Home Blog Page 18

Ц.Баатархүү: Төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулна

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим эдийн засгийг хөгжүүлэх түүн дотроо төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн (2024.09.25)  хуралдаанаар Ц.Баатархүү сайд нийтэд ил болгох төрийн 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг танилцуулж, шинэчлэн батлууллаа.

Нээлттэй өгөгдөл гэдэг нь хэн ч чөлөөтэй хандах, ашиглах, түгээх боломжтой мэдээлэл юм.

Төрд байгаа өгөгдлийг ил тод болгож, олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулснаар иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглан судалгаа, шинжилгээ хийх, бизнесээ хөгжүүлэх их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна.

Мөн төрийн өгөгдөл нээлттэй болж эргэлтэд орсноор төрийн үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоо, хяналт нэмэгдэж, төрийн шийдвэр гаргалт, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг.

Цаашдаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд төрд байгаа их өгөгдлийг илүү нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулснаар төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг өндөр технологийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ц.Баатархүү: Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниуд байршлаасаа үл хамааран татвараас гадна 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ

0

Засгийн газрын хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдах 2 журмыг баталлаа. Тодруулбал, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмын төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компани байршлаасаа үл хамааран татвараас гадна дараах 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ.

Үүнд:

  • IT-ийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
  • Виртуал бүсэд бүртгэгдсэн IT-ийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн НДШ төлөлтөд нөхөн олговор олгох;
  • Экспортод чиглэсэн IT-ийн бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн грант олгох;
  • Хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгох;
  • Дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
  • Зээлийн батлан даалт гаргах;
  • Экспортод гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын IT-ийн гарааны компанид олгох;
  • IT-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;

Хуультай танилцах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Испанийн Хаант Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

Хоёр талын харилцааг эдийн засаг, худалдааны бодит агуулгаар баяжуулах, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.

Ерөнхий сайд Педро Санчез Испанийн Хаант Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Испанийн Хаант Улс нь Европын Холбооны гишүүн орны хувиар Европын Холбоо, Монгол Улсын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Европын Холбооны гишүүн орнуудтай Монгол Улсыг холбох гүүр болон ажиллахад бэлэн байгааг тэмдэглэв.

Талууд хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч  уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн хүнд үед ОУУЗХ-ны манлайлал, шуурхай удирдлага, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг бодитой, цаг алдалгүй хүргэх зорилт улам бүр чухал болж буйг онцлон хэлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОУУЗХ-ны хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ойлголт, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

Мөн ОУУЗХ-ны хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн хойд Ази дахь хангамжийн агуулахыг Монгол Улсад байгуулах, хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүний багцыг нийлүүлэхэд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д ОУУЗХ-оос төлөөлөгч оролцсоныг тэмдэглэж, ОУУЗХ-ын Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны 09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц тогтвортой бус, тогтворгүй хөгжиж байгааг өөрчлөх шаардлагатайг онцоллоо. Мөн дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, даван туулах боломжтойг тэмдэглээд, дэлхий нийтийг энх тайванд уриаллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний ​​эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор 09 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болно.

Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 88 улсын Төрийн тэргүүн, гурван улсын Дэд ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэргүүн, зургаан улсын Шадар сайд зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу Ерөнхий санал шүүмжлэлийн хоёр дахь өдөр олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бичил биетний тэсвэржилтийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээг зохион байгуулах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн өмнө 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” амжилттай болж өндөрлөсөн.

“Үндэсний цахим элч” хөтөлбөр нээлтээ хийлээ

0

Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” буюу “Digital Nation Ambassador” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2024.09.24) боллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-нд иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43.8%-тай гарсан хэдий ч зорилтот бүлэг, тэр дундаа ахмад настнуудын хувьд цахим үйлчилгээг бие даан авах мэдлэг, чадвар дутмагаас үүдэлтэйгээр хүүхдүүд, ач, зээгийнхээ тусламжийг авах нь нийтлэг байна.

Мөн тэд ямар мэдлэг, чадвар дутагдаж, ямар ур чадвараа хөгжүүлэхээ төдийлөн тодорхойлж мэдэхгүй байгаа ба энэхүү хөтөлбөрөөр 150 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэх юм. Эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 12 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө, орон нутгийн 1000 ахмадад өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадварыг заах юм.

“Үндэсний цахим элч” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр үргэлжлүүлэн улсын хэмжээнд 10,000 гаруй иргэдэд өдөр тутамд нь тулгамддаг цахим хэрэглээтэй холбоотой ур чадварыг нэмэгдүүлэх төсөл болон өргөжинө.

“Ухаалаг Засаг-2” төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны төслийн удирдагч Сиоу Чев Куек, дэд удирдагч Женнифер Гуй тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр (2024.09.23) тус яаманд ажиллалаа.

“Ухаалаг Засаг-2” төсөл нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, цахим ур чадвар, цахим технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Уулзалтаар тус төслийн хэрэгжилтийн явц цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар хэлэлцэж, санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ.

Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Бутаны Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд харилцан туршлага судалж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Цэрэн Тобгай энэ онд Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төрийн айлчлал нь хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ.

Мөн тус айлчлалаар дамжуулан Монгол Улсын түүх соёл, зан заншил Бутаны ард түмний зүрхэнд ойр болсон гэдгийг онцолж, Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэв.

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа талууд харилцан нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, дасан зохицсон, цэцэглэн хөгжсөн ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлох энэ цаг үеийн нэгэн чухал арга хэмжээ болж байна.

Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хариуцан, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Намиби Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Байнгын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийлье.

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагааг нь улам эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Танд гүн талархал илэрхийлье.

“Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” баримт бичгийг олон удаагийн хэлэлцээ, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батaлсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед Та бидний хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Мөн манай улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.

Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэл зэрэг тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Манай улс энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан тунхаглалын гол үзэл санаа өнөөдрийн дээд түвшний уулзалтаар батлах баримт бичгүүдэд тусгалаа олж байгаад баяртай байна.

Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно.

Дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.