Home Blog Page 26

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27 дугаар их хуралд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү нээлтийн илтгэл танилцуулна

0

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурал /ASPA -2024/ энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. “Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутагт үзүүлэх үр нөлөө” уриа дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн хуралд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлтийн илтгэл танилцуулна.

Тэрбээр дэлхийн хүлээн зөвшөөрөгдөх программ хангамжийн инженерүүдийг бэлдэх “20к IT инженер” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж, ирээдүйд нэн шаардлагатай мэдээллийн технологийн инженерүүдийг бэлтгэх ажлыг удирдан чиглүүлж, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг дэвшилтэт технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тусламжтайгаар шийдвэрлэх “Ухаалаг Улаанбаатар” хороог ахлан, цаасан тасалбарыг цахимд шилжүүлэх, газрыг цахимаар олгох, хогийг мөнгө болгох зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байсан.

Энэ удаагийн Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хуралд тэрбээр мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн нэг гол бүтэц болгон хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн салбарт нэвтрүүлэх бодлогыг танилцуулах гэж байна.

Та бүхнийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болох Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурлын нээлтэд хүрэлцэн ирж, харилцаа холбоо, инноваци, мэдээллийн технологийн салбарт төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлууд, томоохон төсөл хөтөлбөр зэрэг шинэ соргог мэдээ, мэдээллийг сонсох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Ц.Баатархүү: Стартапуудыг дэлхийд гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг долоо хоног бүрийн Баасан гарагт хүлээн авч уулзаж байна.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн финтек компани болох Кэйрпэй, “Монгол инфинити шуудан” компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцов. Кэйрпэй компани нь дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор Carepay болон GoCare аппликейшнийг хөгжүүлж, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус компани нь Монгол Улсын эрүүл мэнд төдийгүй технологийн салбарыг төлөөлөн Төв Азийн 85 стартап компанитай өрсөлдөн АНУ-ын Цахиурын хөндийд байрлах “The Silicon Valley Residency Program”-д оролцох 27 компанийн нэгээр шалгарсан Монгол Улсын анхны стартап юм.

Мөн уламжлалт шуудангийн үйлчилгээг технологитэй хослуулан шуудан, хүргэлт, агуулахын үйлчилгээг иргэдийн гар утсанд санал болгож буй “Монгол инфинити шуудан” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч, уулзсан юм. “Монгол инфинити шуудан” ХХК нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2023 онд Дэлхийн шуудангийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн Алтан гишүүнээр албан ёсоор элсэж, үүний хүрээнд Amazon, Европын топ 150 цахим дэлгүүрийг эгнээндээ багтаасан EU ecommerce, Хятадын топ 10 хувийн хүргэлтинй компани (SF, JDcom) China Express түүнчлэн Toshiba Escher зэрэг шуудан, хүргэлт, цахим худалдааны томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг юм.

Тус компанийн төлөөлөл ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд хүргэлтийн платформ болох “E-Delivery” -ийг танилцуулж, шуудангийн салбарыг шинэ түвшинд гаргах чиглэлээр санал солилцлоо.

Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн голлох салбар болгох чиглэлд хамтарч ажиллана

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр (2024.08.16) Мэдээлэл, технологийн үндэсний парк, тэнд бойжиж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Монгол Улсаас дэлхийд гарах юникорн компанийг бойжуулан дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлдэх, сургах болон мэдээллийн технологийн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ЕБС-ийн сурагчдийг мэдээллийн технологийн боловсрол олгох зорилгоор “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын шилдэг стартап компанийг шалгаруулах Start-up challenge Mongolia, ICT EXPO, Grow with Google зэрэг олон арга хэмжээ, үйл ажиллагаануудыг зохион байгуулж, стартап компаниудыг Цахиурын хөндийд гарахад нь дэмжиж ажиллаж байна.

Түүнчлэн тус парк нь энэ жил Азийн шинжлэх ухааны паркуудын 27-р их хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ салбарын сайдад уламжилсан юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: “Бидний гол зорилго бол компаниуд бойжиж, дэлхийн хэмжээнд гарах явдал юм. Монголын төр нэг их наяд орчим төгрөгөөр тендер зарлаж, код бичүүлчихсэн байна. Энэ кодыг бид экспортлох цаг нь болсон. И-Баримт, И-Монгол системийг дэлхийн олон улс сонирхож, туршлага судлах хүсэлт ирүүлж байна. Иймээс төрийн болон хувийн хэвшлийн бичсэн сайн кодыг экспортолж, хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтийг босгох боломжтой.

 

Өнөөдөр мэдээллийн технологийн салбар ДНБ-ий 3.2 хувийг бүрдүүлж байна. Энэ салбарыг эдийн засгийн голлох салбар болгоход хөрөнгө оруулалтын санг томруулах, олон эх үүсвэртэй, эрсдэлгүй болгох чиглэлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ирэх 4 жилд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадад Монгол сурагчид мөнгөн медаль хүртлээ

Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиад 2024 оны 08 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Болгар Улсын Бургас хотод зохион байгуулагдаж, Монгол Улсын баг эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медалиар шагнуулжээ.

Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадад анхны медальтнаар түүхэнд нэрээ үлдээж буй сурагчдад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс баяр хүргэж, сурлагад нь өндөр амжилт хүсэж байна.

Тус олимпиадын зорилго нь сурагчдын шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны болон практик мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд мэдээллийн технологийн салбарын өргөн боломжуудын талаар ойлголт өгөх, хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлыг өргөн хүрээнд нээлттэй хэлэлцэхэд оршдог аж.

Олимпиадад дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй сурагчид оролцсон байна. Хиймэл оюун ухааны олон улсын олимпиад ирэх жил БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдана.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүгд Найрамдах Киргиз Улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, 3 намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг та бүгдтэй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев: Цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны зүгээс соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдаад 1 жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний 3 айлчлалыг харилцан зохион байгууллаа.

Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлууд хэд хэдэн хэлэлцээрүүд хийсэн. Ирэх 10 дугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье хэмээсэн юм.

ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

0

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38,398 хүүхэд байна.

Бүртгэлийг 2024.08.12-2024.08.25-ны өдрүүдийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна.

Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

 Гавьяат уурхайчин цолоор:
  • Бэрхийн уулын үйлдвэрийн хөлийн холбоо хэсгийн өрөмдөгч, ахмад уурхайчин Цэрэндүгийн Болдбаатар,
  • Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн захирал Нямцэрэнгийн Батболд,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Бэрхийн уулын үйлдвэрийн ахмад уурхайчин, эдийн засагч Наваанцэндийн Баттулга,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Цэрэндоржийн Лхагвасүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн цахилгаанчин Лхамсүрэнгийн Очирхуяг,
  • Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн өргөх машины машинист, ахмад ажилтан Далхжавын Шангарав,
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын мэргэжилтэн Төмөрбаатарын Отгонтөгс,
Алтан гадас одонгоор:
  • Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ахмад ажилтан Дамдины Чанцалжүгдэр,
  • Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Чадраабалын Чинбат,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Хэнтий аймгийн Бэрх хотын Нэгдсэн эмнэлгийн сувилагч Жадамбаагийн Аюуш,
  • “Бэрх-Уул” ХК-ийн харуулын албаны дарга Намжилваанчигийн Батбилэг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан Бэрх хотын иргэд, үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид, уурхайчдад  Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Цаашид Бэрх хотын иргэд олсон ололтоо бататгаж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Мөн төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-mongolia системээр хүлээн авч эхэлснээс хойш 68.929 хүүхэд бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан (2024.08.01) өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, И-Монгол академи УТҮГ хамтран өнөөдөр (2024.08.05) олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Бүртгэл эхэлснээс хойш 2024.08.04-ний өдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгт нийт 68929 хүүхэд бүртгүүлээд байна. Үүнээс 5 настай 19056, 4 настай 18355, 3 настай 17014, 2 настай 14500 хүүхэд бүртгүүлсэн байна.

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт суралцсан бол 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байгаа юм.

Цэцэрлэгт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн, оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдах бөгөөд орон нутгийн хаягтай иргэн нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай юм.