Home Blog Page 22

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан Рагчаагийн Ганбаатар,

Гавьяат холбоочин цолыг:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн зөвлөх инженер Чулууны Цагаан нарт хүртээв.

Сүхбаатарын одонгоор:

Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн Товуучийн Бямбадорж,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан Рэгзэнгийн Чулуунцэцэг,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн инженер Мягмарсүрэнгийн Мандахнар,

Алтан гадас одонгоор:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Пүрэвдоржийн Золзаяа,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Балдоржийн Мөнхтуяа,

Монголын олон нийтийн радиогийн ахлах редактор Шагжжавын Одончимэг,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Алтан сан хөмрөгийн эрхлэгч Лундаагийн Хэрлэнтуул,

“Монголын дуу хоолой” радиогийн редактор Ням-Очирын Баасанжав,

“Монголын дуу хоолой” радиогийн Орос хэлний редакцын ахлах редактор Доржийн Эрдэнэбат,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Дэмбэрэлийн Оюунтунгалаг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

“Монголын дуу хоолой” радиогийн Хятад хэлний редакцын орчуулагч, редактор Гүнрэгжавын Цэнд-Аюуш,

Монголын олон нийтийн радиогийн редактор Намхайн Хоролсүрэн нарыг шагналаа.

У.Хүрэлсүх: Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мэргэшсэн, туршлагатай цөм бүрэлдэхүүн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор”-т болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцож буй генерал, офицер, ахлагч, зочид төлөөлөгчдөд амжилт хүслээ.

Тэр бээр ахлагч нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх үүргээ нэр төртэй биелүүлж байгааг тэмдэглэлээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай албаны нэр хүндийг өндөрт өргөн, ахлагчийн манлайллыг ямагт дээдлэх, мэргэшсэн, төрийн чадварлаг тусгай албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байхыг захилаа.

“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын чуулга уулзалт”-д  20 мянга гаруй ахлагчийн төлөөлөл болсон 1,000 гаруй ахлагч оролцож байна. Мөн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний мотобуудлагын 111 ахлагч цахимаар оролцлоо.

Төлөөлөгчид чуулга уулзалт угтаж хийсэн ажил, арга хэмжээний дүн, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын хөгжил ба манлайлал” сэдэвт илтгэл сонсож, хэлэлцлээ.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил”, энэ оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын  ахлагч нарын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил өмнөх жилүүдээс хоёр дахин өсжээ.

Өнгөрсөн гурван жилд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа сайжирсан байна.

Гэхдээ тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудал цөөнгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэлж, сайд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

Юуны өмнө ахлагчийн бүрэлдэхүүний 28 хувь нь түрээсийн байр болон айлд амьдарч, албан тушаалын орон сууцны хангалт Хилийн цэргээс бусад байгууллагад дөнгөж долоон хувьтай байгаад онцгой анхаарах ёстойг санууллаа.

Ахлагч нар ид хийж бүтээх насандаа буюу дунджаар 41 насандаа цэргийн тэтгэвэр тогтоолгодог.

Мэдлэг, ур чадвар, туршлагыг бүрэн ашиглах, үйлдвэр, бүтээн байгуулалт, аж ахуйн салбарт шилжин ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.

Шинэ болон сайжруулсан зэвсэг, техник, дрон, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн-ахлагч бэлтгэх, зэвсэглэл, техникийн нарийн мэргэжилтэй болон гадаад хэл, бие бялдрын өндөр бэлтгэлжилтэй алба хаагчдад цалингийн нэмэгдэл олгох талаар судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт чиглэл болгов.

Ялангуяа алба хаах орчин нөхцөл, удирдах бүрэлдэхүүний арга барил, цалин хангамжийн ялгаатай байдлаас шалтгаалан туршлагатай, мэргэшсэн ахлагч нар албаа орхих ёсгүйг онцгой анхаарууллаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг ахлагч нарт шагнал гардуулж, баяр хүргэлээ.

 “Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн”:

Тэргүүн байр – Тэргүүн ахлагч Н.Баттөмөр дасгалжуулагчтай, ахлах ахлагч Х.Анхбаяр даргатай Зэвсэгт хүчний бүлэг,

Дэд байр –  Тэргүүн ахлагч М.Гансүх дасгалжуулагчтай, ахлах ахлагч О.Гантулга даргатай Батлан хамгаалах яамны бүлэг,

Гутгаар байр – Ахмад Б.Жаргалсайхан дасгалжуулагчтай, ахлах ахлагч Э.Батням даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүлэг шалгарчээ.

“Шинийг санаачлагч-бүтээлч ахлагч” шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан:

Тэргүүн байр– ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Наранбаатарын “Смарт чип” төхөөрөмж,

Дэд байр– ОБЕГ-ын 18 дугаар ангийн ахлагч Г.Өсөхбаярын “Автомашин зөөвөрлөн холдуулах төхөөрөмж”,

Гутгаар байр– Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах ахлагч Ц.Баярхүүгийн “Далдлалт араас буудлага хийх төхөөрөмж” шалгарсан байна.

Монгол Улсад “Ахлагч” цолыг 1942 оноос олгож эхэлсэн түүхтэй юм.

