More
    Нүүр хуудас блог Хуудас 143

    Турк улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

    Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай” Боловсрол, шинжлэх ухааны яам, БНТУ-ын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
    Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр суралцдаг оюутны тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад ажиллуулж байгаа сэтгэл зүйчийн өрөөг сургууль бүрт байгуулахад дэмжлэг үзүүлэх санал тавьлаа.
    Монгол болон БНТУ хооронд сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Налайх дүүргийн МСҮТ-ийн гагнуурын анги байгуулсан, Мал аж ахуй, Биотехнологийн сургуульд хэрэгжүүлсэн “Малын уурагт тэжээл тариалах, тэжээл үйлдвэрлэх” төсөл хэрэгжүүлж байгаа,
    Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургуулийн анги танхимыг тохижуулж, Техник, технологийн политехникийн коллежийн хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар, сургалтын орчны үйл ажиллагааг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн,
    ШУТИС-ийн БуХС-ийн дэргэд “3 хэмжээст мэдээлэлзүй дизайн”-ы лаборатори байгуулсан, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл зэрэг хөтөлбөрүүдийг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.

    ITB Берлин Конвенц 3 сарын 8-10-ны хооронд виртуал хэлбэрээр зохион байгуулагдана

    ITB EXPO- дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн цар тахлаас үүдэлтэй цуцлагдсан хэдий ч ITB Берлин конвенц 2022 оны 3 дугаар сарын 8-10-ны хооронд виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо.
    Энэ жилийн арга хэмжээ нь “Дижиталчлал, Xариуцлагатай, Уян хатан байдалд нээлттэй” байх сэдвийн дор 3 өдрийн турш явагдана.
    Гурав хоногийн турш www.itb.com болон YouTube сувгаар “ITB Berlin Convention”-ийг 10-18 цаг хүртэл шууд дамжуулна.
    •  Эхний өдөр “Ирээдүй ба уян хатан байдал” сэдвийн хүрээнд, цар тахлаас үүдэлтэй томоохон сорилтуудын дунд бизнесийн байгууллагууд ирээдүйдээ хэрхэн бэлдэх ёстой талаар,
    •  Хоёрдахь өдөр “Технологи ба аялал: Технологи нь аялал жуулчлалын борлуулалт, маркетингийн ирээдүйг хэрхэн тодорхойлж байна вэ” сэдвийн хүрээнд,
    •  Сүүлийн өдөр “Хариуцлагатай аялал жуулчлалын хэв маяг” сэдвийн хүрээнд үргэлжлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай аялал жуулчлалын оновчтой шийдлүүдийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлгүүдээр үргэлжлэх аж.
    Эх сурвалж: presscenter.mn

    ТХГНЗ-нд ХБНГУ-аас автомашин болон бусад техник тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

    Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд “Биологийн олон янз байдлыг хамгаалах,уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн 7 фургон автомашин болон төслийн хүрээнд баригдсан 55 барилгад 22 нэр төрлийн 575 техник, тоног төхөөрөмж зэргийг гардуулан өглөө.

    Дашрамд дурдахад, уг төсөл нь 2015-2027 оны хооронд нийт 14 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хамгийн урт удаан хугацаанд, тогвтортой хэрэгжиж буй төсөл юм.
    Тус арга хэмжээд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э. Баттулга болон БОАЖЯ-ны албаны бусад төлөөлөл, мөн ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Й. Розенберг, Германы Сэргээн босголт, зээлийн KfW банкны Монгол дахь салбарын захирал М.Зумзер нар оролцлоо.

    Б.Бат-Эрдэнэ Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт 24-н Элчин сайд, Олон улсын 9-н байгууллагын суурин төлөөлөгчидтэй уулзлаа

    Монгол Улс хилээ нээж байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт 24-н Элчин сайд, Олон улсын 9-н байгууллагын суурин төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж аялал жуулчлалын бодлогоо зарлалаа. Үүнд:

    • Монгол улс визний асуудлыг хялбаршуулах өөрчлөх зорилгоор Засгийн газраас тусгайлсан журам батлан гаргалаа. Ингэснээр 36 орны жуулчдад цахим виз олгож эхэлсэн бөгөөд Гадаад харилцааны яамтай хамтран цахим виз олгох улс орнуудын тоог шат дараалалтай нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллаж байна.
    •  Хил орчмын жуулчдад зориулсан 72 цагийн виз олгож эхэлсэн нь хөрш орнуудтай харилцах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болох юм.
    • Аялал жуулчлалын салбарын боломж, давуу талаа ашиглан энэ онд дэлхийн улс орнуудын Аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

    Олон улсын аяллын хөтөч тайлбарлагчдын өдөр тохиож байна

    Олон улсын аяллын хөтөч тайлбарлагчдын өдрийг тохиолдуулан Монголын Аялал Жуулчлалын Холбооны Франц Зөвлөл болон Улаанбаатар хот дахь Францын хэл соёлын төв хамтран франц хэлний хөтөч тайлбарлагч нарт шинээр байгуулагдаж буй “Чингис хааны музей”-г танилцуулах ажлыг зохион байгууллаа.
    Арга хэмжээнд 50 гаруй франц хэлний хөтөч тайлбарлагч хүрэлцэн ирснээс гадна Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Сэбастиен Сүрүн ирж оролцлоо.
    Мөн тус улсын Элчин сайдын яамнаас Францын зах зээлд ажилладаг аялал жуулчлалын компаниудын удирдлагууд болон франц хэлний багш нарыг хүлээн авч уудзлаа.

