орохын тулд бүх нийтийн оролцоо хамгаас чухал байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлттэй яаралтай тэмцэх нь бидний бүх амьдралын нэн тэргүүний үүрэг даалгавар байх ёстойг онцолж, нүүрстөрөгчийн ялгарлыг эрс бууруулж, шударга шилжилтийг хангахаас өөр арга зам байхгүйг хэлэв.

Энэ нь эрчим хүчний хомсдолыг шийдэж, хүний ​​аж амьдралыг сайжруулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд үүнд Ази тив, тэр дундаа Монгол, БНСУ-ын үүрэг оролцоо нэн чухал хэмээн онцоллоо.

Мөн ногоон шилжилтийг хурдлуулах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн чухал арга зам гэдгийг тэмдэглэж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн манлайлал дор хэрэгжүүлж буй нэг тэрбум мод тарих Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.

Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар “Бан Ги Мүн” санг үүсгэн байгуулж, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтарч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаагаа тэмдэглэлээ.

Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажилласнаар энэ тодорхой бус цаг үеийг илүү тогтвортой, эрүүл, хөгжсөн гараг болгохын сацуу шинэ түншлэлийн боломжуудыг нээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо.

Тэрбээр нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхтэй танилцлаа.

“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо.  

Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардууллаа.

 Уран бүтээлчдийн ангилалд:

Тэргүүн байр: “Түмэн бүтээл“ ХХК-ийн захирал Л.Түвшинжаргал. “Улаан”

Дэд байр: БНХАУ-ын Хөх нуур. МУБИС-ийн докторант Уулын Самтан. “Эх хэл минь”

Гутгаар байр: “Оюун түлхүүр” урлагийн боловсролын төвийн тэргүүн  Б.Алтантуяа.  Цогт Хунтайжийн “Санаашрал” шүлэг

Тусгай байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор. “Чингис хааны их өчиг”

Тусгай байр: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Үндэстний дунд сургуулийн багш Хай Чүан. “Монгол нутаг”

Багш нарын ангилалд:

Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн багш Г.Мөнх-Ундрал. “Монгол хүний зүрхний бичээс”

Дэд байр: Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн. “Харанхуй хад”

Гутгаар байр: “Дон Боско Шинэ үе” МБС-ын багш Г.Мөнгөнболор. “Гучин хоёр модон хүн”

Тусгай байр: Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургуулийн багш М.Алтанзул “Эрх чөлөө”

Тусгай байр: Бичиг соёл, боловсролын төвийн багш Н.Сувд-Эрдэнэ “Эртний сайхан”

Оюутнуудын ангилалд:

Тэргүүн байр: МУБИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн IV ангийн оюутан О.Ганжигүүр. “Дуутын хадны бичээс”

Дэд байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн II ангийн оюутан Ч.Өнөрзаяа.   “Нэгэн үсгийн эрдэм”

Гутгаар байр: МУБИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн II ангийн оюутан Б.Ичиннорвоо. “Чингис хааны билиг сургаал”

Тусгай байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөрийн I ангийн оюутан Т.Цэрэнням. “Эрдэнийн сан субашид”

Тусгай байр: МУИС-ийн  Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөрийн II ангийн оюутан Ү.Энхжин. “Мөнх тэнгэрийн бичиг”

11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:

Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Цэрэн-Очир. “Жангарын тууль”

Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Энхжаргал. “Монголын нууц товчоо”

Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Хүслэн. “Монголын нууц товчоо”

Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн II сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Болор .“Монголын нууц товчоо”

Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Аззаяа . “Чингис”

8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:

Тэргүүн байр: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Г.Туяацэцэг. “Шувуун саарал”

Дэд байр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Ц.Батцэцэг . “Хөдөө талын үзэсгэлэн”

Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Г.Утгатөгөлдөр. “Дуут хадны бичээс”

Тусгай байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч О.Хишигсүрэн. “Монгол хүний зүрхний бичээс”

Тусгай байр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Б.Бүжинлхам “Миний нутаг” бүтээлээрээ шалгарлаа.

Шагналыг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар гардууллаа.

“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг энэ сарын 16-ныг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвд нийтэд толилуулна.

Олон улсын үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Соёл, спорт, ялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.