Сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн хэмжээнд 450 цэгээр нь өнөөдрөөс борлуулж эхэллээ. Галлагааны улиралд нийт 650 цэг ажиллахаас өнөөдөр 450 цэгийг нээсэн бол ирэх сарын 1 гэхэд үлдэгдэл цэгийг нээн ажиллуулах юм. Сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй, 3750 төгрөгөөр зарагдаж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш компани 110 мянган тонн сайжруулсан шахмал түлш, 200 мянган тонн мидлинг нөөцлөөд байна. Энэ жилээс Налайх дүүргийн айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлж байна. Тус дүүрэгт борлуулалтын 32 цэгээр 7800 айл өрхөд сайжруулсан шахмал түлшээр үйлчлэх аж.
Зуухны БОРТОГО буюу түлш хэмнэгчийг хэрэглээнд нэвтрүүлж эхлэлээ
“Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн хамт олон Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад түлш хэмнэх БОРТОГО суурилуулах ажлыг эхлүүлээд байна.
Ингэснээр хэрэглээний түлшний 50-60 хувийг хэмнэж, утаагаа зуухан дотроо бүрэн шатаан угаар гаралтыг эрс багасгаж, шаталтын явцад үүссэн утааны эвгүй үнэр байхгүй болох давуу талтай юм. Энгийн зууханд нэг удаагийн хэрэглээний түлшээр 4-6 цаг дулаанаа барьдаг байсан бол бортого хэрэглэснээр 8-12 цаг дулаанаа барих боломж бүрдэж байна. Бортогыг гэр хорооллын уламжлалт зуухтай айлуудад үнэ төлбөргүй суурилуулж өгч байна. Уламжлалт зуух нь олон жилийн хэрэглээнээс үүдэн битүүмжлэл алдагдаж, хуучирч муудан, өндөр илчлэгтэй түлш хэрэглэхэд дутуу шаталт үүсгэх, угаартах эрсдэл өндөр байдаг. Харин бортого хэрэглэснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аюулгүй байдал талдаа эрсдэл багатай юм.
Бортогыг Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутаг дэвсгэрийн уламжлалт зуухтай 68 айлд суурилуулаад байгаа бол тус дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг уламжлалт зуухтай айлуудад суурилуулах ажил ид өрнөж байна. Нийтдээ 30000 ширхэг бортого суурилуулахаас Сонгинохайрхан дүүрэгт 12000 ширхэгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.
Бортогыг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн сонгогдсон хороодын 25-30 см өндөртэй монгол зууханд үнэ төлбөргүй суурилуулж байгаа бөгөөд иргэд 3 хоногийн өмнө “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн 70119410 утсанд хандаж хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийн дагуу тухайн айлын зуухны нөхцөл байдалд тохируулан бортого суурилуулах эсэхийг шийдэх аж.
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК МИДЛИНГЭЭ ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
“Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний хүчирхэг хөдөлгүүр Монгол Улсын хөгжүүлэхийн төлөө зүтгэж эхлэлээ”
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн анхны хүнд даацын төмөр замын нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн хэлж, энэ төмөр замыг хөгжлийн зам гэдгийг онцолсон билээ. Энэ үйл явдалтай шил даран Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ.
“Энержи ресурс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээ нийслэлчүүдэд үнэ төлбөргүй өгч буй. Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон угааж баяжуулсан нүүрсийг Тавантолгой төмөр замын гаалийн талбайд овоолго үүсгэж, тэндээсээ төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүллээ. Тавантолгойгоос нүүрс ачсан галт тэрэг 460 гаруй км замыг туулж Улаанбаатарыг чиглэсэн төмөр замтай нийлнэ. Ингэхдээ Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын эзэмшилд буй ган замаар дамжиж 7-8 хоногийн дараа Улаанбаатар хотод хүрнэ. Анхны тээвэр учраас тэд хоног яваад тэдний өдөр очно гэсэн нарийн хугацаа хэлэх боломжгүй аж. Харин энэ тээвэр амжилттай болсоноор дараа дараагийн тээврийн хугацаа нарийвчлан тодорхойлогдоно. Хамгийн чухал нь тээврийн зардал тонн тутамдаа 40 хувиар буурах боломжтой гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байна.
Тээврийн зардал буурахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл ч буурах юм. Мидлинг тээврийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дундговь, Төв аймгийн нутгаар дамжуулан авто замаар тээвэрлэдэг. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш авто замаар тээвэрлэж буй. Хүнд даацын автомашины хөдөлгөөн их байгаа нь замын даацад сөргөөр нөлөөлж, зам эвдрэх, эдэлгээний хугацаа богиносохоос эхлээд хүний амь нас эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл бишгүй. Тиймээс төмөр замаар хэдий хэмжээний тээвэр хийнэ тэр хэрээр байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурна гэсэн үг юм.
