Home Blog Page 132

Нийт 67 үйлчилгээ цахим болов

0

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, орон нутгийн шинж чанартай 67 үйлчилгээг дахин загварчилж, “e-Mongolia” системд нэвтрүүллээ.

Тодруулбал,

  • Өвөрхангай аймгийн Авто тээврийн үндэсний төв – 3 үйлчилгээ
  • Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар -1 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • “Онги-Таац” голын сав газрын захиргаа – 6 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Төрийн архив -14 үйлчилгээ
  • “Онги ус суваг” ОНӨААТҮГ – 2 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар -1 үйлчилгээ
  • Өвөрхангай Арвайхээр сумын ЗДТГ – 21 үйлчилгээ
  • Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар – 1 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар – 1 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 5 үйлчилгээ
  • ЭБЦТС-ТӨХК Өвөрхангай салбар – 1 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар – 4 үйлчилгээ

Түүнчлэн цахим үйлчилгээг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллахын зэрэгцээ Өвөрхангай аймгийн  худалдааны төвд ажиллаж, “e-mongolia”-г ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Ерөнхий прокурорын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэв

0

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын нэхэмжлэлтэй О-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцжээ.

Хариуцагч О-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О-гоос 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ хэмээн Дээд шүүхээс мэдээллээ.

Танхимын сургалтыг хязгаарласнаар сурагч шинэ ур чадвар эзэмшихэд бэрхшээл учирч байна

0

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны (сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулга) тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр 2004-2018 онд нийт 21 удаагийн шийдвэрээр өөрчлөгдсөн гэдгийг БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцлоод сурагчид боловсрол эзэмших явцдаа эргэцүүлэн бодох, харьцуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх, шинэ зүйл бүтээх эрмэлзэл зэрэг олон чадварыг өөрийн болгох ёстойг дурдсан юм.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр хэт олон хичээлтэй болж, сургалт академик шинжтэй болсон. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зууны иргэдэд шаардагдаж буй ур чадварыг олгохын тулд тэр болгонд нь тохирсон хичээл шинээр оруулж ирэх хандлагатай болж байна. Иймээс багшийн мэдлэг, ур чадварыг тогтвортой дээшлүүлэх, ажиллах бололцоог хангах, сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, сурагчийн үнэлгээний асуудлыг сайжруулах онцгой анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.

Хөтөлбөрийн бодлого сул, хөтөлбөрийн шинэчлэлийг бэлтгэлгүй хийдэг бөгөөд зарим хичээлийг улстөрчид болон тодорхой сонирхлын бүлгийн шахалт, захиалгаар судалгааны үндэслэлгүйгээр хөтөлбөрт оруулснаар сурагчдын ачааллыг хэтрүүлэн, зайлшгүй судлах шаардлагатай хичээлийн судлах цагийг багасган байна. Зарим хичээлийг нэгдмэл агуулгатай болгож, интеграцчилан сурагчдын ачааллыг багасгах арга замыг хайх зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоо хэрэгжиж буй хөтөлбөрөөр судлагдахууны тоо I-III ангид 7, IV-V ангид 10 хичээл, VI-IX- ангид 15-17 хичээл, Х-ХII ангид 16 хичээл судалж байна. Яамны зүгээс хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд 2022 онд сургалтын шинэ хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг баталж цаашид сургалтын шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, багшаа бэлтгэх, сурах бичгээ шинээр боловсруулах, шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг цогц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан. Хоцрогдлыг нөхөх ажлыг 3 үе шаттайгаар 2021-2023 онд хэрэгжүүлэх юм. Танхимын сургалт, үйл ажиллагаа төдийгүй спорт, урлагаар хичээллэх, сонирхлын дагуу дугуйлан секцэд хамрагдах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих төлөвлөгөөт ажил зэрэг сурагчдын нүүр тулсан харилцааг хязгаарлахын хэрээр тэдэнд бие биеэ хүндэтгэх, шинэ орчин, нээлттэй харилцаанд дасан зохицох, бусдаас суралцах, багаар хамтран ажиллах, асуудлыг хамтран шийдэх зэрэг ур чадвар эзэмшихэд ихээхэн бэрхшээл учирч байна. Энэ бүхнээс харахад танхимын сургалтыг тасралтгүй явуулах нь хүүхдийн хөгжил, төлөвшилд нэн чухал байна. Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй дараагийн асуудал бол аймаг, сум, дүүргийн сургуульд сурч байгаагаас үл хамаарч ахлах ангийн хүүхдүүд сонгон судлах хичээлээ улсын шилдэг багш нараас сонгон сургалтын нэгдсэн платформоор /MEDLE.MN/ судлах боломжийг бүрдүүлэх юм. Энэ хүрээнд виртуал ахлах сургуулийг хөгжүүлэх, сонгон судлах хичээлийн чанарыг сайжруулахад ахиц гарахаас гадна байршлаас үл хамаарч ахлах ангийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ онцоллоо.

