Home Blog Page 131

Нэг ажиллагчид ногдох ДНБ эхний улиралд 4.3 сая төгрөг боллоо.

0

Нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний улиралд 4.3 сая төгрөг боллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 490.1 (10.2 хувь) мянган төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Томсгосон 4 салбараар авч үзвэл, нэг ажилчинд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс хөдөө аж ахуйн салбарт нэмэгдэж, уул уурхай олборлолт, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт багассан байна.

Хөдөө аж ахуйн салбарын нэг ажилчинд ногдох нэмэгдэл өртөг 0.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89.8 (12.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн бол уул уурхай, олборлолтын салбарынх 10 сая төгрөг болж, 8.2 (44.9 хувь) сая, аж үйлдвэр, барилгын салбарынх 3.2 сая төгрөг болж, 914.3 (22.3 хувь) мянга, үйлчилгээний салбарынх 4.3 сая төгрөг болж, 159.2 (3.5 хувь) мянган төгрөгөөр багасжээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийг дэмжив

0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын нарын нийт 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгадаа, 2016 оноос хэрэгжиж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланд “хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдлын илрүүлэлт, авах хариу арга хэмжээ, үйлчилгээ нь хязгаарлагдмал байна. Кейс менежментийн хариу үйлчилгээ практик дээр бараг байхгүй энгийн нөхцөл байдлын үнэлгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэх өөр байгууллага руу кейсийг холбон зуучлах эсхүл хаах зэргээр л хариу үйлчилгээ хязгаарлагдаж байна. Энэ нь боловсон хүчний чадавхийн дутагдалтай холбоотой. Төрийн байгууллагад ажилладаг нийгмийн ажилтнууд давхардсан үүрэг хүлээж ажлын ачаалал ихтэй болохыг судалгааны үр дүн харуулж байна. Кейстэй ажиллаж чадахгүй байгаа нь, эсвэл хангалттай цаг байхгүй гэдэг бэрхшээл нь хамтарсан багт ажилладаг нийгмийн ажилтнууд нь мэргэжлийн бус байдаг, мэргэжлийн эрх олгох тогтолцоогүй, эсвэл чадвар сул, нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах явдал хязгаарлагдмал гэсэн бусад бэрхшээлүүдтэй хавсарч тохиолдож байна. 2016 оны 12 дугаар сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлахдаа тухайн оны 2 дугаар сард баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиас хамтарсан багийн зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбоотой заалтуудыг хассан. Ингэснээр хүүхэд хамгаалалтай холбоотой манлайлал, удирдлага зохион байгуулалтын дэмжлэгийг бууруулж, нийгмийн ажлын үйлчилгээнд зориулах санхүүгийн хуваарилалт, хариуцлагыг дутуу үнэлэн, улмаар хамтарсан баг нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахгүй, зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад илүү их анхаарах ёстой гэсэн хандлагыг бий болгох дүр зураг харагдаж байна гэж дүгнэсэн. Иймээс хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн хуулийн 2 болон 3 дугаар зүйлд зарчим, хамрах хүрээг нэмэх, Хүүхдийн хамгаалагдах эрхийн хүрээнд хуулийн 4 дүгээр зүйлд хүүхэд хамгааллын кейс үйлчилгээний талаарх нэр томъёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр нэмж тодорхойлохоор тусгасан. Мөн хуулийн хоёрдугаар бүлэгт Хууль зүйн салбар дахь хүүхэд хамгаалал гэсэн 10 дугаар зүйл нэмж оруулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг бодлого, зохицуулалт, удирдлага арга зүйгээр хангах чиг үүргийг ХНХЯ, түүний харъяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, мөн хуулийн 23 дугаар зүйлд хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох, аргачлал, журмын талаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа нар үг хэлэв. Гишүүд хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа бус хүчирхийлэлд өртөхөөс өмнө хамгаалах, урдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллах, хүүхэдтэй ажиллаж байгаа багийнхныг мэргэжлийн сургалтад хамруулах, хүүхдийн хүчирхийлэл гэдэгт юуг ойлгохыг тодорхойлж, асуудалд цогцоор нь хандах шаардлагатай гэлээ. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

Европоос төмөр замаар ямар нэгэн хүндрэл байхгүй тээвэрлэлт хэвийн явагдаж байна

0

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Европоос ачаа тээвэр хэрхэн орж ирж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодрууллаа.

Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар “Одоогоор Европоос төмөр замаар ямар нэгэн хүндрэл байхгүй тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Польш, Беларусийн хил дээр гал тэрэгний солилцоо хэвийн байгаа.

Автотээврийн хувьд Беларусиар дамжин өнгөрөх дээр Европын орнуудаас хориг тавьсан. Тиймээс Беларусийг тойроод Прибалтикийн орнуудаар, Москвагийн хойгуур төв магистраль руу орж байгаа.

Харин зарим компаниуд Турк, Гүрж, ОХУ гэсэн маршрутаар явж байна.

Өнөөдрийн хувьд ОХУ талаас хоригийн хувьд харьцангуй гайгүй. Харин Европын орнууд ОХУ-ын тээврийн хэрэгсэлд нь хориг тавиад байгаа. ОХУ-ын талаас Европын орнуудын тээврийн хэрэгсэлд хараахан хориг тавиагүй байгаа учраас Европоос ОХУ-аар дамжин Монгол руу хийх тээвэр хэвийн явж байна.

Цаашид ОХУ Европын тээврийн хэрэгсэлд хориг тавьсан нөхцөлд монгол жолооч, монголын тээврийн хэрэгсэлтэйгээр Европын орнууд болон ОХУ-д өртөөчилсөн тээвэр хийх боломжийг нээхээр оросын талын зарим компанитай хэлцэл хийж эхлээд байна” гэлээ.

“Байгалиа хайрлая” өдөрлөгт нэгдлээ

0
Жил бүрийн 5, 10 дугаар сард бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо өнцөг булан бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьдаг уламжлалтай.
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Байгалиа хайрлая” мод тарих өдөрлөгийг Налайх дүүрэг дэх цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон зарим удирдлагууд оролцож Нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, амьдарч буй орчноо сайжруулах үйлсэд нэгдэн шинэс мод тарилаа.
Даатгуулагч таныг мөн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ногоон хот, ногоон ирээдүйн төлөө мод тарихыг уриалж байна.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

0

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.05.13) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенц, түүний Нэмэлт протоколыг соёрхон баталсан өдрийн мэнд хүргэж, үг хэлсэн.

Мөн энэ өдрийг тохиолдуудан Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улсын Их Хуралд хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг энгийнээр харж, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллах хүсэлт ирүүлснийг нийт гишүүддээ уламжиллаа. 

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, манай орны 33 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Хэдийгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг баталгаажуулсан ч сурч боловсрох, нийтийн тээврээр чөлөөтэй зорчих, олон нийтийн барилга байгууламжид саадгүй нэвтрэх, таатай, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгааг анхаарч, хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, төрийн үйлчилгээ хүртээмжтэй, саадгүй хүрэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөвт суулгах, хуулийн биелэлтийг хянан шалгаж, тодорхой нэмэлт зохицуулалтыг тусган ажиллахад шат шатандаа анхаарч ажиллахыг уриалав. 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийсэн.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.3-т сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банканд байршуулан нэмэгдүүлэхээр заасан боловч Засгийн газраас жил бүр бонд гаргадаггүй, Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох харилцаа нь хууль эрх зүйн зөрчилтэй тул Нийгмийн даатгалын ерөнхий газар нь сангийн мөнгөн хөрөнгийг зөвхөн арилжааны банканд байршуулж ирснийг онцлоод Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, харилцах дансанд тухайн жилд 227.6 сая төгрөг, хадгаламж хэлбэрээр 5.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулж эхэлсэн гэж байлаа.

Түүнчлэн Капитал банканд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь 2008 онд 14.8, 2009 онд 17.8, 2010 онд 16.2, 2011 онд 24.7, 2012 онд 31.4, 2013 онд 126.4, 2014 онд 209.5 тэрбум төгрөг тус тус байсан бөгөөд 2015 онд нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 238.1 тэрбум төгрөгт хүрсэн.  Капитал банк нь 2016 оноос зарлагын гүйлгээ хийх, төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болж, Банкны тухай хууль болон “Хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн тул 2016 оны 07 дугаар сараас Капитал банканд нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг нэмж байршуулаагүй болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банканд мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах шаардлагыг 20 гаруй удаа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг удаа дараа зохион байгуулсан. Мөн 2018, 2019 онд 98.0 тэрбум төгрөгийн 169 төлбөрийн хүсэлтийг Капитал банканд хүргүүлсэн боловч тус банк 5.8 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Капитал банкийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр албадан татан буулгасантай холбогдуулан тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлж, 104.2 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын сангийн, 136.1 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн өр, төлбөрийг  баталгаажуулсан хэмээв.

