Home Blog Page 144

Монголын баг, Бангладешийн шигшээ багтай маргааш талбайд нь тоглоно

0

Монгол Улсын Үндэсний шигшээ баг /FIFA DAYS/ буюу ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд эхний нөхөрсөг тоглолтоо Лаос улсын эсрэг хийсэн бол ээлжит өрсөлдөгч Бангладеш улсын шигшээ багтай тоглохоор өчигдөр /2022.03.28/ тус улсад хүрэлцэн ирлээ.

Манай шигшээ баг тоглолт явагдах Sylhet хотын “Sylhet District” цэнгэлдэх хүрээлэнд Ичиро Оцука дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийсэн байна.

Өмнө нь 2002 оны ДАШТ-ий эрхийн төлөө Азийн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолт Саудын Араб улсад явагдахад, Монголын шигшээ баг Бангладеш улсын багтай 2001 оны 2 дугаар сарын 12-нд 3:0-ээр ялагдал хүлээсэн ч хариу тоглолт 2-дугаар сарын 19-нд болж манай шигшээ багаас Д.Баярзориг 36′, Б.Буман-Учрал 90+4′ гоолуудыг оруулж 2:2-оор тэнцэж анхны оноогоо авсан түүхтэй билээ.

Харин одоо 3 дахь удаагийн өрсөлдөөн 2022 оны 3 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотын цагаар 20.00 цагаас явагдах юм байна.

 

Эх сурвалж:/МОНЦАМЭ/.

Хятадын компани Шри Ланкад шинэ зам, шинэ амьдралыг бүтээж байна

Шри Ланкийн тосгоны нүхэн замаар холбогддог байсаныг Хятадын компани шинэ зам тавьж тосгоны иргэдийн амьдралыг үүрд өөрчилсөн.

Сатхишкумара Наргешвараны гэрийн гадаа маш их шуугиантай замын ажил ид өрнөж байна. Олон газар замын эвдрэл нь гомдол, бухимдлыг дагуулдаг ч Шри Ланкийн хойд хэсгийн энэ тосгонд хүмүүс баярлаж байна. “Энэ замыг сэргээн барих нь тосгонд ихээхэн тус болно. Хэрэв манай олон замд ижил засвар хийгдвэл бид бүгд илүү сайнхан байх болно” гэж Наргешваран хэлэв. Шри-Ланкийн хойд хэсэг нь бусад орноос бага хөгжсөн төдийгүй ихэнх тосгонууд нүхэн замаар холбогдсон байдаг. Бороо ороход хэн ч хаашаа ч явдаггүй. Харин 2020 оны 3-р сард Хятадын Төрийн Барилгын Инженерийн Корпораци тус бүс нутгийн Вавуния дүүрэгт авто замыг өргөтгөн, асфальт хучилттай болгож эхэлсэн.

Хятадын Төрийн Барилгын Инженерийн Корпорацийн төслийн менежер Лю Цүнфэн  Вавуния бол 200 мянга орчим хүн амтай, эндхийн зам барилгын нийт урт нь янз бүрийн тосгонд тархсан 100 км орчим байдаг бүс нутаг юм. Өмнө нь Вавуниягийн хөдөөгийн замууд нарийхан төдийгүй зарим нь хот руу хүрэх цорын ганц зам нь байсан. “Бид уг төслийг барилгын ажил эхэлснээс хойш эргэн тойрны тосгоны оршин суугчид дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж Лю хэлэв. Барилга угсралтын ажилчид түүний гэрт барилгын ажлаас болж төвөг учруулсандаа уучлалт гуйхад Наргешваран: “Одоогийн тав тухгүй байдал түр зуурынх бөгөөд бид замын нөхцөлийг сайжруулахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Замын хажууд хүнсний дэлгүүр эзэмшдэг Кумар хөдөө орон нутгийн зам засварын үр шимийг хэдийнэ хүртжээ байна. Манай гэрийн урд талын замыг шинэчлэн засварласны дараа манай дэлгүүрт өмнөхөөсөө илүү олон үйлчлүүлэгч ирсэн гэв.

