Home Blog Page 5

БИД 2025 ОНДОО ЦХИХХ-НЫ САЙД Ц.БААТАРХҮҮ БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН, ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ ЗОРИЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн энэ оны ололт амжилт, ирэх 2025 онд томоохон өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөж буй талаар “И-Монгол академи” УТҮГ-ын Захирал Б.Мягмарнарантай ярилцлаа

2024 оны амжилтаа та нийтэд нь хэрхэн дүгнэж, үдэж байна вэ?

“И-Монгол академи”-ийн хувьд 2024 онд ололт, амжилтаар дүүрэн ажилласан. Бидний хувьд E-Mongolia 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулсан. Мөн иргэдийн хувьд тулгамдсан шаардлагатай нийт 133 төрлийн үйлчилгээг энэ онд холбогдох байгууллагуудтай хамтран цахимжуулсан. Жишээлбэл:,

  • Дипломын нөхөн бүртгэл олгох,
  • Төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа,
  • Төрийн албан хаагчийн цалингийн тухай тодорхойлолт,
  • Төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолт,
  • Аж ахуй нэгжийн дүрмийн хуулбарыг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Үүнийгээ дагаад иргэдийн E-Mongolia системийн хэрэглээ өдөр бүр нэмэгдэж байгаа бөгөөд  1 сард дунджаар давтагдсан тоогоор 2 сая гаруй үйлчилгээг 600,000 гаруй иргэд авч байна.

Ирж буй 2025 онд ямар томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийхийг зорьж байна вэ?

         Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран цаашид нэн тэргүүнд хувийн хэвшлээ дэмжих, цахимжилтыг нэвтрүүлэхээс гадна энэ чиглэлээр манлайлж ажиллаж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үйлчилгээнүүдийг хүргэнэ. Мөн хиймэл оюун ухааны чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсдаа нэвтрүүлэх, түүнчлэн манай системд орсон үйлчилгээг бусад хөгжиж буй улсад нэвтрүүлэх зорилтуудыг тавьж байгаа юм.

         2025 онд бид бүхэн иргэнд хэрэгтэй байгаа үйлчилгээгээ заавал хайх шаардлагагүй бид иргэнээ таниад хэрэгцээтэй байгаа үйлчилгээг нь санал болгох бөгөөд хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээг иргэнд хүргэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт бид Баялгийн сан, Хуримтлалын сангийн мэдээллийг E-Mongolia системд байршуулсан өөрөөр хэлбэл иргэн өөрт байгаа Баялгийн сангийн мэдээллийг хувийн профайл цэсээсээ харах боломжтой болсон. Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран тэтгэврийн сангийн мэдээллийг нэвтрүүлсэн. Ингэснээр нийгмийн даатгал төлж буй иргэн өөрийн тэтгэврийн сангийн хуримтлалын мэдээллийг харах боломжтой болсон. Цаашид иргэдийн хувьд хэрэгтэй, нэн шаардлагатай үйлчилгээнүүдийг судалж цахимжуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн үйлчилгээний цахимжилт ямар шатанд хүрсэн бэ ?

          E-Mongolia систем 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэвтэрснээс хойш иргэн, хуулийн этгээдэд нийт 63 сая удаагийн үйлчилгээг амжилттай цахимаар хүргэсэн. 4 жилийн хугацаанд E-Mongolia систем хэрэглэгчийн тоо 1,9 саяд хүрч насанд хүрсэн 5 хүн тутмын нэг нь ашигладаг Монголын хамгийн том систем болсон.

E-Mongolia системийг ашиглан иргэд 2 цаг 30 минут зарцуулан авах үйлчилгээг дунджаар 5 минутад авах боломжийг бий болгож замын түгжрэлд өртөхгүй санхүүгээ хэмнэх боломжтой.

Тухайлбал: 2020-2024 онд иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 1,198,674,178,181

Бичиг цаасныы зардал 5,683,927,568

Нийт төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж буцах үйл ажиллагаа унааны зардал 79,555,943,785

Нийт 1,283,914,049,534 хэмнэсэн байна.

Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 28 байраар урагшилж 46 дугаар байранд эрэмбэлэгдэж, дэлхийн инновацын индексээр 132 орноос 67 байранд эрэмбэлэгдсэн амжилтуудыг үзүүлээд байна.  Мөн олон улсын “Open Governance Award” , Global Government Excellence Award шагналуудыг хүртсэн.