Дээрх өр, төлбөрийг барагдуулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. 

            Үүнд:-Нийгмийн даатгалын сангийн өр, төлбөрт тооцсон 104.2 тэрбум төгрөгийг  хуулийн хугацаанд Капиталын эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн;

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хөрөнгө нэхэмжлэх, санд буцаан төвлөрүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар дэд ажлын хэсгийг тус тус байгуулж ажилласан; 

-Капиталын эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуульд заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар”-т хамааруулахаар шийдвэрлэсэн; 

-Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь даатгуулагчийн төлсөн шимтгэлээс бүрддэг тул өр барагдуулах дарааллыг  гурван түвшин дээшлүүлэн “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулах талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2020 оны 03 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн; 

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “КЭХА-д төлбөрийг барагдуулахыг даалгах” нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг хангасан;

-Өр, төлбөрийг барагдуулахаар Капиталын эрх хүлээн авагч, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Түүнчлэн өр, төлбөр барагдуулж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын холбогдох байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна; 

-Капиталын эрх хүлээн авагчаас 2021, 2022 онд өр, төлбөрт суутган шилжүүлэхээр санал болгосон 260 ширхэг хөрөнгөөс 25.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 78 ширхэг хөрөнгийг тооцож авах зөвшөөрлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс, хөрөнгийг шилжүүлэн авах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас, “Хүлээн авсан хөрөнгүүдийн битүүмжийг цуцлуулах” зөвшөөрлийг Нийслэлийн прокурорын газраас тус тус гаргуулан авсан;

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөрөнгөд шинээр бүртгэгдсэн барилга, байгууламжид үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсан 33 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 81.3 сая төгрөгийн түрээсийн орлогыг нийгмийн даатгалын санд төвлөрүүллээ; 

-Өр, төлбөрт авсан 5.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 12 ширхэг хөрөнгийг худалдан борлуулах дуудлага худалдааг зохион байгуулж, 10 ширхэг хөрөнгийг худалдан борлуулж, санд 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн 11.9 тэрбум төгрөгийн 10 ширхэг хөрөнгийн дуудлага худалдааг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна; 

-Капиталын эрх хүлээн авагчаас дахин санал болгосон 80.8 тэрбум төгрөгийн 164 ширхэг хөрөнгийг судлан үзэж, өр төлбөрт тооцон авах боломжтой хөрөнгийн жагсаалтыг гаргасан хэмээн мэдээлэлд дурдсан байлаа. 


        Дээрх арга хэмжээний үр дүнд Капиталын эрх хүлээн авагчаас  нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.1 тэрбум төгрөг (2020 онд 0.8 тэрбум, 2021 онд 7.2 тэрбум, 2022 онд 0.1 тэрбум)-ийн мөнгөн хөрөнгө, 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 33.4 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар КЭХА-аас нэхэмжилсэн өр төлбөрийн үлдэгдэл 70.8 тэрбум төгрөг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.4 тэрбум төгрөг мөнгөн хөрөнгө, 47.2 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 55.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар Капиталын эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн өр, төлбөрийн үлдэгдэл 80.5 тэрбум төгрөг байгааг А.Ариунзаяа сайд мэдээлэлдээ дурдсан. 

Мөн тэрбээр, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолоор 2016 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан иргэнд “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тогтоосон. Түүнчлэн уг иргэний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн гэв.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар сангийн орлогын бүрэлдэхүүнд сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлогыг хамааруулахаар, сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлэхээр, бонд, үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг төсөвт тусгаж, УИХ батлахаар, арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайд, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтоохоор тус тус хуульчилсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний загварыг баталсан. Уг журам болон гэрээ нь мөнгөн хадгаламж байршуулахад баримтлах зарчим, хадгалагч банканд тавих шалгуур, талуудын эрх, үүрэг, арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2013 онд хадгаламжийн хүүгийн хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хэмжээнээс доошгүй байхаар, 2018 оноос эдгээр хүүгээс гадна нэмж банкуудын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээг тооцдог болсон гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа онцолсон.  


Түүнчлэн, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай, үр өгөөжтэй байлгах, хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах, ялангуяа сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас, зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас A-аас доошгүй үнэлгээтэй үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан, нээлттэй хувьцаат компанийн хувьцаа, системийн ач холбогдол бүхий арилжааны банканд байршуулах, Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг Монголбанк, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд, нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх сангийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын нэгж тус тус гүйцэтгэх зэрэг зохицуулалтыг тусгаад байна гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Саранчимэг,  С.Одонтуяа, Б.Бейсен, Б.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн. 