Сургуулийн гадаа аз жаргалтай гүйж, дугуй унаж буй оюутнуудыг хараад Манжуурын захирал Деви Теруварурал Несан энэ зам 250 сурагч болон тэдний эцэг эхчүүдэд маш их тав тухыг авчирсан. Хөдөө орон нутгийн замыг шинэчлэх төсөл нь орон нутгийн иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулаад зогсохгүй ажлын байрыг бий болгосон. Төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор орон нутгаас эмэгтэйчүүдийг ажилд авах ажлын байрны 30 хувийг бий болгосон. Гучин есөн настай Сандарамоган Шашикала гэх эмэгтэй зам цэвэрлэгээний ажилчин, гэр бүл нь санхүүгийн ямар ч боломжгүй байсан тул урьд нь хүүхдүүдээ өсгөхөд маш хэцүү байсан. Харин одоо Хятадын компанийн төсөл дээр ажиллаж эхэлснээс хойш шинэ угаалгын өрөө барьж, цахилгаанд холбогдсоноор гэр бүлийнх нь эдийн засгийн байдал сайжирсан. Өөр нэг эмэгтэй ажилчин Субраманиям Парамешвари эмэгтэйчүүдэд энэ чиглэлээр ажил олох нь ерөнхийдөө хэцүү байдаг ч одоо тэрээр өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд багагүй хэмжээний орлого олж чадаж байна гэжээ.

Хятадын Тяньжөү-2 ачааны хөлөг сансрын станцын үндсэн модулийг орхижээ

0

Ням гарагийн үдээс хойш Хятадын ачаа тээврийн Тяньжөү-2 сансрын хөлөг Бээжингийн цагаар 15:59 цагт, төлөвлөсөн бүх даалгавраа гүйцэтгэсний дараа Тяньгон сансрын станцын үндсэн модулийг орхисон гэж тус агентлаг мэдээлэв. Мөн “Тяньжөү-2” тойрог замд ажиллах хугацаандаа хэд хэдэн өргөтгөсөн хэрэглээний туршилт хийжээ. Энэ нь одоо сайн нөхцөлд байгаа бөгөөд газрын хяналтан дор тохиромжтой цагт дэлхийн агаар мандалд орох болно гэж агентлаг нэмж хэлэв.

“Тяньжөү-2” бол Хятадын сансрын станцын гол технологийн баталгаажуулалтын үе шатанд сансарт илгээсэн анхны ачааны хөлөг онгоц юм. Сансрын станцад 6.8 тонн ачаа тээвэрлэж, 2021 оны 5-р сарын 29-нд Хайнань арлын өмнөд мужийн эрэг дээрх Вэнчан сансрын хөлөг хөөргөх талбайгаас хөөргөж байсан юм.

2022 оны 3-р сарын 27-нд Бээжингийн Агаарын сансрын удирдлагын төвд авсан дэлгэцийн зураг нь Тяньжоу-2 ачааны сансрын хөлөг Хятадын Тяньгун сансрын станцын үндсэн модулийг орхиж буйг харуулж байна. 

Эх сурвалж:(Синьхуа/Гуо Жунжэн)

Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина

“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс уригдан оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгааг мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлд 120  сая мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах болсныг хэлэхэд таатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2030 он хүртэл ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12.948 га газарт 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га газарт 4.5 сая мод, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га газарт 65 сая мод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая мод, нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хот төрөөс гаргасан аливаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодитой тооцоолол хийж, өнөө цагийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг үр дүнтэй хэрэглэн, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж, туршлагыг бусдад түгээж манлайлан ажиллах болно. Энэ хүрээнд ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдвэрлэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох зэрэг ажлыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллана. Мөн мод ургуулсан сайн туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийх болно. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол орны нийт газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртөөд байгааг дурдаад, усны нөөцийг хамгалаах, эко системийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн гэдгийг тодотгосон. Тэрбээр үргэлжлүүлэн “Энэхүү хөдөлгөөнийг баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, иргэд дэмжиж, мод тарих аянд идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Нийслэл хотын хэмжээнд мод тарих хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, цаашид өрнүүлэх хөдөлгөөний талаар өнөөдөр хэлэлцэж байна. Аймгууд тус бүрдээ зөвлөгөөн зохион байгуулсан. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай байгаагийн дотор уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгснийг энд дурдъя. Эко систем, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн манай улсын бус, бүс нутгийн, цаашлаад дэлхий нийтийн асуудал. Тиймээс дэлхий нийтийг хамарсан их аянд нийслэлчүүд та бүхэн нэгдэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм.

