Home Blog Page 126

ИЦББХ: Хэрэгжиж эхлэх хуулиуд

0
📣УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу ёсчилон батлагдсан:
📍Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль
📍Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль цахим хувилбараар Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn нийтлэгдлээ.
❗️Дээрх хуулиуд нь 2022.05.01-с эхлэн хэрэгжинэ.

Бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой мэдээллийг авах сувгууд

0
“Эрдэнэс Тавантолгой” ХК урт хугацааны стратеги болон дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй.
Энэ хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн мэдээлэл болон компанийн үйл ажиллагааны тухай мэдээллийг дараах албан ёсны сувгуудаар дамжуулан хүлээн аваарай. #ЭТТ #СайнМэдээнийУурхай

ЭТТ: Цахилгааны шугамын ажлыг хүлээлгэж өгнө

0

“Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг Дэмжих Сан”-ийн хөрөнгө оруулалтаар тавигдаж буй Цогтцэций сумын шинэ суурьшлын бүсийн цахилгааны шугам сүлжээний ажлыг гэрээний дагуу 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ

0

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тэрбээр,

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна.

Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг билээ. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улс төржин гацалгүй бүтээн байгуулалт нь өрнөж 2013 онд дууссан бол 375 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байсныг холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоолон гаргасан. Энэ бол туйлын харамсалтай сургамж бөгөөд дахин давтаж үл болох гашуун туршлага юм. Бидний алдагдсан боломжийн өртөг өнөөдөр Монгол Улсын нийт гадаадын өртэй дүйцэхүйц хэмжээнд байна.

Нэг үгээр хэлбэл, бид 2013 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулсан байсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй байх боломж байсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх бодит боломж үүсэж байна.

Цар тахлын болон дайны нөхцөл байдлаас хамаарч Засгийн газарт бодит сорилт учирч байгаа боловч хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог гэдэгчлэн Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын 40 гаруй том төслүүдийн үндсэн шийдэл гарч дууссаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орох болно. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно.

Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд энэ тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр эхэллээ. Мөн энэ сарын 31-нээс задгай тээвэр эхэлснээр боомтын гацаа шийдэгдэж, олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэх боломж бүрдэж байна.

Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард өдөрт дунджаар 120 орчим зэсийн баяжмал, нүүрсний экспортын машин нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.

Эрхэм төрийн тусгай албан хаагчид, инженер техникийн ажилтнууд аа,

Цар тахлын нэн амаргүй цаг үед Гашуунсухайт боомтын Цагаанхад суурьшлын бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Монгол Улсын экспортыг тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж чадсан хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, гэрээт цагдаагийн 300 гаруй албан хаагчид, энэхүү онцгой дэглэмийг чанд мөрдсөн экспортын тээврийн жолооч Та бүхэндээ талархал илэрхийлье.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Шилжүүлэн ачих терминалын барилгын ажилд оролцож буй нийт хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын амжилт хүсье.

Бүтээн байгуулалтыг товлосон хугацаандаа буюу Ардын хувьсгалын түүхт 101 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулж, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд шинэ хуудас нээсэн өдөр эргэн уулзах ерөөлийг дэвшүүлье.

“Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын өнцөг булан бүрт хэрэгжиж Монгол Улсын мандан бадрах болтугай гэлээ.

Т.Даваажаргал: Гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна

0

гаарын хийн асуудлаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хяналт зохицуулалтын дарга Т.Даваажаргалтай ярилцлаа.

– Угаарын хийн хордлогод өртсөн иргэдсайжруулсан түлшнээс боллоо гэдэг. Энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
– Угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал улирлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Хавар намрын саруудад гэрийн гадна, доторх агаарын температурын зөрүү багасч байгаа үед угаарын хий нэмэгддэг. Температурын зөрүү багассанаар тухайн зууханд дотор шатаж байгаа түлшний шаталт удааширалтай байдаг. Энэ нөхцөлд угаарын хий үүсдэг. Хавар намрын улиралд айл өрхийн галлагааны давтамж холддог учраас тухайн галлаж байгаа зуухны өөрийнх нь температураас хамаардаг. Өөрөөр хэлбэл, өвлийн нөхцөлд байнгын халуун байхад галладаг бол хавар намрын улиралд хүйтэн зуухан дээр галлагаа хийдэг. Хүйтэн зуухан дээр галлагаа хийж байгаа тохиолдолд шаталтын үйл явц муу явагддаг. Намрын 9, 10 сар, хаврын 4,5 сард галлагааны давтамж багасдаг, зуухын таталт мууддаг нь угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Угаарталт гэдэг нь нүүрс хүчлийн дутуу исэлт буюу ямарваа нэгэн шатах цаас, мод, хуванцар, түлшээс үүсдэг CO бодис үүсдэг.
– Тэгвэл яаж галлагаагаа хийвэл угаартахгүй байх вэ?
– Иргэд галлагааны давтамжаа хийхдээ модоор галлаж, зуухаа сайтар халааж байж түлшээ хийх хэрэгтэй. Ингэхдээ зааварчилгаагаа сайн мөрдөж хийвэл угаартах эрсдэл бага гэж үздэг.
– Ер нь, гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшин харилцан адилгүй байгаа. Төслийн, уламжлал, ханан пийшин гэх мэт. Үүнээс бүрэн шаталттай гэх төслийн зуух хэр олон байгаа вэ?
– 2010-2017 оны хугацаанд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Цэвэр агаар сангийнхан хамтраад нийт 175 мянган орчим сайжруулсан зуухыг 80-90 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд нийлүүлсэн. Түүнээс хойш манай байгууллага агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тооллогыг хийдэг. Нийслэлд 175 мянган төслийн зуух тарааснаас өнөөдрийн байдлаар 55 мянга нь ашиглаж байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна.
– Сайжруулсан зуух хэрэглээд угаартаад байна уу, өөр шалтгаан байна уу?
– Угаарталтын нөхцөл байдал дан ганц түлшнээс хамаарахгүй. Зуухны стандартаас шалтгаалж байна. 2016 онд ахуйн хэрэглээний зуухны стандартыг баталсан. Угаарын байдал ханан пийшингийн таталт, битүүмжлэл, яндангийн залгаас, галлагаа хийж байгаа хүний ур чадвараас хамаарч байна. Зарим дуудлагыг харж байхад бороо цас орлоо гээд өрхөө бүтээснээс болж угаартсан байх жишээтэй. Мөн ямар ч тохиолдолд яндангийн сойлтыг хааж болохгүй

-Угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй тараасан шүү дээ. Энэ бүгд ажиллаж байна уу?
-2019 онд нийслэлийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр угаарт мэдрэгчийг тараасан. Энэ төхөөрөмж нь хүний оролцоогүйгээр ажилладаг. Зөвхөн зайг нь сольдог.Автоматаар ажилладаг учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Харин зарим тохиолдолд иргэд өөрсдөө угаарын төхөөрөмжөө салгаад унтраачихдаг.

– Угаарын хийн төхөөрөмж хэдэн жилийн баталгаатай вэ?
– Ямар нэгэн механик гэмтэл гарахгүй бол олон жил ашиглах боломжтой.

– Өвөлдөө янданг нь хөөлж өгөөд аль болохоор угаартуулахгүй талаас нь мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Иргэд энэ хэр хариуцлагатай байна вэ?
– Галлагааны зааварчилгааг айл өрх бүрт тарааж байна. “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаныхан биечлэн ажилладаг. Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж дадсан байна.
– Ямар зуухыг стандарт гэж үзэж байна вэ?
– Ахуйн хэрэглээний MNS 5216:2016 гэдэг стандарт бий. Энэ стандартаар тухайн зуухны бүтэц, дулаан барилх хуацаа хэр байх уу, яндангаас гарч байгаа утаа нь ямар байх вэ гэдгийг заагаад өгсөн. Эдгээрийг Зуух судалгааны төвийнхөн гаргаж өгдөг. Дээр хэлсэнчлэн 175 мянган зуух бол стандартын шаардлагад тохирсон байсан. Гэвч зуухны насжилт, ашиглалт, эдэлгээнээс хамаараад стандартад нийцэхгүй болсон тохиолдлууд ч бий.
– Нийслэл хотын гэр хорооллын иргэдийн 80 гаруй орчим хувь нь уламжлалт зуух буюу стандарт бус зуухтай байна гэсэн. Тэгэхээр энэ нөхцөлд айл өрхийг хэрхэн стандарт зуухтай болгох боломжтой байна вэ?
– Гэр хорооллын айл өрхүүд өөрсдийнхөө эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд батлагдсан стандарт хангасан зуух хэрэглэж худалдан авалт хийх шаардлагатай. Цаашдаа сайжруулсан зуухыг нийлүүлэлтийг иргэдэд үнэ төлбөргүй хэрэглүүлэх асуудлыг ярилцах хэрэгтэй. Зах зээлийн үнэ ханш энгийн зуухнаас харьцангуй өртөг ихтэй, үйлдвэрлэсэн газраасаа хамаараад янз бүр байгаа.

Түлш, зуух, яндан байж агаарт ялгарах хорт бодис багасна

0

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзултай ярилцлаа.

-Сүүлийн үед хийж байгаа ажлаасаа танилцуулахгүй юу?

-Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах ажлынхаа хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Тавантолгой түлш компанийн түлш үйлдвэрлэж байгаа технологийг сайжруулахаар 14 зүйл бүхий албан шаардлагыг хүргүүлээд байна.

Бид шаардлага хүргүүлээд орхих биш Хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гаргасан зөвлөмжийн хүрээнд шахмал түлшний технологи дээр бага зэрэг нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг тусгасан. Үүний үр дүнд Тавантолгой түлш компаний үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу сайжруулсан шахмал түлш нь технологийн шаардлагыг хангасан байх болно. Тухайлбал, уугихгүй байж өвлийн улиралд ямар нэгэн чийг авахгүйгээр галлагааг бүрэн явуулах боломжийг бүрдүүлэх юм. Засгийн газрын 2017 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2021 оны123 дугаар тушаалаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд нам даралтын зуухтай, уур үйлдвэрлэдэг болон дулаан үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрс хэрэглэхийг   2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглох шийдвэр юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уур үйлдвэрлэгч, дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэнтэй уулзалт зохион байгуулаад түүхий нүүрс түлэхгүй гэдэг бүх талынхаа харилцан ойлголцлыг уулзалтаараа баталгаажуулаад байна. Дээрх ажлын хүрээнд бид уур болон дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн удирдлагад үйл ажиллагаандаа техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг Шадар сайдын шийдвэрт заасны дагуу энэ арга хэмжээнүүдийг танилцуулсан.