Гишүүдийн зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкнаас авсан орон сууцнуудаа ажилтнууддаа олгосон эсэх, хураагдсан орон сууцнуудыг хэрхэн борлуулах талаар тодруулж байлаа. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн алдагдлын 104 тэрбум төгрөгийн 30.3 хувийг төлүүлсэн байгаа бол үлдсэн 73.9 хувийг нь хэрхэн барагдуулахаар ажиллаж байгаа талаар лавлав. Мөн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг журмаа зөрчин нэг банканд байршуулсан асуудлыг шийдвэрлэхэд арга хэмжээ авч буй эсэх, салбарын яамны зүгээс ниймгийн даатгалын багц хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлэхгүй удаашруулж байгаа шалтгааныг лавлав.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хариултдаа, Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкны эрх хүлээн авагчаас 20 орчим орон сууцыг авч, өнгөрсөн онд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Эдгээр орон сууцнуудын дугаарлалт, улсын бүртгэлийн гэрчилгээ нь гараагүй тул худалдан борлуулаагүй байна. Цаашид хэн нэгэнд давуу байдал олгохгүйн тулд орон сууцнуудаа дуудлага худалдаагаар борлуулна гэж байлаа. Мөн тэрбээр, Капитал банкнаас үлдсэн 70 орчим тэрбум төгрөгийг эргүүлэн авахаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллаж байна. Бид одоогоор шүүхийн маргаангүй, эргээд худалдан борлуулах боломжтой хөрөнгүүдийг аваад байна. Дээр нь найман тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулсан. Үлдсэн хөрөнгүүд дээр судалгаа хийж байна. Зарим санал болгосон хөрөнгүүд нь шүүхийн маргаантай байгаагийн зэрэгцээ Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагуудаас банкны хөрөнгөөр барьсан байж болзошгүй гээд нэмж хөрөнгүүд гаргаж ирсэн. Тиймээс бид тэндээс хөрөнгө авах, эсвэл банкны эрх хүлээн авагчийг хөрөнгүүдээс өөрсдөө худалдан борлуулаад санг хохиролгүй болгох асуудлыг тавин ажиллаж байна хэмээн хариуллаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны журамд банкны нийт активын 20 хувь хүртэл хадгаламж байршуулна гэж заасан байсан. Дараа нь 2015 онд уг журамд өөрчлөлт оруулаад хувийг 25 болгож, нэг банканд давуу эрх олгож мөнгө байршуулсан. Иймд 2018 онд бид банкны нийт активаас 15 хувиас ихгүй байна гэсэн өөрчлөлтийг хийсэн. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн гэх нэмэлт тайлбарыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт өгсөн.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн мэдүүлсэн ч явцын дунд цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх болон цэргийн тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төслүүдэд бага зэргийн өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Иймд хоёр хуулийн төслийг эргүүлэн татсан. Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон тэтгэврийн тухай хуулийн төслийн талаараа яамдуудаас санал авч дууссан тул  удахгүй Засгийн газраар хэлэлцүүлээд өргөн мэдүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулж байлаа.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Нийгмийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал нь татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон шимтгэлийг үр ашиггүй зарж, банкууд хүү санал болгосон гэх нэрийн дор зарим банкуудыг санхүүжүүлж, журмаа зөрчиснөөс болоод 200 гаруй тэрбум төгрөг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байгааг онцлоод иргэдтэй хамтраад энэхүү хөрөнгийн олж авах зайлшгүй шаардлагатай байна гэв. Мөн нийгмийн даатгалын сан эзэнтэйгээ хамт тэтгэвэрт гарсан байгаа тул цаашдаа энэ салбарт тогтолцооны шинэчлэл хийхгүй бол урагш алхах боломжгүй болсныг онцлон тэмдэглэсэн.

Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан, Г.Ганболд, Н.Амартүвшин  Ц.Туваан нарын асуултаар үргэлжиллээ. Мөн тогтоолын төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа  Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Бямбацогт, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Туваан нар санал хэлсэн.

     Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ компаниуд тендерээр авсан барилга байгууламжаа дуусгаагүй байж дараагийнхийг нь авах асуудал нэг биш гарч байгаа тул тийм аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулах, энэ асуудалд хяналт тавьж, шалгалт оруулах шаардлагатайг  анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүн С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн яам Монгол Улсын хөгжлийн бодлогуудыг хооронд нь уялдуулах, төрийн бодлого тогтвортой байхад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байр  суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд говийн бүсэд хийх бүтээн байгуулалтын ажил зонхилох хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, уламжлалт мал аж ахуйг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогуудыг авч хэрэгжүүлэхэд Эдийн засгийн хөгжлийн яам онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Монгол Улсын хөгжлийн 2022 оны батлагдсан төлөвлөгөөг хэлэлцэхдээ аудит оруулж, үр дүнг нь тооцож, ажил хэрэгчээр хандвал уг тогтоолын төсөл үнэ цэн орно гэсэн саналтай байлаа.

Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 65.5-д “Хуралдаан даргалагч төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ. Энэ талаар санал хураалт явуулахгүй” гэсний дагуу Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь УИХ-дахь МАН-ын бүлгийн завсарлагааны хугацаа дууссан тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжүүллээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59,0 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.  


Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн  Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэх байсан ч төсөл санаачлагч гишүүд байгаагүй тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

Хуулийн төсөлд төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болохоор болон үүнтэй холбоотой бусад асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулагдсан олон улсын бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан.

Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хугацааг тодорхой хэмжээгээр бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгасан гэж танилцуулгад дурдсан байлаа.

        Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын төрийн жинхэнэ албаны сул орон тоог хуулийн дагуу нөхөх болон иргэнийг төрийн албанд томилохтой холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай, тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боловсрол, мэдлэг, чадвар, туршлагатай боловч төрийн захиргааны албан тушаал эрхэлж хааж байгаагүй иргэнийг төрийн жинхэнэ албанд ажиллуулах хууль зүйн боломжгүй, төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах болон байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох зохицуулалтгүй, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэт өндөр, сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх журам хийдэлтэй зэргийг харгалзан хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсныг онцлоод Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төрийн албанд 2800 сул орон тоо байна гэдгийн цаана төрийн албаны асуудлыг цогцоор нь авч үзэх цаг болсныг харуулж байна. Ялангуяа хөдөө орон нутагт төрийн захиргааны албанд ажиллах хүн олдохоо больсон. Орон нутагт ажиллах нөхцөл тааруу, цалин хөлсний нэмэгдэл байхгүй, бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй адил цалин авч байгаагаас залуучууд ажиллахгүй байна. Нөгөөтээгүүр, хуулийн төслийн танилцуулгад төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэт өндөр байна гэж бичсэн байна. Иймд төрийн албаны шалгалтын журмыг эргэн харах талаар лавлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг жил бүр өсөн нэмэгдэж буй хүн амын тооноос хамаарч шинээр сургууль цэцэрлгүүд баригдаж байгаагаас төрийн үйлчилгээний орон тоо нэмэгдэж байгаа нь төрийн алба данхайж байгаа мэт харагдуулдаг. Тиймээс цаашид төрийн үйлчилгээний албаны нийгмийн баталгааг бууруулахгүйгээр өөр ангилалаар явуулах асуудалд судалгаа хийсэн эсэхийг тодруулав.

    Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол төрийн босго өндөр байх ёстой гэж үздэгээ илэрхийлээд төрийн албан хаагчид чадварлаг, цомхон байх энэ зарчим  хуулийн төсөлд үйлчлэх ёстой гэв. Мөн цар тахлын үед Ковидын тухай хуулиар төрийн албанд 1000 шахам хүн шалгалтгүйгээр оруулж ирсэн асуудлыг Төрийн албаны зөвлөл хэрхэн шийдвэрлэсэн талаар болон хуулийн төслийн хүрээнд олон улсын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг төрийн албанд ажилласнаар тооцох нь зарчмын хувьд зөв эсэхийг лавлаж байлаа.

Ингээд хуралдааны цаг дууссан тул баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Арван төрлийн арван мянган мод тарина

0

Жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна.

Энэ өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд голт бор, тэхийн шээг, гүйлс, буйлс, шар хуайс, улиас, хайлаас зэрэг 10 төрлийн 10 мянган модыг суулгац хэлбэрээр тарих юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын мод тарих ажлын нээлтэд оролцож, залуустай хамт “Хосуудын төгөл”-д мод тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээс хойш төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд идэвхтэй хамтран ажиллаж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлээ.

