Home Blog Page 12

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.

Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцаж, Австралийн 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцааны цар хүрээ тэлж байгаагийн тод жишээ гэдгийг  Ерөнхийлөгч онцоллоо.

Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав.

Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэлийг тууштай хийж байгааг онцоллоо.

Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сард зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Австралийн Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцол чухал

Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлыг угтсан Дээд хэмжээний олон талт хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд эхэллээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Тэр бээр, байгаль орчны гурван тулгуур асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах нь нэгэн цогц ойлголт, тус тусад нь авч үзэх боломжгүйг тэмдэглэлээ.

Цаашид бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Монгол Улс шинэчилсэн үүрэг, амлалтаа нэн яаралтай боловсруулан хүргүүлэх, ялангуяа ирэх оны төсөв, мөнгөний бодлого, хөгжлийн төлөвлөгөөг УИХ хэлэлцэж буй энэ үед Засгийн газар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа үнэлж, төлөвлөхөд онцгой анхаарахыг санууллаа.

Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой тэмцэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” гэсэн  харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байгааг дурдлаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үе шатанд дэлхийн улс орнууд, хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд улам идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриаллаа.

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оноос хойш жил бүр Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх асуудлуудыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын Талуудын бага хурлыг угтан оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ удаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүнгээ сайжруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд шаардлагатай гол асуудлууд, түүний дотор эрх зүйн шинэчлэл, салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалт, бодлого, төлөвлөлтөө сайжруулах талаар хэлэлцэх юм.

Хэлэлцүүлгээс:

  • Хууль эрх зүйн орчныг сайжруулах,
  • Салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэх,
  • Санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
  • Оролцогч талууд болон олон нийтэд нээлттэй байх,
  • Олон талт гэрээ, хэлэлцээр, конвенцын өмнө хүлээсэн үүрэг, амлалтын тайлагналтыг сайжруулах зэрэг чиглэлээр зөвлөмж гаргана.

Мөн ирэх оны эхээр Биологийн олон янз байдал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын Дээд хэмжээний уулзалтуудаас гарсан шийдвэр, Монгол Улсын оролцоог тайлагнасан хурлыг (PostCOP) зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэлэлцүүлэгт Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагууд, төр болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд, залуучуудын төлөөлөл болох 70 орчим байгууллагын 180 гаруй хүн оролцож байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий хүнс, хөдөө аж ахуйн салбарт охид, эмэгтэйчүүд голлон ажилладаг нь тэдэнд илүү хүнд тусдаг.

Иймээс НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлсэн.

Мөн 2026 онд “Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенц”-ын Талуудын 17 дугаар бага хурал”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг  зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Энэ онд:

  • НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UN CBD COP16): 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Колумби Улс, Кали хот,
  • НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (UNFCCC COP29): 2024 оны 11 дүгээр сарын 11-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Баку хот,
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UNCCD COP16): 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улс, Риад хотноо болно.

Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна

Арилжааны банкууд картын системийг анх нэвтрүүлэхэд иргэд карттай хэрнээ ATM-д дугаарлаж, бэлэн мөнгө авдаг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад цахим гарын үсгийн хэрэглээ олон улсад хүчээ авч байна. Ялангуяа, хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүс түүчээлж буй. Харин Монголд насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь цахим гарын үсэгтэй хэрнээ хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, 1.2 сая иргэн цахим гарын үсгээ ашиглах арга барилаа нэг л олохгүй байна. Мөн техник технологийн дэд бүтэц хангалтгүй, хуулийн хүрээнд гарсан олон журам хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг асуудлууд хөндөгдөнө.

Дээрх асуудлыг хэлэлцэхээр “Шийдэлтэй уулзалт-Цахим гарын үсэг” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яамдын тоон гарын үсгийн хэрэглээ, дэд бүтцийг сайжруулахаар хууль эрх зүйн орчныг өөрчлөх, дүрэм журмын тоог цөөлж, оновчтой болгох, олон улсад мөрдөж буй стандартуудыг дотоодын дүрэм журамд тусгахыг зорьж байгаа. Мөн цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна” гэдгээ уулзалтын үеэр онцлов.

Уг нь тоон гарын үсгийг төрийн худалдан авах болон албан хэрэг хөтлөлтийн систем, тусгай зөвшөөрлийн хүсэлт зэрэг цахимаар үзүүлж буй үйлчилгээнд нэгтгэжээ. Гэтэл цахим гарын үсгийг egazar.mn, tender.gov.mn, ndaatgal.mn, immigration.gov.mn, docx.gov.mn сайтад л ашиглаж байна. Хувийн хэвшлүүд тендерт орохдоо л тоон гарын үсгийг ашигладаг гэв.

