Home Blog Page 21

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал өнөөдөр /2024.09.12/ боллоо. Хуралд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг чиглэл болгож, харьяа болон салбарын байгууллага, газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

Тухайлбал, өнгөрөгч мягмар гарагт болсон жишиг “Цахим аймаг” өдөрлөгт сайд Ц.Баатархүү тэргүүтэй харьяа болон салбар байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд төр, хувийн хэвшил хамтран аймгийн хэмжээнд ухаалаг тоолуур, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем, иргэдэд зориулсан аппликейшн зэрэг 10 системийг амжилттай нэвтрүүлсэнтэй танилцсан. Үүний хүрээнд Дархан-Уул аймагт хийсэн кодчиллыг дараагийн аймагт түрээслүүлэх ажлыг судалж, төсвийн хөрөнгийг хэмнэх санал гаргав.

Мөн есдүгээр сарын 24-ний өдөр  Дэлхийн шуудан холбооны ерөнхийлөгч Масахико Метоки манай улсад айлчлах юм. Тус айлчлалтай холбогдуулан гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, шуудангийн салбарын шинэчлэлийг шинэ түвшинд гаргах үүрэг өглөө.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү шуурхай хурлаар салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх гол ажлуудаар холбогдох албаныханд үүрэг, даалгавар өглөө. Үүнд:

  • Шуудан, Сансар судлал, Дроны хуулиудын төслийг ирэх хаврын чуулганд өргөн барих Ажлын хэсэг байгуулах;
  • Ирэх 7 хоногоос яамдууд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно. Цаашид аймаг, нийслэл, сум дүүргийг нэгдсэн DocX системд холбоно. Цаасыг халах ажлыг олон нийтэд сурталчлан таниулах;
  • Цахим шилжилт хийхэд ямар саад бэрхшээл тулгарч байгааг судлах;
  • Салбарын хүний нөөцийн дутагдлыг нөхнө. Зах зээлийн эрэлт болон Боловсролын яамны квотын зөрүүг судалж, Засгийн газарт танилцуулах;
  • Салбарын хуулиудын давхцалыг арилгах;
  • Өргөн нэвтрүүлгийн сангийн журмыг Засгийн газарт өргөн барих;
  • Дараагийн шуурхай хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг танилцуулах;
  • Албан тушаалтнууд, мэргэжилтнүүдэд тоон гарын үсгийг хэрэглэж хэвшүүлэх зэрэг чиглэлээр хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

Ц.Баатархүү: Ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих ажил улс орны хэмжээнд хийгдэнэ

Дархан-Уул аймаг Монгол Улсын анхны жишиг “Цахим аймаг” -ийн эхлэлийг тавилаа. Тус аймгийг 2023 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жишиг “Цахим аймаг” болгох санаачилга дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд дарханчууд дижитал шилжилтийг салбар бүрд нэвтрүүлж, эдгээр өдрүүдэд үр дүнгээ олон нийтэд танилцууллаа.

Тус арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээж хэлсэн үгэндээ  “Монгол Улсын хойд нийслэл, Төв Азийн ирээдүйн том хот болох Дархан-Уул аймгаас жишиг “Цахим аймаг” концепцийг эхлүүлж байна. Дархан-Уул жишиг “Цахим аймаг” болж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаатай адил энэ өдрөөс эхлэн төрийн үүд хаалга нээлттэй болж байна. Иргэн, аж ахуй нэгжүүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

Цахим шилжилт хийгдсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэх үйл явц багасаж, хээл хахууль, хүн суртал сууриараа алга болно. Тендерийг хиймэл оюун ухаанаар шалгаруулдаг болно. Дарханчууд үүнийг хамтарч хийж чадвал бусад аймгууд үлгэр жишээ авч, Монгол Улс авлигагүй, нээлттэй байх боломж бүрдэнэ. Энэ эхлэлийг дарханчууд өнөөдөр тавьж байна. Дархан-Уул аймгийн нэвтрүүлсэн 10 систем амжилттай хэрэгжиж чадвал ирэх жилүүдэд Монгол Улсын Засгийн газар энэхүү сайн жишгийг олон аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид улс орны хэмжээнд ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих ажил эрчимтэй хийгдэнэ” гэдгийг онцлов.

