Home Blog Page 16

Ц.Баатархүү: Ахмадуудынхаа арвин туршлага, оюун мэдлэгийг боловсрол, хөдөлмөрийн зах зээлд шингээнэ

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан салбар болон харьяа байгууллагын ахмад,  Холбооны сайд, орлогч сайдаар ажиллаж байсан буурлуудад хүндэтгэл үзүүллээ. Хамтарсан Засгийн газар бүрэлдсэн энэ үед яамны бодлогыг танилцуулж, урт хугацааны хөгжлийн зорилтын талаарх яриа өрнүүлж, ахмадуудаас үнэтэй сургамж сонсов.

Тэрбээр “Салбарыг амжилттай усалж, хүчээ өгч, оюун санаагаа чилээж буй эрхэм азай буурлууд ахмадууддаа баярын мэнд хүргэе. Мөн УИХ-ын намрын чуулган эхэлсэн ажил хэрэгч өдрийн мэнд дэвшүүлье. Харилцаа холбоо нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур, инновацийг хөгжүүлэх, эдийн засгийн шинэ хөгжлийг жолоодож, жигүүрлэж буй салбар. Анх удаа УИХ 126 гишүүнтэй болж, төр улсын түүхэнд гурван намын төлөөлөл засаг байгуулж, гар нийлэн ажиллахаар зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь инновацийн төсөл юм. Улс орны эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, шинэ эдийн засгийн суурийг бэхжүүлэхэд тус салбар чухал нөлөөтэй. Харилцаа холбооны салбарын ахмад ажилчдын олон жилийн хичээл зүтгэлийн дүнд Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 46-р байрт орлоо. Анх удаа тус индексээр эхний 50 байрт орлоо. Та бүхний хариуцаж байсан салбар өнөөдөр Монгол Улсын хөгжлийн хурдасгуур болж, бусад салбараа түүчээлж байна. Энэ бол та бүхний гавьяа. Ахмадуудынхаа арвин туршлага, оюун санааг боловсрол, хөдөлмөрийн зах зээлд шингээхийн тулд зөвлөл байгуулахаар зорьж байна. Засгийн газартай хамтран ажиллах, зөвлөх ахмадуудад нээлттэй. Та бүхнийг оюун ухаанаа зориулж, улсын хөгжилд гар бие оролцохыг урьж байна. Нийлээд салбарынхаа хөгжил, ирээдүйн төлөө зүтгэе” хэмээн ярилаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь өнөөдөр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур болж хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банктай хамтран “Ухаалаг Засаг – 2” төслийн хүрээнд ахмадуудын цахим ур чадварыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ахмадуудын цахим ур чадварыг сайжруулсанаар тэд төрийн цахим үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломж нь бүрдэх юм.

“Алслагдсан орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх нэг шийдэл нь хиймэл дагуулын үйлчилгээ юм”

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны хүрээлэнгээс хамтран “Ази-Номхон далайн бүс нутгийн хиймэл дагуулын үйлчилгээ,үндэсний зохицуулалтын тогтолцоо, түншлэл” семинарыг 2024 оны 10 дугаар сарын 1 – 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Тус семинарт 14 орны зочид төлөөлөгчид оролцож, өөрсдийн орны үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр, түүний зохицуулалтын механизмын талаар сайн туршлагаа хуваалцаж байна.

Тус семинарын нээлтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү үг хэлэхдээ, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсад алслагдсан орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх нэг шийдэл нь хиймэл дагуулын үйлчилгээ болохыг онцлон үндэсний хиймэл дагуул төсөл хэрэгжиж байгаа энэ цаг үед бусад улс орны туршлага судлах боломжийг энэхүү семинар олгож байна гэдгийг онцоллоо.

Хоёр өдрийн туршид үргэлжлэх семинарт АНУ, Азербежан, Бангладеш, Индонез, Малайз, Пакистан, Бутан, Камбож, Лаос Непал, Шри Ланка зэрэг улс орнууд өөрсдийн туршлага хуваалцах юм.

Яамдууд албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ

“Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрөөс Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ. Ингэснээр яамдын бичиг хэргийн зардал болох 1.2 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарчээ.

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 erp системийг нэгтгэлээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна.

Цаашид төрийн бүх байгууллага цахимаар бичиг, баримт солилцох ажлыг үе шаттай зохион байгуулна. Тухайлбал, төрийн байгууллага хоорондоо төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад албан бичгийг илгээх, хүлээн авахдаа албан бичиг солилцооны дундын систем (Docх)-ийг ашиглах юм. Тус системийн сургалтыг нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагуудад зохион байгуулсан бол ирэх долоо хоногоос 21 аймаг 330 сумын алба хаагчдад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим хэлбэрээр баримт бичиг үүсгэдэг системд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцоход  албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг. “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөр хэрэгжснээр төрийн бүтээмж нэмэгдэж, төсвийн зардал буурах боломжтой гэж тооцоолжээ. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хурд хоёр дахин нэмэгдэнэ.

Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улс Хамтарсан тунхаглал гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
  1. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-д тус тус бараалхлаа.
  1. Төрийн тэргүүн нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин бэхжиж ирснийг өндрөөр үнэлж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
  1. Монгол Улс БНСВУ-ыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. БНСВУ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хүндэтгэн хоёр орны харилцааг шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
  1. Төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСВУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх төдийгүй олон улс, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч, дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов.

Үүнд:

I. Улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

  1. Талууд бүхий л түвшний харилцан айлчлал, төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлж, ард иргэд хоорондын ойр дотно харилцааг өргөжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн, хоёр улсын яамд, төрийн бусад байгууллага болон нийслэл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох боломжийг судалж ажиллахаар тогтов.
  1. Талууд Монгол, Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага, түүний дотор Парламент дахь Байнгын хороо, Найрамдлын бүлэг, эмэгтэй болон залуу гишүүд хоорондын хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд нийцүүлэн хөгжүүлэх, 2018 онд байгуулсан Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн байгуулах, бүс нутаг болон олон улсын парламентчдын форум зэрэг олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаар санал нэгдэв.
  1. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулж, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, олон талт яриа хэлэлцээний механизмыг бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.

II. Батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд сүүлийн үед гарч буй шинэ ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, бүх түвшний төлөөлөгчдийн солилцоо, уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулахаар тогтлоо.
  2. Талууд хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллага хоорондын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
  1. Энэ хүрээнд хоёр талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох, хоёр орны үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар таамаглал, дүн шинжилгээ хийж, хамтарсан үнэлгээ гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиров. 

III. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар эдийн засгийн бодит, үр өгөөжтэй, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, түүний дотор Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэв.
  1. Талууд Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэж, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Бизнесийн зөвлөл”-ийн ач холбогдол, үүргийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиров.
  1. Төрийн тэргүүн нар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг судлан үзэхээр тохиров. 

IV. Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар 2022 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцов.
  1. Талууд хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дэвшилтэт технологийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
  1. Төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, түүний дотор Шинжлэх ухаан, технологийн дэд комиссын протоколын хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновац, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр санал нэгдэв.
  1. Төрийн тэргүүн нар зам тээвэр, ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр улсын хооронд авто зам, төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.
  1. Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНСВУ-ыг нэгдэн ороход Монгол Улс дэмжлэг үзүүлэх, Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх механизм байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  1. Талууд 2022 онд байгуулсан “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, соёл, урлаг болон спортын төлөөлөгчид хооронд хамтарсан арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
  1. Хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарт баримталж буй хөгжлийн бодлого, менежментийн талаарх туршлага, мэдээлэл солилцох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.
  1. Талууд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсад суралцаж буй оюутнуудыг өөр өөрийн улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр суралцуулах чиглэлд хамтран ажиллахаар болов.
  1. Талууд 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Вьетнам Улсын хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  1. Вьетнам Улс нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, Монгол орны тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг төлөвлөсөн талбайд хийхээр тогтов.
  1. Талууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхээр санал нэгдэв.
  1. Талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах талаар судалж, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн үйл явцын талаарх мэдээ, мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэргийг харилцан солилцох нь хоёр орны иргэд бие биеэ төдийгүй улс орны онцлогийг илүү сайн ойлгосноор ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтойг онцолж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

V. Олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар баримталж буй бодлого, байр суурийн талаар тогтмол санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
  1. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК), Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн Азийн Дээд түвшний уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж, вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов.
  1. Талууд терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уламжлалт бус аюул заналтай тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтов.
  1. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын талаас төлөөлөгч оролцуулахаар болов.
  1. Талууд Өмнөд Хятадын тэнгист тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
  2. Төрийн тэргүүн нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсныг санал нэгтэй тэмдэглэв.
  1. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Вьетнамын дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  • “Хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хот хоорондын найрсаг, хамтын ажиллагааны санамж бичиг”;
  • “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнд:

1. “ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь нар гарын үсэг зурлаа.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна.  

2. “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, вьетнамын талыг төлөөлж Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа.

Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно. 

3. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, вьетнамын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар гарын үсэг зурлаа.

Аялал жуулчлалын салбарын мэдлэг, туршлага, хэвлэмэл материал, мэдээ мэдээлэл, тоо баримт солилцох, аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 

4. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд Фам Те Дунг нар гарын үсэг зурлаа.

Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцоно. 

5. “МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАНОЙ ХОТ ХООРОНДЫН НАЙРСАГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Луулайгийн Хосбаяр, вьетнамын талыг төлөөлж Ханой хотын Ардын хорооны орлогч дарга Нгуен Мань Куйен нар гарын үсэг зурлаа.

Худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдүүлнэ. 

6. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга Адьяасүрэнгийн Баярбаатар, вьетнамын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн академийн Ерөнхийлөгч Чау Ван Минь нар гарын үсэг зурлаа.

Хамтарсан хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, шинжлэх ухааны мэдээлэл, өгөгдөл, судалгааны үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцох замаар  харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. 

7. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Төмөрпүрэвийн Намнан, вьетнамын талыг төлөөлж Вьетнамын Үндэсний их сургуулийн захирал Ле Куан нар гарын үсэг зурлаа.

Хамтарсан сургалт, хөтөлбөр зохион байгуулах, арга зүй, туршлага солилцох, шинжлэх ухаан болон технологийн салбарт хамтарсан судалгаа хийх, судлаач эрдэмтэн мэргэшүүлэх болон оюутан харилцан солилцоно.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар Вьетнамын албаны төлөөлөгчид,   Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн  хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.

Ц.Баатархүү: Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана

Дэлхийн хэмжээний юникорн компанийг Монгол Улсаас “төрүүлэх” зорилгынхоо хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хувийн хэвшлийн төлөөллийг Баасан гараг бүр хүлээн авч, шийдэлтэй уулзалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Рүүкий системс” ХХК, ICT групп, “Metacog” ХХК, “Номадик Бэйр Гэймс” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцов.

 

“Рүүкий системс” компани нь ухаалаг зогсоолын систем бүтээсэн нь өнөөдөр олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, амжилттай явж байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй, өгөгдлийг ашиглан, тендерийн нээлттэй системийг бий болгох, Засгийн газрын 11-11 төвийн өгөгдлийн баазыг ангилж, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Тэдний зүгээс яамтай хамтран мэдээллийн технологийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

 

Дараагийн компани бол ICT групп. Тус групп нь 76 охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэж байна.   2011 онд байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл нийт 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, 3 сая гаруй хэрэглэгчдэд хүрч чаджээ. Тэдний зүгээс салбарын хүний нөөц болон экспортын бүтээгдэхүүнийг гаргах асуудлыг салбарын сайддаа уламжиллаа. Тэд монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар сайжруулахыг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлийн суурь систем болон бүтээгдэхүүнүүд нэгдсэн стандарттай болох талаар санал солилцлоо.

 

 

Харин Metacog компани нь хүний нөөцийн цогц систем хөгжүүлж байна.  Тус системийг Монгол Улсын топ 50 компани ашиглаж байгаа талаараа захирал Б.Хүрэлбаатар хэллээ. Платформыхоо англи хувилбарыг гаргасан бөгөөд АНУ-ын зах зээл гаргах талаар салбарын сайдад уламжилж, хамтран ажиллахыг хүслээ.

 

Энэ удаагийн уулзалтад ирсэн дөрөв дэх компани бол дэлхий даяар 50 сая татагдсан тоглоом үйлдвэрлэсэн “Номадик Бэйр Гэймс” ХХК юм. Тэд таван жилийн хугацаанд 150 гаруй тоглоом үйлдвэрлэсэнээс дөрөв нь олон улсад гарч чаджээ.  Тус компани нь орлогоо АНУ-ын зах зээлээс бүрдүүлдэг бөгөөд  Монголын хамгийн том юникорн компани болох зорилго тавин ажиллаж байгаа гэдгийг захирал Б.Төрболд нь онцоллоо. Тэрбээр дэлхийн тоглоомын зах зээлд маш их боломж байгаа ч эрсдэл өндөр тул хууль эрхзүйн орчин дээр дэмжлэг туслалцаа үзүүлэхийг салбарын сайдаасаа хүслээ.

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Яам бол салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгдөг төрийн захиргааны байгууллага. Манай яамны зүгээс “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг өнгөрсөн зургадугаар сард УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор дотоодын программ хангамжийн компаниудыг дэмжих, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх зорилго тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, стартапуудыг дэлхийд гаргахад нь дэмжиж, хамтарч ажиллана гэдгийг онцоллоо.

“Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба Төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг боллоо

НҮБ-ын байгууллагын “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн өдөр”-ийг тохиолдуулан “Авлигатай тэмцэх газар”, “Юнескогийн Монголын үндэсний комисс”, “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагатай хамтран Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг өнөөдөр (2024.09.27) боллоо.

Хэлэлцүүлэгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нарын хүндэт зочид, мөн төрийн болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монгол дахь олон улсын байгууллагын төлөөлөл уригдан оролцов.

Мэдээллийн хүртээмжийг хэрэгжүүлэх бодлогын уялдааг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, тэдгээрийн оролцоог хангах ач холбогдолтой тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, тэр дундаа https://www.shilen.gov.mn/home системд хиймэл оюун нэвтрүүлж буй талаарх танилцуулга, мэдээлэл хүргэв.