Бид бүхэн цаашдаа ч гэсэн иргэн төрийн үйлчилгээг авахад илүү хялбар байлгах, төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.

Сүүлийн үеийн онцлох үйлчилгээнүүдийн талаар дурдвал?

E-Mongolia систем дээр өнөөдрийн байдлаар 87 байгууллагын 1263 үйлчилгээ цахимаар орсон. Үйлчилгээний тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлага ч нэмэгдэж байгаа. Салбарын зүгээс төрийн үйлчилгээг цахимжуулах иргэнд илүү хялбар болгох чиглэлээр бусад холбогдох байгууллагуудтай хамтран цахим шилжилтийг манлайлан ажиллаж байна.

Үүнийг нэг тод жишээ нь гэвэл бидний үйл ажиллагааг олон улсад үнэлж НҮБ-д хоёр жил тутамд нэг удаа гардаг Цахим засаглалын хөгжлийн индексээр манай улс 2022 онд 74 дүгээр байрт жагсаж байсан бол 2024 онд 28 байраар урагшилж 46 дугаар байрт орсон бөгөөд Цахим засаглалын хөгжлийн индексээрээ дэлхийн шилдэг 50 улсын нэг болж чадсан. Энэ бол манай салбарын бодлого бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ амжилтыг гаргасан. Та бүхэндээ баярлалаа.

2024 оны онцлох 10 ажил

2024 онд Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, НҮБ-аас хоёр жил тутамд гаргадаг Цахим Засаглалын индексээр Монгол Улс 28 байр урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв.  Түүнчлэн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр “бэхжиж буй” түвшинд үнэлэгдлээ.

Үүний зэрэгцээ, Монгол Улс 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй юникорн компани төрүүлэх үүднээс стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн виртуал бүс байгууллаа. Виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлнэ.

ЦАХИМ ЗАСАГЛАЛ БОЛОН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ИНДЕКС УРАГШИЛЛАА

Монгол Улс Цахим Засаглалын индексээр 28 байраар урагшилж, 193 орноос 46-р байрт, Азийн 49 орноос 13-р байранд эрэмблэгдэв.

 

НҮБ-ын Цахим Засаглалын индексийг тооцохдоо боловсон хүчин, цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр дүгнэдэг. Шалгуур тус бүрд 1 оноо авахаас Монгол Улс:

  • Боловсон хүчний үзүүлэлтээр 0.7,
  • Цахим үйлчилгээний үзүүлэлтээр 0.8,
  • Харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр 0.9 оноо авсан.

Энэ нь төрийн үйлчилгээ цахим хэлбэрт эрчимтэй шилжиж, харилцаа холбооны суурь дэд бүтэц хөгжиж, иргэдийн цахим ур чадвар, оролцоо нэмэгдэж байгааг олон улсад хүлээн зөвшөөрч буйн баталгаа юм.

Мөн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр Монгол Улс “бэхжиж буй” түвшинд үнэлэгдсэн. Бид хууль эрх зүйн орчин гэсэн шалгуураар 20 оноо авахаас 19 оноо авсан. Олон улсын хамтын ажиллагаа, боловсон хүчин, техник технологийн хувьд хүчин чадлаа сайжруулах шаардлагатай байна.

Энэ хүрээнд бид Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал” –ын үнэлгээг хийлгэж байна. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай хамтран кибер аюулгүй байдлын боловсон хүчнийг бэлдэж байна.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ВИРТУАЛ БҮС БАЙГУУЛАГДЛАА

 

Монгол Улс 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Юникорн” компани “төрүүлэх” ажлын хүрээнд стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн, виртуал бүсийг байгууллаа. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ.

Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж буй байршлаас үл хамааран татварын болон татварын бус 8 төрлийн хөнгөлөлт эдлэнэ.

  • Мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно;
  • Экспортод чиглэсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно;
  • Виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгоно;
  • Хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгоно;
  • Дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгоно;
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу зээлийн батлан даалт гаргана;
  • Экспортод гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны компанид олгоно;
  • Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлнэ;
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцно.

Ингэснээр мэдээллийн технологийн компаниудыг олон улсад өрсөлдөх, эдийн засгийн таатай орчинд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалт татах бодит боломжийг бүрдүүлж байна.

