Home Blog Page 20

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Өнө эртний түүхтэй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж, харилцааны түвшин стратегийн түншлэлд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн онд БНФУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлал болон энэ оны 07 дугаар сард Парис хотноо хийсэн уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ярилцаж, тохиролцсон хамтын ажиллагааны чухал төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

Ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээтэй тэмдэглэж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, иргэд хоорондын харилцаа, нэн ялангуяа боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэж буйгаа онцлов.

Элчин сайд Коринн Пэрера Да Силва Франц, Монголын харилцааны түүхэнд хамтын ажиллагаа хамгийн өндөр түвшинд, идэвхтэй хөгжиж буйг онцлоод, үргэлжлүүлэн бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

БНАЛАУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Тэрбээр Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг  өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгааг онцоллоо.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын 2023, 2024 онд харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Элчин сайд Хунгээв Сүгсавад уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийллээ.

Европын Холбооны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр хоёр талын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, харилцааг улам баяжуулах боломжийн талаар санал солилцлоо.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулахад хамтын хувь нэмрээ оруулахад чиглэсэн “Тэрбум мод”, Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхээ талууд нотлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ина Марчюлёните-д ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 35 жилийн ой тохиож байна.

Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд АНЭУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоноо тэмдэглэлээ.

Цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Мухаммад Аль-Нуаими улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.

Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам “Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон юм.

Уулзалтыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ “Цахим эдийн засгийг дэмжих гол дэд бүтэц бол Шуудан юм. Шуудангийн харилцаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Харамсалтай нь Монгол Улсад орхигдоод 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын 2 хувийг л бүрдүүлдэг гэсэн үг. Иймд нэн түрүүнд хууль эрхзүйн орчныг шинэчилж, ойлгомжтой болгох чиглэлд ажиллаж байна. Хоёрдугаарт, шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэх, Apple pay, Paypal зэрэг гадаадын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хүргэлтийн системийг сайжруулахын тулд гааль, татварын асуудлыг бүс нутгийн хэмжээнд ойлгомжтой болгоно. Ингэснээр үндэстэн дамнасан худалдааны эргэлт сайжирна” хэмээн онцлов.

 

Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс “Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж хэллээ. Тэрбээр “8 бүлэг, 27 зүйлтэй Шуудангийн тухай хуулинд Монгол Улстай ижил хөгжиж буй статустай орнуудын холбогдох эрх зүйн зохицуулалттай харьцуулахад зохицуулагдаагүй орхигдсон харилцаа цөөнгүй байна. Тухайлбал, шуудангийн сүлжээ эзэмшигч, түүний эрх үүрэг, хяналтын тогтолцоо, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай” гэдгийг дурдав.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам орон нутгийн цахимжилтыг бодлогоор дэмжинэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн удирдлагуудад ЦХИХХЯ-наас өнөөдөр (2024.09.13) сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ЦХИХХЯ-ны “Төрийн захиргааны удирдлагын газар”, “Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар”-аас:

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, стратеги

Кибер аюулгүй байдлын тогтолцоо, бодлогын хэрэгжилт

Нээлттэй өгөгдлийн талаарх хууль эрх зүйн орчин

Хяналт үнэлгээ хийх аргачлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, мэдээлэл, зөвлөгөө өгөв.

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од сургалтын үеэр хэлсэн үгэндээ: ЦХИХХЯ урьд нь 6 чиг үүрэг хэрэгжүүлэн ажиллаж байсан бол Засгийн газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр 8 чиглэлтэй болж, яаманд “Инновацын бодлого зохицуулалтын газар” шинээр нэмэгдсэн.