Дархан-Уул аймаг нь цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд дараах 10 системийг нэвтрүүлжээ. Үүнд

  • Өгөгдөл солилцооны үндсэн систем
  • Аж ахуй нэгдсэн систем
  • Шуурхай удирдлага хяналтын систем
  • Инженерийн систем
  • Хогны машины хяналтын систем
  • Цахим Дархан дашбоард
  • Тээврийн хэрэгслийн танилт нэвтрэлтийн систем
  • Төлбөр тооцооны систем
  • Иргэдэд зориулсан аппликейшн зэрэг системийг нэвтрүүлж, “Дижитал Дархан” аппликейшнаар дамжуулан нэгдсэн удирдлагаар хангаж байна. Эдгээр системүүдийн үйл явцтай ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүү тэргүүтэй УИХ-ын гишүүд, яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагууд танилцлаа.

Дархан-Уул аймгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 10 системийг нэвтрүүлсэн. Үүнийг нэг нь төлбөр тооцооны систем бөгөөд тус аймагт амьдарч буй өрх, түүнтэй холбоотой бүх тооцоог нэг цонхоор төлөх боломжийг бүрдүүлж өгчээ. Энэхүү систем нь Дижитал Дархан аппликейшнд холбогдсон бөгөөд тус аппликейшнээс дээр дурдсан 10 системийн үйлчилгээг авах боломжтой юм.

Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, гарамгай амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн  Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат тамирчин цолыг:
  • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү,
  • Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Цэгмэдийн Баттулга,
Гавьяат дасгалжуулагч цолыг:
  • Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Наранчимэгийн Эрдэнэбаатар,
  • Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан,
  • Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири,
Сүхбаатарын одонгоор:
  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээ,
  • Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ,
  • Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга,
  • Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын Бундмаа,
  • Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүү,
  • Гавьяат тамирчин, Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цэрэнгийн Раднаа,
Алтан гадас одонгоор:
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуун нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Прага хотын амьтны хүрээлэн говь, хуурай хээрийн экосистемийн бүс нутгийн үнэлгээ хийх, улсын хэмжээнд экологийн хувьд ач холбогдолтой, хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа гүйцэтгэх, газар нутгийг тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, байгаль хамгаалах шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх,  Дорнод аймгийн Халх гол сумын дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолой гэх газар тахь нутагшуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Уулзалтын үеэр тахь нутагшуулах  төсөл болон зэрлэг ан амьтан хамгаалал, байгаль орчны салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Прага хотын амьтны хүрээлэн 30 гаруй жилийн турш Говийн их дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлж, хамгаалалтын захиргааны материаллаг баазыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгаад Тамгын газрын дарга Г.Занданшатар талархал илэрхийллээ.

1998 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн нэг азарга, хоёр гүүг Говийн их дархан цаазат газарт авчирсан түүхтэй. Мөн Хустайн нуруу, Хомын тал зэрэг газарт төсөл хэрэгжүүлсний дүнд тоо толгой нь өсөж, одоо 1,000 орчим тахь уугуул нутагтаа нутагшаад байна.

ХХМТ-ын салбар 2023 онд 2098.1 тэрбум төгрөгийн орлого олжээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам салбарын статистик мэдээллийг цувралаар хүргэж байна. Бид энэ удаад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж байна.

Тус салбар нь 2023 он 2098.1 тэрбум төгрөгийн орлого олжээ. Тус орлогын 83.17 хувийг мэдээлэл, холбоо, 14.89 хувийг өргөн нэвтрүүлэг, 1.94 хувийг шуудангийн орлогоос бүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд 338.1 тэрбум төгрөг орж, төсөвт 356.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ.

АНУ-ын олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзав

Цахим хөгжил, инновоац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од өнөөдөр (2024.09.09) Америкийн Нэгдсэн Улсын олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзан, Монгол Улсад хүрэлцэн ирж, манай яаманд зочилж буйд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам АНУ-тай харилцан тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлж буй томоохон ажлууд:

АНУ-ын Төрийн департамент болон MITRI зэрэг байгууллагуудтай хамтарч Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон олон нийтийн кибер, халдлага зөрчилтэй тэмцэх байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон.

Төв Азийн улс орнуудтай хамтарсан санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацын төвд албан ёсоор Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч 10 компанийг байршуулж, Цахиурын хөндийн эко системд бойжуулах эхлэлийг тавьсан.

