Home Blog Page 24

Агаарын сонин 90 нас хүрч байна

20-р зууны гайхамшигт нээлтүүдийн нэг бол мэдээллийг нүдэнд харагдахгүй орон зайгаар, сэтгэл хүрэх газар хүргэдэг технологийг ЗХУ их эрдэмтэн А.С. Поповын  нээсэн радио гэдэг гайхамшиг юм.

А.С.Попов 1882 онд Санкт- Петербургийн их сургуулиа төгсөөд усан цэргийн минийн болон цахилгааны мэргэжлийн дарга нарын сургуульд багшилжээ. Энэ сургуулийн физикийн лаборатори цахилгааны багаж хэрэгслээр нэлээд хангагдсан нь түүний багшилахаас гадна эрдэм шинжилгээний туршилтууд хийх боломж олгосон байдаг.

А.С.Попов 1895 онд Петерград хотод болсон Оросын физик, химийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд “цахилгаан соронзон долгион агаарт тархах тухай  “ илтгэл тавихдаа өөрийн зохиосон “Аянга тэмдэглэгч” хэмээх цахилгаан соронзон энергийг агаараас хүлээн авагчаа тэнд танилцуулжээ. Илтгэлийнхээ дүгнэлтэнд …Миний зохиосон энэхүү төхөөрөмжийг цаашид нарийсган сайжруулж, нэвтрүүлэх хэрэгсэл хийвээс цахилгаан соронзон долгионыг агаарт тархдаг чанарыг ашиглан хол газар утас шугамгүйгээр холбоо барьж чадах юм…  гэжээ.

Радионд – мэдээлэл тархах орчин хязгааргүй, түүнд уул, ус юу ч саад болдоггүйгээрээ бахдалтай би ийм л мэргэжил эзэмшсэн хүн,  тэгээд ч Монгол Улсынхаа харилцаа холбоог санаснаараа хөгжүүлэхэд нам, засаг хамт олныхоо хүчээр тухайн үеийн нээлт бүрийг улс орондоо хэрэгжүүлж байлаа. Д. Готов

Ардын хувьсгалаас өмнө манайд нэг радио станц Амгалангийн энгэрт ажиллаж байлаа тэр нь БНХАУ ын Бээжин хоттой радио телеграфийг дамжуулах зориулалттай Манжууд ашиглаж байсан.  Манайхан “3 ӨНДӨР” гэдэг  Да хүрээ захын ард байгаа 2 өндөр антенн одоо байгаа. Үүнийг 1920 онд генерал Сю Шү Жан тусгаар тогтносон Монгол Улсыг түрэмгийлэн эзлээд БНДИУ-ын генерал У СЯН ДЯН хэмээгч радио телеграфийн холбоог ашиглахаар 1920 онд энэхүү 95 метрийн өндөр антены цамхагийг станцтай нь Англи Улсаас авч далайн тээврээр Хятад улсад авчирч усан боомтоосоо галт тэргээр Монгол Улсын хилд дөхүүлж тэмээн тэргээр зөөн Их хүрээнд ачиж антенны хэсэг тус бүрийг шургаар залгасан гэдэг. 1920 оны сүүлчээс ашиглаж Бээжин хот дахь Тэнгэрийн сүмийн ойролцоох станцтай харилцаж эхэлсэн түүхийн баримтууд байна. (У гэдэг Хятадаар үгүй, Сян –утас, дян – цахилгаан мэдээ гэдэг нь wireless telegraphy радио телеграф утга нэг юм ) Эдүгээ 104 жил зогсож буй антений зургийг өмнөх үеийн зурагтай харуулав.

Зураг-2 Дээрх антены матчийн өнөөгийн зураг

Нам төрөөс радиог нийтэд мэдээлэл хүргэхэд хамгийн бага хөрөнгө зарах хаана ч болов мэдээ дамжуулах бололцоотой гэж үзэж санхүү, ажиллах хүчний хувьд хэцүү байлаа ч радиог нэвтрүүлэхийн чухлыг ойлгосон байлаа.

Ардын засгийн эхний жилүүдэд  “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэл гардаг байсан ч ихэнх хүмүүс бичиг үсэггүй байсан болохоор төрийн шийдвэр, шинэ мэдээг нийтэд хүргэх нь хүнд асуудал хэвээр байлаа. Аливаа мэдээллийг шууд чихэнд нь хүргэх арга технологи хэрэгтэй байлаа.

1927 онд хуралдсан МАХН-ын 6- р хурлын илтгэлд “Агаарын сонсох мэдээ хэрэглэх явдлын тухай хэргийг бодолхийлэн оролдвоос зохино” хэмээн зааж байлаа.  Уг хурлын тогтоолд радиогийн техникийн баазыг бий болгох эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилгоор “Бас хүү агаарын сонсох мэдээг орлого зарлагыг харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино “ гэдэг радиог бий болгох тухай Төрийн анхны шийдвэр байлаа.

Нутаг дэвсгэр арвин, хот суурьшил багатай, малчид тариаланчид талын нэг, уул уулын энгэрт нэг нэгээрээ суурьшилтай нөхцөлд нийт иргэдэд мэдээллийг  радио долгионоор хүргэх нь холбоожуулалт, ашиглалтын хувьд эдийн засгийн хувьд маш ач холбогдолтойг дүгнэн хэлэцээд 1927-28 онд ЗХУ ын элчин сайдад радио нэвтрүүлэхэд техникийн болон хүний нөөцийг бэлтгэхэд туслах хүсэлтүүд тавьж байсныг  хүлээн авч туслахаар болсон тул МАХН ын Төв Хорооноос “агаарын мэдээ”-г хэрэгжүүлэхэд олон түмний хүчин туслалцааг хандуулахад анхаарч 1930 оны 10 сарын 27 – ны “Үнэн” сонины дугаарт Радио хэмээх агаарын мэдээг ЗХУ болон бусад орнууд дахь хэрэглээ, мөн нэвтрүүлэх болон хүлээн авах станцуудын талаар танилцуулаад“ радио мэдээгээр манай монголчууд үг нэвтрэлцэх болбоос алс холын нутагт мэдээллээс хоцорч буй иргэдэд нам төрийн аливаа мэдээллийг цаг цагт нь хүргэж, ард иргэдийг  монголын  төртэй холбох гүүр болон ажиллахыг тайлбарлажээ.

1930 онд ЗХУ-ын  эрдэм шинжилгээний ажилчид Монгол нутгийн гадаргын болон цаг агаарын нөхцөлийг судлаад “Монгол Улсад радио холбоо нэн тохиромжтой” хэмээн дүгнэлт гаргажээ.

1931.2.18 ны ЗХУ-ын Цахилгаан шуудангийн яамны сайд Антипов, ЗХУ-ын элчин сайд Николай Кириллович Смирновоос Монголын цахилгаан мэдээний ерөнхий сургагч Гельбатт-д ирүүлсэн цахилгаан мэдээнд “Агаарын сонсох мэдээ”-г байгуулах төлөвлөгөөг ирүүлэх тухай цахилгаан мэдээ ирүүлж байсан нь бидэнд туслах сэтгэлийн илэрхийлэл байлаа.

Засгийн газрын 1931 оны 3 сарын 13-ны хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэр холбооны яамнаас радио байгуулах төлөвлөгөөг хэлэлцээд хувь нийлүүлэх “Монгол Радио” хоршоог зохион байгуулах, ЗХУ-тай барилга байгууламжийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ.

