Home Blog Page 161

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах заавар

0

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах боломжтойг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн доор дурдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар буюу даатгуулагчдад зориулсан вебийн тусламжтайгаар нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой юм байна. Эдгээр нь

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах;
Албан журмын даатгуулагч эх жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ тус тус цахимаар гаргана.

Цахим эмнэлгийн хуудсыг аймаг, нийслэлийн II, III шатлалын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож байна.

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхлэгч иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цахим эмнэлгийн хуудас бичүүлсэн бол өөрийн ажил олгогчид мэдэгдэх ба ажил олгогчоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шалган баталгаажуулж нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

 

Яс цоож буюу гянданд “хоригдсон” хянагчид

0

Цуврал-1/

Олны амаар “яс цоож” хэмээн нэрлэдэг газар бол гяндан ажээ. Энд онц ноцтой гэмт хэрэгтнүүд үйлийн үрээ эдэлдэг, ёстой онцгой бүс. Сэтгүүлчид ч төдийлөн нэвтэрч байсангүй. Зөвхөн таамаг төдий цуурхал, үлгэр домог шиг ярианаас өөр төсөөлөл хомс. Харанхуй битүү өрөөнд цахилгаанаар цохиулан хэвтдэг гэнэ. Эсхүл галзуурч үхсэн гэнэ шүү  гэх мэтчилэн олны ам дамжсан цуурхал сэтгэл жихүүцүүлдэг. Чухамдаа даргынхаа амийг хөнөөсөн эс тангарагтан цэргүүд, найман настай охиныг мөчилж хөнөөсөн Н.Мөнх-Оргил, гэр бүлээ хүйс тэмтэрсэн Т.Баярбат гээд зүрх зүсч, сэтгэл сэмлэсэн хэргүүдийг үйлдсэн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд буюу эрүүгийн элементүүдийг хорьдог учраас босгыг нь давахаас айдас хүрмээр. Тэрхүү чанга нэртэй онцгой бүсэд хоригдож буй хүмүүстэй тулж ажилладаг төрийн алба хаагчдын тухай бодит мэдээлэл  бүр ч хомс.

Хянагч нар энэ хаалганы цаана 24 цаг түгжигддэг

Яс цоожны ялтнуудтай яг нүүр тулж ажилладаг цөөхөн хүн бий. Тэд бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид. Өөрөөр хэлбэл, гянданд шүүхийн тогтоолгүй хоригдсон хянагчид. Тэдний нэг өдрийн ажлыг сурвалжлахаар өчигдөр  өглөө Ийглийн групп Улаанбаатар хотоос зайдуу орших Тахир соёот буюу  Цагдан хорих 405 дугаар ангийг зорилоо. Нийслэлээс 40 гаруй минут давхисаар гяндангийн барааг харав. Ойртон очиход, эргэн тойрон төмөр тороор хүрээлэгдсэн хашаан дотор өнгө нь  гундсан гурван давхар саарал байшин цаанаа л нэг  дүнсгэр харагдана. Салхи сэвэлзэж, агь таана үнэртсэн сайхан мэдрэмж хормын төдийд хийсэн арилж, гяндангийн хүйтэн зэврүүн уур амьсгалаар солигдох нь тэр. Хаашаа л харна энд тэндгүй төмөр хаалга хяхтнаж, төмөр сараалжин торонд эрх чөлөөгүй амьдрал өдөр хоногийг өнгөрөөнө. Хаалга болгоны үүдэнд төрийн сүлдээ тэргүүндээ залсан  эрээн хувцастай хянагч нар зогсоно.

Бид тус ангийн дарга дэд хурандаа С.Батсайхантай уулзахад сурвалжлагч миний зорьсон хэргийг сонсоод энэ гянданд 80 гаруй хоригдол ял эдэлж байгаагаас 90 гаруй хувь нь онц хүнд гэмт  хэрэг үйлдсэн болохыг товч дуулгав. Тэдний дотор хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гурав, хулгайн гурав, дээрэм, танхайн хэрэгтэн тус тус нэг гээд төрийн алба хаагчийн биед санаатай халдсан этгээд ч байна. Хамгийн аймшигтай нь тэд бүгдээрээ эрдэнэт хүний алтан амийг онц хэрцгийгээр бүрэлгэжээ.

Монгол Улсын нэрийн өмнөөс цаазын ял сонссон ч төрд өршөөгдсөн 34 хүн ял эдэлж байна. Яс цоожинд ял эдэлнэ гэдэг бусад хорих газруудаас огт өөр. Харуул хамгаалалт ч чанга. Тус хорих ангийн алба хаагчдын олонх нь Улаанбаатараас ажилдаа ирдэг ажээ. Арав гаруйхан хүн л тэндээ суурин амьдардаг юм байна.  Хэцүү нэртэд морилсон хэрцгий хэрэгтнүүдийг хянагчид теле камер, тусгай хэрэгслүүдийн тусламжтай хяналт тавин манадаг аж. Манадаг гэхээр манаач гэж эндүүрэх вий, хамгийн гол нь байнга хянаж байдаг. Учир нь гяндангийн хянагчид бол ард олныхоо амгалан тайван байдлын манаанд нүд цавчилгүй зогсдог хүмүүс гэж болно. Хүмүүн бусын орилоон хашгираан, үзэн ядалт ханхалсан хараалын үгс хайр найргүй шидлэх тэр л хоригдлуудын  дүр төрхийг харж, дуу авиаг сонсох тийм ч амар даваа биш. Ээж нь бурхан болсон хоригдолд муу мэдээ дуулгах, эргэлт оруулахгүй өдөр гянданд ирээд нулимс дүүрэн нүдтэй буцаж байгаа тэдний ар гэрийнхнийг үдэх зэрэг нь хянагчдад өдөр бүр тохиолддог бэрхшээлүүдийн нэг.

Үргэлжлэл бий…