Дараа нь сургалтын чанар, үнэлгээний асуудлын талаар товч мэдээлэл хүргэв. 2022-2023 оны хичээлийн жил нь өмнөх жилүүдээс илүү онцлогтой, боловсролын салбарт чанарын өөрчлөлт гаргасан жил байна. Суралцагчдад хоцрогдлоо нөхөх, сургалтын тэгш боломжийг нэмэх, багшийг тасралтгүй хөгжүүлэхэд боловсролын цахим шилжилт, боловсрол, сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэл, үр дүнд суурилсан төсвийн шинэчлэл, чанар, гүйцэтгэлийн үнэлгээний үндэсний тогтолцоог хөгжүүлэх зорилтьг дэвшүүлэн ажиллаж байна.

Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны 9 дүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг 2021 оны 10 дугаар сард тус тус зохион байгуулжээ. Энэ үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд 36 хувьтай байна. Тэд эзэмших мэдлэг, чадварынхаа 50-64 хувийг сурч чадаагүй байна. Мөн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орсон сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү үнэлгээгээр хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын гүйцэтгэл 60.7 хувьтай байна. Цаашид үндэсний түвшинд элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар боллоо. Монгол хэл бичгийн шалгалтыг 3, гүйцэтгэлийн үнэлгээг 2 удаа, боловсролын чанарын үнэлгээ, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг тоггмол гүйцэтгэж байх тогтолцоонд шилжиж байна. Монгол Улс анх удаа 2022 онд сурлагын амжилтын олон улсын үнэлгээ болох PISA-д хамрагдана гэв.

Салбарын сайд мэдээллийнхээ төгсгөлд сурах бичгийн агуулгын судалгааны талаар товч мэдээллэсэн. Сурах бичгийн агуулгын судалгааг 33 төрлийн 174 сурах бичигт анх удаа хийж гүйцэтгэснийг дурдаад энэхүү судалгаагаар сурах бичиг, түүний дагалдах багцын (дасгалын ном, багшийн ном, хэрэглэгдэхүүн) өнөөгийн хөгжлийн төлөв байдалд дүгнэлт хийж, цаашид сурах бичгийн талаарх үзэл баримтлал, баримтлах бодлого, стандарт, үнэлгээний үндсэн асуудлуудыг нээн илрүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго тавьсныг онцолсон. Хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд сурах бичгийг шинэчлэн сайжруулах бөгөөд цаашид дараах ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Үүнд, сурах бичиг судлалыг хөгжүүлэх, сурах бичигт тавих стандартын шаардлагыг шинэчлэх, шинээр боловсруулсан сурах бичгийг тодорхой хугацаанд туршсаны үндсэн дээр сайжруулж, нийтээр хэрэглэх, сурах бичгийн агуулгыг боловсролын түвшин, хичээл хоорондын залгамж холбоог хангах, танин мэдэхүйн дээд эрэмбийн даалгаврыг түлхүү оруулах, үндэсний ёс заншил, өв уламжлал, үндэстэн, ястны онцлог, үнэт зүйлсийг танин мэдэх агуулгыг хичээлийн онцлогтойгоор тусгах шаардлагатайг сайд мэдээлэлдээ дурдав.