ДРОН ТУРШИЛТЫН БҮСҮҮД БАЙГУУЛАХААР БОЛЛОО

 

Дэлхийн дроны зах зээл 2023 онд 33.7 тэрбум ам.долларт хүрч 2030 он гэхэд 54.6 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Үүнээс 24.6 тэрбум ам.доллар нь дроны үйлдвэрлэл, үйлчилгээний зах зээл бөгөөд энэхүү өсөн нэмэгдэж буй зах зээлтэй Монгол Улс хөл нийлүүлэн алхах эхлэл тавигдлаа.

Тодруулбал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн мэргэжлийн байгууллага болон сонирхогчийн үйл ажиллагаанд дрон ашиглах зориулалтаар туршилтын бүсийг нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгуулахаар болов.

Дрон туршилтын төв байгуулснаар алслагдсан бүсүүдэд яаралтай түргэн тусламжийн хэрэгсэл хүргэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэхээс гадна дроны технологид суурилсан инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ хүрээнд “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, ирэх хавраас БНСУ-ын технологиор Монголд дрон угсарна. Мөн БНСУ-аас дроны эрх зүйн зохицуулалт, техник, технологи болон хүний нөөц бэлтгэх кноу-хоу хуримтлуулах боломж бүрдэж байна.

Ингэснээр дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах шинэ суваг нээгдэж байна.

APPLE PAY МОНГОЛ УЛСАД НЭВТРЭВ

 

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Аpple рау олон улсын төлбөр тооцооны системд Монгол Улс нэгдлээ. Ингэснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх нөхцөл бүрдэв.

1.6 тэрбум хэрэглэгчтэй Apple компанийн хөгжүүлсэн төлбөрийн систем болох Apple Pay нь 2022 онд 6 их наяд ам.долларын гүйлгээг хийгджээ.

Дэлхийн хаанаас ч Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд iPhone, Apple Watch, Mac болон iPad гар утсаа ашиглан худалдан авалт хийх нөхцөл ийнхүү бүрдэж байна.

Apple Pay-ийн хувьд яг л төлбөрийн картууд шиг NFC буюу ойрын зайнаас мэдээлэл дамжуулдаг технологийг ашигладаг тул дурын дэлгүүрийн ПОС машин руу iPhone утсаа эсвэл Apple Watch цагаа ойртуулахад л хормын дотор тооцоо хийх боломж бүрдлээ.

ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАВ

Үндэсний хиймэл дагуулын ТЭЗҮ шинэчлэн баталлаа. Энэ хугацаанд тус төслийн газрын станцын байршлыг Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод аймаг болон Наран станцад тодорхойлж, хэмжилт хийв. Мөн дээрх таван байршилд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлээ.

Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломжийг нээж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх ажлын бэлтгэл бүрэн хангагдлаа.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 23.8 хувьд сүлжээ орсон. Тиймээс энэхүү сүлжээг өргөжүүлэхэд үндэсний хиймэл дагуул чухал үүрэгтэй. Улмаар 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн  гамшиг ослоос шалтгаалсан амь насаа алдах эрсдэлийг 30,  зудын гамшигийн эрсдэл 10, ой хээрийн түймрийн гаралт 10, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10, боловсролын ялгаатай байдал 50 хувиар тус тус буурна. Мөн шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөгийг хэмнэх юм.

ЦААСГҮЙ ЗАСАГ БОЛСНООР 3.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭВ

 

Төрийн байгууллагууд албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдэж 3.8 тэрбум төгрөг хэмнэв.

Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 ERP системийг нэгтгэлээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна.

Яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцоход албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг. “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн бүтээмж нэмэгдэж, төсвийн зардал буурч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хурд хоёр дахин нэмэгдэнэ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 4693 ЦАХИМ ХУУДСЫГ GOV.MN-Д НЭГТГЭЛЭЭ

Төрийн байгууллагын 4693 цахим хуудсыг gov.mn-д  нэгтгэлээ. Төрийн нэгдсэн цахим хуудас төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг нэг цонхоор, нэг стандартаар иргэдэд хялбар, ойлгомжтой байдлаар хүргэж, жилд 3.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ.

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЛБАР, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛЛОО

2024 онд төрийн 133 үйлчилгээг шинээр цахимжуулав. И-Монголиа хэрэглэгчдийн тоо 1,932,313, төрийн цахим үйлчилгээ 1255 хүрч, иргэдийнхээ 1.1 их наяд төгрөгийг хэмнэлээ.