Аж ахуйн нэгжүүд 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд түүхий нүүрс түлэхгүйгээр угаасан болон баяжуулсан нүүрс хэрэглэх шаардлагыг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил хангаж эхэлсэн. Үүний хүрээнд НМХГ, НЦГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн байгууламжийн газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба гээд хамтарсан ажлын хэсэг дээрээс уур, дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийнхээ зууханд шалгалт хийж байна. Хэрэв угаасан нүүрс (мидлинг) хэрэглэх, боловсруулсан нүүрс буюу баяжуулсан нүүрс түлбэл зуухны яндан тус бүр дээрээ утаа шүүгч суурилуулсан байх шаардлагыг тавьж байгаа. Мөн яндан бүрт утаа хэмждэг багажийг байрлуулсан байх. Дээрээс нь орчны бохирдлыг тоос, үнсгүй байлгах, угаасан болон баяжуулсан нүүрсний тоос шороог гаргахгүй байх үүднээс битүүмжлэлтэй саванд байлгах гэсэн шаардлагыг тавьж байгаа. Ямар ч гэсэн агаарт угаарын хий, тоосонцор ялгарахгүй байх ёстой.

-Аж ахуйн нэгжүүд баяжуулсан болон угаасан нүүрс хэрэглэнэ гэж байна. Энэ талаар товч тайлбарлаж өгөөч?

-Баяжуулсан болон угаасан нүүрс (мидлинг) гэж хоёр янзын бүтээгдэхүүн байгаа. Баяжуулсан гэхээр фракцалаад дээр нь нэмэлт бодисууд холиод шаталтыг нь өндөрсгөж зууханд бүрэн шаталт явуулах нөхцөлийг зууханд бүрдүүлэхыг хэлээд байгаа юм. Харин угаасан нүүрс гээд байгаа нь Эрдэнэс тавантолгойн нүүрсийг угаагаад үлдэж байгаа үлдэгдэл хэсгийг хэлж байна. Яг зуухны чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн холбогдох хүмүүс баяжуулсан, угаасан нүүрс (мидлинг) гэдгийг мэдэж байгаа.

-Өнгөрсөн жил гэр хорооллын айлуудад угаарын хий мэдэрдэг тоног төхөөрөмж өгсөн. Энэ хэр үр дүнтэй болсон бэ?

-Өнгөрсөн жил Дэлхийн банкны санхүүжилтээр агаарын чанарын суурин харуулын автомат станцыг Улаанбаатар хотын хэмжээнд хоёрыг нэмж байрлуулахаар нийслэлийн хэмжээнд 18 суурин харуулын автомат станц ажиллаж байна. Энэ жил Налайх дүүрэг болон Шархадны орчимд байршуулж байгаа. Энэ орчмын агаарын чанар ямар байгаа мэдээллийг иргэд, олон нийт агаар.мн цахимаас шууд авах боломжтой. Мөн энэ жилээс эхлээд Налайх дүүргийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулж байгаа. Энэ хүрээнд Налайх дүүрэг дэх агаарын чанар ямар байгааг хянах боломж бүрдэж байна. Тус дүүрэгт байгаа 7600 орчим яндантай айл бий. Энэ айлуудыг бид сайжруулсан шахмал түлшээр хангана. Үүний бүх тооцооллыг хийгээд “Тавантолгой түлш” компанид хүргүүлсэн байгаа.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айлуудад тавьсан угаарын хийн мэдрэгч төхөөрөмж бий. Мэдрэгчийг нь дамжуулагч тоног төхөөрөмжтэй нь суурьлуулсан байгаа. Энэ болгоныг бид Налайх дүүрэгт хэрэгжүүлнэ. Ингэснээр тус дүүргийн иргэдийг угаарын хийн хордлогоос хамгаалах нөхцөл бүрдэнэ. Угаарын хийн мэдрэгч, дамжуулагч технологи нь тухайн айлын иргэд угаарын хийн хордлогод ороод утсаа авахгүй тохиолдолд мэдээллийг хүлээж аваад төв рүүгээ дамжуулна. “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын ажилтнууд  хяналтын камераар хянаж ажиллана. Угаарын хийн дуудлага хяналтын камерт тухайн дүүргийн дугаар багийн дугаар тоотын Доржийнд угаарын хий гарлаа гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ мэдээллийг тухайн тойргийг хариуцаж буй байцаагчид мэдэгдэх, хөрш айлд мэдэгдэж яаралтай тусламж үзүүлэх мөн  холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж угаарын хордлогоос иргэдийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн болно. Одоогийн байдлаар 200 орчим айлыг нэг байцаагч хариуцаж байгаа.Тэгэхээр энэ бүх мэдээллийг тухайн хүний гар утасны дугаараар шууд өгөх боломжийг бүрдүүлж холбогдсон байгаа.

-Нийслэлийнхэн Тавантолгойн түлшийг хэрэглээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ түлшийг хэрэглэснээр ямар өөрчлөлт гарав?

-“Тавантолгой түлш” компанийн бүтээгдэхүүн сайжруулсан шахмал түлш өнөөдрийн байдлаар агаарын чанарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулсан. 2020-2021 оны өвлийн галлагааны үед агаарын чанар бага зэрэг бохирдсон. Энэ нь Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид тухайлбал холигч, хатаалт дээр бага зэргийн алдаа гарсан гэж үзэж байгаа. Энэ жил энэ алдаа гарахаас хамгаалж дээрх технологиудыг яаралтай өөрчлөх үүрэг өгсөн. Одоо өөрчлөлтийг хийгээд үйл ажиллагаа нь явж байна. Агаарын бохирдлын хувьд нөлөөлж байгаа хүчин зүйл бий. Байгаль, цаг уурын хүчин зүйл яах аргагүй нөлөөлдөг.