“Төрийн цахим үйлчилгээнд мониторинг хийж, шаардлагагүй үйлчилгээг хасна”

Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны сайд Ц.Баатархүү тэргүүтэй УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Г. Хосбаяр, Б.Жаргалан, Г.Очирбат болон бусад албаны хүмүүс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд оператороор дамжуулан олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар орон нутагт 449 мянга, нийслэлд 207 мянган үйлчилгээг иргэдэд Хурдан цэгээр дамжуулан үзүүлж байна. Түүнчлэн тус агентлаг нь орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах чиглэлд сургалтыг зохион байгуулдаг юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тус агентлагт ажиллах үеэрээ төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарна, цахим үйлчилгээнд мониторинг хийж, шаардлагагүй үйлчилгээг хасаж, хувийн хэвшил мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төр цөөн үйлчилгээ үзүүлдэг байхад анхаарна. Энэ чиглэлийн судалгааг хийх үүргийн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хийж байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдэд өглөө.

Дижитал ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр /2024.09.05/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнгөрсөн сард Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим шилжилтийн ололт амжилтыг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр “GLOBAL DIGITAL DIALOGUE 2024” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч цахим орчин бол хил хязгааргүй, салбар бүрд дижитал шилжилтийг эрчимжүүлж, дижитал эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байгааг онцлов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

 

Мөн Монгол Улсын Засгийн газар “Цахим Үндэстэн” уриалгыг дэвшүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тоон хуваагдлыг бууруулахад хоёр тал хамтран ажиллаж байгаа цаашид хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хүсэлтэй  буйгаа илэрхийллээ.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра томилолтын хугацаа удахгүй дуусаж буйг дуулгаад шинжлэх ухаан, инновац, технологийг ашиглаж  малчид хүйтэн өвлийг хохирол багатай даван туулах, хөдөө аж ахуйн салбар нь улирал үл хамааран үр өгөөжөө өгдөг байх, алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн ноён Тапан Мишра Монгол Улсыг IBC /Issue based Coalitions /-ийн хүрээнд хамтран ажиллах тэргүүлэх улсын нэгээр сонгогдсон талаар дуулгав.

Ц.Баатархүү сайд алслагдсан орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах,  малчдад зориулсан тусгайлсан инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан ажлын хэсэг гарган, ажиллаж байгааг онцлов. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс ирэх 4 жилийн хугацаанд хийх ажлын талаар товч мэдээлэл өглөө.

  • Монгол Улсын Засгийн газар дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд инновацын экосистемийг бүрдүүлэх, бүхий салбарт инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих;
  • Дэлхийн хэмжээний юникорн компанийг Монгол Улсаас “төрүүлэх”
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих үүднээс виртуал бүс байгуулж, технологид суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгох;
  • Орон нутгуудад шинжлэх ухаан, технологийн паркийг байгуулах;
  • Төрийн үйлчилгээний тоог бууруулж, тухайн үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлын судалгааг эхлүүлсэн
  • Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, blockchain-ийг технологийг нутагшуулахад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх
  • Бүх нийтийн цахим хэрэглээ, дадал, соёлыг бий болгох хүрээнд цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх
  • 2027 он гэхэд үндэсний хиймэл дагуулыг хөөргөх зорилготой ажиллаж байгааг дуулгав.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ.

6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, талбайн хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм.

Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг.

2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм.

Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцохдоо,  Засгийн газар, холбогдох яам, нийслэл, гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Ард иргэдийн оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг товлосон хугацаанд нь, чанартай барьж ашиглалтад оруулахад онцгой анхаарахыг хүсэв.

Энэ музей шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Мөн  бүс нутгийн болон олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, судалгааны эх сурвалж, мэдлэгийн эх булаг болно гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Чингис хаан” үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлж байлаа. Цар тахал, эдийн засаг, геополитикийн хүндрэл, бэрхшээл тохиолдож байсан ч “Чингис хаан” үндэсний музей болон олон жил гацсан Үндэсний номын сангийн барилгын ажлыг гүйцээн, ашиглалтад оруулсан юм.

Эдгээр бүтээн байгуулалт нь монголчууд оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, хүсэл зориг, эрч хүчээ нэгтгэн хамтран ажиллавал ямар ч зүйлийг даван туулж, хийж бүтээж чаддаг гэдгийн нотолгоо болсныг Ерөнхийлөгч онцоллоо.

Ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна.

Музей 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно.

Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 оноос Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болжээ.

Өдгөө тус музей сан хөмрөгтөө байгаа 12 мянга орчим байгалийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.

Төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төрийн байгууллагын нэгдсэн www.gov.mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ.

Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.

Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм.

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг 1111@gov.mn хаягаар авна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Цэцэг өргөх ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн ахмад дайчидтай мэндчилж, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал үзэж сонирхлоо.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнд:

1. “МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”–т

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг  Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ.

Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.

2. “ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн  холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм. 

3. “МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. 

Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.

4. “БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа. 

Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж,  хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ.  Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна. 

Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах,  урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.

5. “ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТАРХВАР СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа.

Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан.

Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.  

Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах  тухай, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв.

Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшилж байгааг тэмдэглээд, Эгийн голын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулж байгааг өндрөөр үнэлэв.

Энэ оны сүүлээр Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв.

Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм.

Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.