Нийслэлийн хэмжээнд нийт 1,081,467 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа

0

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 146 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын

  • I тунгийн хамралт 75.2 хувь,
  • II тунгийн хамралт 72.1 хувь,
  • III тунгийн хамралт 54.1 хувь,
  • нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 1,081,467 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 39 цэгт 39 багийн 141 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Өнгөрсөн 7 хоногт 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв

0

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 55 компанийн 2.5 сая ширхэг хувьцааг 1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:

Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,081 ширхэг бондыг 106.6 сая төгрөгөөр арилжив.

Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 168,334 ширхэг нэгж эрхийг 103,529,760.77 төгрөгөөр арилжлаа.

5 дүгээр сарын 6-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,084,542,276,615.59 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,667.89 нэгж болж өмнөх 7 хоногоос -2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тоон гарын үсгээ авлаа

0

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар өнөөдөр тоон гарын үсгээ авлаа.

УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Уг хууль энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нийт ард иргэддээ хандан тоон гарын үсэгтэй болох ажилд идэвхтэй хамрагдахыг уриалав. Тэрбээр, “Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд УИХ-ын гишүүд манлайлан оролцох хэрэгтэй. Нэн тэргүүнд Инноваци, цахим бодлогын байнгын хороо үүн дээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Тоон гарын үсгийг дагаад хэмнэлт жинхэнэ утгаараа бий болно. Хэмнэлт гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих бус үр ашгийг сайжруулах, цаг хугацааг хэмнэхийг ч бас хэлнэ. Монгол Улсын өнцөг булан бүрээс цахим гарын үсгээр төрийн үйлчилгээ, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн гэх мэт бүх үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэвшил, тулгуур суурь нь юм” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал “УИХ-ын даргын санаачилгаар цахим, цаасгүй парламент болох зорилтыг дэвшүүлээд, бид өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулан иргэдтэй хамтран хууль санаачлах “D-Parliament” цахим портал, аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнээр дамжуулан хууль санаачлах үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа. Энэ эрхийг хангуулахад Тоон гарын үсэг бодитой хувь нэмрээ оруулах болно. Тоон гарын үсгээр дамжуулаад хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тоон гарын үсгийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан оролцох хэрэгтэй” гэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газар ирэх зургаадугаар сараас тоон гарын үсгийг ухаалаг гар утсаар дамжуулан авах боломжтой апликейшныг хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим иргэн тоон гарын үсгээ авчээ. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжууд бүрдэнэ. Иргэд өөрт ойрхон байрлах  бүртгэлийн байгууллагын салбар, нэгжээс биечлэн очиж тоон гарын үсгээ авахаас гадна цахим төхөөрөмж ашиглан таниулах боломжтой юм байна.

Байцаагч болон үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнуудтай холбоотой гомдлыг нарийн шалгахыг үүрэг болголоо

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай хийх тэмцэл амаргүй ч урагшилж байна. Бид энэ тэмцэлд ялах ёстой. УИХ, Засгийн газрын бодлого анхан, дунд шатанд замхарч болохгүй. 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 11-11 төвийг Ерөнхий сайд шууд удирдлагадаа авсан. Үүнээс хойш өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч, хянаж ажиллаж байна.

Авлигатай холбоотой иргэдээс ирж буй гомдол, мэдээллийг АТГ-ын утсанд шууд холбосон. Албан тушаалтантай утсаар ярихгүй л бол эмнэлгийн цаг олддоггүй, даргын хүүхэд харьяаны бус цэцэрлэгт явж болдог, татварын байцаагч нар ажлаа хийснийхээ төлөө ресторанд үнэгүй хоол иддэг байж болохгүй. Төр иргэнээ алагчлалгүй, чин сэтгэлээсээ тэгш, хүртээмжтэй үйлчлэх ёстой. Тиймээс анхан, дунд шатанд ажиллаж байгаа та бүхэн иргэдийн өргөдөл, гомдолд дүгнэлт хийж дорвитой ахиц гаргаж ажиллах учиртай” гэлээ.