Энэ юутай холбоотой гэвэл дүн өвлийн хүйтэн арванхоёр, нэг, хоёрдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэр дэх агаар мандалд Сибирийн их даралтын орон (антициклон) тогтсоноор үүлгүй, салхи багатай үед газрын гадарга хөрж дулаанаа алдаж темпратурын инверс бүрэлддэг. Үүний улмаас агаар дээшээ сарниж сэлгэгдэх бус доошоо сууж олон эх үүсвэрээс гарч буй бохирдол тунарч хөдөлгөөнгүй тогтуун болдог. Тэгэхээр дор байгаа агаар сэлэгдэж чаддаггүйгээс бохирдол нэмэгддэг гэсэн үг. Газрын гадрагаас дээш хөөрсөн агаар эзэлхүүнээ тэлж темпратур нь буурдаг ерөнхий зүй тогтолтой боловч цаг агаарын тодорхой нөхцөл бүрдсэн үед эсрэг байдал үүсч дээшлэх тусам агаарын темпратур нэмэгдэх явдал ажиглагддаг. Үүнийг темпратурын инверс  гэж нэрлэдэг.

Темпратурын инверсийн эрчим хүчтэй инверс зузаан байх тусам агаар бохирдуулагч бодисуудын хөдөлгөөн тушигдан инверсийн давхаргад хуримтлагдаж агаарын бохирдол энгийн нүдээр харагдахуйц ихэсдэг юм.

Олон хоногоор инверс задрахгүй торгтвортой байснаас агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга орчим гэр хорооллын айл гал түлж байна гэдэг нь утаа гаргаж байна гэсэн үг. Өнгөрсөн жил нөлөөлсөн нэг хүчин зүйл нь цар тахлын үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 90 хувь зогсоход агаарын чанар харьцангуй бага байсан. Тэгэхээр тээврийн хэрэгслээс ялгарч байгаа агаар бохирдуулагч бодис өндөр байна. Нийслэлийн хэмжээнд 650 мянган тээврийн хэрэгслийн 90 гаруй хувь нь 10-аас дээш насжилттай хөдөлгүүртэй автомашин байна. Нэгдүгээрт, энэ нь муу бөгөөд хөдөлгөөүрт дутуу шаталт явагдаж байна. Хоёрдугаарт, 90 орчим хувийн тээврийн хэрэгсэл чинь Евро-2 шатахуун хэрэглэдэг учраас чанарын шаардлага хангадаггүй. Бүрэн шаталт явагддагүйгээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр олон жилийн насжилттай мотор, чанарын стандарт хангалтгүй  дутуу шаталттай шатахууны агаарт ялгарах хорт бодис нь өндөр байна.

Ийм зүйлүүд агаарыг бохирдуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлж байгаа II, III, IV цахилгаан станц, Амгалан дулааны төв, Сэлбэ дэд төвийн яндангаас гарч байгаа утаа, тоосонцор агаарыг бохирдуулж байгаа үндсэн эх үүсвэр нь болж байна.

Үндэсний хорооны дэрэгдэх эрдэмтдийн зөвлөлийн доктор, инженерүүд ч хэлдэг. Мөн олон улсын туршлага, бусад улс орны агаарыг бохирдлыг бууруулах туршлагыг судлахад түлш, зуух, яндангаа сайжруулах ёстой юм байна. Түлш, зуух, яндан гурав гурвуулаа сайн байж агаарт ялгарах хорт бодис багасна. Тэгэхээр бүрэн шаталттай зуухыг шаардлага хангасан долоон аж ахуйн нэгжийн 8-9 зуух байна. Үүнээс илүү монгол инженерүүдийн хийсэн зуухнууд ч байна. Энэ зуухнуудыг нийслэлийн гэр хорооллын айлуудад хэрэглүүлэх асуудлыг тавьж байгаа. Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний шинж чанарыг үзвэл өндөр илчлэгтэй түлш юм. Өнөөдрийн байдлаар 2-3 жил өндөр илчлэгтэй нүүрсийг энгийн зууханд шатаахаар лист төмөр нь нимгэрч, гагнаасаараа салсан зэрэг нөхцөл байдалтай байна. Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлш дутуу шатахаар угаарын хий, тоосонцор нэмэгддэг. Үүнээс болж иргэд угаартах нөхцөл үүсч байгаа. Тиймээс түлшийг бүрэн бүрэн шаталттай болгохын тулд зайлшгүй стандартын зуух, ионжуулан утаа шүүх яндантай болох шаардлагатай байгаа юм.

“Гэр хорооллын айлуудад стандартын шаардлага хангасан зуух нэвтрүүлэх шаардлагатай”

Сүүлийн үед угаарын дуудлага нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэл хотод энгийн зуухны хэрэглээг хориглох шийдвэр гарчээ. Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа. 

-Угаарын дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулаад энгийн зуухны хэрэглээний асуудал яригдаж эхэллээ. Энэ тал дээр НМХГ-аас ямар арга хэмжээ авч байна вэ?