Иймд тоон гарын үсгийг хэрэглээг хэвшүүлэх үүднээс төр өөрөө манлайлж, “Цаасгүй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд яамд хоорондоо цахимаар бичиг баримт солилцож эхлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу “Цахим гарын үсгийг гар утсаараа ашиглах, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр иргэд зээл, банкны үйлчилгээг утсаараа авдаг шиг цахим гарын үсгээ ашиглаад сошиал орчинд бизнес хийх, гэрээ байгуулах боломжтой. Мөн бусад системтэй холбож, цахим гарын үсгийг эргэлтэд оруулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудал ч хөндөгдөнө” гэж ярьлаа.

Монгол Улс Цахим газрын үсгийн тухай хуулийг 2011 онд баталж, 2015 оноос аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Хэрэглээг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр УИХ-аас тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны намрын чуулганаар баталж, эрх зүйн орчныг шинэчилжээ. Гэвч тус хуулийг дагаж гарсан олон дүрэм, журам хоорондоо уялдахгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар МонПасс СА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ану хэллээ. Тэрбээр “Засгийн газар болон бусад зохицуулагч байгууллагууд өөр өөр дүрэм журамтай байдаг. Эдгээрийн уялдаа холбоог хангахгүй бол хэрэглэгчид төөрөлдөж байна. Улмаар уламжлалт гарын үсгээ хэрэглэхэд хүргэж байна” гэдгийг “Шийдэлтэй уулзалт”-ын үеэр ярьлаа.

Банк, санхүүгийн байгуулагуудад цахим гарын үсгийг хэрэглэх нөхцөл бүрдсэн. Гэтэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо цаасан баримт бичгийг шаарддаг хэвээрээ. Энэ мэт үйл ажиллагааг цахимжуулж, цахим гарын үсгийн хэрэглээг бодит зүйлд нэвтрүүлэхийг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.

Мөн цахим гарын үсгээр үйлдсэн гэрээ шүүхийн өмнө хүчин төгөлдөр үү гэдэг асуудал бий. Өнөөгийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд дээрх асуудлыг тусгах шаардлагатай байгаа юм. Ингэснээр цахим гарын үсэг шүүхийн байгууллагын өмнө баталгаатай байх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн цахим хувилбарыг хэрхэн архивлах асуудал ч судлагдаж байна.

Дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 238.42 тэрбум ам.долларт хүрнэ

2023 онд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 6.13 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү статистик 2024 онд 8.67 тэрбум ам.долларт хүрэх таамаглал байна. 2024-2034 оны хооронд цахим гарын үсгийн хэрэглээ 39.3 хувиар өсөж, 238.42 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг “Дэлхийн цахим гарын үсгийн зах зээлийн 2024-2032 он хүртэл хэтийн төлөв” тайланд дурджээ.

 

Цахим гарын үсгийн зах зээл технологийн дэвшил, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ цахимжиж буй зэргээс шалтгаалан хурдацтай өсөж байна. Тус зах зээл нь салбар, орон зай, ямар үндэстэн эсэхийг үл хамааран өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчид болон компаниудад таатай боломжийг олгож байна.

Ойрын 5 жилд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл хурдацтай хөгжинө. Одоогийн байдлаар Засгийн газар, Банк санхүү, Даатгалын үйлчилгээ, Эрүүл мэнд, Газрын тос, Байгалийн хий, Батлан хамгаалах салбар, Тээвэр логистик, судалгаа, боловсрол, хүний нөөц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчээ авч байна. Ингэхдээ Хойд Америк, Европ, Ази-Номин далайн бүсэд түгээмэл хэрэглэгдэх болжээ.

 

Хойд Америкийн цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 2.82 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд, цахим баримт бичгийн эрэлт нэмэгдэж, Засгийн газрын зохицуулалт, гар утасны төхөөрөмжийн хэрэглээ өссөн нь аюулгүй, хууль ёсны хүчинтэй цахим гарын үсгийн хэрэглээг хурдасгав. Үүнээс АНУ-ын цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 1.98 тэрбум ам.доллар, 2024-2034 он хүртэл энэхүү статистик 39.6 хувиар өсөж, 78.57 тэрбум ам.доллар болох аж. Өөрөөр хэлбэл, Хойд Америк нь цахим технологийн хэрэглээ нэмэгдэж, аюулгүй, үр ашигтай баримт бичгийн менежментийн хэрэгцээ, Adobe Inc., DocuSign Inc зэрэг бүс нутагт томоохон тоглогчид байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж зах зээлд ноёрхож байна.

