Home Blog Page 13

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Гурбангулыевич Бердымухамедовын урилгаар Туркменистан Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав.

  1. “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-тМонгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын агаарын харилцаа эрхэлсэн газрын дарга Довран Сабуров нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм.

Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. 

  1. “ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын Автотээврийн харилцаа эрхэлсэн газрын дарга Гуванчмурат Акмаммедов нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэд илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм.

Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

3.“МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллахаас гадна хоёр улсын холбогдох байгууллагууд хооронд мэл эмнэлгийн шинжлэх ухаан, өвчний тандалт, хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлж буй юм.            Түүнчлэн талууд мал аж ахуйн мэргэжилтнүүд, малын эмч, эрдэмтдийн уулзалт, мэдлэг солилцох сургалт, чадавхыг бэхжүүлэхэд харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн нь хоёр улсын мал, эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болж байна.

4.“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд хөдөө аж ахуйг цахимжуулах, орчин үеийн инновац, технологийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, мал аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, органик газар тариаланг хөгжүүлэх, газар тариалан, тэр дундаа хүнсний аж ахуй, жимс, жимсгэний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улс нь Төв азийн бүс нутагт хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг, уламжлалт хөдөө, мал аж ахуйтай Туркменистан Улстай энэ салбарт идэвхтэй хамтран ажиллаж, туршлага солилцох нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдах бөгөөд ийнхүү тус хэлэлцээр нь цаашид хоёр улс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн суурь баримт бичиг нь болж байна. 

  1. “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАНУЛСЫН СОЁЛЫН ЯАМХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгээр талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, соёлын эд зүйл, хэвлэл, бичиг баримт солилцох замаар нөгөө талдаа өөрийн улс орон, ард түмэн, соёлоо таниулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус баримт бичиг нь эртний түүх, соёлтой хоёр улсын хувьд соёлын салбарын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, “Торгоны зам”-ыг дагасан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнчлэн манай хоёр улсын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалын хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хэлхээ холбоог тогтооход чухал ач холбогдолтой юм.

  1. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАНУЛСЫН СОЁЛЫН ЯАМХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцох, оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцан уулзалт зохион байгуулах, туршлага хуваалцах зэргээр хамтран ажиллана.

Тус баримт бичиг нь Монгол Улс, Туркменистан Улс нь түүх, соёлын дурсгалт газар, өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт цогцолбороор баялаг улс орнуудын хувьд хоёр улсын иргэддээ улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Түүнчлэн, айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Дүүрэн, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын дарга Мерген Гурдов нар гарын үсэг зурж, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, мэдээлэл, туршлага солилцон хамтран ажиллахаар тохиролцов. Баримт бичгийн хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоох,  тэдний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нар 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Огузхан”-ы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Туркменистаны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, түүний дотор хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон Туркменистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн тэрбээр Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгч С.Бердымухамедов хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэдчухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх он жилүүдийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсныг Ерөнхийлөгч нар сайшаан тэмдэглэв.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа чухал гэдэгт талууд санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулсныг онцлов.

Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан Монгол, Туркменистаны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв.

Ерөнхийлөгч С.Бердымухамедов айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулж буйг сайшааж, энэ нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд соёл, урлагийн харилцаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцолж, энэхүү сайхан уламжлалын тод илрэл болсон “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг Ашхабад хотноо амжилттай зохион байгуулсанд баяртай буйгаа илэрхийлэв.

Манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг талууд өндрөөр үнэлж, Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т ойрын хугацаанд нэгдэн орох асуудлыг туркменистаны тал судлан үзэхээ илэрхийллээ.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо.

Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Ц.Баатархүү: “Үндэсний хиймэл дагуул” төслийг УИХ-ын чуулганы худалдаанаар хэлэлцүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзлаа.

Уулзалтад Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга Ч.Золбаяр болон салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд оролцов.

Сүүлийн 10 гаруй жил яригдаж байсан “Үндэсний хиймэл дагуул” төсөл нь энэ дөрвөн жилийн хугацаанд биеллээ олох гэж буйд салбарын мэргэжилтнүүд талархалтай хандаж, технологийн хувьд хэд хэдэн зүйлсийг тодруулж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хэлэхдээ, Үндэсний хиймэл дагуул төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батална. Иймд тус мега төсөлтэй холбоотой мэдээлэл олон нийтэд нээлттэй хэлэлцэгдэнэ гэдгийг онцлов.

Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болсноор:

  • Харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажууна.
  • Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ.
  • 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно.
  • ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ.
  • Шилэн кабель шинээр татаж интернетийн үйлчилгээ үзүүлэх  29 их наяд төгрөг хэмнэнэ.
  • 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Г.Бердымухамедов-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Туркменистаны Халк Маслахат буюу Ардын зөвлөл нь үндсэн хуулийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч бие даасан байгууллага юм.

Халк Маслахат нь Үндсэн хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх бүрэн эрхтэй байгууллага юм.

Ц.Баатархүү сайд SpaceX компанийн менежер Эван Ферликийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү SpaceX компанийн Хөөргөлтийн үйлчилгээ хариуцсан менежер  Эван Ферликийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд ноён Эван Ферлик Монгол Улс Үндэсний хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байдаг баяр хүргэж, SpaceX  компанийн үйл ажиллагааг танилцуулж, АНУ-д айлчлах боломж тохиовол тус компаниар зочлохыг урив.

 

 

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Үндэсний хиймэл дагуул гэдгийг дуулгаж, тун удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг онцлов.

Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болсноор:

  • Харилцаа  холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажууна.
  • Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээг шууд авах боломж нээгдэнэ.
  • 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээнүүдэд хамрагдах боломжтой болно.
  • ААН, байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээг нэвтрүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ.
  • Шилэн кабель шинээр татаж интернетийн үйлчилгээ үзүүлэх  29 их наяд төгрөг хэмнэнэ.
  • 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Кибер гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

“Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс – 2024” тайланд дурдсанаар Монгол Улс 194 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2020 онтой харьцуулахад, 17 байр урагшилсан. Гэвч цахим орчинд иргэдийн мэдээллийг хулгайлах, хууль бусаар ашиглах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг нэмэгджээ. Төр захиргаа, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэн үл харгалзан дээрх халдлагад өртөж, сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 25,849-д хүрчээ. 2023 онд гэхэд дээрх гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний ихэнх нь энгийн иргэд рүү дайрсан халдлага байжээ. Учир нь нэр бүхий компани, төрийн байгууллагын нэрийг барьж, хуурамч өгөгдөл, линк, тоглоомоор дамжуулан иргэд, хуулийн этгээдийг хохироож байна. Ингэхдээ иргэдийн цахим шуудан, мессенжер, утасны дугаар руу мэдээллээ илгээхээс гадна реклам сурталчилгаагаар дамжуулан иргэдийг олзолдог. Энэ мэтээр цахим орчинд гэмт хэрэг үйлдэх арга барил улам хөгжиж, эрсдэл дагуулж байгааг олон улсын байгууллагуудаас  анхааруулдаг. Тиймээс Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох хэрэгцээ үүссэн.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын санаачилгаар Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшний үнэлгээ”-г тодорхойлох судалгааг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс эхлүүллээ. Судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулав. Урьдчилсан үр дүнг 2024 оны сүүлчээр зарлаж, олон нийтэд мэдээлнэ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна.

Тус судалгаанд Их Британийн Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талт эх сурвалжуудаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтний хамтран боловсруулсан загварчлалыг ашигладаг. Үр дүнг таван түвшнээр гаргаж, Кибер аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг тодорхойлдог байна. Ингэснээр цахим орчин дахь иргэдийн аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд шийдэл олоход түлхэц болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр Ашхабад хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудалд Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Батыр Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байна.

Ташрамд дурдахад Ашхабад хот нь нэг сая хүн амтай, цагаан гантигаар бүтээсэн 543 барилга байгууламжтай бөгөөд 2013 онд Гиннесийн номд “Цагаан гантиг хот”-оор бүртгэгдсэн.

Одоогоор тус хотод гадаадын улс орнуудын нийт 28 Элчин сайдын яам, 15 олон улсын байгууллага төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана.

Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дэлхийн Шуудангийн өдөр тохиож байна

0

Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Өгөөдэй хаанаас уламжлагдсан ирсэн шуудан нь өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үндэс суурь нь билээ. Тус салбарын зах зээл нь 48.8 тэрбум төгрөгөөр хэмжигддэг бөгөөд тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цаашид шуудангийн салбарын зах зээлийг тэлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дараах бодлогын арга хэмжээг баримтлан ажиллаж байна. Үүнд.

  • Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх;
  • Технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх;
  • Дрон тусламжтайгаар хүргэлтийг хэрэглэгчийн гарт шуурхай хүргэх, түүний хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгохоор ажиллаж байна.
    Шуудангийн зах зээлд тусгай зөвшөөрөлтэй 140 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 48.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэхүү зах зээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тэлэх бодлогыг баримталж байна.

Шуудангийн салбарт ажиллаж буй алба хаагчдад “Дэлхийн Шуудангийн өдөр”-ийн мэнд хүргэе!

‘AI-ийн загалмайлсан эцэг’ Нобелийн шагнал хүртлээ

Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед тус салбарын эрдэмтэд Нобелийн шагнал авч эхэллээ. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машины оюуны” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ Нобелийн эзэн боллоо. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Тэрбээр 2023 онд Google-ээс гарч, хиймэл оюун ухаан хүмүүсийн амьдралд хэрхэн өөрчлөлт оруулах тал дээр санаа зовинож байгаагаа илэрхийлж байв. Энэ тухай Шведийн Хааны Шинжлэх ухааны академиас Шведийн Стокгольм хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай Жеффри Хинтон нь Канадын Торонтогийн их сургуулийн профессор юм.

“Машины оюун” нь хиймэл оюун ухааны түлхүүр бөгөөд энэ нь компьютерт мэдээлэл өгөгдөл үүсгэхийн тулд өөрийгөө сургах чадварыг хөгжүүлдэг салбар юм. Ингэхдээ интернэтээс хэрхэн хайлт хийхээс эхлээд утсан дээрээ зураг засварлах хүртэл бидний ашиглаж буй өргөн хүрээний технологийг шинэчилж, хөгжүүлж ирсэн.

Канадын профессор Жеффри Хинтон Нобелийн шагнал авч байгаагаа мэдээд “Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Нобелийн шагнал авах болсноо гайхаж байна” гэдгээ илэрхийлжээ. Нобелийн шагналын мэдэгдэлд дээрх хоёр эрдэмтний “Цаг уурын загварчлалыг сайжруулах”, “Нарны эсийг хөгжүүлэх”, “Эмнэлгийн зургийн дүн шинжилгээ” зэрэг судалгаа, ажлын зарим чухал хэрэглээг жагсаав. Профессор Хинтоны “Мэдрэлийн сүлжээ дэх анхдагч судалгаа” нь ChatGPT гэх мэт одоогийн хиймэл оюун ухааны системийг бий болгосон. Хиймэл оюун ухаан дахь мэдрэлийн сүлжээ нь хүний ​​тархитай ижил төстэй мэдээллийг сурч, боловсруулах систем юм. Эдгээр нь хиймэл оюун ухаанд хүн төрөлхтөний туршлагаас суралцах боломжийг олгодог. Профессор Хинтоны хиймэл мэдрэлийн сүлжээн дээр хийсэн ажил нь хувьсгал байсан. “Энэ нь аж үйлдвэрийн хувьсгалтай адил байх болно. Гэхдээ бидний бие махбодийн чадвараас илүү оюуны чадавхийг давах болно” гэж тэрбээр онцлов.

Профессор Жон Хопфилд хэв маягийг хадгалж, дахин бүтээх боломжтой сүлжээг зохион бүтээжээ. Энэ нь атомын эргэлтээс үүдэлтэй материалын шинж чанарыг тодорхойлдог физикийг ашигладаг. Тодруулбал, бүрэн бус үгсийг ашиглан тархи үгсийг хэрхэн санахыг оролддогтой ижил төстэй арга замаар профессор Хопфилд бүрэн бус хэв маягийг ашиглан ижил төстэй зүйлийг олох боломжтой сүлжээг бүтээжээ.

Нобелийн шагналын хорооныхон хэлэхдээ “Хоёр эрдэмтний ажил нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Тэр дундаа нүүр царай таних, хэлний орчуулгыг түгээмэл ашиглаж байна” гэдгийг онцлов. Эрдэмтэд 11 сая швед крон буюу 810 000 фунт стерлингийн шагнал авна.

Дашрамд мэдээллэхэд, Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгож, “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор ажиллаж байна.

Эх сурвалж: BBC