1931 оны зун  радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны ажилтнууд болжээ.

“МОНГОЛ РАДИО” хоршоо техникийн баазыг байгуулахаас өмнө өөрийн боломжийг ашиглан радио дажжуулах ажлыг эхлүүлэхээр болж 1931 оны майн баяраар агаарын мэдээгээр үг, дуу сонсгохыг “Агаарын мэдээ”-ний зөвлөлд даалгажээ.

Агаарын мэдээний зөвлөлд НХТ –ны сурган боловсруулах хэлтэс, “Үнэн” сонины газар, Шинжлэх ухааны хүрээлэн, Ардыг боловсруулах яам зэрэг газруудаас 9 хүний бүрэлдхүүнтэй байжээ.

Их хүрээнд 1860 аад оноос орос улсын ноос, нэхий, малын худалдаачид олноор суурьших болжээ. Одоогийн В. И. Лениний нэрэмжит клубт тэд бүжиг хийх,цуглаан зохион байгуулдаг “НАРДОМ”  гэдэг орос ажилчдийн клуб байжээ.

“Агаарын мэдээ”-ний зөвлөл 1931 оны 5 сарын 1 ний 19.00 цагаас төлөвлөсөн ёсоор НАРДОМ клубын өсгөгч,  чанга яригчийг төв талбайд, цэнгэлдэхэд байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ.

Зураг-3 Одоогийн Ленин клубын 1930 аад оны байдал

1931 оны 6 сарын 20 -ноос хүн олон цугларах газар чанга яригчуудыг байрлуулж долоо хоногт 2 удаа тус бүр хоёр цагаар мэдээг тогтмол дамжуулдаг болжээ.

Энэ үед шугамын радиог “ агаарын сонин” гэж нэрлэж заншжээ. Агаар мэдээний зөвлөлд ажиллаж байсан ахмад сэхээтэн Б. Гүржав дурдатгалдаа: Нийслэлд радио анх эхэлж байхдаа “Улаанбаатарчууд аа, Та бүхний амрыг эрж хувьсгалын халуун баяр хүргэе” гэж эхэлдэг байсныг дурсан тэмдэглэсэн байдаг.

 “Монгол радио” хоршооны 1931 оны 7 сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор

  1. Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж  үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар
  2. Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг
  3. Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ.

1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ.

Зураг-5 “Ардын үндэсний эрх” сонины 1935 оны 7 сарын 16 ны дугаарт наадмын комиссын тухай өгүүлэгт  … Ялангуяа радиогоор нэвтрүүлэх зүйл дээр радиог бэлхнээ байлгахыг комисын гишүүн Цогт-Oчирт бөхийн ам авах, морины цол дуудахад онцгой анхааруулжээ…

1931 оны намраас “Монгол радио” хоршоо өөрийн радио зангилаатай болж айл өрхүүдэд радио цэгийг ажиллуулж эхэлжээ.

1933.2.3 ны Засгийн газрын 5 р хурлаар радионы ажлыг сайжруулах зорилгоор:

–Радиогийн барилга байгууламжийг барих ажлыг цахилгаан шуудан бичгийн хороо-  хариуцуулаад Монгол – Радио хоршоог татан буулгаж түүний хөрөнгө мөнгийг Цахилгаан Шуудан Бичгийн Хороонд шилжүүлжээ.

– ЗХУ –аас ирүүлэхээр бэлэн байгаа тоног төхөөрөмжүүдийг Улаан Үдээс УБ-т авто машинаар татан авах

БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах зорилгоор 1933 оны 2 сарын 9 нд БНМАУ- ЗСБНХУ-ын хооронд гэрээг Улаанбаатар хотод хийжээ.

ЗХУ ын талаас 1-15 киловаттын радио нэвтрүүлэх болон хүлээн авах станцууд 1000 радио цэг ажлуулж чадах радио зангилааг УБ –д суурилуулах 150- 500 ватт чадал бүхий жижиг радио станцыг аймгуудын төв болон томоохон суурин газруудад суурилуулах Мэргэжлийн боловсон хүчнүүдийг дагалдуулан сургах үүрэг хүлээж БНМАУ-ын талаас Радио станцуудыг суурилуулах байр тоног төхөөрөмжүүдийг хадгалах агуулах болон мэргэжилтнүүдийн орон сууцуудыг бэлтгэх Радио станцуудад хэрэглэгдэх багана мод болон барилгын материалуудыг шаардагдах газруудад нь хүргэх зардлыг гаргах энэхүү гэрээт ажлууд хугацааны дагуу хийгдэж 1933 оны сүүл гэхэд зарим аймгуудын төвүүдтэй радио телеграфийн холбоо барьж эхэлжээ.

БНМАУ-д радио нэвтрүүлэх станцын болон радио телеграфын үйлчилгээ нэмэгдэж байгааг харгалзан Ардын Сайд нарын Зөвлөл, Улсын бага Хурлын тэргүүлэгчдийн 1933 оны 7 сарын 21 өдрийн хамтарсан хуралдаанаас БНМАУ-ын худалдаа,  aж үйлдвэрийн  яамны харьяа Шуудан бичиг цахилгаан мэдээний  ерөнхий хороог БНМАУ-ын худалдаа, үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны харьяа , харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо хэмээн нэрийдэхээр болж радио станцууд болон зангилааны техникийн ашиглалт үйлчилгээг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгажээ.

Аймгуудад баригдах радио станцын байшингууд хугацаандаа баригдсан тул Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдын 1934 оны 8 сарын 14 ний 82 дугаар тушаалаар тус байшингуудыг ЗХУ-ын талаас хүлээн авах комиссын бүрэлдхүүнийг  томилжээ. Комиссын даргаар Xарилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга н. Цэндсүрэнг, гишүүдэд Гельватт, Түдэвдорж, аймгуудын аймгийн яам, дотоодыг хамгаалах хэлтэс, холбооны ерөнхий хорооны бүрэлдхүүнтэй комисс байгуулж, хүлээн авах ажлыг 8 сарын 20 –оос 9 сарын 15 ны дотор багтаахаар тушаалд дурдсан байна.

1934 оны 9 сарын 1-нд манай улсын анхны радио нэвтрүүлэх станцын нэвтрүүлгийг нээх Улаанбаатар хотын төв станц дээр хийгдэхэд Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Р. Мэнд баярын үг хэлж нээлт хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд нам төрийн төлөөлөгчид, ЗХУ-аас элчин сайдын төлөөлөгчид оролцжээ.

Зураг-6 Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны

яамны сайд Рэнцэнгийн Мэнд (1932-19370)

 “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг “Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо”-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаагийн дуу хоолойгооор орон даяар цацагджээ.

Зураг-7 Радиогийн уран сайхны анхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаа

13 аймгийн төвүүдэд иргэдийн цуглаан зохион байгуулж нээлтийн үйл ажиллагааг радиогоор сонсгожээ.

Энэ төлөвлөгдсөн ажлын хүрээнд УБ хотын төв станц 15кВт болон 1кВт ын нэвтрүүлэгчүүд, Дорнод, Хэнтий, Дорногвь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Тамсагбулаг 150 Вт радио телефоны болон телеграфын станцууд, Ховд, Увс, Завхан аймгуудад 500 Вт-ын телеграфын станцуудыг ашиглалтанд хүлээн авчээ.