 

Харин Европын цахим гарын үсгийн зах зээл 2024-2034 оны хооронд 34.5 хувиар өсөж, тус бүс нутаг томоохон зах зээлийн нэг болов. Ингэхдээ Герман, Их Британи, Франц зэрэг улсууд зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс нутагт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, банк, санхүү, даатгал, эрүүл мэнд, Засгийн газар, жижиглэн худалдаа болон онлайн ажил, виртуал уулзалтад өргөнөөр ашиглаж байна. Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орнуудын Засгийн газрууд тодорхой салбаруудад цахим гарын үсгийг баталгаажуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, зах зээлийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдгээрийг ихэвчлэн цахим худалдаа, онлайн банк, Засгийн газрын гүйлгээ болон бусад цахим бизнесийн үйл явцад ашигладаг. Тиймээс аюулгүй, хууль ёсны дагуу цахим гүйлгээний эрэлт өсөж байна.

Эх сурвалж: www.precedenceresearch.com

Өнөөдрийн байдлаар 1,287,187 цахим гарын үсэг олгожээ

Бидний баримт бичигт гарын үсэг зурах, баталгаажуулах аргад хувьсгал хийж, илүү хурдан, үр ашигтай, байгаль ээлтэй байх үйл явцыг цахим гарын үсэг бүрдүүлж өгсөн. Цахим гарын үсэг нь хэрэглээнд нэвтэрч эхэлснээр бид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт олон боломжууд нээгдэж, цаг хугацаа, зардалаа хэмнэх боломжтой.

Тэгвэл Монгол Улсад өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуй нэгж байгууллагад нийт 1,287,187 цахим гарын үсэг олгоогдоод байна. Үүнээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас 1,127,388 иргэнд цахим гарын үсэг болгосонд бол аж ахуй нэгж байгууллагад цахим гарын үсгийг дараах байдлаар олгожээ.

  • Тридум Кэй ХХК 14 920
  • Монпасс СА ХХК 76 389
  • Ньюкомпасс ХХК 42 131

Гэвч цахим гарын үсэг иргэдийн хэрэглээнд тэр болгон ашиглагдахгүй байгаа бөгөөд дараах таван сайтад л ашиглаж байна. Үүнд:

  • egazar.mn,
  • tender.gov.mn,
  • ndaatgal.mn,
  • immigration.gov.mn
  • docx.gov.mn сайтууд ашиглаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч М.Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо – Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.

Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэлээ.

Мөн “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоосон нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

1992 онд Монгол Улс болон Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа хэрэгжсэн энэхүү дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.

Энэхүү арга хэмжээг Туркменистаны төр, Засгийн газраас тус улсын нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд тус форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан  зэрэг улсын төрийн тэргүүн нар болон Азербайжан, Ирак, Турк улсаас өндөр түвшинд төлөөлөгчид мөн оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч форумын хүрээнд зарим улс орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Нэрт яруу найрагч Махтумгулы Фраги-гийн уран бүтээлүүд нь Туркменийн ард түмний эв нэгдэл, найрамдлын үзэл санаан дээр суурилсан бөгөөд өнөөг хүртэл залуу үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар судлаачид тэмдэглэсэн байна.

2023 онд ЮНЕСКО-гоос Туркменийн яруу найрагч, сэтгэгч Махтумгулы  Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргаж, түүнийг “Дэлхийн дурсамж”-ийн бүртгэлд оруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж, мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид Туркменистаны “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Туркменистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтав.

118 метр өндөр “Тусгаар тогтнолын хөшөө”-г 2001 онд Ашхабад хотноо байгуулсан бөгөөд тус хөшөөний өмнө Туркменистаны анхны Ерөнхийлөгч С.Ниязов-ын алтадмал хөшөөг байршуулсан байдаг аж.

Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүндэт зочдын төгөл”-д хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр энэ удаагийн айлчлалын үеэр тохирсон болно.

Энэхүү “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.

2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар (цаашид “Талууд” гэх) албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар найрсаг, ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд санал солилцов.

3. Төрийн тэргүүн нар Монгол Улсаас тус улсад анх удаа хэрэгжүүлж буй дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж буйг онцлон тэмдэглэв.

4. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, туркменистаны төр, Засгийн газар уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлон тэмдэглэв.

5. Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Туркменистаны Тусгаар тогтнолын цогцолборт цэцэг өргөв.

6. Монгол, Туркменистаны улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор холбогдох яам, байгууллага хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах, туршлага солилцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллахаар тогтов.