Их Британи, Казакстан, Эстони, Сингапурзэрэг орны хиймэл оюун ухааны стратегийн харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаанд үндэслэн 2025 онд “И-Монголиа” нэгдсэн платформыг хиймэл оюун ухаанд суурилсан технологид шилжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо.

АЙМГУУДЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ УХААЛАГ ХОТЫН ИНДЕКСЭЭР ҮНЭЛНЭ

Дижитал аймаг-Дижитал хот болох ажлыг эхлүүлж, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймагт нэвтрүүлэв. Цаашид “Ухаалаг хот” концепц руу шилжих ажил улс орны хэмжээнд хэрэгжинэ. Энэ хүрээнд аймгуудын дижитал шилжилтийг ухаалаг хотын индексээр үнэлнэ.

ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ

Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын салбарт тандан судалгааны зургуудыг 10 цаг тутамд тасралтгүй авдаг тандалт судалгааны хиймэл дагуулыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Казахстан улстай хамтран 2027 онд хөөргөнө.

Тандалт судалгааны хиймэл дагуулыг хөөргөснөөр улс орны хөгжлийн тэргүүлэх, бүтээн байгуулалтын бүхий л салбарт цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

Даатгуулагч тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын мэдээллээE-Mongolia системээрээ харах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор тэтгэврийн нөөц сантай байхаар тусгасан байдаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр тэтгэврийн нөөц сангийн данстай боллоо.

Даатгуулагч тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын мэдээллээE-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ амжилттай нэвтэрсний дараа Профайл хэсгээс “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” цэс дээр дарснаар өөрийн төлж буй даатгалын шимтгэлээс нэрийн дансны үлдэгдлээ харах, хянах боломжтой. Тус дүн нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөөс хамааран өөрчлөгдөж нэмэгдэнэ.

Тус дансанд ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1, даатгуулагчийн төлөх 1, нийт 2 хувийн шимтгэлийн орлогоос,

Харин сайн дураар даатгуулагчийн тухайд мөн адил 2 хувийн шимтгэлийн орлогоос хуримтлал үүсгэж байгаа дүн юм.

Түүнчлэн дээрх хуулийн 29.6-д даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид өвлүүлэхээр тусгасан. Тэтгэвэр өвлүүлэх харилцааг дээрх хуулийн 29.8 дахь хэсэгт зааснаар нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр бол нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээг тооцон гаргаж үлдсэн хөрөнгийг өвлүүлэх юм.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе. E-Mongolia

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх сайд нарын хамтарсан уулзалт болов

Цахим эрүүл мэндийн олон улсын индексээр манай улс оноо авч үнэлэгдэж чадаагүй байна. Тодруулбал, стратеги-хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чадавх, стандарт-зохилдлого, үйлчилгээ-апп хэсгийг үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн байгаа юм. Тиймээс дээрх чиглэлд технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлага бий. Харин аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлаар Ховд, Увс, Завхан, Дорнод, Дорноговь тэргүүлж байна.

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд үр дүнгээ өгөх шийдлийг ярилцахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан уулзалт 12-р сарын 25-ны өдөр боллоо.

 

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарын цахимжилтийн чиглэлд санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлье. Хоёр яам энэ чиглэлд онцгойлон анхаарч, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байна. Цахим шилжилтийг төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт чухалчлан авч үздэг. Эдгээр нь хүн бүрт шууд мэдрэгддэг, систем хэдхэн минут гацахад иргэд дургуйцлээ хамгийн ихээр илэрхийлдэг салбар юм. Мөн эмийн бүртгэлийг цаашид яах вэ гэдэг асуудал ч гарч ирнэ. Үүнийг блокчейн технологиор шийдсэн улсууд ч байна. Түүнчлэн хамгийн олон цахим систем эрүүл мэндийн салбарт байгаа учраас үүнийг интеграцчилах нь чухал. Энэ мэт олон асуудал эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд яригдана” гэж онцлов.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 заалтын хэрэгжилтийг хангахын тулд Эрүүл мэнд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалыг яаралтай шинэчлэн батлах асуудлыг уулзалтын үеэр ажлын хэсгийнхэн хөндлөө. ЭМЯ-наас цахим бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй датаг цуглуулж, боловсруулж, ашиглахад анхаарч байна. Энэ чиглэлд өгөгдөл давхардсан, хэрэгцээгүй дата байгаа учраас эхнээс нь цэгцэлж, боловсруулахаар ажиллаж байгаа аж. Мөн өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж, суурь асуудлыг шийдвэрлэхээр зорьжээ.