Ж.Батаа радиогийн давуу талыг өөрөө сэтгэл татагдаж байсан тухайгаа РАДИО шүлэг хүртэл бичиж ажил мэргэжилдээ татагдан ажиллаж байсан боловч ХЭЛМЭГДЛИЙН хар шуурга өртсөн байдаг.

Зураг-8   Анхны радионы уран сайхны нэвтрүүлэгч Ж. Батаагийн гадаад паспортын хуулбар

1935 оны нэгдүгээр сараас эхлэн радиод анхны эмэгтэй нэвтрүүлэгч Лувсангийн Рагчаа ажиллаж олон түмнийг соён гэгээрүүлэх үйлст эмэгтэйчүүд оролцож эхэлжээ.

Радио нэг эрхлэгчтэй, хоёр нэвтрүүлэгчийн орон тоотой ажиллаж байлаа.

Монголын радио түүхэн хөгжлийнхөө явцад урлаг уран бүтээлийн шинэ шинэ хэлбэрийн ажлыг цаг ямагт эхлүүлж байсны анхдагч нь 1934 оны 12 дугаар сард зохион байгуулсан “Радио үдэшлэг” бөгөөд түүнд  манай нэрт зохиолч С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг, Д.Цэвэгмид, П.Хорлоо, Т.Нацагдорж, Л.Цэнд-Очир нар уригдан оролцсон байна.

1935 оны тавдугаар сарын 15-нд тусгай программаар ерөнхий эрдмийн хичээл заах “Нүд далдын сургууль” хэмээх анхны Радио сургууль нээсэн нь орчин цагийн “Зайн сургалт”-ын эхлэл ингэж тавигдсан ч гэж үзэх талтай Г.Ш.

1934 онд баригдсан байшинд шуудан, цахилгаан мэдээний салбаруудыг 1 давхарт 2 давхарт нь цахилгаан мэдээг нэвтрүүлэх болон хүлээн авах радио товчоо, өргөн нэвтрүүлэг бэлтгэх микрофон бүхий студи, нийслэл хотод радио нэвтрүүлэг хийх 200 ваттын  чадал бүхий радио зангилааг шинээр суурилуулжээ. Улаанбаатарын төв станцад ДРК -1 ДРК – 15 маркийн,  аймгуудын төвд АК болон КТВ радио нэвтрүүлэх станцууд, ПЦКУ, ПЦКУМ маркийн хүлээн авах станцуудыг монтажилжээ.

Зураг-9   Радио нэвтрүүлэгчид радио студи дээрээ нэвтрүүлэг хийж байгаа нь

1934 оны сүүлч гэхэд хот хөдөөдөө 900 гаруй радио цэгтэй болж , ЗХУ -ын Москва, Иркутск, Улаан-Үд , Хабаровск зэрэг хотуудтай радио телеграфын холбоотой болсон байлаа.

Энэ үед Иркутск хотын дорнод сибирийн холбооны газрын дэргэдэх радио техникийн сургалтанд хамрагдаж радио техникчээр бэлтгэгдсэн Г, Чоймбол, Г, Дамдинсүрэн, Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Ренцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, нарын 12 хүн төгсөж ирж үр бүтээлтэй ажиллсан байдаг.

Үйлдвэр комбинатын ойролцоо байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангах зорилгоор радио төв станцад зориулан барьсан өндөр хүчдэлийн шугамыг комбинатын мэдэлд шилжүүлэн шинээр байгуулагдсан цахилгаан гэрлийн хороонд радио станцыг цахилгаан гэрлээр тасралтгүй хангаж байхаар үүрэг өгч байжээ.

Айл өрхүүдэд тавих радио чанга яригчийг ЗХУ аас захиалан авах тоог нэмэгдүүлэх, шинэ төрлийн радио хүлээн авагчийг судлан захиалах ажлыг сайн хийж байсны дүнд 1940 онд радио цэгийн тоо 4500 д хүрчээ.

1934 онд радио нэвтрүүлэх станцыг ашиглалтанд өгснөөс Зөвлөлтийн мэргэжилтнүүд монгол ажилчдыг дагалдуулан үйлчилгээ засварын ажилд сургахдаа онолын хичээлийг суурь болгон зааж сэтгэлээсээ туслаж байсан Игнатов, Ходов, Троченский, Федотов нарын олон мэргэжилтнүүдийг дурьдаж болох билээ.

1938 оны наймдугаар сараас эхлэн радио нэвтрүүлгийг “Радио сонин” хэмээн нэрлэж, түүний эрхлэгчийн үүргийг МАХН-ын Төв Хорооны ухуулан боловсруулах хэлтсийн ажилтан гүйцэтгэх болж,радиогийн өглөөний нэвтрүүлгийг хоёр цагаар нэмэгдүүлж, 7.00-11.00 цаг хүртэл явуулахаар шийдвэрлэж байжээ.

1939 оноос холбооны техникумын суралцах хугацааг гурван жил болгож радио техникийн ангийг нээж үндэсний мэргэжилтнүүдээр хангах, радионы техникийн баазыг бий болгосноороо ард түмний соёлжилт, тэдэнд төр засгийн бодлого шийдвэрийг хүргэхэд бодит дэм болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол улс татагдан оролцсоноор “МХЗЭ-ийн Төв Хорооны суртлын хэлтэс”, “Уран сайхны хэрэг эрхлэх газрын утга зохиолын хэлтэс”, “Радио хорооны уран сайхны нэвтрүүлгийн редакц” хамтран радио программыг цэрэг татлагад зориулан явуулж байжээ. 1944 оны хоёрдугаар сард МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор “Радио хорооны зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, “Радио хороо”-ны даргаар Намын Төв Хорооны лекторын товчооны дарга Ч.Лодойдамбыг томилсон нь анхны дарга хэмээн түүхэнд бичигджээ.

Радио хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд МХЗЭ-ийн Төв Хорооны Дамдин, хотын намын хорооны нарийн бичгийн дарга Содномбалжир, Үнэн сонины эрхлэгч Дамдинсүрэн, Уран сайхны хүрээлэнгийн дарга Болд, Радио хорооны орлогч дарга Дуламдорж, Засгийн газрын ажилтан Дэндэв, Харилцан нэвтрэлцэх холбооны орлогч дарга Лувсанцэнд нарыг оруулан баталжээ.

Зөвлөлтийн ард түмэнд улс орноо дайснаас хамгаалахад манай улсын халуун тусламжинд ард олонд мэдэгдэн таниулах ажилд Харилцаа холбооны үйлчилгээг эрчимтэй зохион байгуулах зорилгоор 1944 оны 5 сарын 8 нд Засгийн газрын харьяа Харилцан нэвтрэлцэх  холбооны ерөнхий газрыг БНМАУ ын Холбооны яам болгон зохион байгуулжээ.

1942 оноос шинээр зохион байгуулагдсан Сүхбаатар, Баянхонгор Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай  аймгуудад радио телефон, радио зангилаануудыг байгуулах ажлуудыг гүйцэтгэж чаджээ.

1940 өөд оны эхээр ажиллаж байсан инженер Вяткин Хуучин кино хальс ашиглан дуу хөгжим бичдэг гар ажиллагаатай дуу бичлэгийн төхөөрөмж санаачилсан нь радиогоор нэвтрүүлэх мэдээллийг урьдчилан бэлтгэх, нэг бичсэн зүйлээ дахин ашиглах боломжийг олгосноороо радио студийн ажлыг маш хөнгөвчилжээ.