    Мөсний шагай харваанд Архангайн баг түрүүлэв

    0

    Монголын Үндэсний спортын VII наадмын өвлийн мөсний шагай харваа болон мөсний сурын харвааны дүн эхнээсээ гарч байна. Мөсний шагайн харвааны багийн төрөлд Архангай аймгийн баг түрүүлэв. Тус багийг Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахалж байна.

    Удаах байрт дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай нийслэлийн Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тус тус оров.

    Харин мөсний сурын харвааны цуваа харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ. Удаах байрт нийслэлийн Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар оров. Маргааш тус тэмцээн өндөрлөх бөгөөд мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сурын харвааны багийн шигшээ тоглолт болж, дүнг эцэслэнэ.

     

    Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хороо хуралдлаа.
    Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
    Өнгөрсөн онд тус хорооны төлөвлөж хийсэн ажлын хүрээнд газрын харилцаа, хот зохион байгуулалтын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар онцгой анхаарч ажилласан талаар тус хорооны нарийн бичгийн дарга А.Энхманлай хэллээ. Уг ажлын дүнд иргэд газрын харилцаатай холбоотой 36 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бөгөөд 600 гаруй сая төгрөгийг бодитоор хэмнэсэн судалгаа гарчээ. Уг ажлыг цаашид өргөжүүлэхэд хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг Шадар сайдад уламжиллаа.

    Мөн 2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс орон даяар мэдээллийн сан үүсгээд буй. Уг санд 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн бүх хашаа, байшинг, бүртгэлжүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн өвөлжөө, хаваржаа, рашаан сувилал, замын тэмдэг зэрэг бүх хэсгийг хамруулан, нэр өгч хаягжуулжээ. Уг хаягжуулсан газруудад 2014 онд баталсан Монгол Улсын стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээ тавих ажлыг эхлүүлэн, одоогоор 220 сумд хэрэгжүүлээд буй аж. Цаашид хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо.
    Түүнчлэн Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх хүрээнд ажил үйлчилгээнд гарч буй асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж байх зорилгоор бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдааныг 14 хоног тутам зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.
    Мөн дараагийн хуралдаанаар 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Газрын багц хуулийн төслүүд, Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг дахин хэлэлцэхээр тогтсон юм.

    Хүний эрхийн үндэсний комисс УОК-той сар бүр мэдээллээ солилцоно

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа.
    Хүний эрхийн Үндэсний комисс нь УОК-той мэдээлэл солилцох, зөвлөн туслах хэлбэрээр хамтран ажилладаг бөгөөд цар тахлын үед 53 байгууллагад шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан байна.
    Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжиж, Шар түвшинд шилжсэн ч уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд хэллээ.
    УОК-ын зүгээс ч Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй цаашид сар бүр уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцож байх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ асуудлаар хэлэлцэн тогтлоо.

    Бээжингийн паралимпын наадамд Хятадын 96 тамирчин оролцоно

    0

    Бээжингийн өвлийн паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно.

    Энэ удаагын өвлийн паралимпын наадамд түүхэндээ хамгийн өргөн буюу 96 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.

    Хятад улсын хувьд өвлийн паралимпын наадамд зургаа дахь удаагаа оролцох бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнд 68 эрэгтэй, 28 эмэгтэй тамирчин багтжээ. Тэдний дундаж нас 25 байна.

    Түүнээс хамгийн ахмад нь 45 настай уулын цаначин Жан Хайюань бол хамгийн залуу нь 17 настай сноубордын тамирчин Гэн Яньхун юм. Мөн нийт тамирчдын 85 нь анхны паралимпын наадамдаа оролцох ажээ.

    Хятадын тамирчид спортын үндсэн бүх зургаан төрлийн 73 тэмцээнд хурд хүчээ сорин өрсөлдөнө. “Сочи-2014” өвлийн паралимпод Хятадын баг спортын хоёр төрлийн зургаан тэмцээнд оролцож байв.

    ОХУ: Донецк болон Луханск Ардын Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрлөө

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд болсон ёслолын үеэр Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

    Тэрбээр телевизээр иргэддээ хандан “Удаан хугацааны хоцрогдсон шийдвэрийг гаргах шаардлагатай гэж би үзэж байна. Би Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг даруй хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлажээ.

    Владимир Путин энэ шийдвэрийг зарлахдаа Оросын иргэд болон тус улсын бүх эх оронч хүчнүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

    Мөн даваа гарагт болсон Оросын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр Владимир Путин “Украины засгийн газрын цэргүүд гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, Донецк, Луганск мужуудад цохилтоо үргэлжлүүлсээр байна” гэж мэдэгдсэн байна.  Мөн Украин Умард Атлантын эвсэлд нэгдвэл ОХУ-д илүү их аюул заналхийлнэ” мэдэгджээ.

    Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Донецк Ард Улсын удирдагч Денис Пушилин, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын удирдагч Леонид Пасечник нартай уулзаж, ОХУ болон хоёр бүгд найрамдах улсын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.

    Ёслолын ажиллагаа ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулсан Кремлийн Гэгээн Кэтрин танхимд болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний энэ мэдэгдлийн дараа Цагаан ордны албаныхан даваа гарагт Украины зүүн хэсгийн салан тусгаарлагч хоёр бүс нутагт хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв.

    Ерөнхийлөгч Жой Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан байна. Ерөнхийлөгч Жое Байден Донецк, Луганск мужуудад шинээр хөрөнгө оруулахыг хориглосон захирамж гаргана гэж мэдэгджээ.

    Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус бүс нутгийг хүлээн зөвшөөрсөн нь Украины тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчиж байна хэмээн буруутгажээ. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейен мэдэгдэл гаргаж, Европын холбоо “хууль бус үйлдэл”-д оролцсон хүмүүст хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.