Home Blog Page 151

Боловсролын салбарт шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэлхийн банк илэрхийллээ

0

Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Руслан Емцовыг хүлээн авч уулзав. “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр 2015 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хугацаа энэ онд дуусна. Гэхдээ үргэлжлүүлэн хамтрах талаар энэ уулзалтын үеэр санал солилцлоо.

Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор суурь боловсролын түвшинд шинэ төсөл хэрэгжүүлэх

Дэлхийн банк болон “Education Outcome Fund”-тай хамтран хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг ашиглан бага насны буюу 0-5 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, бага насны хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх санал тавив.

Дэлхийн банкны зүгээс 5 чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ковидын өмнөх болон дараах хичээл хоцрогдлыг нөхөх замаар боловсролын чанарыг дээшлүүлэх,

боловсролын түвшин бүрд интеграцчлал хийж, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбартай уялдуулах

Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр

Бага насны хүүхдийн сурлагын ахиц, амжилтыг оношлох стандарт, арга зүйг ашиглан бага, дунд ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг эрт илрүүлэх

Салбар дундын болон дижитал хэрэглээний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэйгээ дэлхийн банкныхан илэрхийллээ.

Экспортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

0

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлсэн гэдгийг Ерөнхий сайд дурдаад “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёрдахь том төсөл Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өнөөдөр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулахаар зорьж байна гэлээ.
Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд дурдлаа.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадна гэдгийг Ерөнхий сайд онцлоод Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд бий болох юм гэлээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж,
-Монгол Улс Ханги боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Мандал боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтыг ийнхүү өнөөдөр эхлүүлж байна. Энэ сард бид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж дуусгана. Ханги-Мандалын төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орсноор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүсэд буй ашигт малтмалын ордуудын үнэлэмж өсөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэж байна гэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсч, товлосон хугацаандаа буюу хагас жилийн дотор Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замыг ашиглалтад оруулж, нээлтийн өдөр баяртайгаар эргэн уулзахын ерөөл дэвшүүллээ.


Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноор Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх юм. Байгаль, экологийн хувьд ч сөрөг нөлөөгүй тээвэрлэлт хийгдэж эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас олгосон юм.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд бий болох юм

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм монголчууд аа,
Энд хуран цуглаж, өнөөдрийн түүхэн мөчийн гэрч болж буй хүндэт зочид төлөөлөгчид өө!

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг богино хугацаанд цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийг тэлэх зорилго бүхий Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх анхны томоохон ажил болох Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлж чадсан. Харин өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёрдахь том төсөл болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед миний бие “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед бүр ч илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй” гэж хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
Тийм ч учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд нийт боомтуудаа авто зам, хурдны зам, төмөр замаар цаг алдалгүй үе шаттай холбож, эдийн засгийн суурийг тэлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.

Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой юм.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадах юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 242 километроор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэнэ. Нэг үгээр хэлбэл, Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд бий болно гэсэн үг юм аа.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байна.

Эрхэм хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улс Ханги боомтыг БНХАУ-ын Мандал боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтыг ийнхүү өнөөдөр эхлүүлж байна.

Энэ сард Монгол Улсын Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж дуусгахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Ханги-Мандалын төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөрзамтай холбогдсоноор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх болно.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад үргэлж бэлэн байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин илэрхийлье.


Эрхэм Монголчууд аа,
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал алхам гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Дэлхий даяар цар тахал болон эдийн засгийн амаргүй сорилтууд үргэлжилсээр байна. Гэвч Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, Монгол Улсын шинэ сэргэлтийн төлөө дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч няцах ёсгүй ээ. Харин ч урьд урьдынхаасаа илүү эвлэлдэн нэгдэж, хамтран ажилласнаар хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх ёстой!

Энэхүү түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсч, товлосон хугацаандаа буюу хагас жилийн дотор Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замыг ашиглалтад оруулах, нээлтийн өдөр баяртайгаар эргэн уулзахын ерөөлийг дэвшүүлье.

Шинэ сэргэлтийн бодлогоо бүх нийтээрээ хэрэгжүүлж,
Монгол Улс Мандан бадрах болтугай!

Сангийн сайд Б.Жавхлан азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

0

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон бусад АХБ-ны төлөөллийг өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын 2022 оны эдийн засаг болон төсвийн төсөөллийн талаарх ерөнхий мэдээллийг өгч, АХБ-ны эх үүсвэрээр хэрэгжиж буй төслийн явц, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр хөтөлбөр байгуулах тухай асуудлыг ярилцлаа. Мөн АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа тухай ярилцав.