Инновац, цахимын асуудал бол олон улсад төдийгүй бүх салбарт чухал байр суурьтай. ТЦҮЗГ-аас өгч буй үүрэг, чиглэл бүрийг яамнаас өгч буй чиглэл гэж ойлгон, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хариуцлагатай, хүнд сурталгүй хүргэхэд та бүгдийн үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг онцлон, яамны зүгээс бодлогын түвшинд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

“Малчид, тариаланчдад зориулсан цахим шийдлийг боловсруулна”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Баатархүү аймгийн хэлтсийн дарга нарт амжилт хүсэхийн хамт дараах асуудлуудыг анхаарч ажиллахыг даалгав. Үүнд: Аливаа ажлыг хийхдээ иргэнд хүртээмжтэй байх, төсвийн зардлыг хэрхэн хэмнэж болох, засаглалын хувьд яавал оновчтой шийдэл болох вэ гэдгийг цаг ямагт бодоорой.Цахим шилжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж иргэдийн амьдралд үзүүлэх нөлөө, цаашид цахимд шилжүүлэх эсвэл хасах төрийн үйлчилгээ юу байна, эдийн засгийн болон засаглалын үр нөлөө нь ямар байна вэ гэдэгт хяналт, мониторинг хий. Төр цахим үйлчилгээний тоог биш чанарыг эрхэмлэнэ.

Аймгийн засаг дарга нар аливаа зөвшөөрөл олгохдоо дур дураараа бичиг баримт шаардаж байгаа нь төрийн үйлчилгээг цахимжуулахад саад тотгор болж буй байдлыг зогсооно. Жишээлбэл зарим аймаг галын дүгнэлт гаргахад 5 бичиг баримт шаардаж байхад зарим нь 8 бичиг баримт шаардаж байна. Энэ асуудлыг шийдэж байж цахим аймаг болох эхлэл тавигдана.

Хөдөө, орон нутагт цахим хуваагдлыг багасгаж, иргэд цахим шилжилтийн үр ашгийг энэ тэнцүү хүртэх мэдлэг, ур чадварыг олгох нь та бидний эрхэм үүрэг. Малчид, тариаланчдад зориулсан цахим үйлчилгээ, цахим шийдлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран боловсруулна, үүнд та бүхний оролцоо нэн тэргүүнд тавигдана.

Цахим шилжилт бол салбар дундын зохицуулалтын асуудал тиймээс боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, барилга гээд бүхий л төрлийн салбарын мэдлэг, мэдээлэлтэй байж өөрсдийгөө хөгжүүлээрэй.

Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэгчид бай. Тухайлбал яамнаас дрон хүргэлтийн үйлчилгээг улс орон даяар салбар бүрээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашид хиймэл оюун ухаан, блокчейн, сансар судлал гээд өндөр технологийг нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ гэлээ.

Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

1921 онд Монгол Улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний Ерөнхий хороог байгуулсан нь одоогийн Монгол шуудан ХК юм. 93 жилийн түүхтэй тус компани 2016 онд IPO хийж, 33 хувиа иргэд, хуулийн этгээдэд худалдсан. Гэвч тус компанийн статусыг эргэн харж, шийдэл гаргахгүй бол хувийн болон төрийн өмчийг дэмжих бодлогын дунд орхигдсон асуудал байгаа аж.

Зах зээлийн зохицуулалтад ч мөн асуудал бий. Жишээлбэл, Үүрэн холбооны салбар 1.2 их наяд төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгж бодлогоор хамгаалагдсан орчинд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл шуудангийн салбар 40 тэрбум төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй 160 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус салбарыг тогтвортой хөгжүүлэх, алсыг харсан зохицуулалтын бодлогын орчин, компанийн статусыг тодорхой болгох төрийн хөрөнгө оруулалтын бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн оновчтой зохицуулалт, шуудангийн үндсэн сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, шуудангийн сүлжээгээр орж ирж буй мансууруулах бодисын урсгалыг таслан зогсоох зэрэг асуудлыг уулзалтын үеэр хөндлөө.

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Шуудангийн салбарын 40 тэрбум төгрөгийн зах зээлийг тэлэх, Үүргийн сангийн оновчтой зохицуулалт хийх асуудал анхаарал татаж байна. Алслагдсан орон нутагт шуудангийн үйл ажиллагааг хүргэхэд Үүргийн сан чиглэгдэх учиртай. Цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганаар үүнтэй холбоотой хууль өргөн баригдана” хэмээн ярилаа.

