Home Blog Page 149

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын дарга М.Тереса Хо-г хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт АХБ-ны Зүүн Азийн газрын дарга М.Тереса Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс шинэ яамны эрхлэх асуудлын хамрах хүрээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

8AjNx9UK32kmbWf.jpg

АХБ-ны зүгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүд болон санхүүжилтийн талаар танилцуулж, АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд “Шинэ сэргэлтийн бодлого”-той хэрхэн уялдаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мөн тус банкнаас цар тахлын дараах эдийн засгийн засгийн сэргэлтийн чиглэлд түлхүү ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөж буй бөгөөд тэр дундаа хилийн боомтын дэд бүтцийг сайжруулан хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ЭЗХЯ-тай хамтран ажиллах саналыг дэвшүүлж, талууд холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллахаар боллоо.

nIwlCLV54ESCB52.jpg

Уулзалтын төгсгөлд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэнд талархсанаа илэрхийлж, цаашид хоёр байгууллагын харилцааг улам өргөжүүлж, нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний Чуулган зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллага болон бусад байгууллагууд хамтран 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Чуулганд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцсон ба эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн шийдлийг хамтдаа эрэлхийлж, нэгдсэн зөвшилцөлд хүрлээ.

· Нийгмийн хөгжлийн үндэс болсон гэр бүлийн үнэт зүйл, нандин чанарыг уламжлан хадгалахад эрэгтэйчүүдийн үүрэг оролцоог онцлон тэмдэглэж,

· Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх зарчимд үндэслэн,

· Эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжихэд салбаруудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх ач холбогдлыг анхааран,

· Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго, нийгмийн хөгжлийг хангах нэг арга зам болохыг хүлээн зөвшөөрч дараах ЗӨВЛӨМЖИЙГ хэрэгжүүлж ажиллахыг талуудад уриалж байна.

Соёлын яаманд:

  • Зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах, хорт буруу зуршлаас сэргийлэх соён гэгээрлийн арга хэмжээг эрчимжүүлэх;
  • Амьдралын зөв дадлыг олгох, соёлжуулах зорилгоор хорт зуршлын эсрэг тайз, дэлгэцийн бүтээлийг дэмжих;
  • Гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, хамтын хариуцлагын талаар гэр бүл, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх;
  • Үлгэр жишээ аавууд, эрэгтэйчүүдийн сайн жишээг сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээнд татан оролцуулахыг уриаллаа.Соёлын яамнаас чуулганы төлөөлөгчдөд Монголын Урчуудын Эвлэлийн Хороотой хамтран “ААВ” сэдэвт баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг Төрийн ордны их танхимд дэглэж, Соёлын төв өргөөнд Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдээр “ЭХ ОРНЫ ЭРЧҮҮД” хүндэтгэлийн концертыг толилууллаа.

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгөх системийг хүлээн авлаа

0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Швейцарын хөгжлийн агентлагийн хөгжүүлсэн Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгөх систем, системийн бичиг баримт, системийн эх код болон мэдээллийн санг оюуны өмчийн эрхийн хамт хүлээн авлаа.

Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зудад нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Ногоон алт, Малын эрүүл мэнд”  урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ. Тэр үеэс хойш 17 жил өнгөрч, энэ хугацаанд Швейцарын хөгжлийн агентлаг асар арвин туршлага, сургамжуудыг хуримтлуулж мөн саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж, хойч үедээ сайн сайхан ирээдүйг бүтээн үлдээхийн төлөө олон сайхан амжилтууд, үр дүнг бүтээсэн юм.

“Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах, бэлчээр, байгаль орчин, мал амьтдадаа ээлтэй арга замаар бэлдсэн гэдгийг баталгаажуулах, зах зээлд өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингээх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадлын стандарт түүний цахим мөшгөх системийг хөгжүүлсэн билээ.

