Home Blog Page 146

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна

0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулна. Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Үхрийн ястай мах 8900 төг/кг, хониных 8300 төг/кг, ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм байна.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Насанд хүрэгчид 19 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: эрүүл мэнд, бие бялдрын үнэлгээ, артерын даралт хэмжих”, лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, глюкоз, ПАП сорил”, гепатит B,C, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаанхоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийхээр товложээ.
Харин 18 хүртэлх насны хүүхэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: амны хөндий, нүдний үзлэг, сүрьеэгийн үзлэг хийнэ.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69 хувь бууруулна гэжээ. Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11,2-12,3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.
Эрүүл мэндийн сайдын танилцуулгатай холбогдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Товч мэдээ

  • Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр болно. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгалаа.
  • Улаанбаатар хотноо 2022 гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
  • “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
  • Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг ажлаас нь чөлөөллөө.

     Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод айлчилна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. Европын бизнес клубийн гишүүд буюу Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд барилга, барилгын зураг төсөл болон жижиг онгоц үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл багтжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зүгээс МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Улаанбаатар хөгжлийн корпораци ХК, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК зэрэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Польш улсын эдийн засгийн 70-80 орчим хувийг хувийн хэвшил авч явдаг байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хоёр улсын хооронд эдийн засгийн уулзалт хийгдээгүй байсан юм. Тиймээс энэ удаагийн уулзалтыг бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд тодорхой үр өгөөжтэй байлгахын тулд нийслэлээс шалтгаалах бүх зүйлд хамтран ажиллахад бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг маргааш болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран маргааш Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ үеэр сүрьеэ өвчний талаар сургалт, сурталчилгаа хийхээс гадна эмнэл зүйн асуумж авч, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай хүмүүсийн рентген зургийг авах юм. Мөн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулна.

Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 12 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд, залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй байгааг харуулж байна. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувийг 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна.

  • Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх халдварт өвчлөлөөс хоёрдугаарт орж байна.
  • Өдөр бүр 4000 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амиа алдаж, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой энэхүү өвчнөөр 30.000 орчим хүн өвчилж байна.
  • 2000 оноос хойш 66 сая хүний ​​амийг аварсан боловч ахиц дэвшил удаашралтай байгаа бөгөөд сүрьеэ өвчний тархалтыг таслан зогсооход шаардлагатай арга хэмжээ, хөрөнгө оруулалт хангалтгүй байна.
  • 2018-2020 онд сүрьеэ өвчний эмчилгээнд 20 сая хүн хамрагдсан нь 2018-2022 онд эмчилгээнд хамрагдсан хүний тоог 40 саяд хүргэх таван жилийн зорилтын 50 хувь нь юм. Мөн хугацаанд 8.7 сая хүнд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийсэн байна. Энэ нь 2018-2022 онд 30 саяд хүрэх зорилтын 29 хувь юм. Харин 2022 оны зорилтод хүрэхийн тулд улс орнууд КОВИД-19 тахлын улмаас тасалдсан сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг яаралтай сэргээж, цаашид илүү ахиц дэвшил гаргах шаардлагатай байна.

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээ бүрэн хийлгэсэн үед  эдгэрдэг өвчин юм.

Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн Соёл, урлагийн газар болон номын сан, Монгол-Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Монгол Улсын Засгийн газраас аймаг, орон нутгийн соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа билээ.

Энэ хүрээнд Соёлын яам аймаг, орон нутагт байх соёл урлагийн газруудыг эмхлэн байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын үйл ажиллагаа жигдэрч,  Үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг соёлын тэргүүлэх бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн байна.

Соёлын сайд Ч.Номин аймгийн соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийг бодлогыг танилцуулсан бөгөөд аймаг орон нутгийн онцлогт тулгуурласан соёлын үйл ажиллагаа явуулахыг даалгасан юм. Тухайлбал, Баян-Өлгий аймагт Казах, Урианхай, Тува зэрэг ястан, угсаатан байдаг тул соёлын олон төрлийг тэгш хүртээмжтэй хөгжүүлэх бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэхийг даалгасан юм.

Соёлын сайд Ч.Номин Соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, соёлын ажилтнуудтай уулзсаны дараа аймгийн соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй соёлын ажилтан, авьяастнуудыг шагнаж урамшуулав.

Дархан-Уул аймагт “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭМЖИХ ТӨВ” нээлтээ хийлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дархан-Уул аймагт ажиллаж Эрүүл мэндийн дэмжих төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Тус төв нь хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах юм.

Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 1850.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар үйлчилгээг хийж ЧХХ-н үзлэг, эмчилгээ, Чих хамар хоолойн үзлэгийн дуран, Тимпанаметр, Аудиометр,Спирометр,Биеийн бүтэц тодорхойлох аппарат,Автомат жин (өндөр хэмжигчтэй),Ясны сийрэгжилт үзэх аппарат,Тархины доплер,Ачаалалтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат,Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, Нүдний хараа шалгах таблиц,Слит ламп, Авторефракто /кератометр аппарат/,Суурин ЭХО аппарат Зөөврийн ЭХО аппарат Уян дуран,Шүдний кресло,Автоклав,Ломбоны гэрэл,Шүдний рентген аппарат /зөөврийн/,Шүдний чулуу өнгөр цэвэрлэх чичиргээт машин, Шүлс соруулах, зөөврийн аппарат, соруулагчийн гар зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Эрүүл мэндийн газар байрлах “Эрүүл мэндийн дэмжих төв”-д нийт 34 нэр төрлийн 95 ширхэг 796.1 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж хүлээн авч суурилуулсан. Тус төвд Рентген зураг, Биеийн бүтэц тодорхойлох,Шүд,Яс сийрэгжилт,,Хоол зүй,,Дуран,Зүрхний бичлэг,Тархины бичлэг, ЭХО,Чих,хамар хоолой, Арьс харшлын үзлэг тус тус хийгдэнэ.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчилсан шийдвэр хүчингүй болов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол баталсан тухай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэв. 

Тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр Бейзмэнт ХХК-д шилжүүлсэн бөгөөд 2021 онд гэрээний хугацаа дуусах байв. Гэвч 2015 онд тус үйлдвэрийг өртэй нь хувьчлах шийдвэр гарсан байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, “Өнөөдөр тус үйлдвэр бараг эзэнгүй болсон. 2011 онд концессын гэрээ байгуулах үед Бейзмэнт ХХК гэрээ байгуулсан. Харин 2015 оны 10 дугаар сард хувьчилсны дараа Бейзмэнт ХХК татан буугдаж Хөтөл гэдэг нэр авсан. Энэ нэрийг 2008 онд нэг хүн авчихаад хадгалж байсан юм билээ. Хувьчлалын дараа Бейзмэнт ХХК компанийн нэрээ сольж Хөтөл болгосон. Хувьчилж авсан сүүлийн хүн нь нас барсан бөгөөд өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. Ингээд өнөөдрийн байдлаар бараг эзэнгүй компани болж хувирсан. Хуулийн байгууллага эл асуудлыг шалгаж байгаа. Хувьчлал явуулах үед хууль зөрчсөн, хувьчлалын дараа ч гэрээний үүргээ биелүүлээгүй байна” хэмээв.

Тус үйлдвэрийг хувьчилсан Засгийн газрын 2015 оны тогтоолыг хүчингүй болгосноор, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар үйлдвэрийг хариуцах юм байна.

Энэ компани 5 сая ам.долларын зээлтэй байсан бөгөөд Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларыг шууд өмнөх зээлд нь шилжүүлж дуусгасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээллээ.

Эх сурвалж:/МОНЦАМЭ/

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллах санал тавилаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман, Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Авирмэд нарыг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, ногоон хөгжил болон “Ковид-19” халдварт цар тахлын үед бодит дэмжлэг үзүүлж ирсэн.
Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нөхцөл байдалд тохирохуйц оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлсний хүчинд өдгөө эдийн засгаа сэргээх бодлого, энгийн амьдралд шилжиж буйд баяр хүргээд, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны зүгээс Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлыг түшиглэн баригдах Дагуул хот, нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт” зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжилсан юм.
Мөн Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман “Хотын дарга байхдаа таны анхаарч ажиллаж байсан Баянхошуу, Сэлбэ Дэд төвүүд байгуулагдсанаар “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн ажлууд энэ хавраас бодит ажил болж, барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Тодруулбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд олон улсад жишиг төсөл болсон гэдгийг дуулгахад таатай байна. Цаашид 8-9 аймагт “Хөдөөгийн хөгжил” төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг баталж, санхүүжилтийг нь шийдсэн. Уг төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бөгөөд ингэснээр тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс ямар аймгуудад уг төслийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Ковид-19” цар тахлын үед таван үе шаттай стратеги арга хэмжээ авч хэрэгжүүлэн, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ч дэмжсэний хүчинд шар түвшинд шилжиж чадлаа. Мөн “Ковид 19” цар тахлаас ангижрахад Азийн хөгжлийн банкны зүгээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний саналтай бүрэн санал нийцэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, түгжрэлийг сааруулахад Дагуул хотыг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүний тулд дэд бүтэц, орон сууц, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно

Коронавируст халдварт цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.
Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээвэрлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас зогсоод байсан. Харин Шадар сайд, Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар зохицуулалт хийж, ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгон, дотоодын халдварыг эрс бууруулснаар хоёрдугаар сарын 22-ноос өдөрт 20 чингэлэг тээвэр хилээр нэвтэрч эхэлжээ.
Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн байна.