 

Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Төрийн өмчит компани IPO гаргасны дараа яах вэ гэдэг асуудал бий. 33 хувийн хувьцааг авсан 3384 хөрөнгө оруулагчдын оролцоо нь хангагдах нөхцөл бүрдээгүй. Мөн шуудангийн үйлчилгээний үнийг өөрсдөө тогтоох боломжгүй. Төрөөс үнийн хязгаар тогтоодог” хэмээн онцлов.

Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол маркийн музейд зочиллоо. Тус музейд Монгол Улсын 1924 онд гүйлгээнд гаргасан “Элдэв-Очир” хэмээх анхны маркаас эхлээд 1145 гаруй сэдвээр 4390 нэр төрлийн маркийг он цагийн дагуу ангилан байрлуулжээ. Мөн 100 гаруй анхны өдрийн дугтуй, 35 төрлийн хуучны дугтуй, 17 төрлийн анхны ил захидлууд, картмаксимум, хэд хэдэн ховор дугтуйнуудыг дэлгэн харуулсан. Монгол марк 1932 оноос тухайн үеийн нийгмийн олон амжилт, Ардын хувьсгал, 1960 оноос Олимп, сансар судлал хэмээх сэдвээр төрөлжсөн байна. Цаашлаад маркийн сэдвээр тухайн жилийн түүхт үйл явдлыг онцолдог байна.

Их Монгол улсаас эхлэлтэй шууданчид 21 аймаг, 330 сум, 1200 баг, 201 орон түүний дотор буухиа шууданг 36 оронтой солилцох үйлчилгээ үзүүлж байна.

36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан юм.

“Илүү их уншъя” уриатай баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэр бээр ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзлийг дэмжихэд “Номын баяр” чухал үүрэгтэй бөгөөд зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид гол хөтөч, түүчээ нь гэдгийг хэллээ.

Ням гарагт өндөрлөх баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болох юм.

Мөн зохиолч, хэвлэн нийтлэгчдийг урамшуулах, дэмжих зорилготой “Мэргэн ном” цомын эзнийг тодруулна. Баярын үеэр Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

 Хавар, намрын “Номын баяр”-ыг дунджаар 240 гаруй мянган хүн үзэж сонирхдог гэсэн судалгаа гарчээ.

Монгол – Турк хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр /2024.09.12/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү БНТУ нь Монгол Улсын боловсон хүчнийг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаад цаашид дараах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүнд:

  • Кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжээчийн чиглэлээр чадвартай, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг хүсэх;
  • Турк Улс иргэдийн цахим оролцооны индексээр 2022 онд 18 дугаарт байрт орсон. Үүнтэй холбогдуулан төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлсэн төсөл, хөтөлбөрийн талаар харилцан санал солилцож, хамтран ажиллах;
  • Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээлэл технологийн гарааны бизнес эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулж, экспортлох боломжийг бий болгох, хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш ноён Ц.Баатархүүд нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Турк улсын тээвэр, дэд бүтцийн сайдын илгээсэн захидлыг түүнд уламжлав. Тэрбээр Турк улс нь иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах, кибер аюулгүй байдал болон өгөгдлийн шинжилгээний чиглэлд боловсон хүчин бэлдэхэд хамтран ажиллах боломжтой гэдгийг дуулгаж, цаашид хиймэл дагуул, сансар судлалын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Ц.Баатархүү сайд Турк улсыг Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансар судлалын салбарт хүч түрэн орж ирж буйд баяр хүргэж, Монгол Улс нь нам орбитын хиймэл дагуулын sandbox буюу туршилтын чөлөөт бүсийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй гэдгийг онцлов.

Түүнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO –г ирэх жилээс олон улсын түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул Туркийн мэдээллийн технологийн компаниуд оролцохыг урилаа.