“Хариуцлагатай нүүдэлчин” зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд MNS 6891 : 2020 стандартын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А-68 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэг бэлтгэн, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12-р сарын 30-ны өдрийн C/55 дугаар тушаалаар тус стандартыг баталсан. Швейцарын хөгжлийн агентлаг нь “Хариуцлагатай нүүдэлчид” стандарт ба цахим мөшгөх системийн салшгүй хэсэг болох дараах систем, мэдээллийн сангуудыг тусдаа хандивын гэрээгээр хүлээлгэж өгсөн юм.

Сүү бэлтгэл, сүүний мөшгөх систем
Сүргийн менежментийн төлөвлөлтийн систем
Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндэсний нэгдсэн сан
Бэлчээрийн нөлөөллийн мониторинг, менежментийн мэдээллийн сан
Мал аж ахуйн нэгдсэн систем
Малын эрүүл мэндийн мэдээллийн систем
Сүүний үйлдвэрүүдийн дотоодын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг мөшгөх систем

 

Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо

0

БОАЖ-ын сайдын Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.  Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.  

Жил бүрийн хаврын хуурайшилтын үед үүсдэг эрсдэл бол ой, хээрийн түймэр юм. Сүүлийн 2 жилд хур тунадас ихтэй чийгшилт харьцангүй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудтай харьцуулахад бага гарсан. 3 дугаар сараас 7 дугаар сар хүртлэх хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилтын зэрэг янз бүр байдаг. Тэгвэл энэ жил хуурайшилт улам ихсэж, эрсдэлтэй байдал үүсэж буйг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа юм.  

2021 онд Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг 9 аймгийн 35 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байдаг. Дээрх түймэрт ойн 2092.1 га, хээрийн 201538 га талбай өртөж, экологид 3 тэрбум 174 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг тоон баримт байна. Жишээ авахад энэ жилийн хувьд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 70 гаруй хувь цас багатай хавар эрт хуурайшилт үүсэж ой хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй болоод байгаа мэдээ бий.

БУГЫН ЭВЭР ТҮҮЖ БЭЛТГЭХИЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХОРИГЛОЛОО

Гал түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр ихээр гардаг байна. 

Зөвхөн тус дархан цаазат газарт сүүлийн гурван жилд гарсан томоохон хэмжээний түймрийн дүн мэдээг харахад нийт 203 га талбай түймэрт нэрвэгдэж ойн санд учирсан хохирлын хэмжээ 204 105 000 төг/ хоёр зуун дөрвөн сая нэг зуун таван мянган төгрөг/ болсон байна.  

БУГЫН ЭВЭР ТҮҮЖ БЭЛТГЭХИЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХОРИГЛОЛОО

Тодруулбал, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хамаарах Атаа-Шарлан голын бэлчирт /49011’28’’ 107034’08’’/ ойн түймэр тэмдэглэгдсэн. Уг түймрийг бугын эвэр түүхээр явсан иргэд тавьсан бөгөөд түймэр 5 дугаар сарын 13 өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ассан байдаг. Түймэр унтрахаар ОБГ-аас нийт 253 албан хаагч арав гаруй техник хэрэгсэл сарын турш ажиллажээ. Түймрийн тархалтын өргөн 20 км байсан бөгөөд нийт талбай 178 км2 талбайг хамарсан. Түймрээс ойд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээ 34,1 тэрбум төгрөг болсон байна.  

Гэтэл тухайн үед БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас авсан мэдээлэлээр бугын ясан эвэр түүж бэлтгэж экспортлох эрх авсан 6 аж ахуйн нэгжээс улсын төсөвт 30 сая төгрөгний хураамж төлсөн байдаг. 

2019 оны 04 дүгээр сарын 14 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Хонги голын баруун талд Тахилт уулын урд Бугатын аманд түймрийн цэг илэрсэн.  

2020 оны 06 дугаар сарын 19 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ар илчлэгийн голын зүүн талд түймрийн цэг илэрсэн.  

2021 оны 06 дугаар сарын 05 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ерөөгийн халуун рашааны хойд талд түймрийн цэг илэрсэн гэх мэтээр хөвөрнө. Тэр болгонд Онцгой байдлын албан хаагчид, байгаль хамгаалагчид олон өдрөөр, машин техник дайчлан тэмцэх шаардлага тулгардаг юм.  