Цаашид зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломж бүрдэхийг хэллээ. Мөн ойн салбар бэхжин, олон мянган ажлын байр бий болж, хүнсний хангамж сайжрахын хэрээр иргэдийн амьжиргаа ч дээшилнэ гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэв.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ энэ онд гурав ба түүнээс дээш жил бойжуулж ургуулсан суулгацаар цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр 20 мянга, мөчрөөр бэлдсэн тарьцаар Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн 100 мянга, нийт 120 мянган мод тарих юм. Мөн дөрөв болон 10 га талбайд мод үржүүлгийн газар шинээр байгуулж байна.

“Бид тарьсан модныхоо ургалтад 100 хувийн баталгаа өгнө. Өнөөдрийн байдлаар 32 төрлийн 150 мянга гаруй мод тарьсан нь 98 хувийн ургалттай байна. Энэ нь жилийн дөрвөн улирлын турш усалж, өвчин, хортонтой тэмцэн, арчилж торддогтой холбоотой” гэж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэлэв.

11-11 төвд Д.Сумъяабазар ажилана

0

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

 Сүхбаатарын талбайд

10:00 цагт “Улаанбаатар кап-2022” сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ.

“Шонхор тауэр”-ын гадна

10:00 цагт Ардчилсан нам зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ.

Мэдээлэл, технологийн үндэсний паркт

11:00 цагт “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно.

Баянгол дүүргийн Спорт хорооны хурлын танхимд

11:00 цагт тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Баянгол дүүргийн прокурор хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үйл ажиллагааг танилцуулах зөвлөгөөн зохион байгуулна.

“Блю Скай”-д

11:00 цагт Ардчилсан намын “Үндэсний Бодлогын Хороо”-ны эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчдэд Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт иргэн Х.Бээжин цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт “Номын соёлт ертөнц”  ТББ-аас Үндэсний номын баярыг 31 дахь удаагаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

12:00 цагт Монголын чөлөөт покер спортын холбооны шигшээ багийн тамирчид Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнд оролцох талаар мэдээлнэ.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд

14.00-17.00 цагт Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллана.

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад 75 оюутан залуус тэнцлээ

0

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу анх удаа зохион байгуулж, дүнг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу сонгон шалгаруулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг гадаадын тухайлбал, Оксфорд, Харвард, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн,  дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгохоор болжээ.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд эдгээр оюутан залуусын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Ерөнхийлөгч усны асуудалд онцгой анхаарна

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг Төрийн тэргүүн дэвшүүлсэн. Энэ зорилт Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгалаа олсон нь сайшаалтай. Дээрх 10 зорилтын нэг болох “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний анхаарлыг хандуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганд оролцож байна.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.

Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь онцгой чухал байна. Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан гэдэг. Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн олон зуун жилийн түүхтэй.

Социализмын үеийн он жилүүдэд ч аж үйлдвэрийн хөгжил эрчимжиж мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн төдийгүй 1985 онд “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программ”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байсан. Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэж байна.

Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил, дэвшлээс ухарсан хэрэг юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай.

Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт боллоо.

Энэ нь цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хүнс болон бордооны үнэ сүүлийн  14 жилийн хугацаанд байгаагүй хамгийн өндөр хувиар өсөөд байна. Ялангуяа, үр тариа, ургамлын тосны үнэ сүүлийн саруудад огцом өсөж, бага орлоготой иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Сүүлийн 15 сарын хугацаанд хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 43 хувиар, түүн дотор үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд бордооны үнэ 20 хувиар өссөн байна.

НҮБ-ийн судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон нь 2020 онтой харьцуулахад ганцхан жилийн дотор 40 сая хүнээр өссөн дүн гарчээ. Нөхцөл байдал энэ онд ч улам дордох төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.

Хүнсний гол экспортлогч улсууд болох манай хоёр хөрш ОХУ, БНХАУ хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч байна. Тухайлбал, иргэдийн амьжиргаа, хүн амын өсөлт, насжилт, геополитикийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан БНХАУ-ын дотоодын хүнсний хангамжийн түвшин 2030 он хүртэл буурах эрсдэлтэй байгааг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.

Манай улстай эдийн засгийн бүтцээрээ ижил төстэй гэгддэг Казахстан Улс гурил, үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг хэдий ч цаашид дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч үр тариа, гурилын экспортоо хязгаарласан мэдээ байна. Мөн дэлхийн томоохон үйлдвэрлэгч орны нэг болох Турк Улсад сүүлийн 20 жилд байгаагүй ихээр инфляц өсөж 70 хувьд хүрлээ. Энэ огцом өсөлтөд хүнс болон тээврийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Манай стратегийн түнш улс болох Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улс ч хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч эхэллээ.