Google компанитай хамтран мэргэжлийн цахим ур чадвартай 1000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд “Grow with Google” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Олон улсын цахим төлбөр тооцооны “Apple Pay” системийг манай улсад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

Цаашид цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд АНУ-тай дараах чиглэлээр хамтран ажиллана.

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл

Хөрөнгө оруулалтын сан (Matching fund, Venture fund)

Сансрын технологи, сансар судлал

Кибер аюулгүй байдал

Виртуал бүсэд татварын хөнгөлөлтөөс гадна 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ

Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум “Open Tech Summit – 2024” арга хэмжээ Дархан-Уул аймагт 2024 оны 09 дүгээр сарын 06-нд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, тэндундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ирэх 4 жилийн хугацаанд дижитал шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудыг онцлов. Тодруулбал,

  • Төрийн үйлчилгээг цөөлж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх,
  • Төр мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхгүй,
  • Гаднын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжихгүй, дотоод мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих,
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн хүрээнд байгуулагдах виртуал бүсэд салбарын хувийн хэвшлийн компаниудад татварын хөнгөлөлтөөс гадна 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцоллоо.

Open tech Summit – 2024 арга хэмжээнд Голомт банкны Мэдээллийн технологийн захирал М.Сайнбилэг салбарын статистик, дата танилцуулсан бол Dell болон Chimege компанийн удирдлага хиймэл оюун ухааны хэрэглээний талаар илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв.

Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв.

Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав.

Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

“Хакатон-2024” тэмцээн шилдгүүдээ шалгарууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтран зохион байгуулсан нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх зорилго бүхий “Хакатон-2024” тэмцээн 2024.09.02-06-ны өдрүүдэд үргэлжилж өнөөдөр (2024.09.06) шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээнд нийт 8 баг эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан, бизнесийн загваруудыг боловсруулж өрсөлдсөнөөс тэргүүн байранд “Rookie systems”, дэд байранд “Data med” 2 баг шинэ санаа, шилдэг бүтээлээрээ шалгарлаа.

Шалгарсан 2 багийг “JICA Mongolia”-ын дэмжлэгтэйгээр 3 сарын хугацаанд хурдасгуур хөтөлбөр, зөвлөх үйлчилгээнд хамруулж, бүтээлийг нь хөгжүүлж, зах зээлд гаргах юм.

“Үндэсний радиог тоон технологид шилжүүлнэ”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станцад 2024 оны 09 дүгээр сарын 05-нд ажиллалаа.

Монгол Улс 1934 онд орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж ирсэн бөгөөд өдгөө 90 жилийн хугацаанд тус салбарт огт засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас радио долгионы тархалт муудаж, нийт нутаг дэвсгэрийн 55 хувьд л хүрч ажиллаж байна.

 

Үндэсний радио гэдэг бол монгол орон даяар мэдээ, мэдээлэл тэрдундаа гамшиг осол, эрсдлийн мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй гол хэрэгсэл юм. Гэтэл өнөөдөр монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй иргэд радиогоо сонсож чадахгүй хэмжээнд хүрсэн. Дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн  гэдгийг Радио, телевизийг үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал Ж.Энхбат онцоллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Радио нэвтрүүлэх төв станц бол Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын нэг хэсэг. Радио станцуудад сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэл хийгдээгүйн улмаас түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалтай байна. Иймд салбар хариуцаж байгаа сайдын хувьд радио станцуудыг тоон технологид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн технологийн шинэлэлийг сайжруулах, богино долгионы радиог суурин газруудад өргөжүүлэх зэрэг суурь ажлуудыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллая. Хүний нөөцийн асуудал бүх л салбарт тулгамдсан асуудал болж байна. Радио технологийн чиглэлээр төгсгөдөг сургууль, анги байхгүй болсон тул ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийнхантай хамтран суурь хичээлүүд дээр нь нэмэлтээр орох асуудлыг ойрын хугацаанд ярилцъя”

Үндэсний радиог тоон технологид шилжсэнээр нийт нутаг дэвсгэрийн 95 хувьд хүрч, 3.5 сая иргэн тогтмол радиогоо сонсох боломжтой болох юм.