Home Blog Page 120

Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумыг ирэх жил Монгол Улсад зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Байгаль орчны бодлогын зөвлөх Н.Батхүү нар Швейцар Улсын Женев хотод төвтэй Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр 2023 онд Улаанбаатар хотноо Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форум зохион байгуулах талаар санал солилцлоо.

Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн экспортын хөгжлийг дэмжихэд талуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, ажил хэрэгч санал, санаачилга чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Ялангуяа Монгол Улс богино хугацаанд экспортыг огцом нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа энэ үед олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах нь хөрөнгө оруулагчдыг татах ач холбогдолтойг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд энэ форум чухал хувь нэмэр оруулахыг онцлов.

Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумд дэлхийд танигдсан, нэр хүндтэй шилдэг мэргэжилтэн, улс төрийн зүтгэлтэн, хөрөнгө оруулагчид оролцдог юм.

ЦАНХИ ХОТХОНД ХОГ ХАЯГДЛЫГ ШАХАЖ, ЖИЖИГЛЭН САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар санаачилснаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах /преслэх/ зориулалтай төхөөрөмжийг 2022 оны 9 дүгээр сараас “Цанхи” хотхонд ашиглаж эхэллээ.

Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж байна.

Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут зэрэг хуванцар хог хаягдал нь байгальд устдаггүй, 200-400 жил оршдог хор уршигтай нь судалгаагаар тогтоогдсон аж.

Ийн компаниас хог хаягдлыг преслэх болж буй нь  хаягдлыг байгаль орчиндоо хаягдалгүй түүвэрлэж, ангилан ялгахаас гадна овор хэмжээг багасгаж, тээвэрлэхэд хялбар болж байгаа ач холбогдолтойг холбогдох мэргэжилтнүүд тайлбарлав.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2040 оны мөрийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар онцгойлон тусгаж заасныг хэрэгжүүлэхэд компаниас үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаагаараа давуу талтай болж байна.

 

 

НҮҮРС ЭРЧИМ ХҮЧНИЙ ГРУППИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛНА

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил” сэдэвт Засгийн газрын цаг, “Нэн тэргүүнд аюулгүй байдал” бага хурал, “Mongolia mining 2022” хөрөнгө оруулалтын форум, “EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд” бага хурал, “Гүний уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт” онол практикийн бага хурал, “Орон нутаг ба иргэдийн оролцоо” бага хурал, “Үйлдвэржилтийн төлөвлөлт”онол практикийн бага хурал, Степ арена дахь “Монголд үйлдвэрлэв” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээ зохион байгуулагдах юм.

“Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож буй бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нүүрс эрчим хүчний группийн дарга  Б.Ганхуяг  2022.09.21-ний лхагва гарагт “Нүүрс эрчим хүчний группийн стратеги төлөвлөгөө”-ний талаар танилцуулна. Мөн 2022.09.23-ний баасан гарагт “Нүүрсхүчлийн хийг бууруулах стратеги” сэдвээр илтгэл тавих юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв.

Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа.

Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв.

Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт-инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав.

НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна.

Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо.

Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн  урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв.

Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр:

  • Самаркандын тунхаглал,
  • Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг,
  • Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг,
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр,
  • ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө,
  • ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна.

Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, “Астана” Oлон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа

Орчны бохирдлыг бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны алба, ТТТ ХХК-ны ХҮА хамтран өвөлжилтийн бэлтгэл хангах, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, борлуулалт, түлшний карт, угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм.

“Сайн түлш”-ний ноцолт 8-12 цаг байдаг

Өчигдөр буюу 9 сарын 15-наас эхлэн нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдэд сайжруулсан шахмал түлш нийт 450 цэгээр худалдаалж эхлээд байна. Намрын сэрүүн өдрүүдэд монгол гэртэй айлууд галлагаатай л бол өрхөө бүтээхгүй байхыг сануулж байна. Учир нь илчлэг өндөртэй сайжруулсан түлш бүрэн шаталттай тул угаартах эрсдэл үүсдгийг сануулж байна.

Утаагүй, эрсдэлгүй, ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын  харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсын “гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцааг өргөжүүлэх, шат ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахиныг хамарсан цар тахал болон олон улсын харилцаанд тулгарч буй хүндрэлтэй цаг үед Турк Улсаас хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлээрх хүчин чармайлт нь мөргөлдөөнийг намжааж, бүс нутаг, олон улсад тогтвортой байдлыг сэргээхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ.

Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ онд хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгааг сайшаан тэмдэглэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпин-тэй уулзав.

Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг тус тусын хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмнээс Монголын ард түмэнд вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материалыг шуурхай нийлүүлж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал дэмжиж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ.

Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилга, “Талын зам” хөтөлбөрийг харилцан уялдуулж, “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов.

Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.

“Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.

Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ.

Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов.

Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.

Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.

Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.

Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно.

Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ.

Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв.

Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.

Борлуулалтын цэгүүдийн шахмал түлшний таталтыг 9 сарын 14-нөөс тасралтгүй тээвэрлээд эхлэлээ

“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриатай “Таван толгой түлш” компаний баруун бүсийн үйлдвэрээс өчигдөр орой 20 цагаас эхлэн тасралтгүй ачсаар 9 сарын 15-ны өглөөний 8 цаг гэхэд нийт давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765тн түлшний таталт хийгдсэн байна.

Хотын зургаан дүүрэг Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд нийт 450 борлуулалтын цэгүүд шаардлага хангаж гэрээгээ сунгасан байна. Эдгээр цэгүүдийн захиалгаа өгсөн цэгүүдэд түгээлтийн ажил явагдаад байгаа юм. Хамгийн нягтрал ихтэй Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд өглөөний 8 цагийн байдлаар 80 хувийн захиалгын гүйцэтгэлтэй түлш таталт хийгджээ. Зуух пийшин, байшин сууцныхаа битүүмжлэлийг ханган, “Өвлийг өнтэй давья”

Нийслэл Улаанбаатар хотоо утаагүй байлгахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа 250 000 гаруй гэр хороолллын хэрэглэгчиддээ баярлалаа.