Home Blog Page 17

“Технологиос өөрчлөлт рүү: Засгийн газруудад хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүй” сэдэвт “Глобал Дижитал R&DB Хаб” семинар 2024.09.26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна

0

Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын ITTP болон ITPP-ийн төгсөгчид, МХХТ-ийн мэргэжилтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, салбарын мэргэжилтнүүд харилцаа холбоогоо бэхжүүлэх, өргөжүүлэх зорилготой бөгөөд шинэ үеийн техник технологийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухааны хөгжил дэвшил, хэрэглээ болон Засгийн газруудад хиймэл оюун ухаан, цахим шилжилтийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм.

ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий тус арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим хөгжлийг эрчимжүүлэх, шаардлагатай хот суурин газрын дэд бүтцийг бий болгох, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим хүртээмжтэй нийгмийг цогцлоох хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг онцлон, шийдвэр гаргах үйл явц дахь ил тод байдлыг сайжруулж, хүн бүр дуу хоолойгоо хүргэдэг хүртээмжтэй нийгмийг бий болгоход яамны зүгээс дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Япон Улсын шуудангийн үйлчилгээний цахимжилтын сайн туршлагыг нэвтрүүлнэ

Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форумын хүрээнд Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны Шуудангийн үйлчилгээний бодлогын газрын дарга Юүжи Аоки, дэд дарга Ёшики Хорио нартай уулзсан уулзалтаар Япон Улсын логистик, түгээлтийн сайн туршлага, логистикийн нэгдсэн төвийг Монгол Улсад байгуулах боломж болон энэхүү төв нь зөвхөн шуудангийн үйлчилгээ төдийгүй цахим худалдаа, ачаа, логистикийг хөнгөвчлөх, хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Япон улсын хувьд Дэлхийн Шуудангийн Холбооноос гаргадаг “Шуудангийн хөгжлийн индекс”-ээр топ улсын нэг, шинийг санаачлагч, технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлэгч улс тул шуудангийн үйлчилгээгээ хэрхэн цахимжуулсан болон тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд байгальд ээлтэй технологийн дэвшлийн шийдлийн талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийлэв.

Уулалтын төгсгөлд Монгол Улсын шуудангийн салбарын үр ашиг, найдвартай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд хоёр улсын харилцааг өргөжүүлж, бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж, ойрын хугацаанд ажил хэргийн уулзалт дахин хийхээр тохиролцов.

БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана

0

Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум манай улсад 2024.09.25, 26-ны өдрүүдэд үргэлжилж байна. Форумын хүрээнд БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”, “Монгол Шуудан” ХК хооронд хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Форумын үеэр ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа болон яамны холбогдох албаны төлөөлөл БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”-ны орлогч дарга ноён Лю Жүн, тус товчооны Гадаад харилцааны газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх ноён Ху Чансонг, Бодлого, хууль эрх зүйн газрын орлогч дарга хатагтай Сюй Хуаронг, ӨМӨЗО-ны Шуудангийн ерөнхий газрын дарга ноён Ван Ин нартай уулзлаа.

Уулзалтаар ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа: Монгол Улс, БНХАУ-ын хооронд цахим худалдаа өргөжиж, хил дамнасан цахим худалдааны илгээмж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор хил дамнасан цахим худалдааны шуудан, илгээмжийг Эрээн боомтоор дамжуулан шуудангийн албан ёсны сүлжээгээр нэвтрүүлэх, Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй шуудан, илгээмжийг газраар экспортлох боломжийг нээх, шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий бусад шуудангийн компаниуд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилнэ

0

Дэлхийн шуудангийн холбооны Ази Номхон далайн бүс нутгийн стратегийн форум Монгол Улсад анх удаа энэ сарын 25 – 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус форумд оролцсон Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахито Метокиг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2024.09.27/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Дэлхийн шуудангийн холбооны Ази Номхон далайн бүс нутгийн стратегийн форумыг Монгол Улс анх удаа зохион байгуулах эрхийг олгосонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

 

