Home Blog Page 14

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.

Хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн  гурван жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж, ургуулан арчилж, хамгаалж байна. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх боломж бүрдлээ.  

680 сая мод тарьж, ургуулах амлалт авсан нийслэл, аймгууд 38 сая гаруй мод тарьж, ургуулж байгаагаас Сэлэнгэ аймаг 17 орчим саяыг тарьж, амлалтынхаа 84 хувийг бэлтгэл шатандаа биелүүлжээ.

Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьж, арчилж тордохын зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарилаа. Тарьж, ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /4.1 сая/ бусдыгаа манлайлж байна.

Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох хэлбэрээр “Оюу толгой” болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна.

Аж ахуйн нэгж, иргэд 2023-2024 онд банк, санхүүгийн байгууллагуудаас 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2,1 сая мод тарьж, ургуулж байгаа дүн гарчээ.

Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд гаруй төгрөгийн зээл олгох юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш тарьж, ургуулж байгаа мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ хөдөлгөөн эхлэхээс өмнөх жилүүдийнхээс 5-6 дахин нэмэгдээд байна.

Тухайлбал улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292  сая ширхэг тарьц, суулгац ургуулах боломж бүрдлээ.

Мод үржүүлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 32 хувиар нэмэгдэж 452 газар болсон. Дээрх газрууд 124 зүйлийн 63 орчим сая  тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм.

Цаашид тарьц, суулгацын нөөцийг богино хугацаанд 100 саяд хүргэхийг зорьж байна.

Энэ оны наймдугаар сарын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 650 орчим аж ахуйн нэгжийн 43 хувь нь мод үржүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Ойн санг хамгаалах, хортон шавжтай тэмцэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний салшгүй нэг хэсэг.

Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааг 16 аймгийн 132 сумын 2.0 сая га талбайд хийж, 490 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоогоод байна.

Хортон шавжтай тэмцэх ажлыг 2022 онд 310 мянга, 2023 онд 185 мянга, 2024 онд эрс нэмэгдүүлж 341 мянган га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалж чадлаа.

Ойн мэргэжлээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж байгаагийн 52 нь шинээр элсэн оржээ.

Энэ хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 суралцаж байна.

Эдгээрээс ойжуулагчаар 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлөөр 45 хүн шинээр элсжээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд ойн салбарын чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд, залуусын тоо жил бүр өсөж байгаагийн илрэл юм.

Холбогдох яам, сургалтын байгууллагууд үүний зэрэгцээ 1,000 сургагчбагш бэлтгэж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллаж байна.

Тухайлбал Европын Холбооны “Ойн түншлэл”-д Ази тивээс анх удаа нэгдэн орлоо. ”Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.

Өнгөрсөн онд “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний Замын зургийг   баталж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилтийг сааруулахаар чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна.

Мод, тарьж ургуулах, ойн санг хамгаалж, ойн хортон шавжтай тэмцэхээс гадна:

  • “Хүний амьдрах ээлтэй орчин” бүрдүүлэх зорилгоор аймаг бүрд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэг хүрээлэн байгуулах,
  • “Нэг сургууль-Нэг төгөл” төсөл хэрэгжүүлэх,
  • Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг тав хүртэл, бусад аймаг 10 хүртэл жижиг гол, горхины эх, татмыг ойжуулахаар төлөвлөж байна. 

Төлөвлөгөөний дагуу хоёр дахь үе шат буюу 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг  эрчимжүүлж 570 сая, гуравдах шат буюу 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж, ургуулна.

Хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгоход Их Британи улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн эрдэмтдийг энэ сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг эхлүүлсэнд талархал илэрхийлж, энэ судалгаа нь цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар Их Британи Улсын сайн туршлагад үндэслэн төрийн байгууллагуудын нэгдсэн www.gov.mn вебсайтыг хөгжүүлж байгааг онцлов.

 

 

ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт “Монгол Улс төрийн байгууллагуудын нэгдсэн вебсайтыг хөгжүүлж, төрийн мэдээ мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод түргэн шуурхай үзүүлэхээр ажиллаж буйг сайшааж, үүний хажуугаар кибер аюулгүй байдлыг анхаарч, хоёр улсын хамтын ажиллагааг эхлүүлж буйд талархал илэрхийллээ.