Үүнээс өмнө радиогоор нэвтрүүлэх мэдээг унших хүн яг хуваарьт цагт студи дээр биеэр ирж мэдээгээ уншдаг, нэвтрүүлэгийг өглөө, орой хаахдаа төрийн дуулалыг жүжигчид өглөө оройд студи дээр ирж дуулдаг байсныг больж урьдчилан бичдэг болжээ.

1945 оны 5 сарын 7 нд радионы баярын хурлыг Ленин клубт зохион байгуулж нам төрийн удирдагч нар оролцож Улсын радио хорооны дарга Ч. Лодойдамба  нээж үг хэлж, Холбооны яамны сайд Д. Дэндэв Радио холбооны хөгжилийн түүхэн замналын талаар илтгэл тавьж амжилттай ажилласан хүмүүсд шагнал гардуулжээ.

1946 оноос Л.Мөрдоржийн хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өглөө бүрийн өргөн нэвтрүүлгээ эхлэх “Радио дохио” болгон өгч эхлэснээс 78 жил болж байгаа юм.

1946 оны 3 сарын 25 нд хуралдсан НТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнд Холбооны яамнаас оруулсан радио нэвтрүүлэх станцаас 600 км дотор зайнд байгаа хүмүүс нэвтрүүлэг сонсох чадвар бүхий хүлээн авагчийг нийлүүлэх,  шинээр гарч буй хүлээн авагчийг судлаж нийлүүлэх төлөвлөгөөг баталжээ.

Радио хороог бие даасан байгууллага болгож, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх “Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороо”-г байгуулж тус хороо нь улс төрийн нэвтрүүлгийн хоёр үндсэн хэлтэстэй, 12 хөгжимчин бүхий үндэсний хөгжмийн хэсэгтэйгээр зохион байгуулагджээ.

1947-онд Америкийн Атлантик хотод, 1948 онд Мексикийн Мехикод болсон өндөр үелзлэлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хуралд монголын төлөөлөгчид оролцсон нь гадаад томилгооны анхных нь байлаа.

Зураг-10 Холбооны яамны сайд З. Аюурзана(1945-1953), Холбооны яамны ерөнхий механик Лувсанцэнд, Холбооны яамны зөвлөх  Гельват нар Атланта хотод

БНМАУ-ыг цаашдаа нэгдсэн төлөвлөгөөтөй хөгжүүлэх бодлогын баримтыг 1947 онд хуралдсан МАХН ын 11-р их хурлаар хэлэлцээд Улс ардын аж ахуйг 1948 – 1952 онд хөгжүүлэх анх дугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан чухал алхам болжээ.

Анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд томоохон газруудад 13 радио зангилаа байгуулах, 280 суманд Эх орон хүлээн авагчийг тавихаар төлөвлөжээ.

1947 онд ЗХУ-аас Днепр гэдэг соронзон бичлэгийн магнитофон авчирч радио студид суурилуулснаар дараа өдрүүдийн мэдээг урьдчилан бэлтгэх боломж гарснаар радио нэвтрүүлэгийн цагийг өдөрт 7 цаг болгожээ.

Зураг-11 Днепр магнитофон

1950 онд Ховд,  Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Чойбалсан Өмнөгөвь аймгийн 100 суманд Эх орон 47 хүлээн авагчаар хангажээ.

Зураг-12   Родина -47 радио хүлээн авагч

Эх орон 47 хүлээн авагч  нь 1947 оноос  Воронежийн заводад хийгдсэн. Хуурай батерейтэй, лампан дээр зохиогдсон.  Эх орон 47 нь өмнөх загвараасаа КВ долгион 25-70 м болж өргөшсөн, антенны хэсэгт шуугианы намсгагч тавидсан, ашиглахад тохиромжтой хэвтээ хуваарьтай болсноос гадна гадаад үзэмж сайжиран гарчээ.

1951 оноос 75 сумыг, 1952 онд үлдсэн сумуудыг хүлээн авагчтай болгожээ. Ийнхүү улсын бүх сумыг хүлээн авагтай болгож төрөөс улсын хэмжээнд зарлах, мэдээлэх үйлчилгээг эхний ээлжинд сумуудын хэмжээнд хүргэх боломжийг бүрдүүлжээ.

Цаашид мэдээллийг иргэдэд, алслагдсан хөдөө малчдад хүргэх чухал зорилтыг дэвшүүлж УБ хотын тойрон 60 км дотор нутаглан буй айлуудад детекторын хүлээн авагчийг хийж өгч байсан байна. Анхдугаар таван жилийн эцэст бүх сумдуудыг радиожуулж, радио зангилааны хүчин чадал 40 %, радио цэгийн тоо 28% өссөн байна.

1954 оноос Радиогийн нэвтрүүлэгчдэд анх удаа 1,2,3 гэсэн мэргэжлийн зэргийн ангилал тогтоож тэдний мэрэгжлийн чадал чансааг харгалзан цалинжуулдаг байсан нь радио нэвтрүүлэгт чанарын ахиц гарчээ.

Тээвэр Холбооны яамнаас дээрх ажлыг хэрэгжүүлэхээр холбооны техникумын төгсөгчдөөс аймгуудын холбоонд радиожуулалтын техникчээр Чулуунбатыг томилж, радионы тохиргоо, ашиглалтын гарын авлага хэвлүүлэн тарааж, 1954 оноос багуудад “Эх орон 52” радио хүлээн авагч тараагдсан байна. Орон даяар тараагдсан тул энэ хүү хүлээн авагч хүмүүсд их танил болжээ.

Зураг-13   “Эх орон – 52” радио хүлээн авагч нь 1952 онд  Челябинский радио заводод хийгдсэн. Хуруун лампан дээр зохиогдсон. Өндөр мэдрэх чадамжтайгаараа онцлог. Цахилгаан хэрэглээ маш бага, Дууны чадал ихтэй зохиогджээ.          

Ийнхүү хөдөө орон нутагт радиожуулалтыг өргөнөөр хийснээр малчидын мэдээлэл авах, соёлжилтын томоохон дэмжлэг болсонд их сэтгэл хангалуун байж баярласан сэтгэгдэлээ илэрхийлсээр байсны ганцхан жишээ дурьдахад  Завхан аймгийн малчин “Сумын төвөөс алс нутагладаг малчид зөвхөн сумын төв орж радио сонсож ойр зууурын мэдээ мэдэж, дуу хуур сонсож байснаа больж багийн радиогоор гадаад дотоодын байдал, нам төрийн шийдвэрүүдийг сонсдог”  болсондоо баярлаж байгаагаа бичсэн байна.

Улсын радио хорооны орлогч дарга Ч. Лодойдамбын санаачилгаар 1954 оны өвөл анхны радио сурвалжлагыг Төв аймгийн Авдарбаян сумын малчин Лувсан, Баянцагаан сумын малчин Балдан нарын хотноос сурважлагаа хийж, нэвтрүүлэгийн найруулагыг Ч. Лодойдамба  гуай зохиомжилж, радио инженер Ц. Мятав, радио техникч Д. Пүрэв нар оролцжээ.