Энэ жил Монгол Улс АХБ-ны түншлэлийн 30 жилийн ой тохиож байна. АХБ нь 1991 оноос эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн хамгийн том олон талт хөгжлийн түнш юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АХБ Монгол Улсад нийт 3.9 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийн санхүүжилтээр хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, санхүү, дэд бүтэц зэрэг гол салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээ

Улсын хэмжээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 162,965 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,579 тн, АИ-92 автобензин 50,098 тн, АИ-95 автобензин 3,106 тн, ДТ 95,447 тн байна. АИ-92, АИ-95 автобензиний 38 хоногийн, А-80 автобензиний 69, ДТ-ний 35 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 84,110 тн буюу АИ-92 автобензиний 32, АИ-95 автобензиний 29, ДТ-ний 43 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 312.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 6.3 мян.тн, АИ-92 автобензин 117.0 мян.тн, АИ-95/98 автобензин 3.7 мян.тн, ДТ 155.7 мян.тн, онгоцны түлш 5.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 25.2 мян.тн-ыг эзэлжээ.

Гуравдугаар сард нийт 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалсан. Үүнээс 54 мян.тн-ыг импортлон авсан бол 5.7 мян.тн замдаа ачигдан ирж байгаа юм.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН чиглэлийн 416.1км төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүллээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Оюу толгой” ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн, экспортод гаргахад бэлэн болсон байна.

Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна

0

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 58 зочид буудлын бизнес эрхлэгчид танхимаар болон цахимаар идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр саналаа толилуулж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хэлэлцүүлэгт оролцогчид аялал жуулчлалын тухай болон бусад хууль тогтоомжид дараах шинэчлэл, өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

  • Аялал жуулчлалын сан байгуулах, сангийн эх үүсвэр бүрдүүлэх, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих эрх зүйн орчныг бий болгох;
  • Сангийн хөрөнгийг аялал жуулчлалын салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах (мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, зочлох үйлчилгээний салбарын мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах маркетинг хийхэд зарцуулах гэх мэт);
  • Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд “илүү цаг, долоо хоногийн амралтын өдөр, шөнийн цаг, нийтээр амрах баярын өдөр ажиллуулсны нэмэгдэл хөлс” гэсэн хэсэгт аялал жуулчлалын салбарын онцлогт тохируулсан зохицуулалтыг нэмэх боломжийг судлах;
  • Аялал жуулчлалын үйлчилгээ авсан жуулчин, зочдоос тухайн үйлчилгээтэй холбоотой үнэлгээ, санал, гомдол гаргах, түүнийг хүлээн шийдвэрлэх  зохицуулалтыг хуульд тусгах;
  • Зочлох үйлчилгээний салбарт гадаадаас ажиллах хүч оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексэд “зочлох үйлчилгээ”-ний салбарын мэргэжлийг нэмэх.

Дараагийн хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд Аялал жуулчлалын боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөтөч, тайлбарлагчдын оролцоотойгоор зохион байгуулна.

Хаана: Цаг уур, орчны шинжилгээний газрын 3 давхар, 312 тоот хурлын танхимд

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

0

Монгол Улсын Засгийн газраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2021 оны 05 дугаар 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр,  бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат, Монголын Хуульчдын холбооны удирдлага болон хуулийн салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид  оролцов. 

Хэлэлцүүлгийг нээж Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад арван жилийн нүүр үзэж байна. Монгол Улсын Их Хурал 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уг хуулийг баталсан.  Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа энэ хуулийн үзэл санааг тодотгох асуудлыг хэлэлцэж байгааг онцлоод хуулийн хүрээнд хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог бүрдүүлж, олон нийтийн байгууллагын статустай бие даасан хуулийн этгээд болж төлөвшсөн. Өнгөрсөн хугацаанд хуулийн давуу талууд үр шимээ өгсөн ч, үүнийг цаашид боловсронгуй болгох шаардлагатай гэж хуульчид, судлаачид байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг тодотгов. Мөн цаашид хуульч мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог эргэн харах шаардлагатайг дурдаад энэ хуулиар Хуульчдын холбооны асуудлыг бус цаашдаа хуульч гэдэг мэргэжлийн үнэ цэн, стандарт, чадавхыг ямар хэмжээнд харж, бэлтгэх, нийгмийн харилцааны агуулга руу хэрхэн тавьж өндөрсгөх вэ гэдэг өргөн хүрээтэй харилцааг зохицуулах юм гэж байлаа.  

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн уялдааны талаарх танилцуулга, мэдээлэл хийв.

Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын хаврын чуулганаар боловсролын багц хуулиудыг хэлэлцэнэ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл энэ цаг үед хэлэлцэгдэж байгаа нь Дээд боловсролын хуультай уялдуулах боломжтойг онцлоод Монголын дээд боловсролын шинэчлэлийн асуудал нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт туссан чухал асуудал гэж байлаа. Мөн тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн нөхцөлд дээд боловсролд үзүүлэх төрийн дэмжлэг сул байна. Боловсролын салбарын нийт төсвийн 46 хувь нь ерөнхий боловсролд, 23  хувь нь сургуулийн өмнөх боловсролд, 9 хувь нь дээд боловсролд, 4 хувь нь ТМБС-д, харин 18 хувь  нь салбарын менежментэд зарцуулагддаг. Төрийн өмчийн дээд боловсролын  сургалтын байгууллагын орлогын 92 хувь нь суралцагчийн төлбөрөөс бүрдэж байна. Их, дээд сургуулийн нийт зардлын дийлэнх хувийг цалин хөлсний зардал эзэлж байна. Эдгээр зардлыг үндсэндээ сургалтын төлбөрийн орлогоор санхүүжүүлж байгаа нь дээд сургуулийн багш нар сургалтаас гадна судалгааны ажил хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хүрэхгүй байгаа тул төрөөс их, дээд сургуулийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг онцолсон. 

Хуулийн төсөлд багш нарын цалин, сургалтын төлбөрийг бие даан тогтоох эрх мэдлийг нэмэгдүүлэх, элсэх, төгсөх мэргэжлийн чиглэлийг төсвийн бодлогоор зохицуулах зэргээр дээд боловсролын сургалтын байгууллагаа дэмжих заалтуудыг хуулийн төсөлд оруулахаар ярилцаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг дурдаад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Дээд боловсролын хуультайгаа уялдуулж батлахын тулд магадлан итгэмжлэл олгох субьект нь Хуульчдын холбоо биш Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл байхаар өөрчлөх, мөн Хуульчдын холбооны сургалт, судалгааны чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн бодлогод анхаарах шаардлагатайг тодотгож байлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн уялдааны талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хуульчдын боловсролын асуудлыг хөтөлбөр, шалгалт гээд өргөн хүрээнд хөндсөн учир үүнийг Дээд боловсролын тухай хуулийн төсөлтэй уялдуулах нь чухал гэдгийг тодотгохын зэрэгцээ төслийн 6, 7, 8, 29, 30 дугаар зүйлтэй уялдуулан байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хэлсэн үгэндээ, хуульчийг заавал баклаврын түвшингээс эхлэн бэлтгэх ёстой юу, ахисан түвшинд хуульч бэлтгэх боломж бий эсэх талаар хөндөж ярилцахыг хэлэлцүүлэгт оролцогчдоос онцгойлон хүсэхийн зэрэгцээ хуулийн төсөлд эрх зүйгээр суралцагчдад хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардах, магадлан итгэмжлэлийг хийх зэрэг зохицуулалтыг тусгасан байгааг нухацтай ярилцах шаардлагатайг дурдав. Эдгээр асуудлыг Дээд боловсролын тухай хуульд тодорхой тусгасан учир хууль хоорондын уялдааг нь хангах нь чухал гэсэн саналуудыг хэлж байлаа. 

Хэлэлцүүлэг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, судлаач Э.Энхцэцэгийн “Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага-эрхзүйн орчныг тодорхойлох бодлогын судалгаа” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн зорилго нь хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийг үргэлжилсэн сургалт, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах болон хуульчид тавих нийтлэг шаардлага, Хуульчдын холбооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн гэж танилцуулгад дурдсан байв.  

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар,  “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид зэрэг бүх төлөөллийн эрх ашгийн тэнцвэр, тэнцлийг хангахад анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил “төслийн 4.1.2.-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүгч, прокурор, шүүгчийн туслахаар ажиллах, нотариатчийн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд хуульч ажиллахаар заасан ажил, албан тушаал эрхлэхийг” гэж тусгасан байгаа нь хуульч гэж хэн бэ гэдэг үндсэн асуудал бүрхэг байгааг  тодотгоод  энэ хууль хэнд үйлчлэх вэ гэдэг асуудлаа бүрэн цэгцлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн төсөлд эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцагчдад дипломын зэрэг олгоно гэж тусгасан нь олон хүний мэргэжлийн хөрвөх чадварыг хаах нөхцөл бүрдэх вий гэдгийг Ажлын хэсгийнхэнд анхааруулж байсан бол төсөлд туссан Хуульчдын холбооны Их Хурлын төлөөлөгчдийн нийт 200 квотыг тэгшитгэх асуудалд бусад хуульчдын төлөөллийг ч гэсэн нээлттэй байдлаар хамруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.

