Home Blog Page 155

Туялзуур сэлэмний тивийн аваргаас Монгол улс анхны медалийг хүртэв

0

Узбекистаны нийслэл Ташкент хотод туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээний өсвөрийн хүнд сэлэмний төрөлд Монгол Улсаас 13 тамирчин өрсөлдсөн бөгөөд Батбямбын Гандөл зургаан ялалт байгуулж, хүрэл медаль хүртэв.

Тэр ийн Монголын туялзуур сэлэмний төрөлд тивийн тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна.

Сонирхуулахад, Б.Гандөл дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлага дор “Дуэль” клубт бэлтгэл сургуулилтаа хангадаг аж.

 

Эх сурвалж:MNB.mn

Орос, Украин иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцжээ

0

Орос, Украины иргэдийг байлдааны бүсээс нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцсон талаар Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк мэдэгджээ.

Талууд иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулахын тулд түр гал зогсооно гэж Украины төлөөлөгч мэдээлсэн байна.

Оросын “Interfax” агентлаг М.Подолякийн мэдээлснийг эш татан гал зогсоох дараагийн үе шатны хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр Беларусьт болно гэдгийг уламжилжээ.

Даваа гарагт Украин-Беларусийн хилийн бүсэд болсон талуудын анхны хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд хоёр дахь үе шатны энэхүү хэлэлцээг Беларусь-Польшийн бүсэд пүрэв гарагт хийсэн байна.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ

0

2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийднэ.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг хэрэгжүүлсэн “Тэсо” групп, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллагын сайн туршлагыг өнөөдрийн зөвлөлдөх уулзалтын үеэр сонслоо. Улсын II төв эмнэлгийн тухайд өнгөрсөн онд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг байгуулсан бөгөөд цаашид бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. “Тэсо” группийн нийт ажилтны 60 хувь нь 2-5 настай хүүхэдтэй. Эдгээр ажилтнуудынхаа хүүхдийг цэцэрлэгт хамруулах үйлчилгээг байгууллагын дэргэдэх цэцэрлэгээр шийдвэрлэжээ. Үүний үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж 9 хувиар нэмэгдсэн байна. Тэдний туршлагаас судлан Монос эмийн үйлдвэр, Сүү хувьцаат компани зэрэг хувийн хэвшлийнхэн байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулахаар ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийнхэн цэцэрлэг байгуулах туршлагаа харилцан ярилцаж, саналаа хэллээ.

Байгууллагын цэцэрлэгийг байгуулахад төрөөс:

  • Мэргэжлийн удирдлага
  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал
  • Хүүхдийн хоолны зардал
  • Мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ.

Бага насны хүүхдийн цогц хөгжилд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо зөвлөлдөх уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, МҮХАҮТ, IWFCI байгууллага хамтран зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

 

Вирусын мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо илрүүлэх боломжтой боллоо

Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусын геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө. Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусын шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна.
Манай улсад корона вирусын дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт дөрвөн сая гаруй шинжилгээ хийгээд буй. Халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусын генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй байсныг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “NGS өндөр технологи ХӨСҮТ-д нэвтэрснээр аливаа халдварт өвчний эмгэг төрүүлэгчийн генийн дараалал тогтоох шинжилгээг дотооддоо хийж, баталгаажуулах боломжтой болж байгаад баяртай байна. Нийтийг хамарсан халдварт өвчний үед тандалт, илрүүлгийн ажил илүү үр дүнтэй болж, онцгой нөхцөл байдалд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг зөв оновчтой төлөвлөхөд нэн чухал үүрэгтэй. Бидэнд энэ цаг үед маш чухал дэмжлэг үзүүлсэн Австралийн Засгийн газар, ДЭМБ-д халуун талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдэгт бүрэн итгэж байна” гэлээ.
Өндөр технологи бүхий NGS лаборатори нь зөвхөн халдварт өвчнийг оношлох, тандалт судалгаа хийгээд зогсохгүй, халдварт бус өвчний оношилгоо шинжилгээнд ч тустай гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

 

Эх сурвалж:

 

 

Лондоны хөл бөмбөгийн “Челси” клубийг худалдахаар болжээ

0

Лондоны хөл бөмбөгийн “Челси” клубийн эзэн Роман Абрамович клубээ худалдахаар шийдсэн байна. Энэ тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Би үргэлж клубийнхээ ашиг сонирхлыг үндэс болгон шийдвэр гаргаж ирсэн. Одоогийн нөхцөлд клубийг зарах нь зөв сонголт гэж би бодож байна. Энэ нь клубийн хөгжөөн дэмжигчид, ажилчид, ивээн тэтгэгчид, түншүүдэд илүү дээр байх болно. Ийм байдлаар “Челси”-гээс хагацах нь миний хувьд маш хэцүү шийдвэр байлаа” гэж Абрамович хэлсэн байна.