Тэр нэвтрүүлгийг малчид талархан сайшааж орон нутгийн ахуй амьдралыг сурвалжлахаар хүсэлтүүдийг олноор ирүүлж байжээ.

Түүнээс хойш тариан талбай, саалийн ферм, үйлдвэрийн цэхээс олон сурвалжлагыг хийхэд тухайн үед МАГ-2 магнитофон, Л-3 цахилгааны мотор гээд сурвалжилга хийхэд ихээхэн хэмжээний ачааг ЛАЗ-51 машинаар авч явдаг байжээ.

Зураг-13 Студийн дамартай, нэг замын магнитофон “МАГ-2”  дууг мэргэжлийн түвшинд  бичих зориулалттай.   Техникийн үзүүлэлт:  – Туузны урсах хурд 45,6 см/сек

– Хэрэглэх чадал 200 Вт

– Дууны хүрээ 70-6000б Гц

1954 онд Монголын радиогийн дуу хөгжмийн “Алтан сан” хөмрөг үндэслэгджээ. Ахмад ажилтнуудын дуртгалд “Радиогийн дуу хөгжмийн фонд”-ыг радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн ерөнхий редактор хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаа эмхлэн цэгцэлж төрөлжүүлэн байгуулжээ.

Ахмадын хүүрнэл …

1934 онд онд шинээр радио станц байгуулж байхад агаар цэвэр, сонсогч цөөтэй байжээ. 1950 иад он гараад дэлхий даяар их хүчний, олон тооны радио станцууд байгуулагдснаас болоод радио долгион өөр хоорондоо нөлөөлж тухайн орны хувьд хэрэгцээгүй долгионууд агаар мандалыг бохирдуулж байлаа. Энэ үед бага чадлын станцууд гадныхны хүчинд дарагдаж өмнө нь радио сонсож байсан газарч сонсохоо больж байлаа. Цацагдаж байгаа радио долгионы хүч сул байгааг дээр дооргүй бүгд мэддэг, хүмүүсээс ирэх гомдлын тоо өссөөр байлаа….

1956 оны 10 р сард МАХН-ын төв хорооны улс төрийн товчоо орон нутгийн радионы хэрэглээ, шуудангийн үйлчилгээнд гарч буй дутагдлыг хэлэлцээд хөдөө сумдад тараасан 250 Эх орон хүлээн авагчын 13 % нь ажиллахгүй, Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөгөвь, Архангай аймгуудын радио зангилааны чадал гарвал зохих чадлаасаа ихээхэн бага, Хэнтий, Төв, Ховд аймгуудын радио техникчдийн чадвар муу, Ховд аймгийн радио техникчдийн 50% нь солигдсон байгаа зэрэг дутагдлуудыг заагаад Холбооны яамны сайд Дамдинжавт хэд хэдэн үүрэг өгсний дагуу 1957-1970 онуудад хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг боловсруулах үүнд:

  • Төв радио нэвтрүүлэгийг орон даяар дамжуулах их хүчний радио станцийг УБ д байгуулах
  • Аймгийн төвүүдийн радио зангилааны хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Зурагт радиог нэвтрүүлэхийг Тээвэр холбооны яаманд даалгажээ.

1958 оны долоодугаар сарын нэгнээс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 212 дугаар тогтоолоор “Радио хорооны хөгжмийн оркестрийг симфони оркестр” болгон өргөтгөв. Энэхүү симфони найрал хөгжим хожмоо “Улсын филармонид шилжиж Улсын симфони найрал хөгжим”-ийг бүрэлдүүлсэн юм.

1959 оны наймдугаар сарын 09-ний өдөр Ардын хувьсгалын 40 жилийн ой угтаж зарласан соёлын довтолгооны зорилтыг биелүүлэхэд чиглүүлж “Соёлч” хэмээх анхны радио сонин бий болов. Тэр үед Ч.Лодойдамбын “Алтайд” роман, “Хугараагүй ноён нуруу” зэрэг зохиолыг жүжиглэн тоглох аргаар нэвтрүүлэн уран зохиолын нэвтрүүлгийн нэг төрөл болох радио зохиомж үүсжээ.

Ахмадын хүүрнэл …

Их хүчний радио нэвтрүүлэх станцыг хаана барих вэ …

1957 оны зун радио станцыг байгуулах урьдчилсан судалгаа хийхээр зөвлөлтийн холбооны зургийн институтээс мэргэжитнүүдийн ахлах А.А. Сычев, С.С. Кузнецов, Краснощеков, Борис нар иржээ.

Нэвтрүүлэх станцыг байгуулах газрыг сонгохдоо: хотоос зайдуу, уул хад халхлаад байхааргүй, антенна байгуулах талбай томтой, цэвэр ус элбэгтэй, цахилгаан хангамжийн шугамтай, хүрэх зам харгуйд бартаа багатай, суурьшмал хашаа байшингаас хол зэрэг шаардлагуудыг хангасан газар сонгох байлаа.

Бид УБ хотын болон хот хавийн 50:1, 1000:1 масштабтай зураг олж аваад хотын төвөөс 50-60 км зайтай дээрх шаардлагуудыг хангасан газар хайж Наран (одоо хүлээн авах станц байгаа), Хужир булан, Хонхор нуурын арын дэнж, Налайхын зүүн тал руу зэрэг газрууд дээр судалгаа хэмжилтүүдийг хийсний дараа  Хонхор нуурын арын дэнжийг ер нь боломжийн гэж зөвлөлдөөд нуур горхитой, бидэнд хэрэгтэй 1500x 1500 метрийн талбайтай сайхан газар геодизич Краснощековын сүүлийн хэмжилтүүдийг хүлээх зуураа “геодизич гэдэг чинь газрын гадаргуу судлаач юм байна” хэмээн инээлдэж байлаа. Краснощеков невелер (тэгшлүүр), теодолит (өнцөг хэмжигч) –оор олон удаа дурандсны дараа “Хорошо” хэмээн эрхий хуруугаа харуулснаар бид газраа сонгож билээ

Улс ардын аж ахуйг хөгжүүлэх 3 р таван жилийн төлөвлөгөөгөөр 1958 оноос Монгол, Зөвлөлтийн барилгачид, холбооны инженер техникчид мөр зэрэгцэн ажилласны ачаар УБ их хүчний радио станцыг 1960 оны 4 сарын 21 нд нээн ажиллуулж Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар В. И. Лениний нэрэмжит болгосныг уншиж танилцуулжээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг өөрчлөн   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Мэдээлэл, радиогийн улсын хороо”болгож зохион байгуулжээ.

ЗХУ-ын техник, санхүү, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хэрэгжсэн энэхүү төслийн хүрээнд олон тооны антены байгууламжууд, урт долгионы 150 кВт, гол нэвтрүүлэх станц, 50, 25, 5 кВт нэвтрүүлэх станцууд ашиглалтанд оруулснаар орон нутагт радио нэвтрүүлгийн сонсгол эрс сайжирсны дээр энэ төслийн хүрээнд “Наран дахь хүлээн авах төв”-ийг өргөтгөн сайжруулжээ. Эдгээр өндөр мэдрэмжтэй хүлээн авах станцууд тавигдснаар телефон, телеграфын мэдээг найдвар нэмэгдсэн байна.

