Home Blog Page 130

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 75 оюутанд батламжийг нь гардуулав

0

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу  зохион байгуулж,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад өнөөдөр батламж гардууллаа.

Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу сонгон шалгаруулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг анх удаа гадаадын тухайлбал, Оксфорд, Харвард, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн,  дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгож байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залууст “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд оюутан залуусын хувь нэмэр чухал гэдгийг онцлон хэллээ.  Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Монголын оюутан залуус суралцахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжүүлнэ” гэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн тэтгэлэг Шинэ сэргэлтийн зүргаан бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх мэргэжлээр суралцах залуусыг дэмжсэнээрээ онцлог. Ирэх 10 жилд “Алсын хараа-2050”,”Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд манай улсад 38,000 инженер техникийн ажилтан хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Ажлын хэсэг  бодлого, судалгаанд үндэслэж тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан сонгон шалгаруулалт хийсэн” гэлээ.

Оюутнуудыг төлөөлж АШУҮИС-ийн оюутан Г.Хонгорзул сэтгэгдлээ хэллээ. Тэрбээр “Ерөнхий сайдын тэтгэлэг оюутан залуус бидний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, суралцах тэгш боломж олгож байна, маш их баяртай байна” гэлээ.

Мөн Харвардын их сургуулийн тэтгэлэгт шалгарсан Л.Мижиддорж “Харвардын тэтгэлгийг дотоодоосоо авах боломж олдоно гэж төсөөлөөгүй явсан. Монголын залуус энэ тэтгэлгийг өөр улсын хүүхдүүдтэй өрсөлдөж авахад бэрх зам туулдаг. Харин энэ жил анх удаа Ерөнхий сайд дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлэг олгож буйд туйлын их баяртай байна. Зорьсноо биелүүлж, эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллах зорилготой” гэлээ.

Оксфордын тэтгэлэгт шалгарсан Я.Баярсүрэн “Байгаль орчны чиглэлээр суралцана. Энэ тэтгэлэгт хамрагдах миний мөрөөдөл байсан. Маш их баяртай байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн сурсан мэдсэнээ зориулна гэж бодож байна” гэлээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-д оролцох шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой боллоо

0

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-д оролцох шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой боллоо.

Үүний тулд eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан” хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэх шаардлагатай юм.

Энэ оны ЭЕШ зургаадугаар сарын 23-26-нд улс даяар зохион байгуулагдах бөгөөд 36,425 хүн бүртгүүлж, баталгаажуулсан байна.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” одон гардуулна 

0

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” одон гардуулна.

10:00-12:00 цагт УИХ-ын Байнгын хороод хуралдана.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд

9:30 цагт “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт болно.

Монголын Хөрөнгийн Биржийн байранд

9:40 цагт тус бирж болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 6,726 дахь удаагийн үнэт цаасны арилжааны цан цохино.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэл хийнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

12:00 цагт Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс хэвлэлийн хурал хийнэ.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд

12:00 цагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран “Багабаян”-д байрлах төгөлд мод тарих ажил зохион байгуулна.

Хангарди ордонд

12:00 цагт “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээний хөтөлбөр, зохион байгуулалт болон нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл өгнө.

Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө

13:00 цагт Нийслэлийн Ардчилсан Намаас “Амаа нээх эрх чөлөөг олго!  Дарангуйлагчид огцор!” эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.

Монгол арт галерейд

16:00 цагт “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

0

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.24/ хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн талаар болон “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна.

Газрын тосны ашиглалтын Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн мөрдөгдөж буй хууль, тогтоомжтой нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, Ашигт малтмалын тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудлын хүрээнд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, шинээр нөөцийг тогтоох үйл ажиллагааг бүх талаар дэмжих, “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, 2021-2022 оны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд яаралтай батлуулж, хэрэгжилтэд хяналт тавих, Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул-XIX, Тамсаг XXI талбайн цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг эрчим хүч дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх арга хэмжээг авах асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжтой нийцүүлэх замаар шийдвэрлэх, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг судлах, “Петрочайна дачин тамсаг” ХХК-д 2018 онд НӨАТ, ААНОАТ, Хувь хүний орлогын албан татварыг төлөх тухай тавьсан шаардлагатай холбоотой гомдлыг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх, газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас үлдсэн чанарын шаардлага хангахгүй, устгах шаардлагатай 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, Бүтээгдэхүүн хуваах гэрээг бид өөрчилж чадах уу хэмээн тодруулсан. Тэрбээр, 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг одоогийн мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэнэ гэж тооцсон бэ. Газрын тос олборлох үйлдвэрт хятадын талаас хэчнээн хүн, монголын талаас хэчнээн хүн ажилладаг юм бол. Үйлдвэрлэлийн зориулалттай усыг бага хэмжээгээр ашиглах талаар тогтоолын төсөлд заалт орсон байна. Энэ заалт биелэгдэх үү хэмээн асуусан.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон газрын тосны 24 хувь нь манай улсад ноогдож байгаа юм. 1993 онд газрын тос олборлох, түүний зах зээлийн талаар бид бага мэдлэгтэй байлаа, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх туршлага байгаагүй. Гэхдээ тэр үед хийсэн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бий болоод байна. Байнгын хорооны төсөл боловсруулахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авсан. Яамдаас ирүүлсэн санал тогтоолын төсөлд туссан байгаа. Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ санаачилга гарган ажиллаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газар ч мөн ажлын хэсэг байгуулан Шадар сайд ахлан ажиллаж байгаа юм билээ. Нэмээд хэлэхэд ус ашиглаж нефть бүтээгдэхүүн гаргадаг технологи хэдийнэ хуучирсан. Зарим оронд нефтиэс ус үнэтэй болчихсон байна. Тэгэхээр бид нэг литр нефть гаргахын тулд хоёр литр ус ашигладаг технологийг халах ёстой.