    Хэлэлцүүлгийг хааж, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэлсэн үгэндээ, энэ удаагийн хэлэлцүүлэг нь хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа эхний арга хэмжээ гэдгийг тодотгоод цаашид тодорхой хүрээнд зорилтот сэдвүүдээр цуврал хэлэлцүүлэг  хийхээр төлөвлөснийг дурдахын зэрэгцээ хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаарх саналуудаа Ажлын хэсэгт бичгээр ирүүлэхийг  онцгойлон захилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

М.Тереса Хо: Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байна

0

Улсын Их Хурлын  дарга Г.Занданшатар хатагтай М.Тереса Хо-тай уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банктай түншлэн ажиллаж ирсний 30 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Хатагтай М.Тереса Хо Улсын Их Хурлын  даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Азийн хөгжлийн банкны зүгээс ойрын ирээдүйд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, санхүүжилтийн гэрээ хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн цар тахлын дараа улс орны эдийн засгийг сэргээх чиглэлд тэргүүлэх ач холбогдлыг өгч ажиллах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийх бөгөөд хаврын чуулганаар төр-хувийн хэвшлийн түншлэл, зөвшөөрлийн тухай хууль зэрэг хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх олон чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна гэлээ.

Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн чиглэлээр баримталж буй тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа хилийн боомтын дэд бүтцийг сайжруулан хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн төвлөрлийг сааруулах, дотоодын нөөц бололцоог дайчлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, татварын шинэчлэл хийх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж, энэ чиглэлд үр дүнтэй санхүүжилт, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын даргын зөвлөх Сафдар Парвез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Азийн хөгжлийн банкны Монгол дахь орлогч суурин төлөөлөгч, ахлах эдийн засагч Деклан Магий болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

0
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 6819 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буйгаас хамгийн олон буюу 802 нь эрүүл мэнд, 663 нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандарт эзэлж байна.
Эрүүл мэнд болон хүнс, хөдөө аж ахуйн салбар бол хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд хамаатай салбарууд учраас цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан зарим стандартыг нэн даруй өөрчилж, шинэчлэх, шаардлагагүй хэсгийг нь хүчингүй болгох зэргээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр болсон Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд онцолж хэлэв.
May be an image of 5 people, people standing and indoor
5 жил тутамд хийдэг Үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшингийн 2018 оны улсын үзлэгээр Эрүүл мэндийн салбарын 407 стандартыг дахин хянаж, шинэчлэхээр дүгнэлт гаргаснаас одоогоор 31 стандарт буюу 7.6%-ийг шинэчилжээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 570 стандартыг дахин хянаж шинэчлэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан байдаг ч 64 стандартыг л хянаж шинэчилсэн нь 11.2%-ийн хэрэгжилттэй байгааг туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Шадар сайд анхааруулсан юм.
Хөгжингүй орнуудад хүнсний бүтээгдэхүүний шошгоны ар дээрх мэдээллийг боловсруулалт хийж, сав баглаа боодлын нүүрэн хэсэгт тухайн бүтээгдэхүүний чанар, стандартыг A B C D E гэсэн 5 ангиллаар, 3 өнгөөр ялгаж байршуулдаг аргачлалыг сүүлийн жилүүдэд нэвтрүүлж эхэлсэн. Жишээ нь, ногоон өнгөөр ялгасан А ангиллын хүнс илүү шим тэжээллэг, органик ангилалд багтдаг бол улаан өнгөөр ялгасан Е ангиллын хүнс шим тэжээл хомс, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс гэдгийг шууд илтгэдэг байна. Энэ мэтчилэн хэрэглэгчидтэйгээ илүү ойртож ажиллах цаг үеийн шаардлага тулгараад буйг салбарынхан зөвлөгөөний үеэр хөндөж байлаа.
Хүнсний хангамжийн гол нэрийн 16 бүтээгдэхүүнээр тооцоход манай улсын хүн амын хүнсний хангамж малын мах, сүү, сахар, ургамлын тос, гурил, төмс зэрэг 6 нэр төрлийн бүтээгдэхүүн зонхилж буй нь амин дэм, эрдэс бодисын дутагдалд өртөхөд нөлөөлж байгаад анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд мөн хэлж байв.
Иймд нэн түрүүнд хүнс болон эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй стандартуудыг дахин хянаж нягтлаад шинэчлэх, өөрчлөх, хүчингүй болгох шаардлагатай стандартуудыг зургадугаар сарын 1 гэхэд цэгцэлж дуусгах хугацаатай үүрэг даалгавар өглөө.