Хонхорын радио станц, Наран дахь хүлээн авах станцуудыг шинээр байгуулснаар радио студийн техникийг шинэчлэх шаардлага гарсан тул 1934 онд баригдсан холбооны нэгдсэн байшинг шинэчлэх талаар 1959 оны 7 сард БНМАУ-ЗСБНХУ –уудын Засгийн газрууд хоорондын гэрээг үзэглэжээ.

Холбооны шинэ байшинг 1960 оны 12 сард хүлээн авахад радио цэгийг нэмэгдүүлэх хүчин чадал бүхий 5 зангилаанууд, мэдээ бэлтгэлийн соронзон бичлэгийн олон тооны соронзон бичлэгийн суурин магнитофонууд программ зохицуулан удирдах төхөөрөмж бүхий шинэ студи ашиглалтанд оруулжээ.

Ахмадын хүүрнэл …

Хонхорын нэвтрүүлэх станцад нийтдээ 23, Наран дахь хүлээн авах станцад 16 антенн барьсан юм. Антенн 20 -62 метрийн өндөртэй 4 багана зарим нь бүүр 6-8 баганын хооронд өлгөгдсөн юм. Энэ баганын моднуудыг манай холбоочид Богд ууланд өвөл хийгээд хайнагын шараар булхай чаргаар татаж авчирч билээ. Моднуудаа холтослох, цавчиж тэгшлэх, нар бороо, шавьжнаас хамгаалах тос шингээсны дүнд өдий 60-70 жил болж байгаа л даа. 60-70 м баганын модыг босгоход бидний “цодгор хүү” хэмээн нэрлэсэн гар лебёка-нууд их хэрэг болж манайхан ч түүнийг хэрэглэх дуртай. Өндөр баганыг босгоход олон хэсгээс жигд татаж бослоно. Үүийг “цодгор хүү”- гийн тусламжтай хийнэ. Мэдээж 100 метрээс өндөр антеннуудыг модоор хийж гараар босгохгүй л дээ. Хонхорын 257 м, Баян-өлгийн 350 м, телевизийн 180 м антеннуудыг цамхагуудыг барилгын тийм өндөр кран байхгүй болохоор 10-аад метр өндөр мөлхөгч кран ашигладаг юм билээ.

Хонхорын 257 м цамхагыг босгохоор Зөвлөлтөөс 14 антеннын мэргэжилтэн ирж, үйлдвэрт хийгдсэн гурвалжин хэлбэртэй 8 метрийн 30 гаруй төмөр хийцийг залгаж цамхаг босгох байлаа. Анхны 8 метрийн суурийг зөв байрлуулах нь маш чухал гэж зөвлөж суурь бетонын найрлага тулах цэгүүдийн төвшинг гаргах нь маш нарийн хэмжилт, хяналтанд хийгдсэнсэн. Ийнхүү анхны 8 метрийн хийцийг босгосны дараа хүмүүс ч иржцээж Угсаралтын ажил саадгүй яваг, хүмүүс аваар осолгүй сайхан бүтэг гэсэн антеннчидын өвөрмөц заншлаар барилгын инженер Кузнецов, антеннийн техникч Чоймбол нар “шампанск” дарсыг суурь луу шидэж антеннаа мялааж байлаа

3 жилийн энэ хугацаанд радио нэвтрүүлэгийн хувьд бүрэн шинэчлэгдсэн жилүүд өнгөрч 1960 оны эцэс гэхэд радио зангилааны тоо 31 , радио цэгийн тоо 43 , радио цэгийн тоо 8.6 дахин өссөн түүхэн хугацаа байлаа.

IV, V 5 жилийн хугацаанд орон нутгийг радиожуулах ажлыг улам гүнзгийрүүлж хөдөө аж ахуйн үндсэн нэгж болох бригад , фермүүдийг холбоожуулах зорилгоор РС-25, РСО-30, Гроза зэрэг станцуудыг суурилуулж байсны зэрэгцээ эдгээр нэгжүүдийг телефонжуулах ажлыг эхлүүлсэн он жилүүд байлаа.

Баян-Өлгийн радио нэвтрүүлэх станц, хүлээн авах станцыг 1965 оны 8 сарын 20 нд ашиглалтанд орүүлж, төвийн радио нэвтрүүлэгийг хүлээн авч баруун хэсгийг радио нэвтрүүлгээр хангах мөн Казакийн ард түмэнд зориулсан нэвтрүүлэг хийх зорилгоор радио студи суурилуулж өгчээ.

Зураг-14 1961-1965 онуудад олон мянган хагас дамжуулагч дээр зохиогдсон Эх орон -60,  ВЭФ-202  радио хүлээн авагчуудыг хөдөөний хөдөдлмөрчдөд худалдаж тэдгээр нь бага оворын батерей хэрэглэдэг тул хэрэглэгчийн хүсэлтэд нийцэж байжээ.

Зураг-14  ТУ-100 радио дамжуулагч өсгөгч

Цахилгаан станц бүхий сумдын төвүүдэд “ТУ-100 радио дамжуулах өсгөгч “ суурилуулж өгсөнөөр радионы сонсголыг сайжирсан боловч сумдын цахилгаан станц өглөө оройдоо ажилладаг болохоор төвийн нэвтрүүлэгийг бүрэн сонсож чадахгүй тухай хүмүүсийн захидал олноор ирүүлж байжээ.

Дэлхийн олон орны сонсогчдод зориулан Монгол орныг  сурталчлах  гадаад хэлний нэвтрүүлгийн редакци Монголын Радиод 1964 онд  байгуулагдсан юм. 1964 оны  9-р  сарын 1-нээс монгол,хятад,орос, англи, франц, казах хэлний нэвтрүүлгүүд ээлж дараалан  нээгдсэн түүхтэй.

Цаг хугацааны явцад хамгийн олон сонсогчтой монгол, орос, англи, хятад хэлний  нэвтрүүлгүүдийг бэхжүүлж,  японы сонсогчдын хүсэлтээр 1989 оны  1-р сараас  Япон хэлээр нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн юм.

1974 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын холбооны салбарыг хөгжүүлж радио телевизийн нэгдсэн сүлжээ байгуулахад зориулж ЗХУ-аас 60 сая рублийн буцалтгүй тусламжийн бэлгийн объект байгуулж өгөхөөр хоёр улсын засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулжээ.

1978 оны есдүгээр сард Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн станцын өргөтгөл мөн онд Говь-Алтай аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудад дахь радио өргөн нэвтрүүлгийн станцыг тус тус ашиглалтанд оруулжээ.

1979 онд Монголын радиогийн дэргэд хүүхдийн сайн дурын “Улаан бүч” чуулга, залуучуудын “Инээмсэглэл” чуулга тус тус байгуулагдаж, 1981 онд Радиогийн хүүхдийн “Улаан бүч” чуулга, Монголын пионерийн байгууллагын 60 жилийн ой угтаж зарласан “Мөнгөн хонх” уралдаанд тэргүүн байр эзлэсэн түүхтэй.Радиогийн залуучуудын “Инээмсэглэл” чуулга ДЗО-ны ХII их наадамд оролцжээ.

1978-1981 он. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар-Алтай-Баян-Өлгийн чиглэлд болон Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэтийн чиглэлд радио релейний шугам тавьснаар радио нэвтрүүлгийн сонсгол сайжирч уг шугамын дагуух нутагт телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хүрээ өргөжив.