Эрдэс баялгийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт эхэллээ

“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод эхэллээ.

Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” хэлэлцүүлгийг наран ургах Сүхбаатар нутгаас эхлүүлж байна. Энэ нь тохиолдлын хэрэг хэрэг биш юм. Уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн гэрч болсон Чоногол, Түмэнцогт, Бүрэнцогт зэрэг олон уурхайг энэ нутгаас эхлүүлж байсныг дурдахад таатай байна. Өнөөдөр ч гэсэн энэ бүс нутагт Бор-Өндөр, Төмөртийн Овоо, Адуунчулуун, Тамсаг зэрэг олон уурхай, үйлдвэр ажиллаж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхай, газрын тосны салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон, цаг үеэ олсон онцлогтой чухал ажил болж байна гэж үзэж байна.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхий нийтэд коронавируст халдвар (COVID-19) тархасны улмаас гадаад, дотоод нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд энэ цаг үед улс орны эдийн засагт эрдэс баялгийн салбар чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Уул уурхайн салбар 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн 2021 оны Улсын төсөвт нийт 13.4 их наяд төгрөг төвлөрсний 29.6 хувь буюу 4.1 их наяд төгрөгийг тус салбар бүрдүүлсэн. Энэ нь салбарын шууд нөлөөлөл бөгөөд туслан гүйцэтгэх үйл ажиллагааны дам нөлөөллийг тооцвол илүү их нөлөөтэй байгаа нь ойлгомжтой.

Манай уул уурхайн үйлдвэрүүд, түүнийг эрхэлж байгаа уурхайчид цаг наргүй, идэвх зүтгэлтэй ажилласны хүчинд эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэгэн баталгаа болж салбарын хөгжлийн дараагийн зуунтай золгож байна.

Манай яамнаас уул уурхайн салбарын хөгжлийг түргэсгэх, ойрын болон урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээг тодорхойлж “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд тусган холбогдох тооцоо, судалгаа, хувилбарыг боловсруулж, хэрэгжилтийг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцож, хамтран зохион байгуулж байгаа Канад улсын элчин сайд хатагтай Катрин Ивкоф, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь аймгийн Засаг дарга нар, Канад Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй Мерит төслийн хамт олонд талархлаа илэрхийлж байна. Хэлэлцүүлэгт оролцогч талууд харилцан ойлголцсон, шийдлийг олсон үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байна” гэв. Хэлэлцүүлгийг УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Канадын MERIT төсөл, АМГТГ хамтран зохион байгуулж буй бөгөөд Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Уул уурхайн компаниуд оролцож байна.

Монголын технологийн компани АНУ-д байгуулагдана

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ дээр Монголын технологийн “Andorean LLC” компани АНУ-д салбар компаниа байгуулах болсноо зарлах ёслолын үйл ажиллагаа болов.

Ёслолын арга хэмжээг нээж тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Анар үг хэлж, компанийн зорилго, үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Мөн Элчин сайд Ө.Батбаяр “Andorean LLC” компанийн хамт олонд АНУ-д салбараа байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүслээ.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

Тус арга хэмжээнд АНУ-ын Төрийн департаментын Монголыг хариуцсан ажилтан Ф.Дарин болон АНУ дахь Монголчуудын төлөөлөл урилгаар оролцов.