Тэрбээр Монгол Улс шуудан холбооны арвин их түүхтэй хэдий ч техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт энэхүү салбарыг шинэ түвшинд гаргаж ирэх цаг нь болсон. Шуудангийн салбарт технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, дроны үйлчилгээг нэвтрүүлэх, түүний эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.  Монгол Улсын Засгийн газар цахим эдийн засгийн суурь нь шуудангийн салбар гэж харж байгаа тул энэ салбараа эргэн харж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж, зах зээлийг нь тэлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, хүний нөөц боловсон хүчнийг бэлдэхэд Дэлхийн шуудангийн холбоотой хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахито Метоки: Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч буй талархал илэрхийлж, цахим шилжилт бол Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байх болно гэдгийг онцлов. Мөн тэрбээр “Дэлхийн улс орнууд дроныг шуудан хүргэлтэд ашиглах, түүний хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Технологийн дэвшлийг ашиглахын хажуугаар шуудангийн уламжлалт дэд бүтцийг өргөжүүлж, түүгээрээ дамжуулан төрийн үйлчилгээ, гамшиг, ослын мэдээллийг алслагдсан орон нутагт амьдарч буй ард иргэддээ хүргэж буй сайн жишгийг дурдаж, Монгол Улс шиг өргөн уудам газар нутагтай оронд шуудангийн дэд бүтцийг өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов.

Талууд шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх, сайн туршлагаа харилцан солилцох, хүний нөөц, боловсон хүчнийг бэлдэх, техникийн тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь шуудангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд төр хувийн хэвшлйин хамтарсан “Шийдэлтэй уулзалт | Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ.

Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж, төсвийн хэмнэлт гаргана

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон “Ухаалаг засаг-2” төслийн багийн төлөөллийг энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Ухаалаг Засаг-1” төсөл маш амжилттай хэрэгжсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, “Ухаалаг засаг-2” төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу манай яамны чиг үүрэгт инновацын асуудал нэмэгдснээр бид тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна. Тухайлбал Хиймэл оюун ухаан, Дрон болон Сансрын тухай хууль зэрэг хэд хэдэн шинэ хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангаж байгааг дуулгав.

 

Түүнчлэн НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2024 онд Монгол Улс 28 байраар урагшилж дэлхийн 193 орноос 46-д жагссан бөгөөд  Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 17 байр урагшилсан амжилттай байна. “Ухаалаг засаг-2” төсөл Монгол Улсын цахим эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна” хэмээн онцлов.

 

 

Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ болон БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик хэлэхдээ “Дэлхийн банк саяхан үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, цахим хөгжлийг шинэ тэргүүлэх чиглэлээ болгосон. Иймд бид зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих бус дэлхийн шилдэг туршлагуудыг нутагшуулах тал дээр дэмжиж ажиллана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг олон улстай хамтран ажиллахад нь шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ” гэв.

Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2″ төсөл нь 2023 – 2027 оны хооронд хэрэгжих бөгөөд 3 зорилтын хүрээнд 40 гаруй төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

  1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ.
  2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна.
  3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд

  • Дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.
  • Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.
  • Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо.

2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болсон 36 дахь удаагийн “Номын баяр”-ын хамгийн хүндтэй шагнал болох “Мэргэн ном” цомыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж баяр хүргэлээ.

“Номын ертөнцийн гавьяатан”-аар “Аргун” хэвлэлийн газар, “Мэргэн уншигч”-аар номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Номын жор“ клуб тодорлоо.

Мөн “Номын баяр”-т сайн дурын ажилтнаар оролцсон, анги, хамт олноороо ном худалдаж авдаг, ном шимтэн уншдаг хүүхдүүдийн төлөөлөл гарын бэлэг гардлаа.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах болсон юм.

Энэ удаагийн баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцсон байна.

Баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болсон юм.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж, соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан.

Энэ хөдөлгөөнийг “Номын ертөнц” клубын хүүхдүүд үндэсний хэмжээнд манлайлан зохион байгуулахаар болжээ.

Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер-ийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжилтийг эрчимжүүлэхийн төлөө байгааг тодотгов.

Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, эрчим хүчний шилжилт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг олон чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагааг тууштай дэмжихээ илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжин, Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа байгаль орчин, ногоон хөгжлийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой “Цагаан алт” хөтөлбөрийг онцолж, тус хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь цагаа олсон, зохион байгуулагч орон төдийгүй дэлхий даяарх эмэгтэйчүүдийн нийтлэг асуудлыг хөндөн, өргөн цар хүрээтэй, ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлсэн амжилттай хурал болсон гэдгийг тэмдэглэлээ.

Чуулга уулзалтаас баталсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын гол үзэл санаа Нью-Йорк хотноо 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болсон “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аас баталсан баримт бичгүүдэд тусгалаа олсныг сайшаав.

Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хөндөж, НҮБ Монгол Улсыг тууштай дэмжиж ажилладагт талархлаа илэрхийлэв.

Түүнчлэн Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл өгч, НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлд бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын 2026 онд эх орондоо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг онцолж, бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа тэмдэглэлээ.

Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр Монгол Улс нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, бүс нутгийнхаа улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийн гүүр болж байгааг тэмдэглэхийн сацуу НҮБ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр халуун дотноор хүлээн авсныг санан дурсаж байдгаа хэлээд, Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын төр, засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшлийг цогцлоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг НҮБ болон түүний системийн байгууллагууд бүх талаар тууштай дэмжихыг нотоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Ян Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Миний бие Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бүрдээ НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг Монголын нэрт уран бүтээлчийн бүтээсэн “Ухамсар” хэмээх баримлыг зорин очих дуртай байдаг.

Энэхүү баримал дээр очих бүрд бид бүхэн хүн төрөлхтний түүх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай, ухамсартай, нэр төртэй байх ёстой гэдгийг эргэцүүлэн бодох гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг юм.

Гүн утга төгөлдөр энэхүү баримлыг дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг баталсан, Парисын уур амьсгалын хэлэлцээр хэмээх зорилтыг дэвшүүлсэн түүхэн цаг үеийн бэлгэдэл болгон бүтээсэн.

 Энэ удаа очиход энэхүү гайхамшигт бүтээл Та бидний ирээдүй хойч үеийнхээ төлөө дэвшүүлсэн зорилт, амлалтын хариуг нэхэх мэт дүнсийн зогсож харагдлаа.

Харамсалтай нь, бид бүхний баталсан эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэх цаг хугацаа хаяанд ирчихээд байхад Та бидний хийсэн ажил, олсон ололт, хүрсэн үр дүн хангалтгүй хэвээр байна.

Энэхүү бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгууллаа.

Хоёрхон хоногийн өмнө болсон энэхүү дээд түвшний уулзалтаар тогтвортой хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэлийн асуудлаарх бидний бодлого зорилт, хамтын ажиллагааны чиглэл, хамрах хүрээг хэлэлцэн тогтоолоо.

Уулзалтаар хэлэлцэн батлагдсан “Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” зэрэг баримт бичгийг боловсруулахад Монгол Улс идэвх санаачилгатай оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Харин одоо эдгээр санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө Та бид хичээн зүтгэж, дэлхийн улс орнууд хамтран ажиллах шаардлагатай байна.

Үүнийг улс орнуудын төр, засгийн тэргүүн, төлөөлөгчид гүнээ ухамсарлан дэмжиж, энэхүү хүндэт индрээс үзэл бодол, байр сууриа илэрхийлж буйд баяртай байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эдүгээ хүн төрөлхтний амьдрал техник, технологийн дэвшил, цахим хөгжлийн эринд асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, харилцан хамааралтайгаар хөгжин дэвжиж байна.

Гэвч хэт явцуу ашиг сонирхол, хэт туйлширсан үзэл суртал, үл итгэлцэл, үл ойлголцол, үл хүндлэл оршин буйгаас дэлхий ертөнцийн олон газар зөрчил тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан тасрахгүй, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсээр байна.

Монгол Улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.

Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоохын тулд эрин үеийнхээ өөрчлөлт, хэмнэлийг мэдэрсэн зөв зүйтэй шийдлийг олж, бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлага олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зүй ёсоор тавигдаж байна.

Энэ жил дэлхийн 60 гаруй улс оронд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдаж, дэлхийн хүн амын бараг тал хувь нь сонголтоо хийсэн их сонголтын жил болж байна.