1980-1981 он. Монгол радиогийн хамт олон ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан “Ардын хувьсгалын намтар” радио тууж, “Монголын сайхан орон”, “Монголын ард түмэн” зэрэг нэг цагаас доошгүй хэмжээтэй, тус бүр 8-60 удаагийн томоохон цуврал нэвтрүүлгийг бүтээжээ.

1986 онд. Өвөрхангай, Ховд-Дорнод аймагт МОНЦАМЭ, радио, телевизийн аймаг дундын сурвалжлах хэсэг байгуулагдан ажиллаж, Өвөрхангайд сэтгүүлч С.Бараанасан, теле оператор Д.Нямсүрэн, Ховдод сэтгүүлч Х.Силам, теле оператор М.Биндэръяа, Дорнодод сэтгүүлч Д.Түвдлувсан, теле оператор Ч.Баяраа нар томилогджээ.

Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтэц зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний төв радио үүсэн бий болсон цагаасаа эхлэн өргөн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. Одоо МҮОНР-гийн I програм өдөр бүр 17 цаг, II програм 16 цаг, III програм буюу  Р-3 радиогийн 16 цагийн, нийт 50 орчим цагийн нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. “Монголын дуу хоолой” радио станц  монгол, англи, орос, хятад, япон хэлээр өдөр тутам 2-3 удаа 30 минутаас 1 цагийн тусгай нэвтрүүлгийг хилийн чанад дахь сонсогчдод зориулан бэлтгэж эфирт гаргаж байна.

Мэдээлэл эмхэтгэсэн: Харилцаа холбооны түүхийн музейн эрхлэгч Г. Шаравдэмбэрэл

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.

Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их, дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгав.

Тэрбээр хэлсэн үгэндээ, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцаж, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, сурч боловсрохын их хүсэл тэмүүллээр жигүүрлэн эрдмийн их аяндаа мордож буй залууст чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэв.

Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр засаг нь гүнээ итгэж байгааг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 516 оюутан залуус 16 улсын их сургуульд суралцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.

Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.

Халхын голын байлдааны ахмад дайчин Ц.Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо

Энэ өдрүүдэд Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой тохиож байна.

“Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй нас зооглож байна. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэр бээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм.

Ц.Чимэдцэрэн гуай 1939 онд Халхын голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байсан. “Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж туслая. Юу хий гэснийг хийнэ” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронтод очиж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

    Тэрбээр түүхт ялалтын баярын хуралд оролцож, Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэлээ.

Энэ ялалт монголчууд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал гэдгийг онцоллоо.

Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн сургамжийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ёстойг тэмдэглэв.

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Чойбалсан хотод ЗХУ, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг нээж, Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө.

Монгол, Оросын Зэвсэгт хүчний анги, салбаруудын цэргийн ёслолын жагсаалын өмнө Халхын голын байлдаанд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны тугийг залж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ өдрүүдэд Монгол-Оросын хамтарсан байлдааны буудлагатай “Сэлэнгэ-2024” цэргийн сургууль боллоо. Сургуульд хоёр улсын хуурай зам, агаарын цэрэг, тусгай ажиллагааны 700 гаруй цэрэг, 200 орчим техник, хэрэгсэл оролцлоо. Энэ сургуулийг  2008 онд “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр хоёр улсын нутагт жил бүр зохион байгуулж байна.

Энэ нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, алба хаагчдын мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл-техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Халхын голын түүхт ялалтын 85 жилийн ойн арга хэмжээ Халх гол суманд үргэлжинэ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бараалхав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв.

Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг  эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт халуун мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

“Боловсролын дата төвийг өргөтгөх шаардлагатай”

0

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (UNICEF, ITU)-ын “GiGa” санаачилгын хүрээнд “Боловсролын салбарын цахим хуваагдал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2024.08.23) зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт цахим хөгжил, инновац, мэдээлэл технологи, боловсролын чиглэлийн төр, хувийн хэвшил, олон улсын улсын байгууллагын төлөөллүүд оролцож, “НҮБ-ын хүүхдийн сангаас сургуулийн интернэт холболттой холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, сургуулийн интернэтийн ач холбогдол”, “Сургуулийн интернэт холболтын өнөөгийн нөхцөл байдал ба бэрхшээл”, “Сургуулийн интернэт холболтын дэд бүтцийг өргөжүүлэх боломжууд” зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Улсын хэмжээнд нийслэлийн 167, аймгийн төвийн 137, сум, багийн 398 сургуулийн 863 хичээлийн байр интернэтэд холбогдсон байгаа нь нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 77.5 хувь юм. Иймд мэдээлэл, харилцаа холбооны суурь дэд бүтцийг бүрэн шийдвэрлэх, хичээлийн болон дотуур байр бүрийг нэгдсэн сүлжээнд холбох, дотоод сүлжээний орчныг бүрдүүлэхэд талуудын хамтын оролцоо чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү оролцож, “Харилцаа холбооны сүлжээ боловсролын салбарт” сэдвээр илтгэл танилцуулан, сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСУ-ын Инха их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСУ-ын Инха их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

БНСУ нь ухаалаг хотуудын анхдагчдын нэг гэдгээрээ олон улсад алдартай. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг хэрхэн дэвшилтэт технологи инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр шийдвэрлэх талаар талууд санал солилцов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү асуудлыг судалж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа.

 Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, эрмэлзлийн нотолгоо гэдэгт талууд санал нэгдлээ.

Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгах, шинэ агуулга, чиглэлээр баяжуулах талаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх хүч чармайлтад хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын дэвшүүлсэн санаачилгуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө НҮБ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.

Бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг  шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед илэрхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо.

А.Мохаммед нь НҮБ-ын түүхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албыг хашиж байгаа хоёр дахь эмэгтэй юм.

Дэлхийн улс орнуудын манлайлагч эмэгтэйчүүд чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. 

Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байна.

Тухайлбал Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын тэргүүн хатагтай, Швейцар, Беларусь, Узбекистан, БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Франц, Австрали, Турк, Куба, ИБУИНХУ болон   Олон улсын улаан загалмайн холбоо зэрэг байгууллагын өндөр албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.

Чуулга уулзалтаар:

  • Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо,
  • Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг,
  • Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо,
  • Жендерийн тэгш эдийн засаг,
  • Эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө,
  • Спорт, урлаг, соёлын салбар дахь жендерийн тэгш байдал зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ.

Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад морилон саатаж, бидний санаачлан зохион байгуулж буй Дэлхийн  эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад  хүрэлцэн ирсэн салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, 2025 онд тэмдэглэх “Бээжин+30” болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоолын 25 жилийн ойн бэлтгэлийг хангаж буй энэ үед Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд, дэмжлэг үзүүлсэн бусад бүх байгууллагын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн адил даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, шударга, энэрэнгүй нийгмийг цогцлооход эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.

Дэлхийн улс орнуудын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хугацааны талаас илүү хувь нь өнгөрөөд байхад жендерийн эрх тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.

Хэдийгээр энэ чиглэлээр дэлхийн улс орнууд тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч хэрэгжилт нь төдийлөн хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд анхааруулжээ.

ОУВС-ийн судалгаагаар олон улс оронд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хязгаарласан эрх зүйн зохицуулалтууд байсаар байгаа төдийгүй шийдвэр гаргах түвшинд ч эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс бага хэвээр байна.