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цаг үетэй холбоотойгоор хоёр сайдын хамтарсан журмыг шинэчлэх ажлыг дэмжиж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахимжилтийг иргэдэд мэдрүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд цогц шийдэл хэрэгтэй. Манайх шиг тархай бутархай нутагт цахимжилт бол иргэдэд үр дүнгээ өгөх шийдэл мөн. Хамгийн гол нь цахим гээд байгаа ч давхар цаасаар бүртгэл хийгдээд байвал утгагүй. Цахимаар, утсаар, биеэр очиход өөр өөр цаг авч байна. Энэ мэт уялдаагүй асуудлыг цогц байдлаар шийдэх нь чухал” хэмээн ярилаа.

Он гарсаар Эрүүл мэндийн байгууллагын систем хөгжүүлэгч 10 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ. Эмийн жор бичигдэх, эмийн жор дээрх эмийг худалдаж авсан, шинжилгээний хариу гарах, бусад эмнэлгээс өвчтөний мэдээлэл харах, даатгалтай тусламж үйлчилгээ авах, эмнэлэг нэхэмжлэх, гуравдагч этгээдэд дамжуулах, эмч товлолт үзлэгээр тухайн иргэнийг дуудад үед “e-mongolia”-р дамжин мэдэгдэл очдог аж.

 

Мөн Монгол Улсад бүртгэлтэй бүх эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлсэн. 10 орчим төрлийн 120 гаруй эмийн хэрэглэх заавар, хориглож заалт, гаж нөлөөний талаарх аудио тайлбар, дохионы хэл, текст хэлбэрээр оруулжээ.

Тиймээс иргэд “e-mongolia”, КИОСК, гар утсанд суурилсан мэдээлэл авахаас гадна ХУРДАН цэгээр дамжуулан эмнэлгийн цаг болон бусад үйлчилгээг авах боломжтой. Тус цэг нийслэлд 1 болон 3-р эмнэлгийн хүлээн авах хэсэгт байгаа бол Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэгт бий. Тодруулбал,  1-р эмнэлэг 40510, 3-р эмнэлэг 17579 буюу нийт 58,089 үйлчилгээ үзүүлжээ.

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс 1 эрэмбэ ухарчээ

0

2024 оны дижитал өрсөлдөх чадвараар Сингапур Улс тэргүүлж, Швейцар 2, Дани 3, АНУ 4, Швед 5-рт эрэмбэлэгдлээ. Өмнөх жил АНУ тэргүүлж, Сингапур улс 3-рт эрэмбэлэгдэж байсан. Харин Монгол, Гана, Нигер, Венесуэл улсууд дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ.

Тодруулбал, Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс 1 эрэмбэ ухарч 67 орноос 64-рт эрэмбэлэгдлэгдлээ. 2023 онд 43.03 оноо авч байсан бол, энэ онд 41.31 болж 1.72 оноогоор буурчээ.

 

Үндсэн 3 бүлгээр харвал Монгол Улс “Мэдлэг” бүлгийн эрэмбээр 6-аар ухарч 62, “Технологи” бүлгийн эрэмбэ 6-ээр ахиж 55, “Ирээдүйд бэлэн байдал” бүлгээр 2 эрэмбээр ухарч 64-рт тус тус эрэмбэлэгдэв.

“Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-т дурдсанаар боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24, эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр 1, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт 6, өндөр технологийн экспортын хувь 8, ухаалаг утас эзэмшилт 7-рт байгаа нь давуу тал боллоо. Харин олон улсын туршлага 66, оюуны өмчийн эрх 66, их өгөгдлийн аналитик ашиглалтын түвшин 67, төр хувийн хэвшлийн түншлэл 66, мэдлэгийн шилжилт 67-рт тус тус эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14, 20 саяас доош хүн амтай 37 улс хамрагдсанаас 37, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20’000 ам.доллароос бага 23 улс хамрагдсанаас 20-рт эрэмбэлэгджээ.

Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-ийг танилцуулдаг.

2024 оны тайлан нь “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван үндсэн бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцоолдог. Эдгээр нь статистик мэдээлэл болон санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрдсэн. Энэ жилийн тайланд нийт 67 улс хамрагджээ.

“Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан” нь Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.

Иргэдээ чадавхжуулж байж, Кибер аюулгүй байдал хангагдана

0

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос санаачлан, ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-тай хамтран “Кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчин”-ы асуудлаар хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал “КАБ-ын чиглэлд хууль эрх зүйн орчин бүрдэж, суурь нь тавигдсан. Үүнийг дагаад журмууд ч батлагдлаа.  Гэхдээ нийт хэрэглэгчдийн боловсролыг нэмэгдүүлэх, чадавхжуулах асуудал бий. Ялангуяа, КАБ-ыг хангахад хувийн хэвшлийн оролцоог хэрхэн бүрдүүлэх, тэдэнтэй хамтарч ажиллах ямар эрх зүйн зохицуулалт байна вэ. Мэдээллийн эмзэг байдалтай холбоотой эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, дараагийн шатанд хэрхэн ажиллах зэрэгт шийдэл хэрэгтэй. Хамгийн чухал нь олон талын оролцоог хангаж байж эрсдэлийг бууруулна” хэмээн ярилаа.

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  П.Алтан-Од “Манай яам инновац, харилцаа холбооны өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Кибер аюулгүй байдлыг хангах суурь хууль 2021 онд батлагдаж, цахим орчин дахь гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна. Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх зөвшөөрлийг 4 байгууллагад олгожээ. Мөн тус чиглэлд тасралтгүй арга хэмжээ авсны дүнд манай улсын КАБ-ын индекс 17 байраар урагшилсан. Түүнчлэн энэ чиглэлд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, эхний ээлжид Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна” хэмээн ярив.

2024 онд Монгол Улсын КАБ-ын судалгааг Оксфордын эрдэмтэдтэй хамтран хийсэн. Мөн төсөвт мэдээллийн технологийн зардал гэж ерөнхий заалт байсныг тусгайлж, КАБ-ын зардлын ангилалыг бий болгож өгсөн. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэнтэй болох асуудлыг шийдсэн. Төрөөс дээрх хоёр чиглэлээр шийдвэр гаргажээ.

Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-ын захирал С.Жавхлан “2023 оны мөн үед 107 913 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ жил 147 738 болоод өсжээ. Үүнээс халдлага байж болзошгүй тохиолдол 40 орчим хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, КАБ-ыг хангах чиглэлд хууль эрхзүйн орчин бүрдсэн ч бусад нь дорвитой өөрчлөгдсөнгүй. Манай улс КАБ-ын индексээр бэхжиж буй түвшинд үнэлэгдэж байгаа ч засаж, сайжруулах ажил их байна” хэмээн онцлов.

Тус уулзалтад ирсэн хувийн хэвшлийн төлөөллөөс иргэний мэдээллийг хэрхэн үнэлэх, хувийн мэдээлэл рүү халдсан тохиолдолд яах вэ, хэнд хандах вэ, халдлагад өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, тухайн иргэнд ямар эрх байгаа вэ гэдгийг тодрууллаа.

Учир нь өнөөгийн нөхцөлд мэдээллээ алдсан гэдгээ мэдэж байгаа ч ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах холбоотой иргэн өөрөө гомдлоо гаргаад Цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Гэхдээ энэ процесс их бүрхэг аж. Тиймээс холбогдох хуульд үнэлгээ хийж, хариуцлагын асуудлыг хөндөж, нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг тодорхойлох ажлыг 2025 онд хийхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь кибер аюулгүй байдлын чиглэлд хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах асуудлыг хөндөва. Аудит, эрсдэлийн үнэлгээ хийхээс гадна ямар үйлчилгээ үзүүлж болох вэ, төрийн байгууллагуудыг хамгаалах КАБ-ын шийдэл байна уу гэдэгт анхаарч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн хувийн хэвшлийн зүгээс төрөөс татвар, хөнгөлөлт, чөлөөлтөд анхаарч өгөхийг хүссэн. Тодруулбал, НӨАТ-ын урамшуулал, гаалийн татвар, 20 хувийн давхар татварыг яах вэ гэдэг асуудлыг хөндлөө.