Төмөр замын тээврийг эхлүүлснээр авто замаар тээвэрлэж байгаа тээврийг зогсооно гэсэн үг биш ээ. Тавантолгой өртөөнөөс хөдөлсөн 50 вагон буюу 3500 орчим тонн нүүрс нь нийслэлчүүдийн нэг хоногийн л хэрэгцээг хангахуйц шахмал түлш болно. Тэгэхээр авто замын тээврийг зайлшгүй давхар хийх учиртай. Мөн нөгөө талдаа нүүрс ачих вагоны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан нар Тавантолгой түлш ХХК-д ажиллах үеэрээ хэлсэн билээ. Хэдий даацын төмөр замаар тээвэр эхлүүлж байгаа ч Улаанбаатар төмөр замын даац нь вагоны нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг аж. Тиймээс нэг вагонд 65 тонноос хэтрүүлэхгүй ачих ёстой гэнэ.
Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Тодорхой нөөц бүрдүүлсний дараа авто замаар тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээг төмөр замаар тээвэрлэж эхэлбэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох аж. Төмөр замаар тээвэрлэн ирсэн түүхий эдийг баруун, зүүн үйлдвэрийн бүсэд буулгана. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн өндөрлөсөн тавцан бүхий төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн. Баруун бүст байсан хуучин төмөр замыг даацын бетон суурьтай болгож засч янзалсан бол зүүн бүст шинээр бүрэн цутгамар даацын тавцан бүхий төмөр замыг ашиглалтад оруулаад буй. Ирэх сарын дундуур бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэллээ.
Ийнхүү хөгжлийн төмөр замаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний тээврийг амжилттай эхлүүллээ.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ
Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2022.09.10/ боллоо. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцов.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг ажлуудын тухай мэдээлэл өгснөөс гадна Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг хэллээ.
Өдөрлөгийн үеэр компанийн үйл ажиллагаа болон компаниас хэрэгжүүлж буй “Сая тонн – Сая мод” хөтөлбөр, “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажилчдын “Green center” төсөл болон боловсролыг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулав.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2022.09.09/ боллоо.
2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.
Засгийн газрын 2018 оны 242 тоот дээрх тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдсан бол 2019 оны 304 тоот тогтоолоор тус компанийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлж, төслийн санхүүжилтийг хариуцах үүрэг өгсөн. Үүний дагуу Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөлд өнөөдрийн байдлаар 2,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам бөгөөд жилд дунджаар 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нүүрс тээврийн өртөгийг 3.8 дахин багасгахаас гадна улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төлнө.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор:
- БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 5 дахин буурна.
- Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
- Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
- Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
- Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. -2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
- Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлнэ.
Монгол Улсын их сургууль Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав
Дээд боловсролын ууган байгууллага-Монгол Улсын их сургууль 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эш хөрөг залах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус сургуулийн удирдлагын баг, эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчдийн төлөөлөл болон бусад хүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гаргасан.
Зарлигт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр дээдлэн залахыг тусгасан юм.
НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ҮНДЭСНИЙ СТАНДАРТ БОЛГОН БАТЛУУЛЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санаачилгаар Олон улсын ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоог Монгол Улсын стандарт болгон батлууллаа.
MNS ISO 37301:2022 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг “Монсертф” ХХК-ийн аудиторууд өнөөдөр /2022.09.01/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт гардууллаа.
Энэхүү стандарт нь байгууллага холбогдогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг харгалзан комплайнсын соёлыг бий болгож, комплайнсыг байгууллагынхаа соёл, ажилчдын хандлагад шингээх замаар хэрэгжүүлдэг.
Байгууллагын хэмжээнд нэвтрүүлсэн, үр дүнтэй, комплайнсын тогтолцоо нь тухайн байгууллагад холбогдох хууль тогтоомж, журам, салбарын дүрэм, байгууллагын стандарт, сайн засаглалын стандарт, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг туршлага, ёс зүй, амлалтаа харуулах боломжийг олгодог.
Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд мөн групп компаниуд, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг уриалж байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК боловсролыг дэмжих хөтөлбөрөө зарлалаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.
Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг улсын хэмжээнд болон орон нутгийн буюу Өмнөговь аймгийн харьяат оюутнуудын дунд зарлаж байна.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн Боловсролыг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд доорх мэдээлэлтэй танилцаарай.