Монгол Улсад ч гэсэн парламентын ээлжит сонгууль хуулийн хүрээнд амжилттай сайн явагдсаныг дотоод, гадаадын ажиглагчид, олон улсын байгууллагууд сайшаан дүгнэснийг дурдахад таатай байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахыг ямагт зорьж ирлээ.

Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоосон бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Тиймээс манай улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна.

Монголчууд бид аливаа асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг эртнээс эрхэмлэж, бас эрэлхийлж ирсэн түүхтэй ард түмэн билээ.

Олон зууны тэртээгээс Их Монгол Улс хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, найрамдах, зөвшилцөх зэрэг улс төр, дипломатын аргуудыг хэрэглэж, асуудлыг эвээр зохицуулахыг эрмэлздэг байсан нь эдүгээ ч Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна.

Үүний түүхэн нотолгоо бол элч төлөөлөгчийн итгэмжлэл, өнөө цагийн дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ” байсан бөгөөд монголчууд бидний өвөг дээдэс тэртээх XIII зуунаас улс хоорондын харилцаанд анх удаа хэрэглэж ирсэн түүхтэй.

Энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж байгаа бөгөөд 2000 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан хэлэхдээ “Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн үнэлсэн байдаг.

Манай өвөг дээдсийн эв эеийг сахин, эв найртайгаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг энэхүү үзэл санаа нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг  сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байна.

Эдүгээ цаг үед дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч, дайны гал дүрэлзэж, цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байна.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг өргөжүүлэх чиглэлд гаргасан дэлхийн улс орнуудын хамтын хүчин чармайлт талаар өнгөрөх учиргүй.

Монгол Улс цөмийн аюулыг зайлуулахад бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг цаашид ч тууштай даган мөрдөж, дэмжихээ дахин нотолж байна.

Манай улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, ялангуяа цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж, уг асуудлаар НҮБ-ын хүрээнд тусгай чуулга уулзалт зохион байгуулахыг санал болгож байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан хүчин зүтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагч “цэнхэр дуулгатнуудын” үүрэг оролцоог Монгол Улс өндрөөр үнэлж, энэ үйлсэд бодит хувь нэмрээ оруулж ирлээ.

Олон улсын терроризм, хэт даврагчдын хэрцгий үйлдэл, дүрвэгсдийн тооны өсөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж цэнхэр дуулгатнууд улам бүр хүнд хэцүү нөхцөлд, нарийн төвөгтэй үүрэг даалгавар биелүүлэх боллоо.

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулагч, цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн, энгийн ажилтнууд зэрэг 4,370 гаруй хүн үүрэг гүйцэтгэх явцдаа амь насаа алдсаныг бид огт мартаж болохгүй.

Монгол Улс харьцангуй цөөн хүн амтай хэдий ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирлээ.

Тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөрийн дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд эдүгээ манай энхийг сахиулагчдын дунд эмэгтэй алба хаагчдын тоо 11 хувийг эзэлж байна.

Энэхүү санаачилгыг НҮБ-ын Энхийн ажиллагааны газар болон бусад цэрэг хандивлагч улс орнууд бүх талаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга, хүндэт зочид төлөөлөгчид өө,

Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил эрс хурдсаж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт мэдэгдэхүйц нөлөөлж, цаашид соёл иргэншлийн хөгжлийг сууриар нь өөрчилж болзошгүй хүчин зүйлд тооцогдох боллоо.

Үүнтэй уялдуулан олон улсын тавцанд мэдээлэл, харилцаа холбооны технологи, хиймэл оюуны талаар эрчимтэй хэлэлцэж эхэлсний дотор бидний саяхан баталсан “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” цаг үеэ олсон, чухал алхам боллоо.

Манай улс мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн явахыг зорьдог бөгөөд уг асуудлаарх НҮБ-ын тогтоол, баримт бичгүүд, олон улсын эрх зүйн бусад хэлэлцүүлэгт чухал ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна.

Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх удаа хиймэл оюуны найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоол баталсан нь нэн чухал алхам болж байна.

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд эдийн засгийн төрөлжилт, эрчим хүч ба цахим шилжилтийг дэмжих бодлого баримтлах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох чадварыг сайжруулах, нийгмийн суурь үйлчилгээ, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлж, ажил эрхлэлт, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд түлхүү анхаарал хандуулж байна.