-2021-2022 оны хувьд ид галлагааны улирал дууссан.Өнгөрсөн өвөл өмнөх хоёр жилийнхтэй харьцуулахад гадаад орчин дахь агаарын бохирдол өндөр байна гэсэн асуудал Засгийн газрын төвшинд яригдсан.Энэ хүрээнд түлшийг стандартын шаардлагад хангаж байгаа. Гэхдээ стандарт нь өөрөө муу байна гэсэн саналыг  Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороонд хүргүүлсэн. Нэгдүгээрт,стандартаа сайжруулах асуудлыг ярьсан. Хоёрдугаарт, айл өрхийн зуухны асуудал байна. Бид  Нийслэлийн Агаар,орчны бохирдолтой тэмцэх газартай хамтраад нэлээдгүй зуух дээр туршилт хийж үзсэн. Энгийн болон стандартын зуух. Ингээд харьцуулаад үзэхээр нийт тоосжилт стандартын зуух дээр 62.3 хувь бага, нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий 48.9 хувиар стандартын зууханд бага гэж гарч байна. Хүхэрлэг ба давхар исэл нь 37.3 хувиар бага, азотын исэл 21.2 хувиар бага гээд стандартын зуух, уламжлалт зуух дээр түлшийг гадаад орчинд агаарыг хэрхэн  бохирдуулж байгааг гаргаж байна. Мөн стандартын зуух ашигласнаар айл өрхөд ямар хэмнэлт үүсч байна гэдгийг үзсэн. Яг адилхан төвшин, яг адилхан орчинд түлээд үзэхэд уламжлалт зууханд 2-3 цагийн хугацаанд 5 кг сайжруулсан түлшийг түлж байна. Тэгвэл сайжруулсан зуухан дээр  3-5 цагт түлж байна. Үүнийг хоногт 4-5 удаа түлдэг гэж тооцохоор өдөрт 5-10 кг, сард 200-300 кг буюу 8-12 шуудайг айл өрх хэмнэх боломжтой байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлээд үзэхэд нэг шуудай  3750 төгрөгөөр бодохоор 180-270 мянган төгрөг нэг жилдээ хэмнэж болно.

-Хэмнэлтийн хувьд сайн тооцоо гарчээ. Гэхдээ айл өрхүүд шууд уламжлалт  зуухаа солих эдийн засгийн боломж байхгүй шүү дээ. Энэ тал дээр тооцоо судалгаа хийсэн үү?

-Стандартын зуух үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, импортлогчидтой уулзлаа. Та нарын оруулж ирүүлдэг зуух ямар үнэтэй байна гэхэд таван зуун  мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгэхээр айл өрхүүд 2-4 жилийн дотор зуухныхаа өртөгийг нөхөж болохоор байгаа. Орчны бохирдолтой тэмцэх Үндэсний хороонд энэ асуудлыг уламжилсан. Засгийн газраас хөнгөлөлттэй гаргадаг зээлүүд болон  ногоон зээлээрээ зуух үйлдвэрлэгчдээ дэмжиж өгөөч гэсэн. Ингээд айл өрхөд зээлээр өгөх арга байвал, хэрэгжүүлэхгүй бол ирэх оны өвөл бид түлшин дээр анхаарсан ч зуух хэвээр байвал  гадаад орчны бохирдол хэвээр байна гэдгийг хэлсэн. Бид сайжруулсан түлшийг хэрэглэхдээ стандартын зуух буюу сайн зууханд хэрэглэхгүй бол агаарын бохирдол буурахгүй гэсэн тооцоо бий.

-Анх угаартаж байгаа нөхцөлд буруу галлаж байна гэсэн асуудлыг ярьж байсан. Одоо зуухныхаа асуудлыг ярьж байна. Туркээс нэг зуух оруулж ирсэн.  Таны хэлснээр 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгөөр худалдах зуухыг ногоон зээлд хамруулна гэж ярилаа. Ногоон зээлийн асуудал шийдэгдсэн үү, үгүй юү?

-Эхний жилд угаарын хий алдаж байхад уламжлалт зуух ч байсан, стандартынх ч байсан. Энэ бол хэрэглээ. Өмнөх түүхий нүүрстэйгээ хэрэглэдэг зангаараа өөрөөр хэлбэл, түүхий нүүрс түлчихээд хүүхээгээ хаачихдаг.Энэ нь тухайн түлш агаар их шаардаж шатдаг учраас угаар үүсээд байсан. Тэр үед хэлж байсан.Зуух голохгүй байна, гэхдээ дотоод орчноо хордуулаад байна гэж. Хэрэглэгчид галлагаан дээр анхаардаг болсон. Ногоон зээлийг гаргах санхүүжүүлэх асуудал бодлогын хэрэгжилтийн газар яам шийдэх байх. Мэргэжлийн хяналтаас тавьж байгаа шаардлага бол энэ зуухан дээр энэ түлшийг түлсэнээрээ гүйцэд шатаахгүй, гадаад орчин бохирдуулдаг, айл өрхийн эдийн засагт хохиролтой байна гэж үзсэн.

-Нэг ойлгомжгүй зүйл байна. Нийслэлд энгийн зуухны хэрэглээг хориглохоосоо өмнө эхлээд тэдэнд үнэгүй олгох боломжийн талаар судалж үзсэн үү.  Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Сайжруулсан түлшийг  2019 оноос  хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод стандартын бус уламжлалт зуух худалдахыг 2016 онд гаргасан шийдвэр. Харин түлшний асуудал бол 2019 онд гарсан. Үнэ өртөгийн хувьд бид шийдэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргаж байгаа асуудал бол уламжлалт зуухан дээр сайжруулсан түлш гадаад орчинд 62.3 хувиар бага байна гэж үзсэн.

-Ерөнхий сайд  Н.Алтанхуягийн Засгийн газрын  үед сайжруулсан түлш оруулж ирсэн. Тэр үед агаарын бохирдол буурсан уу. Хоруу чанар нь үзэгдэх харагдах нөхцөл үнэр нь ямар байсан бэ. Иргэд зуухтайгаа яагаад ноцолдоод байгаа юм гэсэн шүүмжлэлийг хэлж байна?