 

 

Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн захирал Майкл ГолдСмит: Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох зорилгоор төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж, судалгааг авсан гэдгийг дуулгаж, монголчууд судалгаанд идэвхтэй оролцож буйг онцлов. Тэрбээр судалгааны үр дүн энэ оны төгсгөлд гарах бөгөөд ЦХИХХЯ-тай хамтран үр дүнгээ танилцуулах болно гэдгийг дуулгасан юм

Үүний зэрэгцээ, Ц.Баатархүү сайд “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор зорьж буйг онцлон, хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох, сансар судлал зэрэг шинэ хуулийн төслүүдийг боловсруулах, мөн хүүхэд залууст код бичих ур чадвар олгох чиглэлд Их Британи Улстай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Элчин сайд Фиона Блайт “Их Британи нь Монгол Улстай боловсролын салбарт маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүүхэд залууст дижитал ур чадвар зэрэг хамтын ажиллагааны үндэс нь кибер аюулгүй байдлын судалгаа болж байна гэдгийг онцолсон юм.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо-г хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын сэргээн босголт, хөгжлийн банк сүүлийн 18 жилийн хугацаанд 140 орчим төсөлд 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр олгосонд талархал илэрхийллээ.

Уул уурхай, банк, санхүү, эрүүл мэнд, зам, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа хувийн хэвшлийн салбарт өгсөн санхүүжилт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо, тус банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцууллаа. Цаашид эдийн засгийг ногооруулах, төрөлжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тус банк банкны салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар болон нийслэл хотын ногоон хөгжилд анхаарч, залуу бизнес эрхлэгчдийг дэмжихээр төлөвлөж байна.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байгаагаа хэлээд, энэ хүрээнд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ Одиль Рено-Бассо онцоллоо.

Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-ыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кувейтийн сангийн шугамаар авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төслүүд нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэлээ.

400 гаруй км авто зам тавих, Тайширын усан цахилгаан станц, Түлэнхийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь Монголын ард түмэн өндөр үнэлж байдгийг хэлж, цаашид олон төсөл, хөтөлбөрийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар цаашид Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо. Мөн Арабын улс орнуудын сангуудыг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд татан оролцуулах боломжтойг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, дэд бүтэц, эрүүл мэндийн салбараар дамжуулан эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа.

Монгол Улс, Кувейтийн сан 1996 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр автозам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт таван төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Талууд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төслийг хамтран хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-тай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов-тай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцоно.

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ.

Тэрбээр “Ажил хийвэл амжилтад хүрч чадна” гэдгийг харуулж буй олон сайн жишээний нэг нь “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн юм хэмээн онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эх орноо ногооруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу өнгөрсөн гурван жилд бүх бэлтгэл ажлаа хангасан бөгөөд ирэх жилээс их хэмжээгээр тарьж эхэлнэ.

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж гурван жилийн өмнө мод тарихад тус талбай хоосон байсан юм. Өнгөрсөн хугацаанд 36 мянган мод тарьж ургуулаад байна.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энд 1.2 сая тарьц, суулгац үржүүлж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлж байна.

“Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид мод тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахаас гадна ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших эрсдэлээс хамгаалж чадлаа.

Энэ онд ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 98 сумын 2.5 сая га талбайд хийж, 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоосон.

Өнгөрсөн жил 283 мянган га талбайг хортон шавжаас хамгаалсан бол энэ 341 мянган га талбайд хамарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан юм.

Дэлхийн сансрын 7 хоног | Ирээдүйд эх орондоо үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж хүүхэд залууст нээгдэж байна

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ өнөөдөр /2024.10.04/ нээлтээ хийлээ. 7 хоногийн туршид үргэлжлэх тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм.

 

Тус арга хэмжээг Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байгаа энэ үед Үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгаж,  сансар, огторгуйг сонирхон судалснаар хүүхэд багачууд та бүхэн ирээдүйд эх орондоо, үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломжтой болох үүд хаалга хүүхдүүд та бүхний өмнө нээгдэнэ гэдгийг онцоллоо.

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 10 хүртэл UG ARENA-д зохион байгуулагдана.

Алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ

ЦХИХХЯ-наас “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодруулбал, 2024 онд 74, 2025 онд 55 багт энэхүү сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Монгол Улс нийт 1639 багтай. Үүнээс 1448 багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно. Дээрх ажлын хүрээнд

  • Архангай аймгийн Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Хангай сумын 10 баг;
  • Булган аймгийн Тэшиг, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Тэшиг, Баян-Агт сумын 5 баг;
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул, Арбулаг сумын 4 баг;
  • Баян-Өлгий аймгийн Улаан-Хус, Буянт, Дэлүүн, Толбо сумын 7 багт сүлжээ нэвтрүүлнэ.
  • Мөн Ховд аймгийн Алтай, Мөнххайрхан, Дуут, Мөст, Булган, Дарви, Үенч, Ховд сумын 10 баг;
  • Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст, Баацагаан, Шинэжинст сумын 5, Говь-Алтай аймгийн Төгрөг, Халиун, Тонхил, Баян-Уул, Эрдэнэ, Шарга, Есөнбулаг сумын 7 баг;
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум;
  • Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 баг;
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Луус, Өлзийт, Өндөршил сумын 8 баг;
  • Дорнод аймгийн Чулуунхороот, Баян-Уул, Халхгол, Сэргэлэн сумын 5 багт мөн дээрх ажлууд хийгдэнэ.

    Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэн

Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй амьдралын төлөөх дайчин замнал, аюулгүй байдал, хууль сахиулах салбарын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус сургуулийн 90 жилийн ойн баярын хуралд оролцож, генерал, офицер, ахлагч,  багш, ажилтан, албан хаагчид, сонсогч, суралцагч нарт баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Мөн үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагааны шинжлэх ухаан, сургалт, судалгааны ажлыг шинэ түвшинд гаргаж, олон зуун сэхээтэн, мянга мянган мэргэжлийн чадварлаг алба хаагч бэлтгэсэн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Сургуулийн сонсогч, суралцагчид ахмад үеийнхээ үйл хэргийг залгамжилж, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн баталгаа, ард иргэдийн өмөг түшиг нь болж, үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Дотоод хэргийн их сургууль улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, ард түмнийхээ амар тайван байдлыг сахин хамгаалах, хууль зүй, дотоод хэргийн салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ 90 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирснийг тэмдэглэлээ.

Улс орны гадаад, дотоод аюулгүй байдлын орчин эгзэгтэй байсан 1930, 1940-өөд онд хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, төр, нийгмийн аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд тус сургууль үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцоллоо.

 Хүйтэн дайны үед хил хязгаарыг батлан хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг сахиулахад “Төв сургууль”, “НАХЯ-ны дээд сургууль”-ийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэснийг хэлэв.

Цаашид тус сургууль хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан,  технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Дотоод хэргийн их сургууль 60 мянга гаруй албан хаагч бэлтгэсэн бөгөөд өдгөө харьяа 12 салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандарт нэвтрүүлж байна.

Сургуулийн хамт олон 2024 онд эх түүхээ түгээн дэлгэрүүлж, эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулах зорилт дэвшүүлэн, түүхт ойгоо 90 бүтээлч ажил хийн угтжээ.

Морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргасан.

Зарлигт “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалт туссан юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр “Эгшиглэн” морин хуур хөгжмийн үйлдвэрт ажиллаж, морин хуур урлаачидтай уулзан морин хуур үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа.

Улсын хэмжээнд 15 орчим морин хуурын урлан, 60 гаруй морин хуур урлаач бий бөгөөд жилд 3,000 орчим морин хуур үйлдвэрлэх хүчин чадалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гарснаас хойш морин хуур хөгжмийн эрэлт хоёр дахин нэмэгдсэн байна.

Морин хуур үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг аж ахуйн нэгжийн түвшинд хүргэн хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг морин хуур урлаачид онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан “Эгшиглэн” үйлдвэрт ажилласан Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцаж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал, мэдээлэл солилцсон юм.

Цаашид морин хуур урлах үндэсний арга, технологи, мастер урлаачдын ур чадварыг өвлүүлэн үлдээх, шинэ үеийн морин хуур урлаачдыг бэлтгэх, салбарын хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан энэ үеэр хэллээ.

Морин хуурын мэргэжлийн урлаачийг бэлтгэхэд 5-10 жил, мастер урлаачийг бэлтгэхэд 15-20 жил зарцуулдаг гэдгийг “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжав онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт туссан. Энэ чиглэлд Боловсролын яамнаас Ажлын хэсэг гарган ажиллаж буйг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэмдэглэв.

Түүнчлэн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мужааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг морин хуур урлалаар мэргэшүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцолж, морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд бие, сэтгэлээ зориулж ирсэн морин хуур урлаачдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулах” гэж заасны дагуу Морин хуурын олон улсын наадмыг 2024 оны 07 дугаар сард Өмнөговь аймагт зохион байгуулсан.