Нөгөө талаас дэлхий нийтийн өрийн хуримтлал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хөгжиж буй орнуудын өрийн үйлчилгээний төлбөр нь авч буй зээлийн хэмжээнээсээ хэтэрч, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх төсвийн орон зай улам хумигдсаар байна.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгуудын хүрээнд зөвхөн өрийн тогтвортой байдлыг хангах бус, олон улсын санхүүгийн тогтолцоог уг үндсээр нь шинэчлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг бүрэн дэмжиж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

XXI зууны эхний жилүүдэд дэлхий дахиныг бүхэлд нь хуваасан үзэл суртал, системийн зөрчил түүх болж, цэрэг дайны уламжлалт аюул занал алсран холдож, харин уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, терроризм, цахим гэмт хэрэг, дүрвэгсдийн асуудал зэрэг уламжлалт бус аюул занал анхаарал татах хандлагатай байлаа.

Гэвч энэ нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөн, уламжлалт аюул занал урьдын адил дахин сэргэж, дэлхий нийтийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх боллоо.

Өөрөөр хэлбэл аюул заналын уламжлалт болон уламжлалт бус төрлүүд давхцан, хамрах хүрээ нь нэмэгдэж буйд дэлхийн улс орнууд онцгой анхаарч, хамтын хүчин чармайлтаа улам илүү бэхжүүлэх шаардлагатай болж байна.

Ялангуяа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль, цаг уур, эдийн засгийн хүрээнээс хальж хүний нийгмийн эмзэг асуудал, нөөц баялгийн төлөөх маргааныг хурцатгах, шилжилт хөдөлгөөнийг өдөөх зэргээр олон тооны шууд ба дам аюул, эрсдэл дагуулах боллоо.

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл хүн төрөлхтөнд хөгжих, эс хөгжихийн тухай бус, харин орших, эс оршихын сонголт тулгарахыг үгүйсгэх аргагүй.

Тиймээс та бид нөхцөл байдалд нухацтай дүгнэлт хийж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудал, сорилтуудыг даван туулахдаа эрин үеийнхээ дэвшилд суурилсан ухаалаг шийдэл, шинэ технологийг нэвтрүүлж, сайн туршлагаа харилцан хуваалцаж, хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монголчууд бид нүүдэлчдийн үр сад бөгөөд энэ онцлог өв соёл, уламжлалаа өнөө ч хадгалж, эрхэмлэн дээдэлж ирсэн.

Нүүдлийн соёл иргэншлийн эх сурвалж нь чухамдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, үр шимийг нь зөв зохистой хүртэх, хүн байгалийн зүй тогтлыг хадгалан хамгаалах ногоон хөгжлийн үзэл санаа юм.

Энэ нь ногоон хөгжлийн ирээдүйн талаар монголчууд бидэнд уламжлалт арга ухаан, санал санаачилга багагүй байна гэсэн үг юм.

Тиймээс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлдээ нийцүүлэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал,” “Эрүүл монгол хүн”,  “Цахим Монгол” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эдгээр нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд олон улс, бүс нутгийн түвшинд бидний оруулж буй хувь нэмэр гэж үзэж болно.

Мөн энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна.

Олон улсын хамтын нийгэмлэг, гишүүн улс орнууд биднийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Манай улс Төв Азийн өндөрлөгт орших өвөрмөц байрлал, эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй орны хувьд ижил төстэй байрлал, нийтлэг сорилт бүхий улсуудын асуудалд онцгой анхаарч, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэхэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Монгол Улс 2023-2024 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын хороог Австри Улсын хамт даргалж, төгсгөлийн баримт бичгийн төслийг гишүүн улсуудаар амжилттай хэлэлцүүллээ.

Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад болох бага хурлаар батлагдах Үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь ДГХБО-ын хөгжлийг дараагийн 10 жилд залж чиглүүлэх тодорхой зорилго, арга хэмжээнүүдийг тусгасан шинэлэг агуулга бүхий баримт бичгийн төсөл болсонд баяртай байна.