May be an image of 4 people, people standing and indoor

Хоёр орны бизнес, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх, Монгол, Америк дахь бизнесийн боломжуудыг нээх, өргөжүүлэх зэрэг нь Монгол, Америкийн хооронд эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

May be an image of 14 people, people standing and indoor

 

Улсын хэмжээнд 3.8 сая толгой эх мал төллөжээ

0

Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг долоо хоног бүрийн пүрэв гаригт орон нутгаас хүлээн авч, баасан гаригт нэгтгэн мэдээлж байна. 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 13.8 хувь буюу 3.8 сая нь төллөж, 3.8 сая төл хүлээн авч, төл бойжилт 99.2 хувьтай үргэлжилж байна.
Мал төллөлтийг газар зүйн бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд төллөвөл зохих эх малын 24.3 хувь, хангайн бүсэд 11.0 хувь, төвийн бүсэд 14.0 хувь, зүүн бүсэд 4.8 хувьтай мал төллөсөн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

ХХААХҮЯ: 50.8 мянган тонн улаан буудайг худалдан авч, нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж байна

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-аас тариаланчдынхаа санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд хийгдээд байна. Хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг ХААДС-ын Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбаруудаар дамжуулан татан авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр хүнсний буудайг татан авах ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах үүргийг ХААДС, буудайг цэвэрлэж дугаарлан стандартад нийцүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахыг аймгуудын хүнс хөдөө аж ахуйн газарт тус тус үүрэг болголоо. Ингэснээр тариаланчид 100 хувь улаан буудайгаа борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болсноор энэ жилийнхээ тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Өрхийн эдийн засгийг дэмжих бичил бизнесийн тэтгэлэгт шалгарсан эмэгтэйчүүдэд төслийн батламж гардуулав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нар өрхийн эдийн засгийг дэмжих бичил бизнесийн тэтгэлэгт төсөлд шалгарсан 20 эмэгтэйд батламж гардуулав.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь  Суурин төлөөлөгч Павит Рамачандран, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар бичил төсөл хэрэгжүүлэхээр батламж гардсан эмэгтэйчүүдэд хандан үг хэлж, төслийн үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019-2023 онд хэрэгжүүлж буй “G9198/G9221-МОН” Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.  Тус хөтөлбөр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Увс, Сүхбаатар аймаг, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт амжилттай хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн эхний шатанд нийт 115 эмэгтэй хувь хүний хөгжил, санхүү, хууль эрх зүйн мэдлэг олгох,  бизнесийн төлөвлөгөө боловсруулах  чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдаж, олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн өрхийн эдийн засгийг дэмжих бичил бизнес эрхлэх төслийг боловсруулсан.

Тэгвэл уг хөтөлбөрийн 2 дахь шатны сургалтад 104 эмэгтэй хамрагдаж,  өөрсдийн санаачилсан бичил төслийн саналыг боловсруулж ирүүлснээс 50 эмэгтэйг сонгон шалгаруулж бичил бизнесийн тэтгэлгийг ийнхүү олгохоос өнөөдөр Налайх, Сонгинохайрхан дүүргээс сонгон шалгарсан 20 эмэгтэйд бичил төсөл хэрэгжүүлэх батламжийг ийнхүү гардуулан өглөө.

Б.Мөнхбаатар: шинэ Зуунмодыг ухаалаг,эко хот болгож хөгжүүлнэ

0

Монголын Эдийн засгийн чуулганы “Хот хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг 2022.03.25-ны өдөр боллоо. Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР “Монголын эдийн засгийн чуулган-2022” урьдчилсан хэлэлцүүлгийн эхэнд “Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл”-ийн талаар танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар бол үйлчилгээний хот. Харин Хөшигийн хөндийд байршиж босох шинэ хот нь суурьшлын бүхий эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж хөгжинө. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын АН-3 авто замууд энэ бүс нутагт тавьж, гурван замын уулзвар зангилаан дээр байгаа учраас эдгээр замуудыг түшиглэн олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн төвийг байгуулна. Тодруулбал, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлнэ. Онгоцны буудлын хойд талд интертаймент төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудал, орчин үеийн загвар стандарттай үзэсгэлэнгийн танхим заалууд байгуулж, жуулчдыг татах орон зайг төлөвлөсөн” гэв. Тус илтгэлийн дараагаар “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого” сэдэвт  хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар, Хөшигийн Хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкман, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан нар оролцож, “Шинэ Зуунмод” хотын төлөвлөлттэй холбоотой асуултуудад хариулт өглөө.