Ийнхүү дэлхий нийтээр хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж байгаа учраас өнгөрсөн 04 дүгээр сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага хамтарсан уриалга гаргаж, дэлхий нийтээрээ үүнд онцгой анхаарч, олон улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийг санууллаа.

Эрхэм төрийн түшээд ээ,

Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ  50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авчээ. Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр юм.

Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний  50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна.

Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ. Ганцхан жишээ дурдахад л олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Энэ манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляц 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна. Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь манайх шиг хөгжиж буй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байна. Мөн хүнсний хангамж, нийлүүлэлтээс гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ч манай улсын үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна.

Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна.

Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой. Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдсэнийг харуулж байна. Мөн НҮБ-ийн судалгаагаар манай улсын хүн амын 20 орчим хувь нь хангалттай хэмжээний шим тэжээлтэй хүнсээр хангагдаж чадахгүй байгааг онцолжээ. Хүн амд шим тэжээлтэй хоол хүнс хүрэлцэхгүй байх асуудал нь хүнсний хангамжаас гадна ажилгүйдэл, ядуурал, өрхийн орлоготой ч шууд холбоотой юм.

Бид цаашид улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, түүн дотроо тогтвортой хөгжлийн хамгийн гол үзүүлэлт болох хүнсний хангамж, аюулгүй байдлыг эрс сайжруулахад урд урдынхаас илүү анхаарч, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганыг өнгөрсөн сард зохион байгуулж, чуулганаас гаргасан зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт  хүргүүлсэн. Төрийн тэргүүн Улсын Их Хурлын чуулганд үндэсний аюулгүй байдал, улс орны гадаад болон дотоод нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар хоёр удаа хаалттай мэдээлэл хийсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж гаргалаа. Үүнд Та бүхэн анхаарлаа хандуулж, судалж үзсэн гэдэгт итгэж байна.

Эрхэм нөхөд өө,

Өнгөрсөн 30 жилд хөдөө аж ахуйн салбарт төрийн зүгээс үзүүлсэн дэмжлэг тийм ч бага байгаагүй. Харин бодит үр дүн, ахиц дэвшил ямар байгааг та бүхэн дор бүрнээ тунгаан бодож, эргэцүүлэн дүгнэх нь зүйтэй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр “хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй” гэж дүгнэсэн байна.

Энэ дүгнэлтээс үзэхэд нэн тэргүүнд төрийн бүх шатны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байж, сахилга, хариуцлагаа эрс чангатгахыг хатуу сануулж байна. Орчин үеийн хөдөө аж ахуйн салбар нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, аливаа эрсдэлд дархлаатай, өрхийн үйлдвэрлэлээс улс үндэстний үйлдвэрлэл хүртэл хүртээмжтэй, засаглал, санхүүжилтийн оновчтой тогтолцоотой байх ёстой.

Өөрөөр хэлбэл, манай улсын хөдөө аж ахуйн салбар нь эрүүл малтай, өндөр бүтээмжтэй, байгаль орчинд ээлтэй, суурь дэд бүтэцтэй, санхүү, даатгалын оновчтой тогтолцоотой, шинэ техник, технологийг нэвтрүүлсэн, мэргэшсэн хүний нөөцтэй, хувийн хэвшилд тулгуурласан байх хэрэгтэй.

Ийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож,  тогтоолын төслийг өргөн барьж байгаа бөгөөд Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хуралд яаралтай горимоор оруулан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд бид ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе.

Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье. Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж байна.

Энэ хүрээнд дараах суурь шинэчлэлүүдийг хийхэд анхаарах шаардлагатай байна.

Үүнд:

-Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуйн тухай багц хуулийг батлан гаргах;

-Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээ хөгжүүлэх;

-Тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулж, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх;

-Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөц бүрдүүлдэг болох, хүнсний аюулгүй байдал, хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох;

-Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй эрүүл бүс болох;

-Суурь дэд бүтэц болох ус, усалгаа, эрчим хүч, уур, дулааны найдвартай эх үүсвэрийг хангах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;

-Шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх;

-Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоо бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшуулал олгох, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;

-Тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэл хийх;

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн аж ахуйнууд байгуулах, суулгац үржүүлгийн төв болон жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх нь нэн чухал байна.

