Home Blog Page 23

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан.

Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон.

Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон орны өөрчлөлтийг бүртгэх энэхүү төхөөрөмжийг Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын тус төслийг хариуцсан мэргэжилтнүүд, БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженерүүд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид хамтран суурилуулав.

_cuva

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.

2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

“Хакатон-2024” (Open data hackathon) тэмцээн эхэллээ

Нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх зорилго бүхий “Хакатон-2024” тэмцээн өнөөдөр (2024.09.02) Мэдээллийн технологийн үндэсний паркад эхэллээ.

Тэмцээнд оролцогч багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан бизнесийн загваруудыг боловсруулж, нээлттэй өгөгдлөөс гадна бусад эх сурвалжаас олж авах, ашиглахыг зөвшөөрдөг холбогдох вэб өгөгдөл болон API-уудтай нэгтгэн ашиглах боломжтой юм.

Тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Нийслэлийн Бизнес инновацын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцов

0

Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, Халхын голын байлдааны хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгч болон Оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэв.

Энэхүү түүхэн ойг хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тэмцсэн цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан ган бат найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэдэг гэдгийг онцоллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч захидалдаа, Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, амжилт бүтээл, Монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв.

Мөн хүнд бэрх үед батжин бэхэжсэн хоёр орны найрамдал нөхөрлөл, харилцан тусламжийн уламжлал нь Оросын Холбооны Улс, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжлийн бат бэх суурь нь мөн гэдгийг онцоллоо.

Цахим эдийн засгийг хөгжүүлэхэд АНУ-тай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр /2024.08.30/ хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү:

Засгийн газар цахим эдийн засаг болон шинжлэх ухаан технологийн паркуудыг  хөгжүүлэх, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг бүс нутаг төдийгүй дэлхийд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь борлуулах чиглэлд онцгойлон анхаарч байна. Цаашдаа өмнө АНУ-тай хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар ажиллаж буйгаа онцоллоо.

Түүнчлэн төлбөр тооцооны системүүдийг нэвтрүүлэх, туршлага судлах, кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлан, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүй, эдийн засгийн таатай эко системээр дэмжсэн жишиг паркийг Монгол Улсад байгуулж, Ази тивийг холбосон төв болох зорилго, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү салбарын хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй Баасан гарагт уулзаж байгаа бөгөөд уулзалтаас гарсан тодорхой саналуудыг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад уламжлалаа. Тодруулбал, хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед шаардлагатай чипийг борлуулах нь манай улсад хориотой байгаа тул энэ асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхийг хүслээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Засгийн газар салбар бүрд дижитал шилжилтийг эрчимжүүлж, энэ чиглэлд онцгойлон анхаарч буйд талархал илэрхийж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, түүнийг дагасан кибер аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэл нь хоёр улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл тул Монгол Улсыг дэмжиж, туршлага хуваалцах, хамтран ажиллахад таатай байна.

АНУ-ын талаас манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн парк, сансар судлалын чиглэлд илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.

УИХ-ын Байнгын хороод Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам тэргүүтэй төлөөлөгчид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллалаа.

Уулзалтад тус хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, түүний харьяа, салбар байгууллагын удирдлагууд оролцлоо.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн салбар болгох зорилгынхоо хүрээнд салбарын өнөөдрийн нөхцөл байдал, түүний хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буй талаар товч танилцууллаа. Тодруулбал

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь бүхий салбарын хөгжлийн хурдасгуур болж байгаа тул төрийн байгууллага, салбар дундын зохицуулалт нэн шаардлагатай байгаа;
  • Үндэсний хэмжээний мэдээлэл солилцооны ХУР системийн найдвартай үйл ажилллагааг хангах, өгөгдлийг эргэлтэд оруулж, шийдвэр гаргах түвшинд ашиглах;
  • Мэдээллийн технологийн эрин зуунд шуудангийн салбар томоохон сорилттой тулгарч байна. Цаашид шуудангийн салбарт дэвшилтэт технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтүүлэх;
  • Радиог тоон технологид шилжүүлэх; Ингэснээр Монголын үндэсний радио орон даяар иргэдэд гамшгийн мэдээллийг шуурхай хүргэдэг болох;
  • Иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, сургалтыг зохион байгуулах;
  • Мэдээллийн технологийн боловсон хүчнийг бэлдэхэд бодлогоор дэмжиж ажиллах;
  • Мэдээллийн дэд бүтэц, орон нутагт интернэтийн дэд бүтцийг сайжруулахаар  ажиллаж байгааг мэдээллэв.

Мөн харьяа болон салбар байгууллагын удирдлагууд үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаар байнгын хороодын гишүүдтэй нээлттэй санал солилцов.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд цахим хөгжил, хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж, салбарын бүрд цахим шилжилт хийгдэж, хөгжлийн хурдасгуур болж буйг онцлоод Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг дэмжиж, тулгамдаж буй асуудлыг нь УИХ дээр танилцуулж, шийдвэрлэх чиглэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа

Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон  экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж байлаа.

Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах санаачлага гарган, ажлыг нь эхлүүлж байсан юм.

1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг 2021 онд татан гаргасан нь энэ ажиллагааны эхлэл байлаа. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд гүйцэтгэх технологийн карт боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарсан нь  Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болсон юм.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ажиллагаа өндөрлөж, татан гаргасан машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, генерал, офицер, ахлагч, алба хаагчид, эрдэмтэн, судлаач, инженерүүд болон хамтран ажилласан орон нутгийн удирдлага, иргэдэд  талархал илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын томилгоот бүрэлдэхүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн ажлын хэсэг Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11  автомашин, техникийг татан гаргалаа.

Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлж чаджээ.

Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч  бохирдуулах байжээ.

Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо.

Орон нутагт хүлээлгэн өгч тээврийн хэрэгсэл, техникүүд энэ ажиллагаанд оролцсон хүмүүсийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг илэрхийлэхийн зэрэгцээ Хөвсгөл нуураа хайрлаж, хамгаалахын утга учрыг иргэдэд сануулж байх ёстойг тэмдэглэлээ.

Цаашид байгаль эх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагад даалгалаа.

Татан гаргах ажиллагаа нь:

  • Монгол эрдэмтдийн тооцоолол, монгол инженерүүдийн аргачлал, алба хаагчдын ур чадвараар байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд анх удаа усны гүнээс хөндлөн таталт зохион байгуулсан,
  • Онцгой байдлын байгууллагын шумбагч нар урьд өмнө хийж байгаагүй даалгавар гүйцэтгэж дадлага, туршлага хуримтлуулан ур чадвараа дээшлүүлсэн,
  • Нуурын гүнд байгаа обьектыг судлах, илрүүлэх, татан гаргах ажиллагаанд анх удаа олон үйлдэлт Про-5 загварын усны дрон ашигласан,
  • Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн хөвүүр гүүрийн тавцан дээр суурилуулсан “Ферм” буюу өргөх краныг ашигласнаараа онцлогтой байсныг ажиллагаанд оролцогсод ярилаа.

Татан гаргах ажиллагааг гүйцэтгэх үед алба хаагчдын аюулгүй байдал нэгдүгээрт байх зарчим болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримталж байсны дүнд ямар нэг эндэгдэл, осол гараагүй байна.

Тээврийн хэрэгсэл, техникүүдийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын холбогч, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг нуур юм.

Мөн манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг бөгөөд ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах ажлыг санаачлан эхлүүлж байлаа. Үүний үр дүнд ширгэхдээ тулж байсан Ганга нуурын эко систем 2023 онд бүрэн сэргэж, усны түвшин 2005 оны хэмжээнд хүрээд байна. Мөн энэ оноос нуурыг хамгаалах хоёр дахь шатны төсөл эхэлсэн юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачлагаар Хэрлэн гол, Өгий нуур, Бумбатын рашааныг сэргээх төслийг хэрэгжүүлж байна.

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, энэхүү түүхэн ойн жил Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Тэрбээр манай хоёр улсын “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, иргэд харилцан визгүй зорчих давуу талаа ашиглан иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайдыг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Элчин сайд Нгуен Дуан Тань Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа онцлоод, Монголын ард түмэн хүнд бэрх цаг үед Вьетнамын ард түмнийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах, худалдаа, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа Элчин сайд онцлов.

Монгол Улс цахим хөгжил, инновацын чиглэлд Казахстан Улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Габит Койшибаевыг өнөөдөр (2024.08.28) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Казахстан Улсад Монгол Улсын олон стартап компани бойжиж, хөгжиж байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ Казахстан Улс нь цахим хөгжил, инновацийн чиглэлээр дэлхийд үлгэр жишээ орноор тооцогдож байгаа бөгөөд Ази тивийн стартап компаниудыг бойжуулж, дэлхийд гарахад дэмжиж ажиллаж буйг онцлоод Монгол Улсын стартап компаниуд Казахстан Улсад үйл ажиллагаа явуулах, Астана Hub –д туршлага солилцох хүсэлтэй байгааг уламжлав.

Мөн Монгол Улсын Засгийн газар бүх яамд, төрийн байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж Казакстан улсын туршлагаас хуваалах хүсэлтэй байгааг онцлов.

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүүд хандаж, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцсан, бүх яамд, төрийн байгууллагуудын нэгдсэн платформтой болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Казахстан Улсын зүгээс иргэдийн цаг хугацааг хэмнэсэн төрийн үйлчилгээг цахимжуулсан туршлага, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас болон бусад олон асуудлаар туршлага хуваалцах, цаашид мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэлд дэмжин ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.