Өнөөдөр монгол хүн сансарт ниссэн өдөр тохиож байна
Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Каманы Улыкпан Монгол улсын гавьяат багш цол хүртлээ
Сонгинохайрхан дүүргийн багш нарыг сургагч багшаар бэлтгэнэ
УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн 143 дугаар сургуулийн Англи хэлний багш нарыг “Кембриджийн хөтөлбөр”-ийн мэргэшүүлэх сургалтад хамруулж байсан бол өнөөдөр/2022.03.16/ дараагийн ээлжийн сургалтаа үнэ төлбөргүйгээр эхлүүлж байна.
Энэ удаагийн сургалтад Сонгинохайрхан дүүргийн 30 багш хамрагдаж байгаа бөгөөд Англи хэлний заах арга зүйг олон улсын жишигт нийцүүлнэ гэнэ.
“Цаашид хувийн, өндөр төлбөртэй сургуульд л сурсан бол англи хэлтэй гэж тооцогддог, төгсөөд авсан сертификат нь олон улсад зөвшөөрөгддөг байдлыг халж хамран тойрох сургуульд сурахад л олон улсад зөвшөөрөгдсөн сертификаттай төгсдөг боломжийг олгож чадвал гадаадад суралцах хүүхэд бүрт тэтгэлэг авах боломж нээгдэнэ” хэмээн тэрээр хэллээ.
Н.Учрал гишүүн боловсролыг тэгш хүртээмжтэй байлгаж, үндэсний боловсролын суурь онцлогийг шингээсэн, олон улсын чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлтэй чанартай боловсролыг хүүхэд бүрт эзэмшүүлэхээр зорьж ажиллаж байна.
Казак түмний дундаас “Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан” төрлөө
Үндэсний соёл, ёс уламжлалаа өвлөж, хөдөлмөр амжилтаараа нэрээ дуурсгасан төрийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, эрдэмтэн мэргэд Казахчуудын дундаас олноор төрөн гарсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ болж салбар салбартаа тууштай, үр бүтээлтэй ажилласан гавьяатай иргэддээ Төрийн дээд одон медаль гардуулж өглөө.
Төр засагтаа 40 гаруй жил ажилласан Ховд сумын иргэн Ш.Хамит 84 насандаа “Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.
Хятадын өмнөд нутагт “China Eastern” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ
БНХАУ-ын Гуанси-Жуаны өөртөө засах орны Ужоу хотын Тэн хошууны уулархаг бүсэд 133 хүн тээвэрлэж явсан “China Eastern Airlines” компанийн зорчигч тээврийн “Boeing 737” онгоц осолджээ.
Амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн талаар одоогоор мэдээлээгүй байна. Ослын газарт гал гарч буй бөгөөд аврагчдыг илгээсэн гэж Хятадын төв телевизээр мэдээлжээ.
Тус компани “Boeing” онгоцыг 2015 оноос хойш нислэгт ашиглаж байгаа аж.
“Flightradar24” цахим хуудсанд мэдээлснээр, уг онгоц Куньмин хотоос орон нутгийн цагаар 13:15 цагт хөөрч, Гуанжоуг чиглэн нисэж байжээ. 14:20 цагийн орчимд Ужоу хот орчимд онгоцны хурд гэнэт удааширч, өндрөө алдаж эхэлсэн бөгөөд үүний дараа радарын дэлгэцнээс алга болсон байна.
Эх сурвалж:БЭЭЖИН. /TASS/
Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин багтаж байгаа бөгөөд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн Соёлын газар болоод бусад соёлын байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
Энэ хүрээнд, өнөөдөр Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймгийн музейд ажиллаж, музейн удирдлагуудтай уулзлаа. Баян-Өлгий аймгийн музей нь 1948 онд аймгийн орон нутгийг судлах кабенит нэртэйгээр нээгдэж байсан бөгөөд Юань гүрний үед хамаарах эртний үзмэрүүдээс гадна угсаатаны зан заншил, өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон олон тооны үзмэртэй юм. Баян-Өлгий аймаг нь жуулчдын ихээр зорьж очдог бүс нутаг тул музейн арвин сан хөмрөгтөө тулгуурлан сонирхолтой үзүүлэг дэглэлтэй байхад анхаарч ажиллахыг музейн удирдлагуудад хэлсэн юм. Мөн музей нь соёлын биет, биет бус өвийг хамгаалах чухал орон зай учраас хамгаалалтыг сайжруулах тал дээр Соёлын яамтай хамтран ажиллаж, соёлын үнэт зүйлийг сурвалжлан, нээж илрүүлэх, судалгаа шинжилгээ хийх зэрэг музейн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгийн удирлагуудтай уулзаж нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар эхлээд мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд,
Тендерийн сонгон шалгаруулалтыг яаралтай дуусгаж хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг сайтар хангах, Атрын IV аянд идэвхитэй оролцохыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн иргэдэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулан иргэдийн саналыг сонсов.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлогын цөм нь Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх. 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 3-4 дахин нэмэгдүүлэх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байна. Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоонд тулгуурлах зарчмыг Засгийн газар баримтална.”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно” гэж ярилаа.
Уулзалтад Баян-Өлгийн аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 350 гаруй иргэн оролцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх , ажлын байрыг бий болгох төслүүдэд иргэдээс санал авлаа. Баян-Өлгий аймгийн иргэд Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал өгөв. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг зарлалаа. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн. Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад хуралдаанаас үүрэг болгожээ. Баян-Өлгий аймгийн иргэдийн саналд үндэслэн Засгийн газраар хэлэлцсэн асуудлыг ийнхүү албажуулж Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурлаа.