Дээрх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр иргэдээ хүнсээр бүрэн хангаж, цаашлаад хүнс экспортлогч орон болох төдийгүй олон мянган ажлын байр шинээр бий болж, иргэдийн амьжиргааг дэмжих боломж бүрдэнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг “Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэх ёстой. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь зорилгын нэг нь усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, хөрс, газрын доройтлыг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал юм. Энэ нь манай улсын тогтвортой хөгжлийн суурь үндэс болно.

Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална гэсэн үг, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг.

НҮБ-ын судалгаагаар манай улс жилд 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний хөрсөө алдаж байгааг анхааруулсан байдаг. Эрүүл, үржил шимтэй хөрсгүйгээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг төсөөлөх боломжгүй. Манай улсын нийт газар нутгийн дөнгөж 0.7 хувийг эзэлдэг газар тариалангийн эдэлбэр газрынхаа хөрс, түүний үржил шимийг хайрлан хамгаалж, бүтээмжийг нэмэгдүүлж, нөөц боломжийг бүрэн ашиглахад төрийн бодлого чиглэгдэх учиртай.

Түүнчлэн хөдөө аж ахуйн кластер, ой мод, жимс жимсгэнэ, хүнс үйлдвэрлэлийн агро-паркуудыг түшиглэсэн үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ хотхонуудыг бий болгох шаардлагатай байна. Ингэснээр нийслэл хот, төв суурин газрын хүн амын төвлөрөл саарч, хөдөө орон нутаг дахь ажлын байр олон мянгаар нэмэгдэж, эх байгаль, эрүүл орчиндоо ажиллаж, амьдрах амьдралын шинэ орчин бий болно.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд бид зөвхөн уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж асар их ашиг шим, үр өгөөж хүртэх боломж байна. Үүнд дэлхийн хүн амын өсөлт, хүнсний хангамжийн асуудал ч нөлөөлж байна.

Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол асар том зах зээл. Энэ боломжийг бид ашиглах ёстой.

“Хөтөлгөө морьтой хүн хол явдаг” гэж монголчууд ярьдаг. Бид уул уурхайн баялгаас гадна, өсөн үржиж, урган арвиждаг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү гарцгаая. Энэ цаг мөчөөс эхлэн бид өөрсдөө үйлдвэрлэж, эх орныхоо ариун дагшин хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнс экспортлогч орон болох хатуу зорилго тавьж ажиллах шаардлагатай болж байна. Энэ том зорилтыг ханган хэрэгжүүлэхэд баялаг бүтээгч тариаланчид, ногоочид, жимсчид, малчид, хүнсчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон манай ард түмэн Та бүхэн онцгой чухал үүрэгтэй.

Харин төр засаг нь иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, хэрэгжүүлэлт нь нээлттэй, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулах ёстой.

Энэ хавар, зун бид хэрхэн ажиллахаас ирэх намрын ажлын үр дүн, иргэдийн хүнсний хангамж шалтгаална.

Ийм ч учраас хаврын тариалалтын эхэн үед Улсын Их Хурлын хаврын чуулганд төрийн тэргүүн биечлэн оролцож, дээрх асуудалд та бүхний анхаарлыг онцгойлон хандуулж, Улсын Их Хурал, Засгийн газрыг өндөр хариуцлагатай ажиллахыг сануулж байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна.

Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү.

Энэ бол жинхэнэ эх оронч үзэл юм шүү.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Эцэст нь хэлэхэд эрхэм нөхөд сэтгэл гаргаж, ажлаа хийцгээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлжээ

0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн бөгөөд нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, 18 зорилго бүхий 75 багц ажил хэрэгжүүлэхээр төсөлд байна. Төсөлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг, гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр Засгийн газар төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Тавантолгой ДЦС, Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар тодрууллаа. УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Өнөөдрийн байдлаар Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад 570 хүн газар дээрээ ажиллаж байна. Үйлдвэр дөрвөн багц ажил, болон дамжуулах хоолойны ажлаас бүрдэж байгаа. Дамжуулах хоолойн тендерийн гэрээнд гарын үсэг зурсан” гэлээ.

Эрчим хүчний дэд сайд Б.Баярмагнай говийн бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах үүднээс Тавантолгой дулааны цахилгаан станцын тендер зарласан бөгөөд ирэх сарын 2-нд нээнэ хэмээв. Ийнхүү 13.00 цаг болсон тул чуулган түр завсарлаж, 14.00 цагт үргэлжлэх боллоо.