Иймээс бид ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд дээд, өндөр түвшинд оролцож, тус бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал, санаачилгаа бүтээлчээр хэлэлцэхийг ДГХБО-ууд болон транзит улсууд төдийгүй НҮБ-ын нийт гишүүн улсууд, хөгжлийн түншүүдэд уриалж байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Бээжин хотноо 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудлаарх НҮБ-ын IV бага хурлаас “эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх, хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх” хэмээн тунхаглаж, хүйсийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан билээ.

Монголчууд бид эртнээс эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэдэг соёл, уламжлалтай бөгөөд монгол хатад, эмэгтэйчүүд улс орныхоо төр, нийгмийн үйл хэрэгт чухал оролцоотой явж ирсэн түүхтэй билээ.

Энэ сайхан уламжлал, түүх соёлын улбаа улам бэхжин хөгжиж, Монгол Улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Ази тивдээ тэргүүлэгчдийн нэг байсаар ирлээ.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуульдаа эмэгтэйчүүдийн тэгш эрх, сонгох, сонгогдох эрхийг Ази тивдээ анхлан баталгаажуулсан бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн үндэсний хэмжээний байгууллага байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ түүхэн ойн босгон дээр 2023 онд нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэл хийсэн.

Үүний үр дүнд саяхан болсон парламентын ээлжит сонгуулиар нийт гишүүдийн 25.4 хувь нь эмэгтэй гишүүд сонгогдож, Ази тивийн дундаж үзүүлэлт болох 21.2 хувийг давлаа.

Мөн манай улс нийслэл Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтад таван тивийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын удирдагч, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын манлайлагч эмэгтэйчүүд хуран цуглаж, тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд эдийн засаг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, түүнчлэн боловсрол, спорт, соёл, урлагийн талбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон бүтээлч санал санаачилга дэвшүүлж, туршлагаа хуваалцан, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг цохон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын мөрөөр болон жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр цаашид ч идэвхтэй ажиллах болно.

Эрхэм хүндэт чуулганы дарга, хүндэт зочид төлөөлөгчид өө,

НҮБ-ын Ерөнхий Ассамблей бол даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үзэл санаа, хүсэл эрмэлзлийн дуу хоолойг түгээх хамгийн чухал, эрхэм хүндтэй индэр юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тэгш шударга төлөөлөлтэй, хүртээмжтэй, ил тод, үр дүнтэй, ардчилсан, хариуцлагатай тогтолцоо болгон шинэчлэхийн төлөөх гишүүн улсуудын хүсэл эрмэлзэл, хүч чармайлтыг Монгол Улс тууштай дэмжсээр ирсэн.

Мөн бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжих болно.

Манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.

Иймд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд төр, засгийн тэргүүн, эрхэм хүндэт төлөөлөгч Та бүхэн онцгой манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Мөнх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.”

Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум зохион байгуулагдаж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо 2025 онд болох Дэлхийн Шуудангийн Холбооны дээд хэмжээний конгресыг угтан, дэлхийн улс орнууд, бүс нутгуудын хэрэгцээ шаардлага, санал, хүсэлтийг Дэлхийн шуудан холбооны 2026-2029 оны стратеги, бодлого төлөвлөгөөнд тусгуулахаар бүс нутгийн форумыг дэлхий даяар 6 бүсэд зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн стратегийн форумыг Монгол Улсад анх удаа өнөөдөр (2024.09.25) зохион байгуулж байна.

Форумд Дэлхийн Шуудан Холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метоки, Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Винаяа Пракаш Синхн тэргүүтэй Ази, Номхон далайн бүс нутгийн 32 орны 100 орчим төлөөлөгч, улс орнуудын үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид оролцож байна.

Дэлхийн шуудан холбооны гишүүнээр Монгол Улс 1963 онд элссэн бөгөөд шуудангийн хөгжлийн индексээр манай улс 46.7 оноогоор хөгжлийн 6-р түвшинд эрэмбэлэгдэж байна.

Энэхүү форумаар Дэлхийн Шуудангийн Холбооны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн 4 жилд баримтлах стратеги, дүрэм, журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган, нэгтгэж конгресст хүргэх зорилготой юм.