Төрийн тэргүүн нар Хоёр талын хамтын ажиллагааны Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг судлахаар тохиров.

7. Талууд харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, Монгол Улсын Их Хурал, Туркменистан Улсын Үндэсний Их Хурал (Межлис)-д тус тус найрамдлын бүлэг байгуулж, харилцан айлчлал, хамтарсан хурал, семинар, арга хэмжээг зохион байгуулахаар тогтов.

8. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцааг өргөжүүлэхэд Монгол Улс, Туркменистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа тэргүүлэх үүрэгтэйг тэмдэглэж, хоёр улсын 2015 онд байгуулсан Гадаад харилцааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зөвлөлдөх уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулахаар тохиров.

9. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын “Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр” болон “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсныг талууд сайшаав.

10. Энэ хүрээнд Монгол Улсаас Туркменистан Улсад ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Туркменистан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хивс, хивсэнцэр зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар судлахаар тогтов.

11. Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг талууд онцлов.

12. Энэ хүрээнд талууд “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулав.

13. Талууд хүрээлэн буй орчныг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудалд онцгой анхаарч, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын цөлжилттэй тэмцэх туршлагатай уялдуулан хамтран ажиллахаар тохиров.

14. Талууд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон орчин цагийн ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хот төлөвлөлт, байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, байгуулалтын хүрээнд “Аркадаг” хотын бүтээн байгуулалтын талаар туршлага судлах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

15. Олон улсын хамтын ажиллагаа, энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын төлөөх Туркменистан Улсын баримталж буй төвийг сахих бодлогыг монголын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.

16. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг өндрөөр үнэлж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг туркменистаны тал дэмжихээ илэрхийлэв.

17. Талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын ач холбогдлыг тэмдэглэж, тээвэр, худалдааны саад, тотгорыг арилгах асуудлыг судлахаар тогтов.

18. Ашхабад дахь НҮБ-ын Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны Төв Азийн бүсийн төв, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг талууд онцлов.

19. Үүнтэй холбогдуулан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т оролцох асуудлыг туркменистаны тал ойрын хугацаанд судлахаар болов.

20. Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдал, хар тамхины хууль бус наймаа, терроризм, экстремизмтэй тэмцэх болон хүмүүнлэгийн чиглэлээр хоёр талын хүрээнд болон НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй буйгаа талууд нотлов.

21. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  1. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
  2. “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
  3. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  4. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  5. “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
  6. “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
  7. “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

22. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон туркменистаны ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Ашхабад хот, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  Сердар Бердымухамедов,

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Төв Азийн цагаан сувд, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа эрхэм хүндэт Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Танд болон Туркменистаны төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрт дээр үеэс манай хоёр ард түмэн худалдаа, арилжаа, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү харилцаагаа өнөөг хүртэл эрхэмлэн, бие биедээ элгэмсүү дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, танай сайхан оронд Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил дэвшил, Туркмений ард түмний найрсаг, зочломтгой зан заншил, түүх соёлтой танилцаж байгаадаа баяртай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.

Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтдаа тодорхойллоо.

Яриа хэлэлцээний дүнгээр хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Мөн Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа.

Бид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгууллаа.

Эдгээр баримт бичиг нь зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, улмаар худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх болно.

Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол, Туркменистаны хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Мөн манай хоёр улс түүх, соёлын дурсгалт газар, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт сайхан газруудаараа дэлхийд алдартай улс орнууд билээ.

Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулсан нь Монгол, Туркменистаны ард иргэд улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

Түүнчлэн хоёр улсын нийслэл Улаанбаатар, Ашхабад хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын үйл ажиллагаанд соёл, урлагийн харилцаа үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй билээ.

Энэхүү сайхан уламжлалын тод илрэл болсон “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүний ивээл дор амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэж, тал нутгийн аялгуугаар Туркмений анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл хангалуун байна.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо.

Монгол, Туркменистан улс нь далайд гарцгүй орнуудын хувьд цаашид далайд гарцгүй улс орнуудын өмнө тулгарч буй тээвэр, логистик, худалдааны саад, тотгорыг арилгах чиглэлээр олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.

Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс ойрын хугацаанд нэгдэхээ илэрхийлсэнд талархалтай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Тантай Монгол, Туркменистаны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.

Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө бодит ажил хэрэг болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таныг тааламжтай цагтаа мөнх хөх тэнгэрийн орон, өнө эртний түүхт манай сайхан улсад төрийн айлчлал хийхийг урьж байгааг минь хүлээн авна уу.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркменистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.