КАБ-ын чиглэлд мэдлэг, туршлага хот, орон нутгийн иргэдийн дунд тэс өөр ялгаатай аж. Тиймээс олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, иргэнээ бэлдэх асуудлыг мөн хөндлөө. Энэ хүрээнд шат шатны боловсролын сургуулиудад хөтөлбөр хэрэгжүүлэх, аян зохион байгуулах, чадавхжуулах шаардлага нэгэнт үүсжээ. Нөгөө талдаа, олон нийтийн мэдээллийг ашиглаж буй байгууллагын хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал ч бий.

Дэлхийн даяар 3.2 их наяд ам.доллар тус салбарт эргэлдэж байна. Үүнээс дунджаар 10 хувийг КАБ-ын тоног, төхөөрөмж, лицензэд зарцуулдаг аж. Харин манай улс 6-7 хувийг л зарцуулдаг. Цаашид тус зах зээлийг тэлж, хэрэглэгчдэдээ олгож байгаа бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх шаардлага бий.

БНСУ-ын “Korea Trade-Investment Promotion Agency” ,“KOTRA” Ulaanbaatar Сеунгван Чэ-тэй уулзалт зохион байгууллаа

“И-Монгол академи” УТҮГ-ын удирдлагууд Монгол дахь  “KOTRA” Ulaanbaatar, ерөнхий захирал Сеунгван Чэ-тэй 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад “KOTRA” Ulaanbaatar, Бизнес хөгжлийн хэлтсийн Г.Галбадрах,  “И-Монгол академи” УТҮГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг, Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай оролцож, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг танилцуулж, цаашид “E-Mongolia academy”-ийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг “KOTRA”-гаар дамжуулан олон улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал, мэдээлэл солилцов.

“KOTRA” Ulaanbaatar, ерөнхий захирал Сеунгван Чэ: “KOTRA” байгууллага нь БНСУ-ын нэг сая гаруй төрийн болон хувийн байгууллагуудын бүртгэлийн сантай. Манай www.kotra.or.kr платформоор дамжуулан төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж,  хөрөнгө оруулалт болон хамтран ажиллах санал тавих боломж бүрдэнэ.” хэмээн уулзалтын үеэр онцоллоо.

Үүнтэй холбоотойгоор “И-Монгол академи” УТҮГ бүтээгдэхүүн үйлчилгээ төслүүдийн талаарх www.kotra.or.kr сайтаар байршуулан мэдээллээ дээрх  байгууллагуудад түгээх боломжтой.

“КОTRA” нь БНСУ-ын Гадаад Худалдаа Хөрөнгө Оруулалтын Агентлаг бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь БНСУ болон Гадаад улс хоорондын худалдааг эрчимжүүлж хоёр улсын бизнесийн байгууллагууд хамтран ажиллах, бизнесийн түншлэл байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлдэг.

2024 оны ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэв

Долоо хоног бүрийн Мягмар гарагт ЦХИХХ-ны сайдын шуурхай хурал болдог. Өнөөдрийн хурлаар 2024 оны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, 2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хурлын эхэнд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл сайн хэрэгжиж байгааг онцлов.

Тодруулбал,

  • Дрон сургалт хөгжүүлэлтийн бүс байгуулах ажлыг эхлүүлж, Дархан-Уул аймаг болон Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дроны туршилтын бүс байгуулахаар боллоо.
  • Төрийн байгууллагын 4693 цахим хуудсыг www.gov.mn-д нэгтгэлээ.
  •  Мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор виртуал бүс байгуулах ажлыг эхлүүллээ.
  • Олон улсын төлбөр тооцооны систем болох Applepay-д Монгол Улс нэгдлээ. Ингэснээр төгрөгөөр төлбөр тооцоо хийх, цахим худалдааны арга хэлбэрийг нэмэгдүүлэв.
  •  E-mongolia хэрэглэгчдийн тоо 1.9 саяд хүрч, төрин цахим үйлчилгээ 1255 болж, иргэдийн 1.1 их наяд төгрөгийг хэмнэлээ.
  • Үндэсний хиймэл дагуул төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, газрын станц байгуулах ажлыг эхлүүлэв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

 

Мөн нэмэлтээр Монгол Улсын нийт газар нутгийн харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хянах самбар (Dashboard) хийх ажлыг үүрэг болгосон. Энэ хүрээнд одоогийн байдлаар холболт хийгдсэн шилэн кабель, түүний нийт урт, үүрэн холбооны сүлжээний бааз станцуудын байршлын зураглал, хүчин чадлыг засаг захиргааны нэгж (аймаг, сум) бүрээр шууд хянах тогтолцоог бүрдүүллээ.