““Стэмфорд Бриж”-д сүүлчийн удаа очиж, та бүхэнд өөрийн биеэр баяртай гэж хэлнэ гэж найдаж байна. “Челси”-гийн нэг хэсэг байх нь маш том завшаан байсан бөгөөд хамтын бүх амжилтаараа бахархаж байна. “Челси” болон түүний хөгжөөн дэмжигчид миний зүрх сэтгэлд үргэлж байх болно” гэж Абрамович нэмж хэлжээ.

Абрамович 2003 онд “Челси”-г 140 сая фунт стерлингээр (тухайн үеийн ханшаар 233 сая орчим ам.доллар) худалдаж авсан бөгөөд өмнөх эзэн нь Английн иргэн Кен Бейтс юм.

Абрамовичийн үед Челси таван удаа Английн аварга, Английн цомыг таван удаа хүртсэн бол, гурван удаа Английн лигийн цомын эзэн, хоёр удаа үндэсний супер цомын эзэн, хоёр удаа Аваргуудын лиг (2012, 2021) болон Европын лигийн (2013, 2019) аварга болжээ. 2021 онд УЕФА-гийн супер цом, клубүүдийн дэлхийн аварга болсон байна.

 

 

Эх сурвалж:ЛОНДОН. /TASS/

Европын Холбоо Монголын экспортыг дэмжих TRAM төслөө үргэлжлүүлэхээ мэдэгдлээ

0

Европын Холбооны Ойрхи дорнод, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Жан Луи Виль тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Төлөөлөгчид МҮХАҮТ, Монгол-Европын ХАҮТ болон манай улсад хэрэгжиж буй төслийн кластеруудын төлөөлөлтэй уулзав. Тодруулбал, уулзалтад Европын Холбооны санхүүжилтээр 2017-2021 онд хэрэгжсэн Монголын Худалдааг дэмжих төсөл (ТRАМ)-ийн дэмжлэгээр байгуулсан экспортын бараа бүтээгдэхүүний 4 кластерийн төлөөлөл, “Монголын Экспортын кластер сүлжээ” ТББ-ынхан оролцож Европын Холбоо, Монгол Улс хооронд худалдааг дэмжих талаар хэрэгжүүлсэн өмнөх хамтын ажиллагаа, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-аас “Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих” ТББ, Сарлагийн арьсны кластер, Гоо сайхны бүтээгдэхүүний кластер, Чацарганы кластерын төлөөллүүд 100 гаруй гишүүнийг төлөөлж ололт амжилт болон тулгарч буй бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож олон улсын кластерын сайн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Европын Холбооны төлөөлөгчид Монгол Улс Generalised Scheme of Preferences (GSP+) тогтолцооны шаардлагуудыг хангаж бүрэн ашиг тусыг нь хүртэж буй 7 улсын нэг гэдгийг цохон тэмдэглэв. Монгол Улсын гадаад худалдаа хөгжиж буй энэ үед үйлдвэрлэлийг хөгжүүлж, төрөлжүүлэх, дэд бүтэц бий болгох шаардлага үүсч байгааг онцоллоо. Европын Холбоо GSP буюу Хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улсыг хамруулж 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг бий болгосон. Түүнчлэн худалдааг дэмжих хүрээнд ТRAM төсөл кластеруудын экспортыг дэмжиж чанарын стандартыг нэвтрүүлж байна. Тэр дундаа “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгэснээр хуурамч бүтээгдэхүүн борлуулахаас хамгаалж, ажлын байр бий болж, өрсөлдөхүйц үнэ тогтоох боломжтой болох зэрэг ач холбогдолтойг онцлон тодотгож байна.

Европын Холбооны төлөөлөгчид ТRАМ төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөх шатандаа байгааг дуулгалаа. Мөн хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэхийг илэрхийлж ТRАМ төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн Танхимд талархал илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид экспортын кластерын компаниудын бүтээгдэхүүнтэй танилцав.

Эх сурвалж:/МОНЦАМЭ/

 

“Тэрбум мод” хөдөлгөөн Европ, Азид тэргүүлэх санаачилгаар нэрлэгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлэн тавьсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь олон улсад,  Европт төдийгүй Азидаа тэргүүлэх санаачилгаар нэрлэгдэж байна. Энэ талаар Европын комисс дахь олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази хариуцсан захирал Жан-Луи Виль манай улсын БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржтой уулзах үеэр онцолсон юм.

Дэд сайд Г.Түвдэндорж ноён Жан-Луи Виль нар уулзалтаараа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойн аж ахуй чиглэлээр санал солилцсон. Уулзалтын эхэнд, Монгол Улсыг хариуцсан хамтын ажиллагааны газрын дарга Даниел Хачез уулзалтын бүрэлдэхүүнд Монголд ирсэн ажлын хэсгээ танилцуулж, Монгол улс хилээ нээж, бид анхны зочид болсондоо баяртай байна гэдгээ илэрхийлэв.