Хан Хэнтийн дархан цаазат газар нь Сэлэнгэ, Төв, Хэнтий 3 аймгийн 8 сумын нутгийг хамрах 1,748,103 га талбайтай нийт дархан газрын 96 хувь нь хөвч тайгын бүсэд оршдог. Монгол орны амьтны аймгийн биологийн төрөл зүйлийн 40,5 хувьтай тэнцэх буюу судлаачдын мэдээгээр 56 зүйлийн хөхтөн амьтад байршин нутагладаг. Ургамалын аймгийн хувьд 85 овгийн 389 төрөлд хамаарах 1229 гуурст дээд ургамал бүртгэгдсэн байна. Ойн сангийн хувьд төв азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллгааны сөрөг нөлөөлд хялбар өртдөг маш эмзэг экосистем юм. Дархан газрын ойн сангын 96,8 хувь нь шилмүүст, 3,2 хувь навчит ойтой бөгөөд Монгол орны ойн нөөцийн 30 хувь нь Хэнтийн ууланд байдаг билээ. 

Шилдэг багш нарын ур чадвар, заах аргыг өвлүүлэх, сурагчдын хоцрогдол арилгахад хамтран ажиллана

0

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ, “Elab education academy”-ийн Elab төслийн зохицуулагч Э.Санжсүрэн нар өнөөдөр 2021-2025 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, дунд ангийн сурагчдын хоцрогдол арилгах болон олимпиадад бэлтгэх, ахисан шатны гүнзгийрүүлсэн сургалтад бэлтгэх, залуу багш нарыг чадваржуулах гурван чиглэлд хамтран ажиллах юм.

Санамж бичиг үзэглэсний дараа Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тохиосон цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт, тэр дундаа сурагчдын мэдлэг боловсролд хоцрогдол үүсэж, тэрхүү хоцрогдлыг нөхөхөд цаг хугацаа, багш нараас хичээл зүтгэл ихээхэн шаардаж байна. Ийм цаг үед Монголын урдаа барьдаг, сор болсон багш нар маань нэгдэж, сурагчид болоод залуу багш нарын боловсролд чиглэсэн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахаар санаачилга гаргасан нь сайн хэрэг” хэмээн ярилаа.

Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ нь  Elab education төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуу багш нарт математик, физик, хими, нийгэм, монгол хэл, англи хэлний судлагдахуун хичээлийг ахисан түвшинд гүнзгийрүүлэн сургах юм. Сургалтыг Монгол Улсын гавьяат багш, зөвлөх багш, олимпиадын болон ур чадварын аварга багш нар явуулах бөгөөд тэдний мэдлэг боловсрол, заах аргыг аль болох олон хүүхдэд хүргэх, залуу багш нарт өвлүүлэх зорилгыг өмнөө тавьж буй аж. Монгол Улсын гавьяат багш, Монголын математикийн хорооны дарга асан, МУИС-ийн хүндэт профессор Ц.Дашдорж, Улсын математикийн багш нарын олимпиадын таван удаагийн аварга “Олонлог” сургуулийн зөвлөх багш Б.Баяржаргал, Улсын физикийн багш нарын олимпиадын хоёр удаагийн аварга, “Nest education” сургуулийн багш С.Гэрэлмаа, Улсын физикийн багш нарын олимпиадын хоёр мөнгө, хоёр хүрэл медальт П.Пүрэвдорж зэрэг багш нар төлөөлөл болон санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Эрдэм холбоо ТББ нийслэл болон 13 аймгийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж буй бөгөөд нийтдээ 150 гаруй багшийг эгнээндээ нэгтгэсэн байна. Сурагчдад хүртээмжтэй боловсрол олгож, хоцрогдол арилгах сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Elab education academy”-д хандан авч болохыг “Elab education academy”-ийг үүсгэн байгуулагч Б.Оюунболд хэлж байлаа.