Улсын хэмжээнд:
Өмнөговь аймгийн хэмжээнд:
Хүүхдийн амь насыг эрсдэлд оруулан байж соёл уламжлалаа хадгалдаг улс манайхаас өөр байхгүй
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунантай ярилцлаа.
-Энэ оны эхний хагас жилийн байдлаар танай байгууллагаас хүний эрхийн чиглэлээр судалгаа хийсэн үү?
-Энэ оны эхний хагаст Комисс хэд хэдэн судалгаа, шинжилгээ, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Хүний эрхийн хэрэгжилтийг тодорхойлох үзүүлэлт, индекс боловсруулах ажлын хүрээнд харьцуулсан судалгаа, шинжилгээний ажил, “Ахмад настны эрх, хамгаалал”, Төрийн тусгай албан хаагчид болон Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судалгаа, Их дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн судалгаа, Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын хяналт-шинжилгээ, үнэлгээ гэх мэт. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Эдгээр хяналт шалгалт, судалгааны ажил бүтэн жилийн турш хийгдэх тул үр дүн нь оны эцсээр тодорхой болно. Судалгаа, шинжилгээ, хяналт шалгалтын үр дүнд анхаарал татсан асуудлуудыг 2023 оны ХЭҮК-ын УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд оруулна.-Улсын баяр наадам дуусч, аймаг сумдын баяр наадмууд үргэлжилж байна. Энэ жилийн морь унаач хүүхдүүдийн мэдээлэл ирсэн үү. Бэртэж гэмтэж, амиа алдсан тохиолдол бий юү?-Хоёр жил завсарласан наадам энэ жил зарим аймаг, сумын тэгш ойн баяртай давхцан нэлээн өргөн дэлгэр болж байх шиг байна. Унаач хүүхэдтэй холбоотой мэдээ эцэслэн нэгтгэгдээгүй л байна. Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд оролцсон хүүхэд амь насаа алдсан тохиолдол гараагүй. Харин сумын наадамд оролцсон нэг хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан мэдээ байна.
-Морь унаач хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? -ХЭҮК-оос хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарч хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмжийг эрх бүхий байгууллагуудад тогтмол хүргүүлж хяналт тавьж байна. Тухайлбал, ХЭҮК-оос 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр аймгийн Засаг дарга нарт, 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар дамжуулан орон нутгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нарт, сүүлд долдугаар сарын 22-ны өдөр “Их хурд”, бүсийн уралдаан зохион байгуулагдахтай холбогдуулан аймгийн Засаг дарга нарт тус тус зөвлөмж хүргүүлсэн. Мэдээж зөвлөмжөөс гадна Улсын наадам, “Их хурд”, бүсийн хурдан морины уралдаануудад хуваарийн дагуу ажиглалт хийж хяналт тавьж ажилласан.
-Цаг үетэйгээ нийлүүлэн уламжлалыг шинэчлэх тал дээр арга хэмжээ авах уу. Морь уралдах замын стандарттай болох, унаач хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангах, олон тооны машин уралдаан дагаж давхихгүй байх гэх мэт юу хийж болох вэ?
-Унаач хүүхдийн асуудлаар Комиссын ажлын хэсгийн илтгэх хуудас, цагдаагийн газар, гэр бүл, хүүхэд залуучуудын газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргана. Хичнээн үндэсний уламжлал байсан ч хүүхдийн амь нас хохирох, хүүхэд хүндээр бэртэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. XXI зуунд хүүхдийн амь насыг эрсдэлд оруулан байж соёл уламжлалаа хадгалдаг улс манайхаас өөр байхгүй л болов уу. Цаг үе өөр болсныг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Шаардлагатай бол морь уралдуулах стандарттай болъё. Сүүлийн эмгэнэлтэй явдлын шалтгаан нь морь нүхэнд бүдэрснээс болсон гэх мэдээ байна. Тиймээс ядаж морь унаж байгаа хүүхдэд эрсдэл үүсгэх бүхий л нөхцөлийг арилгах хэрэгтэй. Сая ажиглалт хийгээд явж байхад мэргэжлийн хяналт, хүүхдийн байгууллагын хяналт тавьж байгаа байдал бас л хангалтгүй байна лээ. Урт түрийгүй гуталтай уралдуулж байна. Явуулын станцтай оруулж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцагчаас “ Хүүхдийн анхаарал сарниулах юм биш үү” гэхэд “стандартад хориглоогүй” гэж байх жишээтэй. Түүнчлэн уралдааны үеэр морь үргээж болзошгүй гялгар уут, урт ташуур зэргийг хүүхэд авч уралдсан гэх зөрчлүүд ажиглагдсан. Ер нь томчууд бид өөрсдөө бас дүгнэлт хиймээр л байгаа юм. Сүүлдээ машины уралдаан шиг болж байна ш дээ. Тэгэхээр эдгээрийг шийдэх санал, зөвлөмжийг гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулна.