-2011-2012 оны  үед Улаанбаатар хотын иргэдэд зуухыг үнэгүйгээр тарааж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод стандарт зуух гэвэл 40 хувийг эзэлж байна. Үлдсэн нь уламжлалт зуух. 2019-2020 онд түлшний чанарын асуудалд анхаарч ихээхэн ажилласан. Гэтэл өнгөрсөн жил гадаад орчинд гадаад  бохирдол нэмэгдсэн. Бид туршилт хийсэн. Яг ижил орчинд хоёр зуухан дээр түлээд үзэхээр бодит лабораторийн шинжилгээнээс харахад уламжлалт зуух дутуу шатаагаад байна. Сайжруулсан түлш нь хүний биед сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангаж байна, дотоод орчиндоо угаар үүсгэнэ, гадаад орчинд хүний биед аюулгүй гэж гаргасан. Энэ лабораторийн дүн эргэлзээтэй байж магадгүй гээд бид буцаагаад явуулсан. Бид сая зуухан дээр хийсэн туршилтыг үзэхэд бодитойгоор Монгол Улсад байгаа лабораторын шинжилгээгээр батлагдсан. Эхний жилд төгс хийсэн гэх зүйлгүй. Шат дараалан шалтгааныг нь тодруулаад явж байгаа.

-Шалтгаан нөхцөлөө олоход хугацаа их шаардсан гэж танд санагдахгүй байна уу?

-2019 онд эхэлсэн төсөл. 2020, 2021 онд цар тахал гээд бүх зүйл зогссон.

-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны саналын хариу хэзээ гарах вэ. Ирэх намар хүйтний улирал эхлэнгүүт айл өрхүүдийн зуухыг зайлшгүй солих шаардлага гарч байна гэж ойлголоо. Энэ тохиолдолд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжээд зуухыг нь худалдаад авах боломжтой юу? 

-Үйлдвэрлэгч болон импортлогчдоо хамтад нь дэмжих байх. Үнийг буулгах асуудлыг Засгийн газар шийднэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэвшүүлж байгаа санал нь сайжруулсан түлшийг гадаад орчинд гарч байгаа угаарыг нь багасгахын тулд стандартын зуух ашиглахгүй юм бол болохгүй гэдгийг хэлж байгаа. Шийдвэр нь яаж гарах нь бодлогын яамны асуудал. Мэргэжлийн байгууллага хяналт шалгалтынхаа үр дүнд энгийн зуухан дээр түлсэнээс сайжруулсан зуухан дээр түлсэн нь хамаагүй илүү бүрэн шатаагаад утаагаа бага гаргаж байгаа гэсэн саналыг хэлсэн.

Хуваалцах:

“Хажуугаасаа халдаг ханан пийшингийн хугацаа дууссан”

0

“Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргалтай ярилцлаа.
– Галлагааны улирал дуусч байгаа хэдий ч энэ цаг мөчид угаартах байдал гарсаар байна. Үүний шалтгаан нөхцөлийн талаар ярилцах уу?

– Гадаа дулаарч байгаатай холбоотой гаднах температур гэрийн доторх температур хоёрын зөрүү адилхан учраас яндангийн таталт мууддаг. Үүнээс болоод дулааны улиралд угаарын дуудлага ихсэх хандлагатай байдаг. Угаартаж байгаа дуудлагаас харвал хавар, намрын улиралд ихэсч буй нь судалгаагаар харагдаж байна.
– Өнөөдрийн байдлаар хэчнээн угаарын дуудлага ирээд байна вэ?

– Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд нийтдээ 30 гаруй удаагийн дуудлага 103-аар дамжуулж ирдэг. Энэ тохиолдолд манайх угаартсан айл өрх дээр очоод ямар шалтгаанаар угаартсаныг тодруулдаг. Өдөрт хоёроос гурван айл өрхийн гишүүд угаарын хордлогод орсон нь ажиглагдаж байна.
– Үүний шалтгаан нөхцөлийг тайлбарлаж өгөхгүй юү?

– Угаартсан айл өрхүүдэд манай засвар үйлчилгээний багийнхан очиж засвар үйлчилгээний асуудлыг тодруулдаг. Үүнээс харахад нэгдүгээрт, иргэдийн хайхрамж болгоомжгүйгээс болдог бөгөөд яндангийнхаа хаалтыг хааж унтах, хоёрдугаарт, хэрэглэгчдийн ашиглаж буй зуухны битүүмж маш их алдагдсан байна. Өөрөөр хэлбэл, стандартын биш зууханд гал түлж байгаад угаартах шалтгаан болж байна гэсэн үг. Мөн ханан пийшингийн насжилтаас хамаараад шаардлага хангахгүй учраас угаартах нэг шалтгаан болоод байгаа.
– Нийслэлд өнөөдрийн байдлаар гэр хорооллын 220 мянга орчим айл өрх амьдардаг гэсэн тооцоо бий. Эдгээр айл өрхийн хэчнээн хувь нь зориулалтын бус тодруулбал ханан пийшинтэй айл байдаг юм бэ?