Монголын кино урлагийн зөвлөл Унгарын үндэсний кино хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо

Соёлын дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Унгар улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Унгар Улсын Засгийн газрын харьяа Унгарын Үндэсний кино хүрээлэн (NFI – Nemzeti Film Intézet)-гийн Удирдах зөвлөлийн дарга Чаба Каел, тус хүрээлэнгийн Уран бүтээлийн асуудал хариуцсан газрын дарга  Акос Пести, Гадаад төсөл хөтөлбөр, худалдааны асуудал хариуцсан газрын дарга Брадски Чоба нартай уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам хооронд кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студийг байгуулах чиглэлээр урт хугацааны тогтвортой ашиглалтын Техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах асуудлаар санал солилцлоо.

Мөн Монголын талын төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас Кино урлагийн зөвлөл түүний ажлын албыг байгуулах, үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан журам болон дүрмийг тус тус баталж ирэх дөрөвдүгээр сард багтан зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлэх, Кино зөвлөлийн цахим системийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар танилцуулав.

Мөн Унгарын Үндэсний кино хүрээлэнгийн удирдлага тус улсын кино урлагийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, тэр дундаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын таатай нөхцөл, санал болгож буй хөнгөлөлт, урамшууллын тухай танилцуулга хийж, Үндэсний кино хүрээлэн болон тэргүүлэх кино студийн үйл ажиллагааны туршлагын талаар мэдээлэл өглөө. Мөн түүнчлэн, Монгол Улсын кино, урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг эхнээс нь дэмжин санал, зөвлөмжөөр ханган хамтран ажиллахад нээлттэй болохоо илэрхийлэв.

Мөн ажлын айлчлалын үеэр Соёлын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Унгар Улсын тэргүүлэх “Origo” болон “Astra Film” кино студид зочлон, тус студийн удирдлага болон уран бүтээлчидтэй тусгай уулзалт хийж, дэлхийд цөөхөн байдаг кино павильон, орчин үеийн дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж болон санал болгож буй тусгай үйлчилгээ, Холливуд болон олон улсын кино продакшны зураг авалтын үйл явцтай танилцаж туршлага судаллаа.

 

 

 

“FOOTBALL FOR SCHOOL”-ийг 170 сургуульд хэрэгжүүлнэ

Боловсролын ерөнхий газар Монголын Хөлбөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд сургуулийн хөлбөмбөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Эхний хөтөлбөр болох “Football for School”-ийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр 21 аймаг, 9 дүүргийн 170 сургуульд хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн зорилго хүүхэд, залуус аюул эрсдэлгүй, хүчирхийлэл дарамтгүй орчинд хамтдаа сурч тоглох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Цаашид хөлбөмбөгийн ‘’Dream goal’’ болон футзалын “Дуулиан” тэмцээнүүдийг хамтран зохион байгуулах юм. Сургуулийн хөлбөмбөгийг хөгжүүлж, хүүхэд бүр оролцох боломжийг хангахаар ийнхүү хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
May be an image of 2 people, people sitting, suit and text
May be an image of 2 people, people standing and text

Төв аймаг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан ” Эрүүл мэндийг дэмжих төв”- тэй боллоо

0

Төв аймаг эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудынхаа материаллаг баазыг нэмэгдүүлэх, мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй боловсон хүчнийг бэлтгэх, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээг өргөтгөх бодлого барьж, энэ хүрээнд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна. Эдгээр ажлууд үр дүнгээ өгч, иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд Эрүүл мэндийн яамны санаачлага дэмжлэгтэйгээр  аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Эрүүл мэндийн яамны бүрэлдэхүүн, аймгийн ЭМГ-ын удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

“Эрүүл мэндийн дэмжих төв” нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм. Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.
Тусламж үйлчилгээний үндсэн чиглэл нь:
– Хувь хүн, албан байгууллага, хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх
– Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх өдөрлөг, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх
– Төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх ,Эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, шинжилгээ өгөхөд тус тус чиглэгдэж байна.