-Сүүлийн үед цэргүүд байнга бэртэж гэмтэж, амь насаа алдах боллоо. Энэ тал дээр ХЭҮК-ыг тэргүүлж байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-Үнэхээр харамсалтай. Хүний амь нас бол үнэлшгүй зүйл. Тийм учраас цэрэгт байна уу, шоронд байна уу, хүний амь нас хамгаалагдах ёстой. Манай улсад цэргийн захирах , захирагдах ёс , цэргийг ажил хөдөлмөрт сургах нэрийн дор хугацаат цэргийн албан хаагчидтай дүрмийн бус харьцах, тэдний эрх чөлөөнд халддаг явдлыг байх ёстой үзэгдэл мэтээр ойлгож, уламжлагдан ирсэн зохисгүй хандлага байсаар байна. Ер нь наад зах нь техник, технологи эрчимтэй хөгжиж байгаа орчин үед хууль бус тушаал, дүрмийн бус харилцаа, ер нь аливаа хууль бус үйлдэл баримтжуулагдаж илэрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас бодлогын түвшинд анхаарал хандуулж дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Цахим орчин залууст хүчтэй нөлөөлж байна. Залуусын онцлог, хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйн боловсролд анхаарах шаадлагатай байна. ХЭҮК-ын 2021 онд хийсэн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан. ХЭҮК цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудлыг 21 дэх илтгэлдээ хөндөж зөвлөмж гаргасан. Түүнийг үндэслэж 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр Улсын Их хурал 49 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
– Цаашид цэргийн ангиудад хүний эрхийг хангах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-ХЭҮК БХЯ-тай санамж бичиг байгуулсан. Э н э хүрээнд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх сургалт, соён гэгээрүүлэх, батлан хамгаалах салбарын хууль тогтоомж хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, батлан хамгаалах салбарт иргэний хяналтыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.
– Хамгийн сүүлд амь насаа алдсан тохиолдол 167 дугаар ангид гарсан. Тухайн ангид танай байгууллагаас 2021 онд хүний эрхийн сургалт хийсэн байна лээ. Гэтэл нэгхэн жилийн дараа цэрэг амиа алдлаа. Энэ мэт олон тохиолдол гарч байна. Танай байгууллагаас ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө болон ажлын хэсэг гарсан уу?
-167 дугаар ангийн цэрэг амь насаа алдсан асуудлаар Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа юм билээ. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүйгээр мэдээллийг нягтлах, холбогдох байгууллага, албан тушаалтнаас баримт , мэдээлэл гаргуулах зэрэг ажлуудыг хийж байгаа. Хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа илүү нарийн дүн шинжилгээ хийнэ.
Эх сурвалж: https://dnn.mn/
ХЭҮК улс төрийн намуудтай уулзаж, хүний эрхийн талаар ярилцлаа
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр улс төрийн намуудын төлөөллийг хүлээн авч уулзаж хүний эрх, эрх чөлөө, нам дахь жендэрийн эрх тэгш байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар ХЭҮК-т хийдсэн өөрчлөлтүүд нэмэгдэж, хүний эрхийн шинэ механизмууд болох хүний эрх хамгаалагчийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаа, ХЭҮК-оос төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд цаашид хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд улс төрийн намуудтай хэрхэн хамтарч ажиллах, улс төрийн намуудын хувьд тулгамдаж буй хүний эрхийн асуудал юу болох талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Мөн уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал-Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од улс төрийн нам дахь жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгсөн.
Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Х.Баасанжаргал, судлаач Г.Өлзийт, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг, Их эв намын дарга З.Бат-Отгон, ХҮН намын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Дэд дарга Б.Батмөнх, Хөгжлийн хөтөлбөрийн намын Сүхбаатар дүүргийн намын дарга Г.Сэлэнгэ, Зон олны намын даргын зөвлөх н.Цацрал, Ард түмний олонхийн засаглал намын дарга А.Батдорж, Монгол шинэчлэлт намын дарга Н.Жамсран, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ууганбаатар, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга н.Хандсүрэн, Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга А.Бархүү нарын төлөөлөл оролцлоо.