– Бид сайжруулсан түлш хэрэглэдэг хэрэглэгчдээс намар галлагааны улирал эхлэхээс өмнө зуухны нөхцөл байдлын судалгаа авдаг. Энэ судалгаанд 190 гаруй мянган өрх хамрагдсан. Эдгээр өрхөөс стандартын бус энгийн монгол аргаар хийсэн зуухтай өрх гэхэд 89 мянган айл өрх байна. Үүнээс гадна зуухны гэмтэлтэй, зуух нь ямар нэгэн хэмжээгээр битүүмж алдагдсан 80 гаруй мянган өрх айл бий. Энэ нь стандартын бус зуухтай байна гэдэг нь түлш өөрөө бүрэн шаталт явагдахгүй учраас утаа их ялгарч байна. Хоёрдугаарт, бүрэн шаталт явагдахгүй байгаа учраас угаартах эрсдэлд орж байна.Ерөнхийдөө эдгээр 190 гаруй мянган өрхөө судлаад үзэхээр 100 орчим мянган өрх нь байшин сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 90 гаруй мянга нь монгол гэрт амьдардаг. Үндсэндээ 55-60 хувь нь байшинд, 45-50 хувь нь монгол гэрт гэсэн үг. Монгол гэрт амьдарч байгаа айл өрхөөс өнөөдрийн байдлаар стандартын шаардлага хангасан зуухтай нь ховор. Өмнө нь батлагдсан Mns 5216:2016 стандарт гэж бий. Энэ стандартыг монгол гэрт амьдарч байгаа айл өрхийн зуух хангахгүй байна гэж үзээд байгаа.
– Угаартах гол шалтгааны нэг бол зуухны хэрэглээ гэж ойлголоо. Тэгвэл сүүлд шинэчилсэн зуухнууд хэр шаардлага хангаж байна?

– Бид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд гурван жил гаруй жил байна. Энэ төсөл бол дунд хугацааны маш том төсөл байсан. Төсөл амжилттай хэрэгжсэн. Нэгдүгээрт бидэнд цаг хугацаа бага, хоёрт эдийн засгийн хувьд боломжгүй байлаа. Энэ төсөлтэйгөө давхцуулаад иргэдийнхээ зуухны асуудлыг хамт шийдээд явсан бол өнөөдрийн яриад байгаа утааны асуудал, угаарын нөхцөл байдал багасах байв. Сайжруулсан түлш өөрөө өндөр градуст халдаг. Тиймээс айл өрхийн стандарт бус зуухнууд чинь өндөр градуст халаад, хоёр гурван жил түлэхээр битүүмж нь алдагдчихсан байдаг.Ямар нэгэн байдлаар задрах юм уу, сорогдоод зуухных нь хажуу тал цоорсон тохиолдлууд олон. Энэ нь сайжруулсан түлшийг бүрэн шаталттай, сайжруулсан зууханд түлэх шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийтдээ бидний судалгаа авсан 90 гаруй мянган өрх айлаас 20 орчим хувь нь л зориулалтын бүрэн шаталттай төслийн зуухтай. Бид угаартсан айл өрх дээр судалгаа хийгээд үзэхээр зориулалтын зууханд гал түлсэн айл угаартахгүй. Угаартаад байгаа айл өрх бол зориулалтын бус, стандарт бус энгийн монгол зууханд гал түлж тэр нь маш их битүүмж алдагдснаас болж угаартаж байна. Энэ нь нийт угаарын дуудлагын 90 орчим хувийг эзэлдэг.

– Иргэдийн хувьд мэдээлэлтэй байх нь чухал. Зуухны аюулгүй байдалд хэр мэдээлэлтэй байгаа бол?
– 2009 онд анх сайжруулсан түлш гарч түлж байснаас харахад иргэдийн мэдээ, мэдээлэл харьцангуй сайжирсан. Нэгд, түлшээ стандарт горимоор нь түлэх ёстой юм байна. Хоёрт, зуух стандарт байх ёстой, ямар нэгэн битүүмж алдагдахгүй, угаар мэдрэгчийг байнга ажиллуулах ёстой энэ нь бидний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа гэсэн мэдээлэл харьцангуй сайжирсан. Гэхдээ зарим нэг иргэд амьдралынхаа боломжоос шалтгаалаад зуухаа шинэчлэх, яндангаа солих ажлыг хийж чадахгүй байгаа хэсэг хүмүүс бий. Амьдралын боломж тааруу нэн ядуу, өрхийн орлого муу байгаагаас зуухаа шинэчилж чадахгүй байна. Хэдийгээр өнөөдөр 89 мянган өрх айл стандарт бус зуухтай, 80 гаруй мянган өрх ямар нэгэн байдлаар битүүмж алдагдсан зуухтай байгаа ч нийт гарч байгаа угаарын дуудлагын өртөөд байгаа бүлэг бол үндсэндээ таван хувь. Тэгэхээр стандарт бус зуухтай боловч түлшээ түлнд сурчихсан, угаарын хийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалаад сурсан байна. Дээр нь бид технологийн шийдлээр тухайн айл өрх дээр ялгарч байгаа угаарыг шууд дэлгэцэн дээр хянадаг болсон учраас энэ бүхэн цогцоор шийдэгдэж байгаа учраас харьцангуй угаарын дуудлага багасч байгаа.

