Home Blog Page 15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалаа

“Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх тус ангид ажиллаж, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад дайчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Тэрбээр, Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал, бүрэн эрхт тусгаар улсын бэлгэ тэмдэг бөгөөд бие бүрэлдэхүүний цог жавхаа, тэсвэр хатуужил, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, чанд сахилга бат нь цэргийн алба хаагчид төдийгүй хүүхэд, залуучуудын үлгэр дуурайлал мөн гэдгийг онцоллоо.

Алба хаагчид цэргийн сүр жавхааг улам өндөрт өргөж, төрийн цэргийн байгууллагуудыг үлгэрлэн манлайлж явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Цаашид Төрийн хүндэт харуулын нэр төр, ур чадвар, хувцас хэрэглэл, ахуй хангамж өндөр түвшинд байж, энэ албанд залуучууд тогтвортой алба хаах, өсөн дэвжих боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Алба хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, хүндэт харуулын сургалт бэлтгэл, ахуй хангалтыг олон улсын жишигт хүргэх, бие бүрэлдэхүүний нөхөн хангалтыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны дараа Нийслэл хүрээний цэргийн комендантаас Улаанбаатар хотын комендант болсон нь 032 дугаар ангийн түүхэн замналын эхлэл юм.

Тус анги цэргийн ёс журам сахиулах, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг гүйцэтгэх, Төрийн их сүлд шүтээнийг сахин хамгаалах үүргээ нэгэн зууны турш нэр төртэй гүйцэтгэж байна.

Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо идэвхтэй явуулж, гадаадын өндөр, дээд түвшний айлчлал эрс нэмэгдэж байна.

Энэ онд гэхэд л Төрийн хүндэт харуул долоон улсын төрийн тэргүүн, 12 улсын Элчин сайдыг хүлээн авч, 200 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүрэг гүйцэтгэсэн нь 2020 онтой харьцуулахад гурав дахин өсжээ.

Тус анги өнгөрсөн хугацаанд 5,900 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүргийг өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тус ангид ажиллах үеэрээ төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг нь сайшааж, тус ангийн алба хаагчдын ажлын орчныг сайжруулахад зориулан “Ахуйн үйлчилгээний төв” байгуулах төсөл хэрэгжүүлэх болсныг батламжлав.

ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ.

Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж бригадын генерал цол хүртсэн Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Батбаатарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

“Хүнсний хувьсгалд нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 -р тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлж, цаашид хэрхэх талаар санал солилцов.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 35 төрийн байгууллага 114 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас ХХААХҮЯ-тай хамтран “Emongolia”-д Хөдөө аж ахуйн бирж, ЖДҮ санг нэвтрүүлсэн байна.

Мөн УИХ-ын 36 дугаар тогтоолд иргэд, олон нийтэд чиглэсэн “Хоол, хүнсний зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах” болон долоо хоног тутам “Хүнсний аюулгүй байдлын цаг” гэсэн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх гэсэн заалт орсон. Тус үүргийг өргөн нэвтрүүлгийн 16 телевиз хүлээж байгаа ба ЦХИХХЯ хяналт тавин ажиллаж байгаа юм.

ЦХИХХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од хэлэхдээ “Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй хамтран ажиллаж “Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлгийг ард түмэнд хүргэж, соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна” хэмээн онцлов.

Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд “Хүнсний хувьсгал”-д нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног арга хэмжээнд оролцов

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр нар болон бусад албаны төлөөлөгчдийн хамт БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдсан “”Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног” арга хэмжээнд оролцлоо.

Энэ үеэр Талес Алениа Спейс компани болон хиймэл дагуулын зөвлөх үйлчилгээний Novaspace, Хиймэл дагуул хөөргөлтийн АНУ-н Space X компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Үүний зэрэгцээ, Францын Сангийн яамтай хиймэл дагуул төслийн талаар ярилцаж,Талес Алениа Спейс компанийн хиймэл дагуулын үйлдвэрлэлтэй танилцав.

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2024” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2024” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

Зорилго:     

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино. 

Ерөнхий зохион байгуулагч:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар  

Хамтран зохион байгуулагч:

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  • Боловсролын яам
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл
  • Боловсролын ерөнхий газар
  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг
  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
  • Монголын Урчуудын эвлэл
  • Монгол Улсын их сургууль
  • ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэн
  • Олон улсын Монгол уран бичлэгийн холбоо
  • Бичиг соёл төв 

Хамрах хүрээ: Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид 

Ангилал: 

Уран бүтээлчид

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх  

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх    

Оюутнууд

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх  

Сурагчид

  • 11-12 дугаар анги: Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
  • 8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, А3 хэмжээтэй, жаазалсан байх  

Санамж:

  1. Бүтээлийн ард овог, нэр, утасны дугаар, оршин суугаа газрын хаяг болон бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичих
  2. Товч танилцуулга, зургаа цахим хаягаар илгээхдээ гарчиг хэсэгт овог, нэрээ бүтээлийн нэрийн хамт тодорхой бичих 

 Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв  

Цахим хаяг: khuukhdiinurlan@gmail.com 

Холбогдох утасны дугаар: 88555616, 99978546, 99880509 

Бүтээл хүлээн авах хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг

Оксфордын их сургуулийн судлаачид Монголын кибер аюулгүй байдлыг үнэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааг эхлүүллээ.