Асгатын мөнгө, холимог металлын ордын гүйцээх хайгуул, хүдрийн баяжигдах шинж чанарын туршилт, судалгаа, ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийн судалгаа зэргийг гүйцэтгэж, үр дүнг холбогдох байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Асгатын мөнгөний орд нь Монгол Улсын стратегийн ордуудын нэг бөгөөд тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байна.
Боомтын сэргэлтийн хүрээнд Цагаануур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нутгийн иргэд дэмжлээ. Цагаануур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан юм. Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлоготой иргэд санал нийлж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн залуучуудын төлөөлөлтэй өнөөдөр мөн уулзаж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. “Алсын хараа -2050” баримт бичиг нь 590 гаруй салангид баримт бичгийг нэгтгэсэн. Тус баримт бичигт манай улс хөгжлийн стратегиа гурван 10 жилээр тодорхойлсны эхний 10 жилийн бодлого нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэ бодлогын ажил бодит ажил хэрэг болоход залуучуудын оролцоо их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Баян-Өлгий аймгийн залуучууд орон нутагт ажилгүйдэл их байгааг, инфляци, валютын өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Баян-Өлгий аймаг 113.3 мянган хүн амтай. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 2022 оны тооллогоор 2.3 сая толгой мал тоолуулжээ.
2022 онд тус аймагт 151 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөжээ. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нийт 1282 иргэн, аж ахуйн нэгжид 45794,4 сая төгрөгийн зээлийг олгосон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд маргааш казах түмний хаврын баяр Наурызын баярын хүндэтгэлийнарга хэмжээнд оролцоно.
Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Казах түмний хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Гавьяат багш цолоор:
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор Каманы Улыкпан;
- Нийслэлийн Налайх дүүргийн Ахмад багш нарын холбооны тэргүүлэгч Халийдолдойн Ризагуль;
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Хэвлэлийн “Дастан” ХХК-ийн зөвлөх, судлаач Татегийн Етекбай;
Гавьяат эдийн засагч цолоор:
- Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Айпын Гылымхан;
Гавьяат тээвэрчин цолоор:
- Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан, Цагдаагийн бэлтгэл хурандаа Аивалын Саяболд;
Гавьяат нисгэгч цолоор:
- “МИАТ” ТӨХК-ийн нислэгийн хэлтсийн дарга Таштуаны Ауез;
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Хулжайн Упей;
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Тариан цацал” ХХК-ийн дэд захирал Аханы Көкөнай;
Алтан гадас одонгоор:
- Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Кибекейн Кулзипа;
- “ДЦС-3” ТӨХК-ийн Горим тооцооны хэлтсийн тооцооны техникч Билдханы Кавидеш;
- Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн малчин Мугараашийн Телүвмэд;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Калькейн Манас;
- Шарветханы нэрэмжит боксын клубын дасгалжуулагч Жапарханы Юльс;
Цэргийн гавьяаны одонгоор:
- Хилийн дугаар ангийн Цэргийн сургалт, сахилгын албаны зохион байгуулалтын тасгийн дарга Билимын Аманбек;
Цэргийн хүндэт медалиар:
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн аврагч, жолооч-холбоочин Мөтөөлийн Болот;
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Рахманы Жанарбек;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Буянт-Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч Сейлын Еркежан;
- Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын төв түгээх төвийн машинист Бадамжавын Жоосой;
- “Принцесс” эмнэлгийн ерөнхий эмч Тилеубекийн Жанболат нарыг шагналаа.
Өдөр шөнө тэнцсэн энэ өдөр, үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, хамт олонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ. Ажилч хичээнгүй казах түмэн аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилт бүтээлээр халгин, Алтайн бүргэд мэт хийморьтой байхын ерөөлийг өргөн дэвшүүлэв.
“ХӨВСГӨЛ” аймгийн нэгдсэн эмнэлэгийн ариутгалын тасгийг бүрэн шинэчиллээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хөвсгөл аймагт ажиллах үеэр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын засвар болон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр “Аль ч улс оронд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, эрсдэлгүй үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийн зөв төлөвлөлт техник, технологийн дэвшил, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхи, аюулгүй эрсдэлгүй орчин нөхцөл юу юунаас чухал” гэдгийг онцоллоо.
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 2013 оноос эхлэн хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ)-5″ төсөл “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” чиглэлээр Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжүүлэв. Ийнхүү өнөөдөр АХБ-ны дэмжлэгээр ариутгалын тасаг ийнхүү ашиглалтанд орлоо. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ)-5″ төслийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасгийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон шинэчлэн засварлаж, багаж ариутгах халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг хийсэн юм.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн НЭ-т 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр төслийн хүрээнд хийгдсэн аймгийн НЭ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн 383.5 сая төгрөгийн барилгын их засвар болон 867,9 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 14 нэр төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өглөө. Мөн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах чиглэлээр 91 эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагжууллаа. Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлсэн АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд БУЛГАН аймагт ажиллаж байна
2022 оны 03-р сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган аймагт ажиллав. Тэрээр Булган аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгасан. Дээрх хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1 гэхэд улс даяар эхлүүлэхээр төлөвлөж буй юм.
Булган аймагт ажиллах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл болон энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэх бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо. Мөн тус аймагт Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр байгуулж буй Дэмжих төвийн засварын ажилтай танилцлаа.