Тухайлбал, энэ оны зургаадугаар сарын байдлаар дэлхийн 26 улсын төр, засгийг эмэгтэйчүүд удирдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн 26.5 хувь, сайдын түвшний албан тушаалын 22 хувийг эмэгтэйчүүд хашиж байна.

Мөн эмэгтэйчүүд албан бус, цалин хөлсгүй ажил хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнхийг эзэлж байгаагийн зэрэгцээ эрчүүдээс дунджаар 12 орчим хувиар бага цалин хөлс авч байна. Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой болохыг ОУВС-ийн судалгаанд дурджээ. 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж ирсэн бөгөөд төрийн үйл хэрэг, улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний хатан ухаан, торгон мэдрэмж, нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шастирт тэмдэглэн үлдээсэн байдаг.

Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.

Монгол Улс одоогоос 100 жилийн өмнө баталсан анхдугаар Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ.

Мөн Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах анхны төрийн бус байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улс эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, тэдний парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн орчныг сайжруулснаар УИХ-д 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт боллоо.

Монгол Улс охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын гэрээ, конвенц, санаачилгад нэгдэн орж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнээр сонгогдон, “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1997 оноос хойш хоёр жил тутам батлуулж ирлээ.

Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, 20 гаруй мянган цэнхэр дуулгатан, цэрэг дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйлсэд дэлхийн халуун цэгүүдэд илгээн, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо цэрэг хандивлагч 120 гаруй улсын эхний 18-д эрэмбэлэгдэж байна.

Цаашид бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн  2000 онд баталсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоол, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн 2018 онд дэвшүүлсэн “Энхийг сахиулах үйл ажиллагаа” санаачилгыг бүх талаар дэмжин, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах болно.

 Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлт эрчимжсэн, цар тахал, дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөнтэй хүндхэн цаг үеийг хамтдаа туулж байна. Ковид-19 цар тахлаар хүн төрөлхтөн 7 сая гаруй хүнээ алдсан билээ.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, геополитикийн зөрчил, мөргөлдөөнөөс шалтгаалан сүүлийн 16 сарын хугацаанд 120 гаруй сая хүн орон гэр, эх орноо орхин дүрвэсэн мэдээтэй байна.

Нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөөс болж дүрвэсэн хүмүүсийн 80 орчим хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгааг НҮБ-ын Байгаль орчны судалгаанд дурджээ. Дэлхийн цаг уурын байгууллагаас өнгөрсөн долоодугаар сарыг дэлхийн хамгийн халуун хоёр сарын нэгээр тэмдэглэснийг зарлалаа.

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, ган гачиг, үер усны аюул зэрэг нь хүн төрөлхтнөөс асар их хүчин чармайлт, үр дүнтэй хамтын ажиллагааг улам ихээр шаардах боллоо.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хүн бүрд нөлөөлж байгаа хэдий ч нөлөөлөл нь нас хүйс, үндэс угсаа, нийгэм эдийн засгийн бусад хүчин зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй байгаа бөгөөд ялангуяа, охид, эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд илүү их өртөж байна.

Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий хүнс, хөдөө аж ахуйн салбарт охид, эмэгтэйчүүд голлон ажиллаж байгаа нь тэдэнд илүү хүндээр тусдаг.

НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй бол 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг. Агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгдэж,  жил бүр манай улсын нийт хүн амын найман хувийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлөн, ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг гэсэн судалгааны үр дүн байдаг.

Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, шороон шуурга, ган зуд нь бидний уламжлалт мал аж ахуйд хүндээр тусч, улмаар нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалахад томоохон сорилт болж байна.

Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг томоохон хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Мөн 2026 онд “Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенц”-ын талуудын 17 дугаар бага хурал”-ыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлууллаа.

Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн тайланд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенц, Биологийн олон янз байдлын тухай болон Цөлжилттэй тэмцэх конвенцын уялдаа холбоог сайжруулах, түүнийг хэрэгжүүлэхэд жендерийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхийг зөвлөмж болгосон.

Нэн ялангуяа охид, эмэгтэйчүүдийн боловсрол, ур чадварыг сайжруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нэг гол чиглэл билээ.

Дэлхий даяар бага, дунд боловсролд охидын хамрагдах, бичиг үсэг тайлагдсан байдал нэмэгдэж байгаа хэдий ч НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр дэлхий дээр 120 гаруй сая охид боловсрол эзэмших эрхээ эдэлж чаддаггүй.

Манай улсын хувьд бүх шатны боловсрол олгох сургалтад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү олон байдаг хэдий ч эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Удахгүй болох НҮБ-ын Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтаар хэлэлцэх “Ирээдүйн төлөөх гэрээ” баримт бичигт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний манлайлал, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эдийн засгийн чадавхыг сайжруулах зэрэг чухал асуудлыг тусгаж байгаа нь нэн сайшаалтай.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид,

Хатагтай, ноёд оо,

Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг тулгамдаж буй олон сорилт, бэрхшээлийг даван туулахад охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо, манлайлал онцгой  үүрэгтэй бөгөөд Та бүхний санал, санаачилга чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг бөгөөд үүнд энэ чуулга уулзалт зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганаас гарах “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” нь охид, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, байр суурийг улам бэхжүүлнэ.

Энэ тунхаглал Бээжин хотноо 1995 онд баталсан “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн амлалтын хэрэгжилтийг хангах, Нью-Йорк хотноо удахгүй зохион байгуулах “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагч, манлайлагчид Та бүхний даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх их үйл хэрэгт өндөр амжилт хүсье.

Мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эмэгтэй манлайлагчид Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”.

Энэ удаагийн чуулга уулзалт 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд болж байгаа хамгийн өргөн цар хүрээтэй  уулзалт юм. 

2022 онд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд 30 гаруй орны энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон.

Мөн өнгөрсөн онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Ази тивдээ анх удаа зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, түүн дотроо жендерийн эрх тэгш байдлыг хангах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхэд  өөрийн хувь нэмрээ орууллаа.

Монгол Улс жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд идэвх, санаачилгатай ажилладаг, дэлхийн орнуудын анхаарлыг татаж буй орны тоонд ордог юм.

“Дэлхийд үнэлэгдэх боловсон хүчнийг эх орондоо бэлдэнэ”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС-ийн захирал Т.Намнан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

ШУТИС нь шинжлэх ухаан,  мэдээллийн технологийн боловсон хүчнийг бэлдэж буй гол сургууль юм. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, үүнийгээ дагаад энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул суралцагчдын квотыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тус сургуулийн удирдлагууд салбарын сайдад уламжиллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсантай холбоотойгоор Монгол Улсад гаднын программ хангамжийн компаниуд хөгжүүлэлтээ хийдэг болох орчин нөхцөлийг бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам харилцан ойлголцож, энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлдэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

ШУТИС нь өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ -тай хамтарсан 2+2 нийт 16 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, дата инженер, дата анализ зэрэг мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй болсонтой зэрэгцээд дээрх чиглэлийн хөтөлбөрүүдийг шинээр бий болгож,  анхны төгсөгчдөө 2024 онд хүлээн авчээ.

Ц.Баатархүү: Төрийн цахим үйлчилгээний тоонд биш чанарт анхаарна

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус академи нь төрийн 86 байгууллагын 1251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна.

Уулзалтаар И-Монгол академийн хийж хэрэгжүүлж буй ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов.

Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийн цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Дашрамд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна.