Home Blog Page 25

Ц.Баатархүү: Дроныг ашиглах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дроны хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Бид дроныг саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол өнөөдөр дэлхийн улс орнууд онцгой байдал, гал унтраах, шуудан хүргэлт зэрэг маш олон салбарт төрөл бүрээр ашиглаж, нийгэм эдийн засгийн үр ашгийг нь хүртэж байна.

Манай улс энэхүү технологийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС, Токиогийн их сургууль болон  “Ньюком” группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Манай улс 2023 оны 11 дүгээр сард Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд 4.95 км зайд 2.2кг буюу найман нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг 12.5 минутын дотор амжилттай тээвэрлэсэн юм.  Иймд цаашид дроныг ашиглан аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн гарт цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх талаар талууд санал солилцлоо.

Үүний зэрэгцээ, дроныг хэрэглээнд нэвтрүүлэх, түүнийг зориулалтын агаарын орон зайд турших “Сансрын туршилтын орон зай”-тай болох саналыг Токиогийн их сургууль болон ШУТИС-ийн эрдэмтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ дурдсан юм.

Ц.Баатархүү сайд талуудын саналыг хүлээн авч, ажлын хэсэг гарган, нарийвчилсан судалгаа хийх, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024” арга хэмжээ болж байна

0

Япон-Монголын инновац, сансрын теxнологи, бизнесийн түншлэлийг дэмжиx, төр, хувийн хэвшлийн тогтвортой харилцаа, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэx зорилготой “Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024” арга хэмжээ өнөөдөр (2024.08.21) зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээнд Япон Улсын гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), сансрын судалгааны агентлаг (JAXA) болон Нийслэлийн бизнес, инновац, хөгжлийн газар, Цахим шилжилтийг дэмжиx холбоо (DX Mongolia), Япон улсын тандан судалгааны хиймэл дагуулын консорциумын (CONSEO), Монгол-Японы төв зэрэг 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, илтгэл танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэхүү түншлэлийн уулзалт нь Монгол Улсын инновацын одоогийн нөхцөл байдал, хоёр улсын инновац, сансрын технологийн чиглэлээр туршлага солилцох, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ санаачилга, шинэ технологийг нэвтрүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тэлэх чухал ач холбогдолтой юм.

ИЦББХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

0

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2024.08.20-ны өдрийн хуралдаанаахоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ…” гэж заасны дагуу тус байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд мэдээллийн технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх байршлын талаар тодруулав. Мөн иргэдийг цахим залилан, халдлагад өртөх эрсдэлийг бууруулахад анхаарах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2024 оны зургаадугаар сард баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гарааны компаниудыг бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулахаар болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гарааны компаниуд заавал хотод ирэхгүйгээр виртуал бүсэд бүртгүүлээд татварын хөнгөлөлтөө аваад явах нөхцөлийг бүрдүүлнэ. Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтарсан журмаар виртуал бүсэд бүртгэх хуулийн этгээдийг тодорхой болгохоор ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат асуултдаа 2024 оны байдлаар “E-mongolia” цахим системээр дамжуулан 1173 төрийн үйлчилгээг 43 сая удаа үзүүлсэн байгааг дурдаад цаашид төр, хувийн хэвшлийн хэчнээн үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байгаа болон төрийн байгууллагуудын хоорондын уялдаа ямар түвшинд байгааг лавласан юм.  Түүнчлэн үндэсний хиймэл дагуулыг нэвтрүүлэх ажлын явцын талаар тодрууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Өнгөрөгч дөрөвдүгээр сард парламентаас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. “E-mongolia” цахим системийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзэж, дахин загварчлах судалгааны ажлыг эхлүүлсэн. Төр зарим чиг үүргээ мэргэжлийн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн орон нутагт төрийн үйлчилгээний цахим шилжилт харилцан адилгүй түвшинд байна. Жишээлбэл, галын дүгнэлт авахад Баянхонгор аймагт таван зүйл шаарддаг бол Хэнтий аймагт найман зүйл шаарддаг. Үүнийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Манай улсын нийт газар нутгийн 26.8 хувьд 4G интернэтийн сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбох шаардлагатай. 2027 он гэхэд Монгол Улс анх удаа үндэсний хиймэл дагуултай болох бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр, “Монгол Улс үндэсний бие даасан хиймэл дагуултай болсноор интернэт сүлжээнд холбогдоогүй үлдсэн газар нутагт харилцаа холбооны сүлжээг үүсгэх дэд бүтэцтэй болно. Нийт 1648 баг байгаагийн 150-иас бусад нь ямар нэгэн хэмжээгээр үүрэн сүлжээнд холбогдсон. Алслагдсан багуудыг сүлжээнд холбох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар шийдэхээр ажиллаж байгаа. Улсын төсөвт тодорхой зардлуудыг тусгасан” хэмээн хариулав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Монгол, Словени хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буй төрийн анхны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдлээ.

Төрийн тэргүүн нар “Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал” болон аялал жуулчлал, ойн салбарт хамтран ажиллах тухай баримт гарын үсэг зурсныг зарлалаа. Талууд харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтын хүч чармайлт гаргаж ажиллахаа нотоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс, Словени Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Наташа Мусар төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэ айлчлал Словени Улсын төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг та бид хамтдаа нээж байна.

Бүгд Найрамдах Словени Улсыг бид гуравдагч хөрш, Европ дахь чухал түншүүдийн нэг гэж үздэг бөгөөд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж байна.

Айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжтэй харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”, “Ойн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Мөн “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар эцэслэн тохиролцлоо.
Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Энэ удаагийн төрийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зам тээвэр, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.

Мөн хүрээлэн буй орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь манай хоёр орны Дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тэргүүлэх зорилтуудын нэг. Энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Словени Улсын “Крка” эмийн бүтээгдэхүүн манай зах зээлд нэгэнтээ танигдсан, цаашид энэ чиглэлийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байна. Монгол, Словенийн бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

Улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах нь манай хоёр орны нийтлэг зорилт бөгөөд энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та манай сайхан оронд төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцох болсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Манай хоёр улс нийтлэг зорилт, гадаад бодлогын ижил төстэй байр сууриа бататгаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ нотоллоо.

Цаашид харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжиж, эдийн засгийн агуулгаар баяжин, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Словени Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна.

Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө үр дүнтэй биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Наташа Мусар таныг болон эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхнийг мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье”.

БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДР. НАТАША ПИРЦ МУСАР:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,
Словени Улс 31 жилийн өмнө буюу 1993 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн найрсаг урилгыг хүлээн авч, танай сайхан оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2024-2025 онд ажиллахаар Словени Улс нэрээ дэвшүүлж, бэлтгэлээ хангаж байх үеэр бид хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2023 оны 05 дугаар сард Словени Улсад айлчилж, “Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-ыг баталсан дипломат бага хуралд оролцож байсан.

Словени болон Монгол Улс нэгдмэл олон зорилго, хүсэл эрмэлзэлтэй. Манай хоёр улс ардчилал, эрх зүйт ёс, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг. Бид мөн олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж, эмэгтэйчүүдийн эрх, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын хууль дээдлэх, тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон улсын харилцааны ижил төстэй бодлогыг хэрэгжүүлдэг.

Монгол, Словени Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх олон улсын гэрээ санаачлагч улсууд юм. Манай хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, бүс нутаг, олон улсын геополитикийн өөрчлөлтөөс улбаатай нийтлэг олон сорилттой тулгарч байна. Монгол Улс өнгөрсөн өвөл сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй хүндрэлтэй тулгарсан бол Словени Улс мөн үерийн гамшигт нэрвэгдсэн. Чиг бодлого нэгтэй улсуудын нягт хамтын ажиллагаа, эв нэгдэл, дипломат хүч чармайлт нэн чухал гэдгийг эдгээр сорилт харуулж байна.

Словени Улс ойн аж ахуйн тогтвортой менежментийн чиглэлээр мэдлэг, туршлагаа Монгол Улстай хуваалцаж байгаад баяртай байна. Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх төсөл нь Словени Улсын дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Төслийн үр дүнд ойн аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн анхны холбоо Монголд байгуулагдлаа.

Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах сургалтыг Словени Улс 2023 онд Монголын энхийг сахиулагчдад явуулсан. Үүнийг монголын энхийг сахиулагчид сайшаасан. Энэ төслийг Словени Улсын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв хэрэгжүүлсэн бөгөөд жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төслийг Европт хэрэгжүүлэхээр сонгогдоод байна.

Жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн нийгмийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улс манлайлан ажиллаж байгааг Словени Улс гүнээ талархан сайшааж буйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Мөн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буйг бид сайшааж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаадаа туйлын баяртай байна.

Энэ арга хэмжээ нь нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог тодотгох, тулгарч буй сорилтыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар яриа хэлцэл хийх чухал талбар болж байна.

Словени Улс хүний эрхийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудал олон улсын талбарт хэрэгжүүлж буй бидний тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэ чуулга уулзалт үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгож, жижиг мэт боловч илүү сайхан ирээдүйг цогцлооход нэн чухал алхмуудыг хийж буй бөгөөд нээлтийн хуралдаанд хүндэт зочноор оролцох нь нэн өндөр хүндэтгэл юм.

Словени, Монгол хоорондын худалдаа, эдийн засгийн хэмжээ харьцангуй бага боловч төрийн айлчлалын үеэр зохиох бизнес форум цаашид өргөжүүлэх, тэлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлийн үүд хаалгыг нээх чухал боломжийг бүрдүүлж байна.

Энэ форум эм, эмийн бүтээгдэхүүн, ухаалаг хөдөө аж ахуй, хүнс тэжээл, цахим хөгжил, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах боломжийг олгох юм.
“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Словени Улсын Эдийн засаг, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хоорондын санамж бичиг” байгууллаа.

Энэ айлчлал нь улс төр, эдийн засгийн агуулгаас гадна соёлын дипломат ажиллагааг эрчимжүүлнэ. Словенийн гэрэл зурагчин Матяж Танчичийн “Эх дэлхийг хамгаалагчид” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн тухай, тэд байгальтай хэрхэн харилцан шүтэлцээтэй байдгийг харуулна.

Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Словени Улс болон Европын Холбооны гишүүн бусад оронтой нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаад талархаж байна.

Европын Холбоо, Монгол Улс 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхийг Словени Улс дэмжиж байна. Хөгжил дэвшил, ардчиллын зарчмуудаа хамгаалахын төлөөх Монгол Улсын ард иргэдийн тууштай зорилтыг Европын Холбоо сайшааж байгаа бөгөөд эрх зүйт ёсыг эрхэмлэсэн Монгол Улсын засаглалыг бэхжүүлэхийг дэмжинэ.

Улаанбаатарын яриа хэлэлцээ болон Зүүн хойд Азид тогтвортой байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, яриа хэлэлцээг Словени Улс хүндэтгэн дэмжиж байна. Словени Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувьд яриа хэлэлцээ, итгэлцлийг бэхжүүлэх, олон улсын хууль эрх зүйг эрхэмлэдэг улс орнуудтай хамтран ажиллахыг илүү чухалчилж байна.

Солонгосын хойг болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдалд санаа зовниж байна. БНАСАУ, ОХУ хоорондын цэргийн хамтын ажиллагаа аль аль бүс нутагт нөлөө үзүүлнэ гэдэгт Словени болон Европын Холбоо мөн санаа зовниж байна.

Бүс нутагт төдийгүй, илүү өргөн хүрээнд сөрөг үр дагавартай байж болзошгүй бүс нутгийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэхийн төлөө бид хамтран ажиллах нь чухал байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч тантай хамт гарын үсэг зурсан “Словени, Монголын Хамтарсан тунхаглал”-аар найрсаг харилцааг улам бүр бэхжүүлж, харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэг, амлалтаа бид бататгалаа.

Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангахад бид онцгой анхаарч, бидний өмнө тулгарч буй, цаашид ч тулгарах олон сорилттой уялдуулан хамтран ажиллах болно.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Манай хоёр улс алс хол оршдог хэдий ч нийтлэг төстэй зүйл олон бий. Словеничууд, монголчууд бид хосгүй морьдоо эрхэмлэн дээдэлдэг. Дэгжин бөгөөд эрхэмсэг төрхтэй Липиззан адуу нь Словенийн Карст нутгаас гаралтай. Монголчууд тэсвэр хатуужилтай, хурдан морьдоороо бахархаж, энэ хүлгээрээ Словенийн өнөөгийн хил хязгаар хүртэл давхиж байжээ.

Англи хэлээр LOVE буюу “хайр” гэсэн үгийг нэрдээ агуулсан СЛОВЕниа, урагшлах буюу “GO” үгийг агуулсан МонГолиа аль аль нь тогтвортой хөгжил, байгаль хамгааллыг уриалж байна.  Манай хоёр ард түмнийг нэгтгэж буй олон зүйл байгаа бөгөөд хоёр орны хөгжил дэвшлийн төлөө хамтын ажиллагаагаа олон чиглэлд улам бэхжүүлнэ гэдэгт итгэл төгс байна”.

Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

  1. “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”

Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг хангах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах санал, санаачилгыг дэмжиж байгаагаа нотоллоо.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Бүгд Найрамдах Словени Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, хоёр талын сайн харилцаа, НҮБ төвтэй  олон талт тогтолцооны төлөөх хүчин чармайлтыг уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

  1. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”

Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг эрэлхийлсэн хамтарсан судалгаа хийх, аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааг эрчимжүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтарна.

  1. “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АСУУДЛААРХ ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”

Нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэх, иргэд, аж ахуйн нэгжийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжих ач холбогдолтой. Талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж  эхлэхээр  тохиролцлоо.

  1. “ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ОЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ОЙН АЛБА, ОЙН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ. Цөлжилт, хөрсний доройтол, элэгдэлтэй тэмцэх зорилгоор мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох, агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулна.    

  1. “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ БОЛОН СЛОВЕНИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес уулзалт, форум зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. Гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, бизнесүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгч,  хамтарсан бизнес уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг холбоно.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтоо бататгаж, улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Словени Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Др. Наташа П.Мусар Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал, аялал жуулчлал, ой зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд “Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байна.

Ц.Баатархүү: Монгол Улс Төв болон Зүүн хойд Азийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурал /ASPA -2024/ Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Уулзалтад 11 орны 200 гаруй шинжлэх ухааны болон мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тус олон улсын хурлыг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар инновац, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ирэх 4 жилийн хугацаанд хүн бүрд, сурагч бүхэнд хүртээмжтэй байх томоохон зорилт тавьж ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн хамтын  ажиллагааг төрийн бодлогоор дэмжин салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг улс орныхоо эдийн засгийн нэг тулгуур багана болгох чиглэлд анхаарч ажиллана. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг мэдээлэл технологийн үндэсний паркад тулгуурлан байгуулж, виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон хөнгөлөлт эдүүлнэ. Виртуал бүсэд бүс нутгийн төдийгүй дэлхийн мэдээллийн технологийн компаниудыг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар зорин ажиллана, Монгол Улс  Азийг тивийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно” гэдгийг онцлов.

“Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийт болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцах үр дүнтэй уулзалт болно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын орон тооны зөвлөхөөр Цагаан-Өвгөний Жадамбааг томиллоо

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын орон тооны зөвлөхөөр Цагаан-өвгөний Жадамбааг томилов.

Боловсрол

  • 1990 – 2000 онд Хэнтий аймаг, Бор-Өндөр сум ЕБС
  • 2000 – 2004 онд “Их Засаг” ОУИС-ийг Хуульч
  • 2005 – 2007 онд “Их Засаг” ОУИС-ийг Хууль зүйн ухааны магистр
  • 2016 – 2018 онд “Сөүлийн Үндэсний Их Сургууль”-ийг Технологийн менежмент, Мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер
  • Мэргэшил: Хууль зүйн ухааны магистр, Master of Science in Engineering.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 2004 – 2006 онуудад Улс төрийн боловсролын Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан
  • 2006 – 2007 Глобал Удирдагч сангийн үүсгэн байгуулагч, захирал
  • 2007 – 2008 онуудад Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал
  • 2008 – 2012 онуудад Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга
  • 2012 – 2016 онуудад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга агентлагийн дарга

Хавсран ажилласан төрийн бус байгууллага

  • 2004 – 2006 онуудад Улаанбаатар Ротари клубын гишүүн
  • 2006 – 2008 онуудад Туул Ротари клубын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн
  • 2006 – 2008 онуудад Монголын Их дээд сургуулиудын холбооны гүйцэтгэх захирал
  • 2012 – 2015 онуудад Тайжийн хурд морин спорт уяачдын холбооны тэргүүн
  • 2012 оноос Монголын Морин Спорт уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • 2015 – 2016 онуудад Хутагтын хурд Морин спорт уяачдын холбооны тэргүүн
  • 2023 оноос Монголын Паралимпын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
  • Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
  • Ардчилсан намын Үндэсний бодлогын комиссын гишүүн
  • Монголын олон улсын арбитрч
  • 2018 оноос Shinsegae Med Co., Ltd компанийн гүйцэтгэх захирал
  • 2018 оноос Shinsegae Med Co .,Ltd компанийн ТУЗ-ийн гишүүн
  • 2022 оноос Shinsegae International группын гүйцэтгэх захирал
  • 2022 оноос Shinsegae Food Co., Ltd-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2022 оноос Shinsegae International группын ТУЗ-ийн гишүүн
  • 2023 оноос Ардчилсан намын Дэд дарга
  • 2023 оноос Улс Төрийн зөвлөлийн гишүүн