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлэхдээ, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, био аюулгүй ажиллагааны аргачлал, шийдлийг нутагшуулах, боловсон хүчнийг бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буйд талархаж буйгаа илэрхийлсэн. Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжсэн төслүүд цар тахлын үед био-аюулгүй ажиллагааг хангахад ихээхэн хувь нэмрээ оруулсныг онцолсон юм.

Европын комисс дахь олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази хариуцсан захирал Жан-Луи Виль ярихдаа, өнгөрсөн хугацаанд бид олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. 2021-2027 он хүртэл хэрэгжих олон талт баримжаат хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн олон хэмжигдэхүүнийг гарган тавьж байгааг тодотгосон юм. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчин, ойн аж ахуйг хамгаалан хөгжүүлэх чиглэлийн хамгийн оновчтой санаачилга, шийдэл гэдгийг тодотгож, “Тэрбум мод” санаачилга нь Европт төдийгүй Азидаа тэргүүлэх санаачилгаар нэрлэгдэж буйг дуулгалаа.

Талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ойн хомсдол, газрын доройтол, хүлэмжийг хийг бууруулах, ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Уулзалтын төгсгөлд дэд сайд Г.Түвдэндорж Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай ойн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр зогсохгүй, ойн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ногоон ажлын байрыг бий болгох хүрээнд бүхий л боломжит арга хэлбэрээр хамтарч ажиллахад бэлэн байна гэв.

Эх сурвалж:/МОНЦАМЭ/

Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барина
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгажээ.
Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн сангуудаас авах технологийн нөхцөл бүрдсэн. Энэхүү дэвшилтэд талыг ашиглан захиалагч шийдвэр гаргаж, гэрээ байгуулах 30 хоногийн хугацааг багасгаж ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар  тусгасан байна.
Урт хугацаанд хэрэгжих зарим төсөл, арга хэмжээний хувьд захиалагч, гүйцэтгэгчээс үл хамааран төсөвт өртөг зайлшгүй нэмэгдэх тохиолдол байдаг тул хуулиар төсөвт өртгийг шинэчлэн баталсан бол гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломжийг бий болгосон байна.
Захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг тохиролцон гурав хүртэл жилийн хугацаагаар гэрээ байгуулах боломжтой. Тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулна зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжих  төсөл, арга хэмжээний  80,3 хувьд нь тендер зарлаад байна
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна. Тендер шалгаруулалт зарлаагүй 141 төсөл, арга хэмжээ байна.
Тендер шалгаруулалт зарласан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд яаралтай зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулан ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.

Товч мэдээ
·      Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.
·      “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна.
·      Коронавируст халдварын цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Гашуунсухайт боомтод 66 га газарт автомат удирдлага бүхий жолоочгүй чингэлэг тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрлөө.
·      Монгол Улсын төсвийн цаглабарын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын төсвийн цаглабарт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
·      Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг баталлаа. Удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалт бүхий мал, амьтныг хамгаалах, зохистой үржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
·      Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталлаа. Тус зөвлөл нь кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байх юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

“ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН” ӨВӨРХАНГАЙ аймагт эхэллээ

Өвөрхангай аймаг нь 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах” жил болгон зарлажээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ. Салбарын тулгамдсан олон асуудал байгаагаас: Ойн ангиудын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр ажиллах нөхцөл бүрдэхгүй байна. Байгаль хамгаалагч нарын цалин, зэрэг дэв, албан тушаалын шатлал, ажлын байрны тодорхойлолтыг сайжруулах.

– Ус цаг уур орчны шинжилгээний газарт анхаарахгүй бол тоног төхөөрөмж хуучирсан, шинэ хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд хийгдээгүй, гамшгийн нөхцөл үүсвэл илүү эрсдэл үүснэ.

– Уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээхгүй бол удаан хугацаанд хаягдсан байдалтай байгаа ба холбогдох аж ахуйн нэгжүүдийг олж нөхөн төлбөр гаргуулах шаардлагатай байгаа гэх мэт асуудлыг хөндлөө.

 

“БИД БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД” үндэсний чуулган болно

Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харъяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Үүнээс улсын тусгай хамгаалалттай сүлжээнд орон тооны болон гэрээт 470 гаруй байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд эдгээрийн 67 орчим хувь нь дээд боловсролтой байдаг аж.

Байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгаалалын зэрэг олон асуудлуудыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатай болсон байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн байгаль хамгаалагчийг хувь хүн талаас нь бус “Байгаль орчны салбарын нэгж” хэмээн харж, цогцоор шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчдын ажлын нөхцлийг үүрэгтэй нь холбон шинээр тодорхойлох шаардлага гарч буй. Байгаль хамгаалагчид эзгүй хээр ганц гэрээрээ ч байрших нь бий тул гэр бүлийн нийгмийн асуудалд анхаарах, орлогыг нь нэмэгдүүлэх, амь нас, эрүүл мэндийг нь ч хамгаалах асуудал хөндөгдөнө.