 

Иргэд, олон нийтээс 2022 оны дөрөвдүгээр сард 11-11 төвд:

o Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагатай холбоотой 233,

o Авлига, хүнд суртал, хээл хахуулийн шинжтэй 728,

o Авто тээврийн үндэсний төв, нийтийн тээвэртэй холбоотой 460 гаруй,

o Цагдаагийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 814 гаруй,

o Нийслэлийн гомдлын 80 хувийг татварын байцаагч, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, үйлдвэр үйлчилгээ, газрын албаны байцаагч нартай холбоотой өргөдөл гомдол эзэлж байна.

o Төрийн албан хаагчид ажлын цаг баримталдаггүй талаар 1056 гомдол ирээд байна.

Орон сууцны дулааныг зогсооно

0

Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор дулаан хангамжийн шугамын зуны их болон бусад засварын ажлуудыг тавдугаар сарын 15-наас эхлүүлэх гэж буйгаа Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас мэдэгдээд буй.

Жил бүрийн тавдугаар сард айл өрх болон ААН-үүдийн халаалтыг зогсоодог. Энэ хүрээнд тавдугаар сарын 15-ны өдрөөс орон сууцны айл өрх болон сургууль, цэцэрлэг бусад төрийн байгууллагуудын халаалтыг албан ёсоор зогсоох юм байна. Харин зарим ААН, байгууллагын халаалтыг тавдугаар сарын 1-нээс зогсоожээ.

ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны есдүгээр сарын 15-наас өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах, нягтын шахалт, туршилт хийх, гэмтэлтэй шугам тоноглолд үзлэг шалгалт хийх, эвдэрхий хаалт арматур болон температур тохируулах хаалтуудыг цэвэрлэх, засварлах, шинэчлэн сайжруулах талаар албан шаардлагуудыг хүргүүлж буй аж. Есдүгээр сарын 15-нд айл, өрх, сургууль, цэцэрлэг болон ААН-үүдийн халаалтыг залгадаг билээ.

Нөхөн сонгууль болно

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” хэмээн заажээ.

Энэ дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн Ням гарагт нэгдсэн журмаар зохион байгуулна.

Хурлын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг

  • Аймгийн Хурлын төлөөлөгчийн дөрөв,
  • Сумын Хурлын төлөөлөгчийн 45,
  • Дүүргийн Хурлын төлөөлөгчийн хоёр мандат, нийт 51 Хурлын төлөөлөгчийн нөхөн, аймгийн нэг, сумын Хурлын төлөөлөгчийн нэг, нийт хоёр тойрогт дахин сонгууль явагдах юм байна.

Нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэж, 54 төлөөлөгчийн орон гарсан үндэслэл нь нас барсан 32, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон найм, шүүхийн шийдвэрээр зургаа, тухайн орон нутгаас шилжин явсан болон өөрийн хүсэлтээр долоо, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэг байна.

Энэ удаагийн орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг 15 аймаг, 43 сум, нийслэлийн хоёр дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулах бөгөөд анх удаа улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдах аж.

 

Хятад багштай ганцаарчилсан чанартай сургалтад бүртгэж байна

0

Хятад багштай онлайн хятад хэлний ганцаарчилсан  сургалтандаа байнга элсэлт авна.

Анхан,дунд,гүнзгий, HSK 1-6 бүх шатны хичээлүүдийг ганцаарчилж заана.

Долоо хоногт 3 удаа орно.

Нийт 4 долоо хичээллэнэ.

Суралцагч нартаа орой бүр 22:00 цагт хаалттай групт ярианы хичээл лайваар орно.

Хичээл үргэлжлэх хугацаа 45минут.

Ганцаарчилсан сургалт учраас цагаа өөрөө сонгох боломжтой юм.

Төлбөр :Сургалтын төлбөр 290,000 төг .

Лавлах утас :88024341