Бидэнд ирсэн мэдээллээр, “Петрочайна Дачин Тамсаг” компани 554 монгол, 320 хятад ажилтантай юм байна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Бид анх бүтээгдэхүүн хуваах гэрээ хийснээс хойших 26 жилийн хугацаанд Монгол Улс хэдий хэмжээний ашиг хүртчихэв, үр ашиг нь ямар байж вэ гэдэг дээр тодорхой дүгнэлт гаргахгүйгээр дараагийн авах арга хэмжээг тодорхойлоход төвөгтэй болно хэмээсэн. Үүний тулд эдийн засагчид, хуульчид, олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэд оролцуулсан мэргэжлийн баг томилж дүгнэлт гаргах хэрэгтэй. Түүнчлэн монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах тал дээр онцгой анхаарах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа энэ асуудлуудыг судалж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, 2025 онд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Гэтэл түүхий эд байхгүй, дэлхийн зах зээлийн үнээр өөрийнхөө баялгийг худалдаж авах байдалд хүрчихсэн. Үүнийг даруй шийдвэрлэх ёстой. Түүнээс гадна анхаарах бас нэг асуудал байна. Тэнд байгаа Засгийн газрын төлөөлөгчид ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн мэдээлэл байна. Тэд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хууль бус үйл ажиллагааг нуун далдалдаг, компанитай бизнесийн ашиг сонирхлоор холбогдчихсон тухай мэдээллүүд дуулддаг. Тиймээс Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтан, Засгийн газрыг төлөөлж буй хүмүүс улсынхаа эрх ашгийг хамгаалж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй гэлээ.

УИХ-ын гишүүд тогтоолын төсөлд заасан ажлыг хариуцан ажиллах төрийн байгууллагуудыг нэр заан оруулах, шинээр баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлож буй газрын тосны түүхий эдээр хангах талаар тусгах, Засгийн газраас томилогдон ажиллах ажлын хэсэгт орон нутгийн төлөөллийг оруулах талаар саналаа хэлж байлаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Гишүүд олон чухал асуудлыг хөндлөө. Үүний нэг нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал. Машин түрээслүүлдэг, хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлдэг гэх мэт. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Монгол Улсын төлөөлөн ажиллаж буй албан тушаалтнууд тухайн компанийнхаа ажилтан шиг болчихсон, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэг байж болохгүй. Тиймээс анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Ашигт малтмалын салбарт хийсэн энэ гэрээ Монголд ашиггүй байна. Түүнчлэн байгаль орчинтой холбоотой ноцтой асуудал байна. Нэг литр тос авахын тулд хоёр литр ус зардаг технологиор цаашаа явахгүй. Мөн 590 тонн химийн бодисыг буцааж өгөх хэрэгтэй. Монголд устгаж болохгүй. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн зардлаа дураараа нэмдэг, үр ашиг байдаггүй, татвар төлдөггүй байдлыг авч үзэх шаардлагатай гэлээ.

Эцэст нь УИХ-ын гишүүдийн саналыг тогтоолын төсөлдөө тусган батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам айлчиллаа

0

Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.05.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд дэлхий дахины энэ амаргүй цаг үед урт замыг туулж Монгол оронд зорьж ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Тэрбээр, “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, манай улсын иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монголд байх хугацаандаа Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, Байнгын хорооны дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж, ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцсон гэв. Тэрбээр хэлэхдээ, манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л салбарт нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ардчиллын 100 жилийн түүх, ардчиллын хөгжил, ялангуяа жендэрийн эрх тэгш байдал ба хууль тогтоомж, бодлого, жендэрийн эрх тэгш байдлын уялдаа холбоо, бодлогын талаарх үнэ цэнэтэй туршлагаа хуваалцсанд талархал илэрхийлье гэв. Тэрбээр, манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш, Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг гэв. Мөн 2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Тухайлбал, Шведийн Угсаатны зүйн музей болон Свен Хэдиний санд хадгалагдаж буй 2000 гаруй монголын эд өлгийн зүйлээс Стокхолм хотноо үзэсгэлэн гаргах боломжтой гэдгийг дурдав

“Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэвшил, тулгуур суурь нь юм”

0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар өнөөдөр (2022.05.09) хуулийн хэрэгжилтийн хүрээнд тоон гарын үсгээ авлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийт ард иргэддээ хандан тоон гарын үсэгтэй болох ажилд идэвхтэй хамрагдахыг уриалав. Тэрбээр, “Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд Улсын Их Хурлын гишүүд манлайлан оролцох хэрэгтэй. Нэн тэргүүнд Инноваци, цахим бодлогын байнгын хороо үүн дээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Тоон гарын үсгийг дагаад хэмнэлт жинхэнэ утгаараа бий болно. Хэмнэлт гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих бус үр ашгийг сайжруулах, цаг хугацааг хэмнэхийг ч бас хэлнэ. Монгол Улсын өнцөг булан бүрээс цахим гарын үсгээр төрийн үйлчилгээ, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн гэх мэт бүх үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэвшил, тулгуур суурь нь юм” хэмээлээ.

“Гадаад өр төлөхдөө иргэдийн татварын мөнгийг зарцуулах ёсгүй”

0

 УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт 33.4 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Монгол Улс 2023, 2024 онд нийт 2.5 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Энэ бүх өрийг төрөөс хууль ёсных нь дагуу төлөх ёстой бөгөөд ингэхдээ иргэдийн төлсөн татварыг зарцуулах ёсгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэллээ.

Тэрбээр, “2010 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийнхээ 50 хувиас давсны улмаас БНХАУ-д газар нутгаа шилжүүлж байсан. Мөн 2017 онд Шри-Ланк улс усан боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх үүднээс БНХАУ-д 99 жилийн хугацаатай өгсөн. Монгол Улс ч үүнтэй ижил“өрийн хавханд” орох магадлалтай байна” хэмээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дэмжих боломжгүй хэд хэдэн заалт байгааг мөн онцоллоо. Тухайлбал, Эрүүгийн хуульд “доромжлох, гүтгэх” заалт оруулахаар тусгасан байна хэмэнэ тус бүлэг үзжээ. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсэн иргэнийг гүтгэсэн, доромжилсон гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулиар шийтгэх зохицуулалтыг дэмжихгүй гэдгээ тус бүлгийн удирдлагууд дурдсан юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.1, 12.1.3 дугаар заалтад “мөрдөгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх, албадан ирүүлэх эрхтэй байх”-аар тусгасан байна. Энэ нь хууль сахиулагч шүүх, прокурорт мэдэгдэхгүйгээр өөрийн дур зоргоор иргэнийг дуудах, албадан ирүүлэх, хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн зохицуулалт болно хэмээн шүүмжилсэн юм.

АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.
АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клечески уулзалтын үеэр мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн журмыг баталлаа

0

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа.

“Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм.

Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм.

Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай.

Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар 

“Ухаалаг карт хэрэглэхийг хална”

0

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдрийн Засгийн гзарын хуралдаанд оролцжээ. Тэрээр  нийтийн тээврийн паркийг хэрхэн шинэчлэх мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ухаалаг карт нэвтрүүлснээс хойш нийслэлээс нийтийн тээвэрт олгодог санхүүжилт жилийн 300 тэрбум төгрөг байснаа одоо ихээхэн өссөн. “Улаанбаатар смарт карт” хамтарсан компанийг 2014 онд БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм байна. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хална гэв.

Хүүхдийн 75 шинэ автобус хил дээр иржээ. Ковидын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр логистикт үүссэн гацаа нийтийн тээврийн шинэчлэлийг хойшлуулсан байна. Нийслэлд нийт 1400 шинэ автобус хэрэгтэй. Ерөнхий сайд үүний талыг энэ онд, 2023-2024 онд үлдсэн автобусыг худалдан авах чиглэлийг хотын даргад өгчээ.

975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа хэтэрсэн буюу эдгээрийг бид 10-аас дээш ажил ашигласан. Иймд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдэх болжээ. Олон улсын байгууллагаас хоёр жилийн хугацаатай, 40 орчим сая ам.долларын зээл авна. Зээлийг төслийн өөрийн орлогоор эргүүлэн төлнө. Мөн хотын төсвөөс 60 тэрбум төгрөгийг шинэ автобус авахад зарцуулах юм байна.

591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүргийг холбогдох албаныханд өгсөн гэж хотын дарга мэдээлэв. Гэвч Нийслэлийн худалдан авах ажил удааширсан тул хурдлуулах үүрэг өгчээ. Шууд худалдан авалт хийж, үйлдвэрлэгч, албан ёсны эрх бүхий дистрибютертэй хамтран ажиллана. Эхлээд 110 цахилгаан автобус, дизель  хөдөлгүүртэй 400 орчим автобус авах юм байна.