Тус төвийг 1.4 тэрбум төгрөгийн өтрөг бүхий 64 зүслэгт компьютер томографик аппарат, ясны сийрэгжилтийг оношлох аппарат, шүдний тоног төхөөрөмж, биеийн жингийн индекс тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат, зураг авах,харах хоёр үйлдэлтэй рентген аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор зэрэг нийт 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 багцын 33 төрлийн 64 ширхэг өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ: Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих тухай хууль батлагдаж, 2021 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ нь Нийслэл Улаанбаатар хоттой ойр оршдог Төв аймгийн хувьд нилээдгүй эрсдэлтэй гэж үзэн, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулж байна. Ингэснээр Төв аймгийн эмнэлэг Улаанбаатар хот руу үйлчлүүлэгчдээ алдахгүй, иргэд заавал цаг зав, хөрөнгө мөнгө гарздаж гуравдугаар шатлалын эмнэлэгт очих шаардлагагүй, өөрийн аймгаасаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгааг онцолсон юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаа

0
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ аймгийн албан хаагчдад “Цахим үндэстэн” бодлогын баримт бичиг, “Цахим жишиг аймаг” концепцийг танилцууллаа.
May be an image of 3 people, people sitting, people standing and indoor
  • Хөвсгөл аймаг “e-mongolia” порталд орон нутгийн захиргааны байгууллагын 77-н үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг
  • Хөвсгөл аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 38 агентлаг байгууллага, 23 сум, нэг тосгонд төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем “ERP” системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Мөн 23 сум, нэг тосгонд “Төрийн нэг цэгийн үйлчилгээний операторын систем”-ийг нэвтрүүлжээ.May be an image of 2 people, people sitting, people standing and indoorMay be an image of 5 people, people standing and indoor

Унгар улсын хүний хөгжлийн яамтай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өрөгжүүлэх чиглэлээр хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Соёлын Дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Унгар Улсад 2022 оны 3 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж Унгар Улсын Хүний хөгжлийн яамны Олон улс болон Европын холбооны асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Иштван Ковач тэргүүтэй албан тушаалтнуудтай Монгол, Унгарын соёл урлагийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ хийж Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протокол болон Улаанбаатар хотноо 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын санамж бичгийн хэрэгжилтийг хангах, хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны нарийвчилсан чиглэлээр санал солилцов.

Талууд уулзалтын хүрээнд соёлын дурсгалт өвийг сэргээн засварлах, музей судлал, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр мэргэжилтэн солилцож, археологийн дурсгалыг судлах, хамгаалах чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын хамтарсан шинжилгээний ангийг Унгар болон Монгол Улсад ажиллуулж, тус чиглэлээр Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад холбогдох мэргэжилтнүүдийг хамруулах,  Унгар Улсад “Хүннүгийн түүх – Ази ба Европт” тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцож бэлтгэл ажлыг хангахад харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. Мөн Унгар Улсын Үндэсний Сеченийн номын сан болон Монгол Улсын Үндэсний номын сан хоорондын хамтын ажиллагааны гэрээг ойрын хугацаанд байгуулж эх сурвалж баримтын хуулбар, ном хэвлэл солилцох, хамтран судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студи байгуулах чиглэлд хамтран ажиллах, мэргэжлийн кино студи, хамтарсан кино бүтээлийг шинэ түвшинд хүргэх, хоёр орны кино үйлдвэрлэгчид, продюсер болон салбарын бусад мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулж,  судалгааны мэдээ, материал солилцох замаар кино урлагийн байгууллагууд болон сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн цар талын нөхцөл байдал сайжирч, хоёр тал аливаа гадаад хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэж байгаатай холбогдуулан хөгжмийн урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчдийг чадавхжуулах чиглэлээр харилцан зочин уран бүтээлчдийг буюу удирдаач, найруулагч болон уран бүтээлийн тоглолт солилцоог эрчимжүүлэх,  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэхээр болов.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг болон Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Б.Жавхлан, Унгарын талаас Унгар Улсын хүний хөгжлийн яамны Хоёр талын хамтын ажиллагааны Ахлах зөвлөх Тунде Шиндер, Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Михок Зольт, Музейн газрын мэргэжилтэн Мэйт Золтан болон Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Кристина Йоханна нар оролцов.