– Стандартын зуухтай болоод стандартын дагуу галлагаагаа хийгээд ирвэл агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломжтой бол?
– Мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж байна. Манайх бол хэрэглэгчдийнхээ хэрэглээн дээр бодит байдалд ямар байгаа талаар судалгаа хийдэг. Үндсэндээ 160 гаруй мянган айл өрхийн зуух стандарт бус. Үүнийг зориулалтын бүрэн шаталттай зуухаар солих юм бол нэгд, угаартах эрсдэл арилна. Хоёрт, энэ хэмжээгээр зориулалтын зуух чинь бүрэн шаталт явуулна, давхар шатааж байгаа учраас агаарын бохирдол тэр хэмжээгээр буурна. Бид өдөр бүр хэрэглэгчтэйгээ байнга холбогддог учраас өнгөрсөн өвөл гэнэт утаа ихэслээ гээд яриад эхэлсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагууд олон талаас нь авч үзсэн. Бидний хувьд хариуцаж ажиллаж байгаагийн хувьд энэ утааны тодорхой хувь нь 80 гаруй мянган айл өрхийн яндан түлшээ бүрэн шатаахгүй, утаагаа давхар шатаахгүй байсан учраас тэр хэмжээгээр утаа ингэж гарч байна гэж тодорхойлсон. Тиймээс утаа ихэссэн нэг шалтгаан нь зуух яндантай холбоотой. Угаартсан айл өрх дээр очоод үзэхээр дандаа ханан пийшинтэй байдаг. Энэ ханан пийшинд чинь төслийн зуухууд төдийлөн нийцдэггүй. Хоорондоо зохицдоггүй. Бүрэн шаталттай сайжруулсан зуух босоо яндантай шууд таталттай байдаг байхад гурван худагтай, холимог худагтай пийшингүүд бий. Тэр пийшиндээ хүчээр холбосон байдаг. Тэгэхээр үүний таталт нь муудаад угаартах эрсдэлийг үүсгэдэг. Мөн айлд орохоор ханан пийшин өмхий утаа тортог үнэртдэг. Энэ нь олон жил болсон ханан пийшингийн угаар. Өнөөдөр нийгмийнхээ хөгжлийг дагаад ханан пийшингээс ангижрах цаг болсон. Яагаад гэвэл бид өнөөдөр ханан пийшингүйгээр өөр байдлаар дулаанаа шийдэх боломж бий. Жишээ нь, нам даралтын зуух байж болно. Цахилгаан эрчим хүч, зориулалтын зуухаа тавьж болно. Хэрэглэгчид стандартын зууханд галлагаа хийх ёстой. Энэ шаардлагыг өндөрт тавих хэрэгтэй байна. Мөн насжилт “өндөр” болсон ханан пийшингээс ангижрах зайлшгүй шаардлага бий боллоо.
– Өнгөрсөн хугацаанд айл өрхүүд ханан пийшинтэй галлагаагаа хийсээр ирсэн. Одоо эрсдэл нь илүү болчихлоо гэж мэргэжлийн үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ нөхөлд ямар технологийн шийдлийг төлөвлөж байна вэ?

– Ер нь айл өрхүүдийн ханан пийшинг жижигхэн дулааны станц гэж ойлгож болно.Өмнө нь ханан пийшин байж байсан, түүхий нүүрсийг түлээд утаа нь ялгарч харагддаг байсан учраас иргэд угаартахаас сэргийлээд хаалга цонхоо онгойлгоод хүчилтөрөгч оруулдаг байсан. Гэтэл сайжруулсан түлш үнэртэхгүй, утаа ялгарч байгаа нь харагдахгүй,энийгээ мэдэхгүй угаарын хийнд өртөөд байгаа юм. Яагаад ханан пийшин болохгүй болчихов гэхээр сайжруулсан түлш өөрөө зориулалтын бүрэн шаталттай зууханд түлэх ёстой. Маш өндөр градуст халдаг учраас ханан пийшинтэйгээ нийцэхгүй. Тийм учраас л сайжруулсан түлшийг стандартын зууханд түлье гээд байгаа юм. Хоёрдугаарт, энэ зуух өөрөө ханан пийшинтэй нийцэхгүй учраас шинэчлэх шаардлагатай. Өмнө нь болж байсан. Орчин үеийнхээ хөгжилтэй нийцэх хэрэгтэй юм.

эх сурвалж: tumen.mn

 Үндэсний морин хуур хөгжмийг стандартчилна

0

Стандарт, хэмжил зүйн газарт

10:00 цагт Үндэсний морин хуур хөгжмийг стандартчилна.

Монголын уран зургийн галерейд

чөлөөт уран бүтээлч С.Болормаа “Торгоны хээ” зүймэл торгон урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ.

Төрийн ордонд

10:00 цагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн болно. Салбарын сайд З.Мэндсайхан “Хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл сонсгоно.

11:00 цагт Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана. Сангийн сайд мэдээлэл хийнэ.

10:00-15:00 цагт УИХ-ын Байнгын хороод хуралдана.

Хэвлэлийн хүрээлэнд

11:30 цагт “Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийг бууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлнэ.

Мэдээлэл холбооны сүлжээ компанийн байранд

11:30 цагт бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат -2022” үндэсний V тэмцээний үр дүнг танилцуулж, ялагч нарт шагнал гардуулна.

Монголын Бурхны Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд

12:00 цагт Дээрхийн гэгээнтэн Далай Ламын амьдрал, үйлсийг толилуулах “Даян дэлхийн энэрэл хайр” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Сүхбаатарын талбайд

13:00 цагт “Финансхолдинг” ХХК-ийн захирал Б.Энхцэцэг махны экспорт болон энэ салбар дахь шударга бус, хууль бус явдлыг өөгшүүлсэн ХХААХҮЯ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн иргэн, аж ахуйн нэгжийг хэрхэн хохироож, авлига авдаг талаар мэдээлэл хийнэ.

Холидэй Инн зочид буудалд

16:00 цагт Монголын Хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий гуравдугаар шатны тоглолтуудаа энэ сарын 8-14-нд Палестин, Филиппин, Йемений шигшээ багтай хийх талаар мэдээлнэ.