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн бөгөөд тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Гашуунсухайт хилийн боомтын тухайд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг Боомтын зөвлөлөөс уламжлав.
Цаашид Боомтын ажлын хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь долоо хоног бүр хуралдуулж, бүтээн байгуулалтын улиралд экспорт, импортыг тасалдуулахгүй байхад анхаарах, мөн Шивээхүрэн, Ханги, Боршоо, Булган зэрэг бусад боомтуудыг нээж ажиллуулах төлөвлөгөөг тодорхой хугацаатайгаар гаргаж танилцуулахыг Шадар сайд үүрэг болгосон юм.

“Дэлхийн усны өдөр”

1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.
  • Жил бүрийн Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд улс орнуудад устай холбоотой аливаа асуудлын талаар мэдлэг, мэдээлэл солилцох, бусдад түгээх, өөрчлөлт хийх, хэлэлцэх боломжийг олгодог ач холбогдолтой.
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2022 оны Дэлхийн усны өдрийг “Газрын доорх ус” сэдвийн доор бидний нүдэнд үл харагдах далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ, цэнийг таниулах, бохирдол, хомстлоос хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох , өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, нөөцийг зохистой ашиглах оновчтой менежмент хийхэд улс орнуудыг хамтран ажиллахыг уриалж байна.
  • Манай дэлхийн усны нийт нөөц 1,386 тэрбум км3 бөгөөд 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, зөвхөн 2.5 хувь нь цэнгэг ус эзэлдэг. Цэнгэг усны нөөцийн 68.7 хувь нь цас, мөсөн бүрхүүл, 30.1 хувь газрын доорх ус, 1.2 хувь нь гол, мөрөн, нуурын ус юм.
Газрын доорх ус нь амин чухал нөөц баялаг бөгөөд дэлхийн нийт хүн амын ундны усны хэрэглээний 50 хувь, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын ус хангамжийн 40 хувь, үйлдвэрийн ус хангамжийн 30 хувийг газрын доорх усаар хангаж байна.

Голомт банк МҮХАҮТ-тай хамтран жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Голомт банк Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд голлон анхаарч, үе шаттай ажлууд хийх юм. Жижиг, дунд үйлдвэрлэл нь аливаа улс орны эдийн засагт, тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ажил эрхлэлтийн 40, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг гэсэн Дэлхийн банкны судалгаа бий. Манай улсын хувьд Үндэсний статистикийн хороонд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 77 хувь нь жижиг дунд үйлдвэрлэгч бөгөөд нийт ажиллах хүчний 72 хувь нь тус салбарт ажиллаж байгаа юм. Уг салбарыг эрчимтэй дэмжсэнээр ядуурал, ажилгүйдлийг бууруулж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасгах чухал ач холбогдолтой.

Тиймээс Санамж бичгийн хүрээнд талууд  бизнесийн орчныг сайжруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн боловсролыг сайжруулах сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулан ажиллах юм байна.

Голомт банкны тухайд хувиараа бизнес эрхэлдэг бүсгүйчүүдийг байнга дэмжин ажилладаг бөгөөд  2021 онд бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх цуврал сургалт зохион байгуулж, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох замаар үйл ажиллагааг нь дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарсан. Энэ үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Сүүлийн 2 жилийн хугацаанд ковид-19 цар тахлын сөрөг нөлөө жижиг дунд бизнес эрхлэгчид, ялангуяа  бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү хүнд туссан. Голомт банкны хувьд ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн орчныг  сайжруулахад анхаарч ажиллаж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчдийн хийсэн бараа, бүтээгдэхүүн дээр таних тэмдэг байрлуулдаг жишиг олон улсад бий. Ингэж таниулж байж, тэдний бараа бүтээгдэхүүнийг хүмүүс илүү худалдан авч дэмжин, улмаар үйлдвэрлэл нь өргөжих боломжтой болдог. Тиймээс Голомт банк МҮХАҮТ-тай хамтраад энэ хүрээнд шат дараатайгаар олон ажил хийхээр зорьж байна” гэлээ.

Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, кластер хөгжил болон тогтвортой санхүүжилтийг дэмжих, төрөл бүрийн материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг онлайн болон биет хэлбэрээр зохион байгуулах нь Санамж бичгийн хүрээнд хийх бас нэг гол ажил байх юм.