More

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

    0

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. 

    Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ.

    Миний бие Тантай хамт хоёр улсын хувь заяаны хамтын нэгдлийг бий болгох зорилгод чиглэж, харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зөв замналд эрүүл, тогтвортой урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард иргэдэд энх тунх, аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

    0

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүллээ.  

    Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.  Саяхан Астан хотноо болсон бид хоёрын уулзалт Орос, Монголын харилцааны найрсаг, ажил хэрэгч шинж чанарыг бүрэн нотолсон билээ. Хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, Евразийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүүлэх ашиг сонирхлын үүднээс цаашид хамтын хүчин чармайлтаар хамтын ажиллагааг бүх салбарт үе шаттай өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочиллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар мөн үндэсний сурын талбай болон шагайн асарт зочлов. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ үеэр дуут сумаар харваж, Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

    “Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

    Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

    Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн

    Бутан Улсын Цог Жавхлант Хаан, Хатан болон эрхэм хүндэт зочид оо,

    Эрхэм хүндэт наадамчид аа,

    Эцэг тэнгэр хураа хайрлажэх дэлхий шимээ хүртээжхүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл сэргэсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр, тэнгэр заяат монгол түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

    Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, монгол төрийн ой санамж, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, эртний түүхтэй, эвийн хүчтэй монголчууд бидний оюун санаа, оршин тогтнохуйн дархлаа билээ.

    Хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өв, дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэндээ болон манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

    Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Төрт ёс, түүх соёлын бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улс бол хүн төрөлхтний өнө эртний өлгий нутаг, нүүдэлчин хүчирхэг улс гүрнүүдийн ариун гал голомтоюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс билээ.  

    Тиймээс өвөг дээдсийнхээ аугаа их түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэсний бахархал Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан.

    Мөн эх түүхээ судлан шинжилж, ард түмнийхээ хүртээл болгох үүднээс  Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй тайлбар толь бичгийг анх удаа бүтээж, дэлхийг өөрчилсөн монгол үндэстний их түүхийн иж бүрэн 20 боть номыг шинээр бүтээх нөр их ажлыг эхлүүлээд байна.

    Үндэсний их баяр наадмын энэ сайхан өдөр Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон алтан соёмбот Төрийн далбаагаа улсын нийслэл Улаанбаатар хотноо өнө мөнхөд сүр жавхлантай мандуулсныг ард түмэндээ дуулгахад баяртай байна.

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг байгуулж, бүх нийтээрээ сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн.

    Тэгвэл түүхт ойн энэ жил манай ард түмэн ардчилсан төр засгаа улам бэхжүүлж, парламентат ёсоо төлөвшүүлэн, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа анх удаа 126 гишүүнтэйгээр сонгон байгууллаа.  

    Сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн алтан жолоог энэ цаг дор залгамжлан барилцахаар төр, түмэндээ тангараг өргөсөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, төрийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

    Ард түмний төлөөлөл болсон Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, ёс зүйн дээд манлайллыг үзүүлж, эвийг эрхэмлэн, журмыг сахиж, итгэл дааж, сэтгэл гарган улс Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэх учиртай.

    Та бүхэн түмэн олныхоо итгэл найдварыг чинхүү зүтгэлээр хариулж, ард түмнийхээ олгосон “Төрийн түшээ” хэмээх эрхэм нэр төрийг өндөрт өргөж яваарай. 

    Миний Монголын ард иргэд ээ,

    Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт Цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна.

    Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

    Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

     

     

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар 7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд манай улсад айлчилж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиуг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах зорилт дэвшүүлсэн бөгөөд цаашлаад эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүн экспортлох бүрэн боломжтойг онцоллоо.

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиу өргөн уудам нутагтай Монгол Улсад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарыг өндөр хөгжүүлэх нөөц бололцоотой гэдгийг хэлэв.

    Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь зөвхөн бүс нутгаар зогсохгүй дэлхийн олон орнуудад өндөр ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

    Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн экосистемийн доройтол, цөлжилт, шар шороон шуургыг сааруулах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.

    Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад 1973 онд гишүүнээр элссэн.