Түүнчлэн салбарын хуулиудын давхардлыг арилгах судалгааг хийж дуусгав. Судалгаанаас гарсан үр дүнд тулгуурлан салбарын хуулиудыг цэгцлэх, нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчлэн найруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.

Төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарч ажиллах концепцийг 2025 оны 1-р сард танилцуулж, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл өглөө.

2025 онд гадаад хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч, төрийн эзэмшиж буй эх кодыг экспортлоход нь чухал ач холбогдол өгч ажиллана. Энэ хүрээнд Киргиз, Узбекистан зэрэг улсуудтай хамтарч ажиллахаас гадна код экспортлох бусад боломжийг эрэлхийлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера болон Талес Аления Спейс компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг шинэчилж дууссан, ирэх 7 хоногт МАН-ын бүлгийн хуралд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Зээлийн хэлэлцээг Сангийн яамны зүгээс боловсруулж дуусаж байна. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр тус төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна гэдгийг онцлов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Түүнчлэн тэрбээр, УИХ-ын гишүүд “Үндэсний хиймэл дагуул” төслийн талаар олон талын байр суурийг илэрхийлж байгаа ч Монгол Улсын Засгийн газар тус төслийг урагшлуулах байр суурьтай байна. Иймд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд зөв мэдээллийг өгөх тал дээр Франц улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллахыг хүсэв.

Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера

Элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Монгол Улсын төсвөөс “Үндэсний хиймэл дагуул” төслийн санхүүжилт хасагдсан гэж ойлгож байсан ч тус төслийн явц урагшлахаар болсонд талархал илэрхийлэв. Тэрбээр Францын Засгийн газар тус төслийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Талес Аления Спейс компанитай хамтран олон нийтэд зөв мэдээлэл өгөх үйл ажиллагааг ирэх нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон. Иймд “Үндэсний хиймэл дагуул” төслийг урагшлуулахад Францын Засгийн газар, Элчин сайдын яам, Талес Аления Спейс компани бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд, ирэх хаврын чуулганаар “Үндэсний хиймэл дагуул” төслийг өргөн барих тул хоёр тал бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг онцлов.

Олон Улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт талархал илэрхийллээ

Энэ жил Хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйн Олон Улсын олимпиадад амжилт гаргасан 21 сурагч болон 10 багшийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хүлээн авч уулзлаа.

Тодруулбал, тэд анхны IAIO Олон Улсын “Хиймэл оюун”, IMO Олон Улсын “Математик”-ийн 65, Олон Улсын “Физик”-ийн 54 болон Азийн 24, Олон Улсын “Мэдээлэл зүйн” 36 дахь олимпиадуудад тус тус амжилттай оролцжээ. Улмаар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан 21 сурагчид батламж, тэднийг бэлдсэн эрдмийн дээд багш нарт талархал гардууллаа. Мөн хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйд шамдан суралцсан тэдэнд улам их амжилтыг ерөөв.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Ирэх жилүүдэд олон төрлийн программын хэлээр олимпиад зохион байгуулахыг зорьж байна. Аль болох программын олон хэлийг хэрэглээнд нэвтрүүлж, оюутан сурагчдыг олимпиадад бэлдэнэ. Түүнчлэн IT инженерүүдийн дунд ч олимпиад зохион байгуулахаар судалж байна. Нэн ялангуяа, Олон Улсын олимпиадад оролцож амжилт гаргасан залуус бол Монголынхоо нэрийг олон улсад гаргаад зогсохгүй, дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэн болж байгаа юм. Оролдлого, туршлага, тууштай байдал аливаа хүнийг мөрөөдөл рүү нь хөтөлдөг. Тиймээс мэдлэг түгээгдэх ёстой. Алслагдсан бүс нутагт номгүй, интернэтгүй өндөр потенциалтай хүүхдүүд олон бий. Тэдэнд тэгш боломжийг бий болгох ёстой” хэмээн онцоллоо.

ЦХИХХЯ-наас “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж байна. Дэлхийн 60-аад улс орон энэ чиглэлээр эрх зүйн орчноо бүрдүүлжээ. Мөн мэдээллийн технологи, хиймэл оюуны чиглэлийн сурах бичгүүдийг орчуулж байна.