Судалгаанд манай улсын төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд 10 дугаар сарын 02 – 04-ны хооронд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлалыг Их Британийн Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтэн хамтран боловсруулж, таван түвшнээр тодорхойлно.

Энэхүү судалгааг хийснээр Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах өнөөгийн нөхцөл байдал, хүчин чармайлтыг бодитойгоор тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлох, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, иргэдийн кибер аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шийдлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

УИХ-аас Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 онд баталж, Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчныг бүрдүүлсэн.

Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 493 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг баталж, үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангах 5 зорилт, 40 арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн Засгийн газрын 2023 оны 42 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын зөвлөл”-ийг байгуулж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах боломжийг бүрдүүлсэн.

Үүний зэрэгцээ, кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сан бүхий Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний төвийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн.

БНСВУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэж мордууллаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

Ерөнхийлөгч То Лам-д Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Соёлын өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч То Лам монголын аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой байлаа.

БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуульд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам өнөөдөр Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуульд зочиллоо.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам энэ үеэр Хо Чи Минийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, сургуулийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Энэ онд 75 жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуульд Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч То Лам илэрхийлэв.

Тэрбээр Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуулийн сурагчид сурлага, хөдөлмөрөөр манлайлж, улсын тэргүүний сургууль болон хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов.

 

Ерөнхийлөгч То Лам БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минь нь БНСВУ-аас Монгол Улсад айлчилсан анхны удирдагч байсан бөгөөд 1955 онд хэрэгжсэн тус айлчлалаар хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан гэдгийг тэмдэглэлээ.

Сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд багшийн хөгжил, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСВУ-ын талаас 14 дүгээр сургуульд 50 мянган ам.доллар хандивлах тухай батламжийг Ерөнхийлөгч То Лам сургуулийн удирдлагад гардуулав.

Ерөнхийлөгч То Лам сурагчдын урлагийн тоглолтыг үзэж, тус сургууль болон сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургууль нь 6 мянга гаруй сурагч, 200 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан 14 дүгээр сургуулийг түүний нэрэмжит болгосон.

2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 338 хүүхдийн нэрсийг зарлалаа

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан журмын шалгуурыг хүний оролцоогүйгээр шалган,  болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.

Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нийт 338 хүүхдийн нэрийг зарлаж байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2024 онд өөрчлөлт орсон.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.

Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө.

Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99889379

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.

    

 

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан журмын шалгуурыг хүний оролцоогүйгээр шалган,  болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.

Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нийт 338 хүүхдийн нэрийг зарлаж байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2024 онд өөрчлөлт орсон.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.

Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө.

Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99889379

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.

 

 

    

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нар 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гарган, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, вьетнамын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг даван туулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг  тууштай хөгжүүлэн эдүгээ 70 жилийн ойтойгоо золгож буйг тэмдэглэв.

Талууд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлалаар өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа улам бүр бататган ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарлаж буй нь хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал болж буйг цохон тэмдэглэв.

Ерөнхийлөгч То Лам хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий гээд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтойг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцлоод, цаашид Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгийг  эхлүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох чиглэлд нягт хамтран ажиллахаар Төрийн тэргүүн нар санал нэгдэв.

Ерөнхийлөгч То Лам хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин нийлүүлэх тухай монголын талын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд,  ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн мэдээлэл, технологийн салбар дахь боловсон хүчинг бэлтгэх боломжтойг илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар боловсрол, соёл,  спортын салбар дахь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын тамирчдын өндөр амжилт үзүүлж буй байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл хийх болон монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэхээр тохиров.

Түүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон хөгжиж буй Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов.

Төрийн тэргүүн нар манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, вьетнамын тал Монгол Улсын Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (АСЕАН) Яриа хэлэлцээний түнш болох, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох санаачилгыг үргэлжлүүлэн дэмжихээ нотлов. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын тал оролцохоо илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар тогтов.

Ерөнхийлөгч То Лам Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болсонтой холбогдуулан зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв.

Уулзалтын дүнгээр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын баримт бичгүүдийг байгуулав.