    “Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан шилдэг бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.

    Монгол орны байгаль экологи, цаг уурын онцлогт дасан зохицсон буудайн селекцийн ажлыг өргөжүүлэн хөгжүүлж, ганд тэсвэртэй, арвин ургацтай шинэ сортын буудай гарган авч, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж байгаа Ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

    Төрийн шагналыг:
    • Багийн ахлагч, Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Гавьяат агрономич, доктор, профессор Ядамсүрэнгийн Мягмарсүрэн,
    Судалгааны багийн гишүүд:
    • Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд профессор Бодьсадын Ганбаатар,
    • Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Сандуйжавын Цэрэндолгор,
    • Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Цэрэндоржийн Нямдорж,
    • Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Пагвын Эрдэнэчимэг нар хүртлээ.

    Эрдэм мэдлэг, оюун ухаанаараа манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

    Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөл болон албаны бусад хүн оролцлоо.

    “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

    Өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалаар Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Төрийн далбаа бол ард түмэн, нийтийн үнэт зүйл, Үндэсний их баяр наадам “Төрийн далбааны өдөр”-өөр эхэлдэг нь төрт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх эх оронч утга санааг агуулдаг гэдгийг онцоллоо.

    Мөн ёслолын жагсаалд оролцож буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад амжилт хүсэж, ард түмэн, үе үеийн эх орончид, ахмад дайчид, энхийг сахиулагч нарт талархал илэрхийллээ.

    Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1,500 гаруй алба хаагч 22 хайрцаг болж жагслаа. Мөн морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, БНМАУ-ын Төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа заллаа.

    Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, албаны бусад хүн, иргэд, жуулчид үзэж сонирхлоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн далбааг байнга мандуулж эхэллээ

    Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм.

    Хуультай холбогдуулан Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах зорилгоор ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг нийслэл Улаанбаатар хотноо байнга мандуулж байх зарлиг буулгасныг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордууллаа.

    Өнөөдөр тохиож байгаа “Төрийн далбааны өдөр”-өөр дээрх зарлигийн дагуу Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залж, “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулж байх ёслол боллоо.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдрөөс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголчууд бидний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, монгол төрийн сүр хүч болсон Төрийн далбаа нийслэл хотноо өнө мөнхөд мандах боллоо. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

    Ийнхүү өнөөдрөөс “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд 60 метрийн өндөрт 16х8 хэмжээтэй Төрийн далбаа байнга мандаж эхэллээ.

    Ёслолд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцлоо.

    Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн дагуу Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд гардуулж өгөх боломжтой болсон юм.

    Монгол Улс 2008 онд Төрийн далбааны өдөртэй болгохыг хуульчлан 2009 оноос хойш ёсчлон мандуулж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчид шинэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

    Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчид танилцуулав.

    Энэ хүрээнд ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллах Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдох Засгийн газрын гишүүдэд сонгуулийн үеийн талцал, хийрхэл, улс төржилтийг ардаа орхиж, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг захилаа.

    2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд парламентын засаглалыг боловсронгуй болгох, ард түмний төлөөллийг нэмэгдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж ирснийг тодотгов.

    Шинээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент болон шинээр байгуулах Засгийн газрын гишүүд ёс зүй, сахилга бат, хариуцлагатай ажиллахыг ард иргэд хүлээж буйг онцлон тэмдэглэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын зөв, зүйтэй үйл ажиллагааг дэмжиж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг хангах үндэсний эрх ашгаас ангид үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллахаа сануулав.

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллахыг захилаа.

    Уулзалтад шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүн:
    1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
    2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
    3. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд,
    4. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,
    5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
    6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
    7. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,
    8. Монгол Улсын сайд, Хотын стандарт хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
    9. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
    10. Сангийн сайд Б.Жавхлан,
    11. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
    12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
    13. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
    14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
    15. Боловсролын сайд П.Наранбаяр,
    16. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
    17. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,
    18. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудынсайд Ч.Номин,
    19. Хотбайгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
    20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,
    21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
    22. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
    23. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.